Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 840

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ, нэхэмжлэгч Н.Т , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: З овогт Н ын Т  -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “...Төрийн жинхэнэ албан хаагчийг эгүүлэн ажилд аваагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны олговрыг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар гаргуулах, Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасан 36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламжид олгогдох байсан 23.5 сая төгрөгийг хохиролд тооцон хариуцагчаас гаргуулах тухай” захиргааны хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцэв. 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Т  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

“Н.Т  би Барилга, хот байгуулалтын яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын Норм, нормативын хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн тушаалаар тус яамны бүх ажилтнуудыг “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” Засгийн газрын 2016 оны 13 дугаар тогтоолыг үндэслэн чөлөөлөхөд ажлаас чөлөөлөгдсөн болно.

Мөн өдрөө ажилтнуудыг ажилд эгүүлэн томилох тушаал гарахад намайг ажилд томилсон тушаалыг гаргаагүй байсан бөгөөд ажилд томилоогүй байгаа нэр бүхий хүмүүс надтай уулз гэж дарга С.М******* хэлсний дагуу түүнтэй уулзахад та өргөдлөө бичээд өг гэсэн. Би барилгын салбарт 37 жил, төрийн албанд 28 жил ажилласан, 7 сарын дараа 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 60 нас хүрэх талаараа бичиж өгсөн.

Үүнээс хойш ажил дээрээ байнга очиж, 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл цагаа цахимаар бүртгүүлж, ажил өгөх юу болж байна гэж хэд хэдэн удаа орж асуухад “би чамайг ажилд авна л гэсэн бол авна, түр хүлээж бай, ирээд яахав, утсаар дуудна" гэсэн.

Газрын дарга У.О*******тай уулзаж, тэтгэвэрт гарах дөхсөн надад ажилласан жил, нийгмийн даатгал тасрах их хохиролтой тул ажилд түргэн аваач ээ, яах вэ гэхэд та тэтгэвэрт гарах дөхөж байгаа юм чинь хувиараа нийгмийн даатгалын шимтгэлээ төлж байсан нь дээр байх, 2017 он гараад орон тоо нэмэгдэнэ, тэгэхэд таныг ажилд авна гэсэн тул би нийгмийн даатгалын шимтгэлээ өөртөө нэмж учрах хохирлоос хугаслахын тулд хувиараа төлсөн. 2017 онд бүхэл бүтэн газар байгуулсан боловч ажилд аваагүй. Ийнхүү харсаар 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 60 нас ч хүрлээ, энэ хугацаанд сайдтай 5 удаа уулзахад мөн л таныг ажилд авна, таны туршлага хэрэгтэй байна, таныг ажилд аваагүй юм уу, ажилд ав гэж С.М*******д хэлье гэсэн. Ийнхүү ажил олгохыг харсаар 2017 оны 05 сар гарч, би цалин орлогогүй хэцүү байсан тул ажлаар хангах эсэхийг газрын дарга У.О*******аас асуухад та тэтгэврээ тогтоолгох нь зөв гэхэд нь намайг ажилд авахгүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрч, 2017-05-09-ний өдрөөс тэтгэврээ тогтоолгосон.

Иймээс 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс ажлаас чөлөөлсөн тушаалыг нэхэж байж авч, Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөл гомдлыг шийдвэрлүүлэхээр Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх салбар зөвлөлд шилжүүлсэн боловч салбар зөвлөл шийдвэрлэж өгөөгүй. Энэ тухай Төрийн албаны зөвлөл надад хариу өгсөн тул шүүхэд гомдлоо гаргалаа.

Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.М******* Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангахаар 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн тушаалыг гаргаж, яамны нийт ажилтнуудыг ажлаас чөлөөлсөн боловч миний ажлын байр, эрхэлж байсан ажил хэвээр хадгалагдсан байхад намайг ажлаар хангаагүй, миний оронд өөр хүнийг томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-т заасан журмыг баримтлаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн ажилтанг ажлаас чөлөөлөх заалтуудыг ч мөрдөөгүй.

Би төрийн албыг 28 жил хашихдаа ямар нэг ажлын хариуцлага алдах, хөдөлмөрийн сахилга бат алдсан ямар нэг зөрчил дутагдал гаргаж байгаагүй учир Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртэлх шат дараалсан шагнал урамшууллыг төр надад хүртээж, Монгол Улсын зөвлөх инженер болсон гэж боддог бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасан зөрчил дутагдлыг гаргаагүй тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт заасанчлан төрийн албанаас халагдахгүй байх баталгаагаар хангагдах ёстой.

Намайг ажлаар хангана, ажилд эргүүлж авна гэж Барилга, хот байгуулалтын яамны холбогдох албан тушаалтнууд хуурч, ажилд авах үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах, дээрх эс үйлдэхүйн улмаас 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл ажилгүй, цалин орлогогүй байлгаж хохироосон хугацааны сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээгээр тооцож, 10 сарын хугацааны олговрыг хариуцагчаас гаргуулах шийдвэрийг гаргаж өгнө үү. 

