Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 24

 

Г.Д д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, Ерөнхий Т.Даваасүрэн, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

                                              Прокурор  Б.Мөнгөншагай  

                                              Өмгөөлөгч   А.Адьяасүрэн

                                               Шүүгдэгч Г.Д

                                              Нарийн бичгийн дарга Г.Дорждулам нарыг оролцуулан,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Адьяасүрэн, хохирогчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлоор, Г.Д д холбогдох эрүүгийн 201515000380 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Монгол улсын иргэн Г.Д  

Г.Д  нь 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 16 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3 дугаар багийн нутаг “Дарвагайн дөрвөлж” гэх газар “Истана” маркийн 25-51 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөнөөс А.Содномдагвын жолоодон явсан “Хьюндай Портер” маркийн 40-29 ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж Б.Мөнхтогтохын эзэмшлийн “Хьюндай Портер” маркийн 40-29 ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 6500000 төгрөгийн шууд, 6620000 төгрөгийн нийт хохирол, зорчигч Б.Мөнхтогтохын бие махбодид хүндэвтэр, Б.Батбуянгийн бие махбодид хүнд гэмтэл тус тус учруулсан, жолооч А.Содномдагвын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Тээврийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.  

Анхан шатны шүүх, шүүгдэгч Олхонуд овогт Ганбатын Д г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон, 1 хүний бие махбодид хүндэвтэр, 1 хүний бие махбодид хүнд гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч Г.Д д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Г.Д д оногдуулсан 3 /гурван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Г.Д д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг үндсэн ял болох 3 /гурван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор, шүүгдэгч Г.Д  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Т.Ш 6220000 төгрөг, Б.Мд 1320000 төгрөгийн хохирол төлсөн болохыг тус тус дурьдан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Б.М-н дунд чөмөгний рентгэн зураг 1 ширхэгийг хохирогч Б.М-д буцаан олгож, шүүгдэгч Г.Д гийн №0030731 дугаартай D ангилалын мэргэшсэн жолоочийн үнэмлэх 1 ширхэгийг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхээр, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Д гаас 188000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Ш-д, 6019296 төгрөгийг гаргуулж хохирогч Б.М, 594000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б тус тус олгож, хохирогч Т.Шийлэгдуламын нэхэмжлэлээс 2454000 төгрөгийг, хохирогч Б.Бн нэхэмжлэлээс 120000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогч Т.Ш-н нэхэмжлэлээс 21806936 төгрөгийг, хохирогч Б.М-ын нэхэмжлэлээс 2380000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, хохирогч Т.Шийлэгдулам, хохирогч Б.Б нар нь гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж, хохирогч Б.М нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар тус тус жич нэхэмжлэх эрхтэйг дурдан, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Г.Д гийн эзэмшлийн 25-51 УБР улсын дугаартай, “Истана” маркийн тээврийн хэрэгслийг зохих журмын дагуу хохиролд тооцуулахаар уг тээврийн хэрэгслийн №00988210 дугаартай гэрчилгээ 1 ширхэгийн хамт Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Г.Д гийн эзэмшлийн 25-51 УБР улсын дугаартай, “Истана” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Д д авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний хариуцагч иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Д д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Д гийн өмгөөлөгч А.Адьяасүрэн гаргасан давж заалдах гомдолдоо:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан хэргийн шүүгдэгч Г.Д гийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж шүүхийн шатнаас өмгөөлөгчөөр оролцож байгаа болно.

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.05.03-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолыг доорхи үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

Нэг. Шүүгдэгч Г.Д  нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөнөөс бусдын амь нас хохирсон, нэг хүний биед хүндэвтэр, нэг хүний биед хүнд гэмтэл учирсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.

Хоёр. Шүүгдэгч Г.Д  нь зам тээврийн осол болох үед нас барсан согтуу жолооч А.Содномдагвын машинтай мөргөлдөж биедээ хүнд гэмтэл авч одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хөдөлмөрийн чадвараа 69 хувиар алдсан учир эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр 12 сарын хугацаатайгаар группэд орсон.

Гурав. Шүүгдэгч Г.Д  нь урьд өмнө гэмт хэрэгт холбогдож ял шийтгэл хүлээж байгаагүй бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хохирогч Т.Ш-д 188000 төгрөг, хохирогч Б.Б-д 594000 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг төлж барагдуулсан. Г.Д  нь хохирогч Б.М-д хохиролд 6019296 төгрөг төлөхөөр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаа илэрхийлж байгаа.

Дөрөв. Шүүгдэгч Г.Д  нь эрүүл мэндийн хувьд суга таягтай, баруун хөлний дунд чөмөг хадаастай, эмзэглэлтэй бүрэн эдгээгүй, өвчин намдаах эм удаан хугацаагаар хэрэглэснээс үүдэн ходоодны шархтай болсон, сэтгэл санааны болон эрүүл мэндийн хүнд байдалд байгаа.

Тав. Г.Д  нь эхнэр 6 сартай болон 3 настай 2 хүүхдийн хамт амьдардаг.

Иймд шүүгдэгч Г.Д  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хүндэвтэр гэмт хэрэг анх удаа болгоомжгүй үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч нарт хохирол төлсөн, төлөгдөөгүй үлдсэн хохирлоо нэн даруй төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215.3-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг үндэслэн оногдуулах ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзаж өгнө үү гэжээ.

