Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2021/0307

 

 

 

 

2020 оны 03 сарын 31 өдөр                     221/МА2020/0222               Улаанбаатар хот

                                                                                                                               

Г.Г-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр, гомдол гаргагч Г.Г, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, хариуцагч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 293 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдол гаргагчийн давж заалдах гомдлын дагуу Г.Г-ийн гомдолтой, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 293 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3, 51.4, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасныг тус тус үндэслэн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Ц.Б-ын 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 0177306 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах Г.Г-ийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гомдол гаргагч Г.Г Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч ... давж заалдах гомдлыг гаргаж байгаа болно.

1. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” , 27 дугаар зүйлийн 27.1 “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ” гэж заасны дагуу сонсох ажиллагааг огт явуулаагүй. Улсын Их Хурлын сонгууль бол Монгол Улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй хууль тогтоох эрх бүхий дээд байгууллагыг сонгох өндөр ач холбогдолтой хариуцлагатай сонгууль юм. Үүнд эрх эдэлж үүрэг хүлээж оролцож буй Төрийн аудитын дээд байгууллага эрх , үүргээ ухамсарлан хариуцлагатай ажиллаж сонсох ажиллагаа явуулсан бол өнөөдрийн энэ нөхцөл байдал үүсэхгүй байх байсан.

2. Сүхбаатар дүүргийн татварын хяналт шалгалтын улсын байцаагч Ц.Б нь 2020 оны 12 дугаар 20-ны өдөр 0177306 дугаартай шийтгэлийн хуудас үйлдэж Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-т “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20- оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй”, Зөрчлийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэх заалтыг үндэслэн торгосон. Гэвч миний бие сонгуулийн зардлын дансыг аливаа холбогдох банкинд огт нээлгээгүй. Нээлгээгүй учир бүртгүүлэх боломжгүй бөгөөд зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчөөгүй, зөрчих боломжгүй юм. Миний бие өнөөдөр ямар нэгэн хариуцлага хүлээх ёстой бол зардлын данс бүртгүүлээгүй үйлдэлдээ бус нээлгээгүй үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой. Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх болон Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч нар нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51.3-т “Нам, эвсэл болон нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны тухай хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэнэ” гэх заалтын хариуцлага тооцох заалт нь зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэг гэж тайлбарлаж байна. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж заасан өөрөөр хэлбэл зөрчлийн хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйд л хариуцлага тооцох ёстой. Гэвч Зөрчлийн тухай хуульд данс нээлгээгүй нь зөрчил гэх зүйл заалт огт байхгүй байтал татварын улсын байцаагч Ц.Б нь хуулийг төсөөтэй хэрэглэж шийтгэлийн хуудас үйлдсэн. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэх хууль ёсны зарчмыг зөрчсөн хууль бус акт болсон.

3. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх нь дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэлгүй шийдвэр гаргасан. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө  тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.1-т “хуульд үндэслэх”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасныг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх нь зөрчсөн хууль бус шийдвэр гаргалаа.

Иймд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн гаргасан 0293 дугаартай шийдвэр, Сүхбаатар дүүргийн татварын байцаагч Ц.Б-ын гаргасан 0177306 дугаартай шийтгэлийн хуудсыг тус бүр бүхэлд нь хүчингүй болгож миний гаргасан гомдолыг хангаж өгнө үү ...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гомдол гаргагч Г.Г-ийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг  хангаж шийдвэрлэв.

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 0177306 дугаар шийтгэлийн хуудсаар 2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуульд “Зөв хүн электорат эвсэл”-ээс сонгуулийн 24 дүгээр тойрогт нэр дэвшсэн  гомдол гаргагч Г.Г-д Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу 10,000,000 төгрөгийн шийтгэл оногдуулжээ.

Гомдол гаргагч Г.Г дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар “... сонгуульд нэр дэвшин өрсөлдөхдөө ... мөнгөн хандив аваагүй, цуглуулаагүй зөвхөн өөрийн хөрөнгөөс сонгуулийн сурталчилгааны холбогдох зардлыг гаргасан ... сонгуулийн хандивын дансыг аливаа банкинд нээлгээгүй ... Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 51.4 “... ” гэх заалт нь ... хандив авах гэж буй эсхүл авсан нам эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын данс нээж түүнийгээ бүртгүүлэх үүрэгтэй гэж харагдаж байна ...” гэсэн үндэслэлээр маргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна”, 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана”, 121.1.4-т “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах”, 121.3-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх дараахь үндэслэл илэрвэл энэ хуулийн 121.1.4-т заасан шийдвэрийг гаргана”, 121 дүгээр зүйлийн 121.3.4-д “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон” гэж тус тус заасан.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл анхан шатны шүүх гомдлын шаардлага түүний үндэслэлийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг хэрхэн үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар буюу тухайн маргааныг шийдвэрлээд гаргаж буй шийдвэрийн үндэслэл болж байгаа хэм хэмжээг хэргийн бодит нөхцөлд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн талаар шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт тусгаж, уг маргааныг хянан шийдвэрлэхэд шаардлагатай, ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн гүйцэд бүрдүүлсний үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэхээр, хэрэв шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлэн хэргийг хянан шийдвэрлэсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна”, 51.3-д “Нам, эвсэл болон нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны тухай хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэнэ”, 51.4-д “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй”, 49 дүгээр зүйлийн 3-д “Сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг энэ хуульд заасны дагуу нээлгэсэн сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлж, зарцуулна”, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн  1.8 дугаар зүйлийн  6-д “Дараахь эрх бүхий албан тушаалтан доор дурдсан харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэнэ”, 6.12-д “татварын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ... 17.1 дүгээр зүйлийн 21, 22, 24 дэх хэсэгт заасан зөрчил” гэж тус тус хуульчилсан.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд нэр дэвшигч нь хуульд заасны дагуу нээлгэсэн сонгуулийн зардлын дансанд сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулахаар байхаас гадна сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй, тус үүргээ биелүүлээгүй тохиолдолд эрх бүхий албан тушаалтан хуульд заасан журмын дагуу Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулахаар зохицуулжээ.

Хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд гомдол гаргагч Г.Г нь 2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн 24 дүгээр тойрогт “Зөв хүн электорат эвсэл”-ээс нэр дэвшсэн байх бөгөөд тэрээр дээрх Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуулийн зардлын данс нээлгээгүй, сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс хуульд заасан 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлсэн эсэхтэй маргаагүй, харин хандив аваагүй, өөрийн хөрөнгөөс сонгуулийн сурталчилгааны зардлыг гаргасан, хандивын данс нээлгэх шаардлага байгаагүй гэж маргасан байх бөгөөд хариуцагч маргаан бүхий актын үндэслэлээ “... Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэсэн заалтад “хандив аваагүй” гэх үг байхгүй бөгөөд иргэн Г.Г нь хувийн дансаа энэ заалтын дагуу Төрийн аудитын дээд байгууллагад бүртгүүлэх ёстой байсан ... төрийн аудитын байгууллагад бүртгүүлэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь зөрчлийн шинжтэй байсан ...” гэж тайлбарлан тус тус маргасан байна.

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/45 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журмын 1.1-д “Энэ журмын зорилго нь Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн санхүүжилтээ хуулиар хүлээн зөвшөөрсөн, бодитой эх үүсвэрээс бүрдүүлж, зориулалтын дагуу зарцуулсан талаар тайлагнах, түүнд дүгнэлт гаргах, сонгуулийн санхүүжилтийг сонгогч иргэн, олон нийтэд нээлттэй, ил тод байлгах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино”, 3.1-д “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн /цаашид “хууль” гэх/ 51.1-д зааснаар сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна” гэж тус тус зааснаас үзвэл нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх, сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлж, зарцуулахын зорилго нь Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн санхүүжилтээ хуулиар зөвшөөрсөн, бодитой эх үүсвэрээс бүрдүүлсэн эсэх, хэрхэн зарцуулсан талаар тайлагнах, түүнд дүгнэлт гаргах, сонгуулийн санхүүжилтийг иргэн, олон нийтэд нээлттэй, ил тод байлгах нөхцөлийг бүрдүүлэхэд оршиж байх тул сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн санхүүжилтээ хуулиар зөвшөөрсөн, бодитой эх үүсвэрээс бүрдүүлж, зориулалтын дагуу ашиглан, сонгуулийн зардлын тайланг эрх бүхий байгууллагад хуульд заасан хугацаа, журмын дагуу тайлагнасан тохиолдолд сонгуулийн зардлын дансыг эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй гэсэн үндэслэлээр шийтгэл оногдуулах нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/45 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журмын зорилгод нийцэхээргүй байна.

Хэрэгт Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “... Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланд аудит хийхэд сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг бүртгүүлээгүй 91 нэр дэвшигч /Хавсралт 1/, ...” гэх “Зөрчил шилжүүлж, шийдвэрлүүлэх тухай” 2879 дүгээр албан бичиг /1хх-19/ авагдсан байх бөгөөд гомдол гаргагч  Г.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд “... би олон нийтэд ил тодоор хандив авахгүй гэдгээ илэрхийлсэн байхад заавал данс нээх ёстой байсан мэтээр тайлбарлаад байгааг ойлгохгүй байна ... Сонгуулийн ажилд өөрөөсөө тодорхой хэмжээний зардал гаргасан түүнийгээ нэгдсэн журмаар аудитын байгууллагад  тайлагнасан ...” гэж тайлбарласан байна.

Иймд энэ тохиолдолд гомдол гаргагч нь сонгуулийн санхүүжилтээ хуулиар зөвшөөрсөн, бодитой эх үүсвэрээс бүрдүүлж, зориулалтын дагуу зарцуулсан эсэх талаар буюу сонгуулийн зардалтай холбоотой тайланг эрх бүхий байгууллагад тайлагнасан эсэх, эрх бүхий байгууллага зардлын тайланд аудит хийж, хянасан эсэхтэй холбоотой баримтыг цуглуулсны үндсэн дээр Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн маргаан бүхий 0177306 дугаар шийтгэлийн хуудас хуульд нийцсэн эсэх, уг актын улмаас гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-т “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах”, 121.3-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх дараахь үндэслэл илэрвэл энэ хуулийн 121.1.4-т заасан шийдвэрийг гаргана”, 121 дүгээр зүйлийн 121.3.4-д “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон” гэж тус тус заасны дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 293 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                                 Г.БИЛГҮҮН

 

ШҮҮГЧ                                                                Н.ХОНИНХҮҮ