Би 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдөр тэтгэврийн насанд хүрсэн тул Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх үндэслэлээр 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдөх байсан тул Барилга, хот байгуулалтын яамны хууль бус дээрх эс үйлдлийн улмаас Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрхээ хэрэгжүүлэхэд саад учирч хохирсон тул 36 сарын цалинтай тэнцэх хэмжээтэй нэг удаагийн буцалтгүй тусламжийг хохиролд тооцож, тус яамнаас гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Н.Т  2017 оны 9 сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж ирүүлэхдээ: “Төрийн жинхэнэ албан хаагчийг эгүүлэн ажилд аваагүй эс үйлдэхүйг тогтоолгож, 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны олговрыг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хариуцагчаас гаргуулах, Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасан 36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламжид олгогдох байсан 23.5 сая төгрөгийг гаргуулах тухай” гэжээ.

Нэхэмжлэгч Н.Т  шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...Миний бие Барилга, хот байгуулалтын яамны Норм, нормативын хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөх тушаал гарсны дараа дахин тушаал гарч ажлаас чөлөөлөгдсөн бүх хүмүүсийг эргүүлж ажилд нь авсан мөртлөө намайг аваагүй. Би энэ талаар Төрийн нарийн бичгийн даргад хэлтэл “та надтай уулзаарай” гэсэн. Би төрийн албанд 29, барилгын салбарт 37 жил ажилласан. Энэ хугацаанд  ажлын хариуцлага, хөдөлмөрийн сахилга бат алдсан ямар нэг зөрчил гаргаж байгаагүй учир Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон хүртэл шат дараалсан шагнал урамшууллыг төрөөс хүртэж Монгол Улсын зөвлөх инженер цол авч байсан. Би эргээд ажилд авах юу болж байна гэж У.О******* даргатай уулзахад “та түр хүлээж бай” гэж хэлэхээр нь 2 сар гаран түүнтэй холбоотой байсан юм. 2016 оны 11 дүгээр сарын сүүлээр У.О******* даргатай дахин утсаар ярихад “шинэ орон тоо батлагдах гэж байгаа, таны ажлын туршлагыг үнэлэн өөр салбарт н.С******* гээд дарга авахаар болсон” гэж хэлсэн. Би тухайн газар нь очтол намайг ажилд мөн л аваагүй. Энэ ажилд надтай цуг хамт ажиллаж байсан хүмүүс орсон. Яагаад аваагүй талаар сонстол Улсын Их Хурлын гишүүн “наад хүнээ ажилд битгий ав” гэж хэлсэн гээд аваагүй. Намайг та Б.М******* сайдтай уулз гэхэд би очиж уулзсан. Би Б.М******* сайдтай очиж уулзахад “таныг ямар ч байсан ажилд авна, таныг яамнаас өндөр насны тэтгэвэрт гаргана” гэж хэлсэн. Би С.М******* дарга дээр ороод “манай эхнэр эмчилгээнд явах гэж байгаа, санхүүгийн боломж муутай байгаагаа хэлэхэд” та “У.О******* даргатай бас уулз” гэсэн. Би очоод уулзтал “та тэтгэврээ тогтоолго, таныг ажилд авах эрх мэдэл хүрэхгүй байна” гэж хэлсэн. Намайг хэдийд ч ажилд авах боломжтой байсан юм байна лээ. Миний ажиллаж байсан орон тоонд мэргэжлийн бус хүн ажилд авсан. Дараа нь намайг Барилгын хөгжлийн төвд 65 нас хүртлээ ажиллачих, 6 сарын тэтгэмжийг чинь өгье гэж хэлсэн. Гэтэл Барилгын хөгжлийн төвийн дарга “таны туршлага хэрэгтэй байна, таныг ажилд авмаар байна, Төрийн нарийн бичгийн дарга С.М******* надад юу ч ярьсангүй” гэж хэлсэн. Би С.М******* даргад маш их гомдож байна. 