            Хохирогч Т.Ш-н өмгөөлөгч П.Адьяасүрэн гаргасан давж заалдах гомдолдоо:

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол  гаргаж байна. Анхан шатны шүүх хохирогч Т.Шийлэгдуламын нэхэмжилсэн гэм хорын хохирлоос оршуулганд явсан машины зардал 2454000 төгрөгийг хэлэлцэхгүй орхисонд гомдолтой байна. Иймд оршуулганд явсан машины зардлаас нэхэмжилж, гэм хорын хохирол дээр нэмж төлүүлэх гомдол гаргаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, гэм хорын хохирол 2454000 төгрөгийг нэмж  гаргуулж өгнө  үү гэжээ.

            Хохирогч Т.Ш-н өмгөөлөгч П.Адьяасүрэн гаргасан хүсэлтдээ:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан хэргийн шүүгдэгч Г.Д д холбогдох хэргийн хохирогч Т.Ш нь гэм хорын хохирлоо бүрэн авсан тул хохирогч болон миний бие шүүх хуралдаанд оролцохгүй гэжээ.

            Хохирогч Б.М-н өмгөөлөгч Т.Оюунчимэг гаргасан хүсэлтдээ:

Анхан шатны шүүхийн шийдвэрээр Г.Д гаас 6020000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг Г.Д  нь төлж барагдуулсан болно. Хохирогч Б.М нь шүүх хуралдаанд суухгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэдгээ хэлсэн болно гэжээ.

Прокурор Б.Мөнгөншагай шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ:

Г.Д д холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаас өмнө хохирогч нарт хохирлыг төлж барагдуулсан, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул Г.Д д оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал юм гэв.

ХЯНАВАЛ

Г.Д  нь 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 16 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3 дугаар багийн нутаг “Дарвагайн дөрвөлж” гэх газар Истана маркийн 25-51 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөнөөс А.Содномдагвын жолоодон явсан Хьюндай Портер маркийн 40-29 ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж Б.М эзэмшлийн Хьюндай Портер маркийн 40-29 ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 6500000 төгрөгийн шууд, 6620000 төгрөгийн нийт хохирол, зорчигч Б.М бие махбодид хүндэвтэр, Б.Б бие махбодид хүнд гэмтэл тус тус учруулсан, жолооч А.С-н амь насыг хохироосон гэмт хэрэгт гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Г.Д , хохирогч Т.Ш, Б.М, шинжээч Б.Н, С.Б нарын мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Б /1-р хх-ийн 28х/, иргэний хариуцагч Мөнхбаяр /2-р хх-ийн 155х/, шинжээч Ч.Б /1-р хх-ийн 237-238х/ нарын өгсөн мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 16106 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 70х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 496 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 74х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 10141 дугаартай химийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 78х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 107 дугаартай задлан шинжилгээний акт /1-р хх-ийн 79-81х/, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 68 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 105х/, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 76 дугаартай бүрэлдэхүүнтэй техникийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 111-112х/, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 226 дугаартай бүрэлдэхүүнтэй техникийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 220-222х/, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 297 дугаартай бүрэлдэхүүнтэй техникийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 229-232х/, ШУТИС-ын Механик, инженерийн сургуулийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 11/08 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 106-108х/, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг, осол гарсан газар дээрх эд мөрийн баримтыг бэхжүүлсэн схем, зураг, зам орчны байдал, зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост, хувцсанд, тээврийн хэрэгсэлд тус тус үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ “Лэндс ХХК”-ийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №11/09, №11/10, 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №02/47 дугаартай үнэлгээний тайлангууд, Г.Д гийн өвчний түүх, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай тэмдэглэлийн хуулбарууд, хохирлын баримтууд, хураан авах тогтоол, тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, хохирогч Б.М-н эмчилгээ хийлгэсэн тухай эмчийн тодорхойлолт, амбулаторын картын хуулбар, Г.Д гийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд /1-р хх-ийн 1, 3-26, 85-91, 95-102, 117-154, 174-181, 206-210, 212-217, 246-250, 2-р хх-ийн 1-25, 48-60, 70-73, 77-78, 127-136, 163-167, 169-175, 181-184 хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтаар нотлогдож байна гэж дүгнэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан байна.

Г.Д  нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг давж заалдах гомдол гаргасны дараа нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас өөрийнх нь биед хүнд гэмтэл учирсан, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа ухамсарлаж байгаа байдал зэргийг харгалзан түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй бөгөөд энэ талаар гаргасан  шүүгдэгчийн өмгөөлөгч А.Адъяасүрэнгээс гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

а/ 4 дэх заалтыг бүхэлд нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Г.Д д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, энэ хугацаанд түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай...” гэж,

б/ 5 дахь заалтыг “Шүүгдэгч Г.Д  нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай” гэж,

в/ 6 дахь заалтын … “Өвөрхангай аймаг дахь” гэснийг “Говь-Алтай аймаг дахь” гэж,

г/ 7 дахь заалтыг бүхэлд нь “Шийтгэх тогтоол хүчин төгөлдөх болмогц хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Г.Д гийн эзэмшлийн 25-51 УБР улсын дугаартай, Истана маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, уг тээврийн хэрэгслийн №00988210 дугаартай гэрчилгээ 1 ширхэгийн хамт шүүгдэгч Г.Д д буцаан олгосугай” гэж,

д/ Шийтгэх тогтоолын 11 гэж дугаарласныг 8, 12 гэж дугаарласныг 9, 13 гэж дугаарласныг 11 гэж тус тус өөрчлөн,

е/ 8, 9 дэх заалтыг хасч, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 300 дугаар зүйлийн 300.1-д зааснаар Г.Д г шүүх хуралдааны танхимаас сулласугай.

3. Шүүгдэгч Г.Д  нь 55 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

4. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                    ШҮҮГЧИД                                  Т.ДАВААСҮРЭН                      

                                                                                        Н.ЭНХМАА