Би Төрийн албаны зөвлөлд гомдлоо гаргасан боловч хүлээж аваагүй тул шүүхэд ханд гэж С.М******* дарга надад хэлсэн. Дараа нь Т.Гнад уруу утасдаж намайг ажилд авсан тушаалыг хүчингүй болгосон гэж хэлсэн. Намайг эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаа хийдэггүй гэж дүгнэлт гаргасан. Барилга, хот байгуулалтын яамны ажилладаг эмч намайг та нэг жил биеэ эмчлүүл гэж байсан. Бас намайг элэгний В болон С вирустэй байж магадгүй гэхээр нь эмнэлэгт очиж шинжилгээ өгөхөд ямар ч вирус илрээгүй. Би ажлаасаа халагдсанаас хойш 4 жил ажилгүй явж байна. Дараа нь С.М******* дарга Барилга, хот байгуулалтын яамны сайдтайгаа тендерийн асуудлаас болж таарахаа болиод чөлөө аваад явчихсан байсан тул би дараачийн хүнд хандсан. Би 29 жил төрийн байгууллагад ажиллахдаа нэг ч удаа зун амарч байгаагүй, барилгын ажил өөрөө улирлын чанартай байдаг. С.М******* дарга Н.Т ын удирдаж байсан бүх ажлуудыг шалга гэж хэлсэн байсан. Ямар нэг өө гарч ирвэл шалгадаг газар нь өгнө гэсэн байна лээ. Би үнэхээр гомдолтой байна. 1999 онд Улаанбаатар хотод  Барилгын яаманд ирээд Зайсан, Нисэхийн бүх барилгын ажлын төсөв, зургийг би хийсэн. Би С.М******* даргыг нэг ч удаа чи гэж дуудаж байгаагүй, та л гэж ханддаг. Мөн “чамайг хүмүүс муулж ярьж байсан” гэж надад хэлсэн. Би хүнд муу санаж байгаагүй. Харин ч надаас манай залуучууд маш их зүйл сурсан гэж ярьдаг байсан. Энэ талаар миний найзууд ч мэднэ. Иймд албан хаагч намайг эгүүлэн ажилд аваагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны олговрыг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар гаргуулах, Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасан 36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламжид олгогдох байсан 23.5 сая төгрөгийг хохиролд тооцон хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гшүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“... Н.Т  нь 2006 онд яаманд ажилд орсон бөгөөд 2009 оноос “Барилга захиалагчийн алба” ТӨҮГ-т шилжин томилогдож төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдсөн. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8 дахь хэсэгт заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 4.1-д зааснаар Н.Т  нь нөөцөөс хасагдсан байх тул Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7 дахь хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албанд анх ороход мэргэшлийн шалгалт өгч тэнцсэн тохиолдолд Төрийн албаны зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн төрийн жинхэнэ албанд томилох зохицуулалттай байна.

Гэтэл Н.Т ыг яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Хот байгуулалт, геодези, зураг зүйн салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтнээр 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Төрийн нарийн бичгийн даргын Б/16 дугаар тушаалаар Төрийн албаны зөвлөлийн дүгнэлтгүйгээр томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт “...томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлэх” гэж заасныг зөрчсөн шийдвэр юм. Улмаар 2014 оны 134 дүгээр тушаалаар 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс түр чөлөөлсөн байна. 

Төрийн нарийн бичгийн дарга С.М*******тэй Н.Т  нь 2015 оны намраас эхлэн эргээд ажилд орох тухай удаа дараа биечлэн уулзаж, хүсэлт гаргахад нь “таныг анх томилохдоо хууль зөрчиж буюу Төрийн албаны зөвлөлийн дүгнэлтгүйгээр томилсон нь хууль зөрчсөн үйлдэл тул боломжгүй” гэсэн хариу өгч байсан байна.

Яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Норм, нормативын хэлтсийн салбарын норм, нормативын боловсруулалт хариуцсан ахлах мэргэжилтнээр Авлигатай тэмцэх газраар түүний урьдчилсан мэдүүлгийг хянуулахгүйгээр төрийн албанаас чөлөөлөгдсөн түүнийг Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Б******* 2016 оны 05 дугаар сарын  16-ны өдрөөс Б/62 дугаар тушаалаар дахин томилсон нь мөн адил дээр дурдсан хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.5-д заасныг зөрчсөн байна.

Яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/62 дугаар тушаалаар чөлөөлсөн нь Н.Т  нь төрийн жинхэнэ албан тушаалд хууль зөрчин томилогдон ажиллаж байсан тул буцаан томилох үүргийг манай яам хүлээхгүй бөгөөд буцаан томилох нь дээр дурдсан хуулийг дахин зөрчсөн үйлдэл болох юм. 

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасны дагуу түүнийг чөлөөлсөн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны Б/62 дугаар тушаалын талаар дээд шатны байгууллагад нь 30 хоногийн дотор гомдол гаргаагүй, улмаар мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2-т заасан хугацаанд шийдвэрийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй нь мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нөхцөл үүссэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гшүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...Нэхэмжлэгчийн барилгын салбарт олон жил ажиллаж байсан хөдөлмөрийг үгүйсгэхгүй. 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/62 дугаар тушаалаар Барилга, хот байгуулалтын яаманд ажилд орохдоо Төрийн албаны тухай хуулийн 17.1, 17.3 дах хэсэгт заасныг зөрчсөн байдаг. Улмаар дараа нь эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг. Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.М*******г Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Э*******тэй сэлгэн ажиллуулсан. С.М******* нь тухайн үед сайд байсан З.Б*******тэй таарамж муутай байсан байх. Уг нь би энэ хүнийг ажилд авах гэтэл нэгдүгээрт, энэ хүн төрийн жинхэнэ албан хаагч биш, мөн Төрийн албаны зөвлөлөөс дүгнэлт гаргуулж амжаагүй байсан гэж С.М******* дарга надад хэлсэн. Нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан хаагч биш харин төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалд ажиллаж байсан. 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөр эцэслэн нэхэмжлэгчийг ажилд авсан Б/62 тоот тушаалыг хүчингүй болгосон. Одоо нэхэмжлэгчийг ажилд авсан тушаалын үйлчлэл байхгүй болсон. Анх томилогдохдоо төрийн албан хаагчийн шаардлагыг хангаагүй. Төрийн жинхэнэ албан хаагч ажлаас гэнэт халагдаад 2 жил болбол төрийн албаны шалгалт өгөх ёстой. Дараа нь Төрийн албаны зөвлөлөөс дүгнэлт гаргуулж, өөр ажилд эсвэл тухайн ажилд орох эрх нь нээгдэнэ. Нэхэмжлэгч барилгын салбарт хийсэн бүтээсэн зүйл ихтэй хүн. Гэхдээ энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолгүй. Дээрх шалтгаануудын улмаас эгүүлж ажилд нь томилоогүй, төрийн жинхэнэ албан хаагч биш тул 36 сарын тэтгэмж авах эрх үүсэхгүй” гэв.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

Иргэн Н.Т  шүүхэд хандан “өөрийг нь эрхэлж байсан албан тушаалд буцаан томилохгүй байгаа захиргааны байгууллагын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, уг эс үйлдэхүйн улмаас өөрт учирсан хохиролд ажиллаагүй үеийн цалин, өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэх үед олгогдох байсан төрийн албан хаагчийн нэг удаагийн буцалтгүй тусламж зэргийг өөрийн ажиллаж байсан захиргааны байгууллагаас гаргуулах” гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж, шаардлагын үндэслэлээ тайлбарласан.

Тэгвэл хариуцагч захиргааны байгууллага нь “нэхэмжлэгчийг эрхэлж байсан албан тушаалд анх томилогдохдоо Төрийн албаны зөвлөлийн дүгнэлт, Авилгатай тэмцэх газраас ашиг сонирхлын зөрчилгүй талаарх лавлагааг тус тус гаргуулахгүйгээр томилогдсон байсан, тийм учраас дахин томилоогүй, нэхэмжлэлээ хуулийн хугацаа хэтрүүлэн шүүхэд гаргасан” хэмээн буруутгаж, татгалзлын үндэслэлээ тайлбарласан.

Шүүх маргаантай асуудалд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл түүнд өгсөн нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн хариу тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзлын үндэслэл, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлж, захиргааны байгууллагын эс үйлдэхүйг хянаж, холбогдох хууль тогтоомжийн хэм хэмжээг тайлбарлан дараах байдлаар дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг. Нэхэмжлэлийг хэлэлцсэн үндэслэл.

Нэхэмжлэгч Н.Т  анх 2017 оны 6 сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүх түүнд “нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа” тогтоож өгснөөр 2017 оны 6 сарын 29-ний өдөр шүүхэд дахин хандсан ба шүүх түүний нэхэмжлэлийг хүлээн авч хянаад захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэх шатанд маргаантай асуудал нь шийдвэрлэгдэх боломжтой буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж буцаасан байдаг. Улмаар 2017 оны 8 сарын 09-ний өдөр дахин шүүхэд хандахад мөн “нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа” тогтоож өгсөн ба 2017 оны 8 сарын 23-нд шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлээ бүрдүүлбэр хангасан хэлбэрээр дахин гаргаж ирүүлснээр шүүх түүний нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно. 

Нэхэмжлэгчид ажлаас чөлөөлсөн тушаалыг 2017 оны 5 сарын 16-ны өдөр тус яамны ажилтан н.Ц******* гарын үсэг зуруулж, хүлээлгэн өгсөн байдаг ба үүнээс өөрөөр 2016 оны 8 сарын 09-ний өдрийн тушаалыг гардуулсан баримт байхгүй, хариуцагч энэ талаар нотлох баримт гаргаж өгч чадахгүй байв. 

Түүнчлэн Н.Т  нь маргаан бүхий асуудлаар гомдлоо гаргаж, захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэхээр хуулийн хугацаанд Төрийн албаны зөвлөлд хандсан болох нь тус зөвлөлийн 2017 оны 6 сарын 06-ны өдрийн “Өргөдөл хянан шийдвэрлүүлэх тухай” 725 дугаартай албан бичиг, 2017 оны 7 сарын 06-ны өдрийн “Н.Т ын тухай” 876 дугаартай албан бичиг, 2017 оны 8 сарын 08-ны өдрийн “Өргөдлийн хариу” 933 дугаартай албан бичгээр тус тус нотлогдож байна. 

Иймд нэхэмжлэгчийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д заасан хугацааны дотор шүүхэд хандсан, нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тасалдуулаагүй, зөрчөөгүй байна гэж шүүх үзсэн болно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Н.Т т хариуцагч Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 8 сарын 09-ний өдрийн “Албан хаагчдыг ажлаас чөлөөлөх тухай” Б/123 дугаар тушаалыг 2017 оны 5 сарын 16-ны өдөр захиргааны байгууллага албан ёсоор гардуулж өгсөн, үүнээс өөрөөр түүний хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон шийдвэр байхгүй, тэрээр 2017 оны 6 сарын 15-ны өдөр шүүхэд анх хандсан байгаа нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг зөрчөөгүй байна.

Тэгэхээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөр эцэслэн нэхэмжлэгчийг ажилд авсан Б/62 тоот тушаалыг хүчингүй болгосон, түүнийг чөлөөлсөн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны Б/123 дугаар тушаалын талаар дээд шатны байгууллагад нь 30 хоногийн дотор гомдол гаргаагүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасны дагуу шийдвэрийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй тул мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх боломжтой” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Хоёр. Маргааны үйл баримтын талаар.

Нэхэмжлэгч Н.Т ын эрхэлж байсан албан тушаал болох Барилга хот байгуулалтын яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын Норм, нормативын хэлтсийн ахлах мэргэжилтэн нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-д зааснаар төрийн захиргааны албан тушаалд хамаарч байна. Тэрээр уг албан тушаалд Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 5 сарын 16-ны өдрийн Б/62 дугаар тушаалаар томилогдон ажлын байрны тодорхойлолт ёсоор холбогдох чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байсан болох нь үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх илтгэх хуудсаар нотлогдож байна. 

Ийнхүү ажиллаж байх үед нь хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Засгийн газрын 2014 оны 12 сарын 15-ны өдрийн “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” 382 дугаар тогтоол ёсоор Барилга, хот байгуулалтын яам нь Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар бүхий нийт таван газартай, Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар нь дотроо үл хөдлөх хөрөнгийн зах зээл, гадаадын хөрөнгө оруулалт, норм, нормативын хэмээн гурван хэлтэстэй, тус яамны нийт орон 64 байхаар тогтоосон ба өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн ажиллаж байх үеийн бүтэц, орон тоо, ажлын байрны нэр зэрэг нь дээрх Засгийн газрын тогтоолын хүрээнд байжээ. Энэ байдал нь Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 1 сарын 23-ны өдрийн “Яамны зохион байгуулалтын нэгжүүдийн орон тоо, ажлын байрны жагсаалт батлах тухай” 05 дугаар тушаал, мөн даргын 2015 оны 10 сарын 28-ны өдрийн “Яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн орон тоо, ажил, албан тушаалын жагсаалт, чиг үүрэг батлах тухай” 207 дугаар тушаалаар тус тус нотлогдож байна.

Улмаар 2016 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн Газар 2016 оны 7 сарын 27-ны өдөр “Яамдын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” 3 дугаар тогтоолыг батлан гаргасан ба энэ тогтоол ёсоор Барилга, хот байгуулалтын яам нь Бодлого төлөвлөлтийн газар бүхий зургаан газартай, 69 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулахаар болжээ. Энэхүү тогтоолд 2016 оны 8 сарын 13-ны өдрийн 13 дугаар тогтоолоор, 2016 оны 9 сарын 21-ний өдрийн 91 дүгээр тогтоолоор, 2016 оны 12 сарын 28-ны өдрийн 216 дугаар тогтоолоор тус тус өөрлөлт орж Барилга, хот байгуулалтын яам нь нийт долоон газар, 78 орон тоотой байхаар болжээ. Ингэснээр нэхэмжлэгч Н.Т ын ажиллаж байх үеийн бүтэцтэй харьцуулахад Барилга, хот байгуулалтын яамны газрын тоо хоёроор, ажиллагсадын тоо 14-өөр тус тус нэмэгджээ.

Энэ байдал нь Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 8 сарын 09-ний өдрийн “Яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн орон тоо, ажил, албан тушаалын жагсаалт, чиг үүрэг батлах тухай” Б/122 дугаар тушаал, мөн даргын 2017 оны 1 сарын 13-ны өдрийн “Яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн орон тоо, ажил, албан тушаалын жагсаалт, чиг үүргийг шинэчлэн батлах тухай” Б/05 дугаар тушаал, 2017 оны 3 сарын 31-ний өдрийн “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” Б/59 дүгээр тушаалаар тус тус тогтоогдож байна.

Гурав. Захиргааны байгууллагын эс үйлдэхүйн тухайд.

Хариуцагч Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаас 2016 оны 8 сарын 09-ний өдөр “Албан хаагчдыг ажлаас чөлөөлөх тухай” Б/123 дугаар тушаал гаргаж, уг тушаалын хавсралтад жагсаалтаар нэр бүхий 65 албан хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ба үүний дотор нэхэмжлэгч Н.Т  нь жагсаалтын 41-рт бичигдэн “Салбарын норм, нормативын боловсруулалт хариуцсан ахлах мэргэжилтэн”-ээс чөлөөлөгджээ. Ийнхүү бүх албан хаагчдыг чөлөөлж, шинэчлэгдсэн бүтцийн дагуу томилгоо хийхдээ нэхэмжлэгч Н.Т ыг дахин томилоогүй, түүний хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож, ямар нэгэн шийдвэрийг захиргааны байгууллага гаргаагүй байна.

Нэхэмжлэгчийн “миний ажлын байр, эрхэлж байсан ажил хэвээр хадгалагдсан байхад ажлын байраар хангаж томилоогүй, намайг ажлын байраар хангах талаар ярьж, хүлээж бай гэсэн, би тууштай хүлээсэн, өөрийн эрхэлж байсан үүрэгт ажилдаа алдаа дутагдал гаргаагүй, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй” талаарх тайлбарыг шүүх үндэслэлтэй байна гэж үзлээ. 

Дээр дурдсанаар яамны бүтэц зохион байгуулалттай холбоотойгоор бүх албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ба захиргааны байгууллагын зорилго нь шинэчлэгдсэн бүтэцдээ болон ажлын байрны нэршил зэргээр өөрчлөгдсөн байдалд нийцүүлэн албан хаагчдыг нэгэн зэрэг чөлөөлж, нэгэн зэрэг буцаан томилох байжээ.

Гэвч захиргааны байгууллага нэхэмжлэгч Н.Т ыг ажиллаж байсан албан тушаалд нь томилоогүй ба ийнхүү томилоогүй эс үйлдэхүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх захиргааны үйл ажиллагааны зарчмыг, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх, 4.2.6-д заасан төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, баталгааг төр хангах талаарх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмуудыг тус тус зөрчсөн буруутай, захиргаа зорилгодоо нийцсэн шийдвэр гаргаагүйгээрээ буюу шийдвэрлэхгүй орхигдуулснаараа нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна гэж шүүх дүгнэлээ.

Хэрэв хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласанчлан, “Н.Т ыг яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтнээр 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Төрийн нарийн бичгийн даргын Б/16 дугаар тушаалаар Төрийн албаны зөвлөлийн дүгнэлтгүйгээр томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт “...томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлэх” гэж заасныг зөрчсөн, Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Б******* 2016 оны 05 дугаар сарын  16-ны өдрийн Б/62 дугаар тушаалаар дахин томилсон нь мөн адил дээр дурдсан хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.5-д заасныг зөрчсөн” гэж үзэж, “дахин томилох тохиолдолд дээрх хуулиуд мөн зөрчигдөх байсан” гэж үзэх байсан бол энэ тухай буюу төрийн жинхэнэ албан тушаалыг холбогдох хуулийн дагуу эрхэлж байсан нэхэмжлэгч Н.Т т Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг баримтлан түүнд мэдэгдэх, түүний тайлбарыг сонсох боломж захиргааны байгууллагад байсан ба үүнийг хэрэгжүүлээгүй нь буруу байна. Тодруулбал, хариуцагч захиргааны байгууллагаас сөрөг агуулгатай акт гаргаж буй тохиолдолд Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу эрх нь хөндөгдөж байгаа оролцогчийг сонсох, нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг цуглуулах, мэдэгдэх гэхчлэн нарийн дэс дараалалтай, үргэлжилсэн шинжтэй ажиллагааг авч хэрэгжүүлэх байсан байна.

Нэхэмжлэгч Н.Т ыг ажилд нь буцаан авах талаар болон түүнийг хүлээж бай, ажлын байраар хангана, таныг яамнаас өндөр насны тэтгэвэрт гаргана гэдэг ойлголтыг түүнд өгч, хүлээлт үүсгэсэн байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч У.О*******ын мэдүүлэг, гэрч Г.Б*******ийн мэдүүлэг зэргээр нотлогдож, энэ байдал нь захиргааны байгууллагын маргаан бүхий асуудлаар шийдвэр гаргаагүй орхигдуулсныг, шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй байсан болохыг харуулж байна. Хамгийн гол нь төрийн жинхэнэ албан тушаалыг хашиж байгаа нэхэмжлэгчийг буруутгах, хууль зөрчсөн байсныг тогтоох /тайлбарт дурдсан/ боломж захиргаанд өөрт нь байсан, урьд нь хэрэгжүүлэх боломж байсан, нөгөө талаас төрийн албаны сул орон тоог нөхөх хуульд заасан заалт шаардлагуудыг захиргааны байгууллага илүүтэй хангаж, судалж томилгоо хийх ёстой байхад нэгэнт томилогдон ажиллаж байгаа нэхэмжлэгчийг зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдлыг тогтоосон баримтгүйгээр чөлөөлсөн, энэ нь тухайн яамны нийт албан хаагчдын нэгэн адил ижил нөхцөлд ижил хандаагүй байгааг, нэхэмжлэгчид хүлээлт үүсгэх байдлаар бодит хохирол учруулсан, түүний зөвхөн барилгын салбарт тогтвор суурьшилтай олон жил ажилласныг харгалзан үзээгүй байгааг шүүхээс буруутгаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нэг үндэслэл болсныг тэмдэглэж байна.

Хариуцагч нь байгууллагын бүтэц, орон тоо хасагдсан буюу нэхэмжлэгчийн ажлын байр өөрчлөгдсөн, хасагдсан, ажлын байр хадгалагдан үлдсэн, үлдээгүй гэх зэргээр түүнчлэн нэхэмжлэгч Н.Т ыг ажлын байрны тодорхойлолтонд заагдсан чиг үүргийг хэрэгжүүлж чадаагүй талаар маргахгүй байсан тул эдгээртэй холбоотой дүгнэлтийг шүүхээс хийсэнгүй.

Дөрөв. Ажиллаагүй хугацааны цалин гаргуулах тухайд.

Шүүх нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсний дараа буцаан ажилд томилоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн, энэ тохиолдолд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж дүгнэсэн тул үүний үр дагаврыг шийдүүлэхийг хүсэж буй нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үүнд хамаарах шаардлага үндэслэлтэй байна гэж үзлээ. 

Хэдийгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д: “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно” гэж заасан боловч шүүх нэхэмжлэгч Н.Т ыг холбогдох албан тушаалд эгүүлэн тогтоогоогүй, түүний хөдөлмөр эрхлэх бодит боломж өндөр насны тэтгэвэр авах эрхээр хязгаарлагдсан байгааг харгалзан дээрх хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр, харин Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д: “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” хэмээн хохирол шаардах эрхийг хуульчилсан, түүнчлэн нэхэмжлэгчийн гаргуулахыг хүсэж буй “цалин” нь нэхэмжлэгчийн хувьд ямар нэг байдлаар ирээдүйд олох байсан орлого гэх юмуу дам байдлаар үүссэн хохирол биш байна, харин түүнд учирсан бодит хохирол байна гэж шүүх үзэж, уг хуулийг хэрэглэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 Тэгэхээр 2016 оны 8 сарын 09-ний өдрөөс 2017 оны 5 сарын 09-ний өдөр хүртэлх хугацааг нэхэмжлэгчийн ажиллаагүй хугацаанд тооцож, нэхэмжлэгчийн үндсэн цалин болон нэмэгдэл, урамшууллын хэмжээг түүний цалингийн карт, нийгмийн даатгалын дэвтэр ёсоор үндсэн цалин болох 795935 /долоон зуун ерэн таван мянга есөн зуун гучин тав/ төгрөг дээр холбогдох нэмэгдлийг буюу удаан жил-20% буюу 159187 /нэг зуун тавин есөн мянга нэг зуун наян долоо/ төгрөг, зэрэг дэв-15% буюу 119390 /нэг зуун арван есөн мянга гурван зуун ер/  төгрөгийг нэмж тооцон нийт олговол зохих 9670608 / есөн сая зургаан зуун далан мянга зургаан зуун найм/ төгрөгийн цалин, олговроос хуульд заасан холбогдох суутгал хийж, түүний ажиллаагүй бүх хугацаанд олгогдох цалин хөлсийг хариуцагч захиргааны байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно. 

Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д: “Төрийн албаны тухай хуулийн 4.2.7, Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна”, мөн зүйлийн 101.2-т: “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна” гэж хуульчилснаар хариуцагч Барилга, хот байгуулалтын яамны хууль бус эс үйлдэхүй нь нэхэмжлэгчийн Үндсэн хуульд заасан ажил хөдөлмөр эрхлэх, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан төрийн албанаас халагдахгүй байх эрхүүдийг зөрчсөн буруутай байх тул хохиролд тооцон нэхэмжилсэн ажилд томилохгүйгээр ажиллуулаагүй үеийн цалинг ажилласнаар тооцон хариуцагч захиргааны байгууллагаас гаргуулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангахдаа Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг ашигласан ба уг журмын 4 дүгээр зүйлд ажилтанд олгож байгаа хөнгөлөлтийн орлого /унаа, түлш, байр, хоолны үнийн хөнгөлөлт/-ыг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй гэж зохицуулсан байх тул Барилга, хот байгуулалтын яамнаас өөрийн ажилтнуудад хоолны хөнгөлөлтөнд сар бүр олгодог мөнгөн дүнг нэхэмжлэгчийн цалингийн нэмэгдэлд оруулахгүй болохыг тэмдэглэж байна. 

Тав. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн тухайд.

Нэхэмжлэгч Н.Т  нь 1957 оны 3 сарын 26-ны өдөр төрсөн /РД:/ ба ажлаас чөлөөлсөн гэх Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 8 сарын 09-ний өдрийн Б/123 дугаар тушаал гарах үед хуанлийн хугацаагаар 59 нас 4 сар 13 хоногтой байж, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхэд 7 сар гаруй хугацаа дутуу байжээ.

Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т: “Энэ хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид төрийн албанд ажилласан хугацааг харгалзан 36 хүртэл сарын албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно ...” гэжээ. 

Нэхэмжлэгч Н.Т  нь аймгийн АДХГЗахиргааны Их барилгын хэлтэст барилгын улсын байцаагчаар 1982 оны 9 сарын 21-нд анх орсноос хойш уг хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, аймгийн Барилга үйлдвэрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, аймгийн Хөрөнгө оруулалт их барилгын хэлтсийн дарга, аймгийн Барилга захиалагчийн товчооны дарга, аймгийн Жижиг үйлдвэр санаачлагчдад туслах товчооны мэргэжилтэн, Улаанбаатар хотын Нийтийн аж ахуйн газарт мэргэжилтэн, Улаанбаатар хотын Барилга хот байгуулалт, Нийтийн аж ахуйн газарт мэргэжилтэн, Барилга, нийтийн аж ахуйн хөгжлийг дэмжих төвд мэргэжилтэн, Барилга, хот байгуулалтын яамны ТЗУГазарт мэргэжилтэн, Барилга, хот байгуулалтын яамны СХОХАГазарт ахлах мэргэжилтэн, Барилга, хот байгуулалтын яамны Барилга захиалагчийн албаны дарга, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт Ерөнхий инжинер, Барилга, хот байгуулалтын яамны ХШҮДАГазарт ахлах мэргэжилтэн, Барилга, хот байгуулалтын яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын норм, нормативын хэлтсийн ахлах мэргэжилтэн гэхчлэн улсад тасралтгүйгээр 35 жил үүнээс төрийн байгууллага, төрийн албанд 29.4 жил ажиллажээ. Энэ байдал нь нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтэр, 1995 онд нээсэн 221358 дугаар бүхий нийгмийн даатгалын дэвтэр, 2005 онд нээсэн 221358 дугаар бүхий нийгмийн даатгалын дэвтрийн үргэлжлэл дэвтэр, 2011 онд нээсэн 221358 дугаар бүхий нийгмийн даатгалын дэвтрийн үргэлжлэл дэвтэр, эдгээрийн нотариатаар батлуулсан хуулбараар тогтоогдож байна.

Шүүх нэгэнт хариуцагчийн буруутай эс үйлдэхүй байсныг тогтоож шийдэж байгаа, түүнчлэн төрд он удаан жил ажилласных нь төлөө олгож байгаа мөнгөн тусламжийг нэхэмжлэгч авахгүй байх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн энэ шаардлагыг мөн хангаж шийдвэрлэлээ. Нэхэмжлэгчийн сүүлийн гурван жилийн цалингийн дундажийг 795935 төгрөгөөр тооцон түүний төрийн албанд ажилласан нийт хугацаа болох 29 жил 4 сард ногдох мөнгөн дүнг /795935*29.4/ 23.400.489 /хорин гурван сая дөрвөн зуун мянга дөрвөн зуун наян ес/ тооцож, уг төлбөрийг хохиролд тооцон дээр дурдсан Захиргааны ерөнхий хуулийн хүрээнд хариуцагч захиргааны байгууллагаас гаргуулахаар зааж шийдвэрлэлээ.

Шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхтэй холбогдуулж улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлдөг ба хувь хэмжээг нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зохицуулдаг бол, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д: “улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно” гэсний дагуу улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэлээ. Ингэхдээ Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д заасан зарчмыг баримтлан хариуцагчийн ажиллаж буй байгууллагын санхүүгээс тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.7, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.1, 30 дугаар зүйлийн 30.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 101.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Т ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын ажилд томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Н.Т ыг 2016 оны 8 сарын 09-ний өдрөөс 2017 оны 5 сарын 09-ний өдөр хүртэл ажилласнаар тооцож, нийт 9 сарын хугацааны цалинд 9670608 /есөн сая зургаан зуун далан мянга зургаан зуун найм/ төгрөг олгохыг, холбогдох суутгал хийхийг, нэг удаагийн буцалтгүй тусламжинд нийт 23.400.489 /хорин гурван сая дөрвөн зуун мянга дөрвөн зуун наян ес/ сая төгрөгийг тус тус хариуцагч Барилга, хот байгуулалтын яамнаас гаргуулан нэхэмжлэгч Н.Т т олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 108.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь дээрх хууль, зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           У.БАДАМСҮРЭН