Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 214

 

“Би Ти Ви телевиз” ТББ-ын  

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нармандах, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун, хариуцагч Т.Болортунгалаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонцэцэг нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 17 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 176 дугаар магадлалтай, “Би Ти Ви телевиз” ТББ-ын нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Болортунгалаг, Д.Энхцолмон нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Би Ти Ви телевиз” хэвлэл мэдээллийн хэрэгсэл ТББ-ын захирал Ц.Ганцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Т.Болортунгалаг, Д.Энхцолмон нар хөндлөнгийн мэдээлэл орж ирсэн гэсэн үндэслэлээр 2013 оны 12 дугаар сарын 09-23-ны өдрүүдэд шалгалт явуулж 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 26/0004277 тоот акт гаргасан. Энэхүү актаар 122696,4 мянган төгрөгийн нөхөн татвар, 55284,3 мянган төгрөгийн торгууль, 368,1 мянган төгрөгийн хүү, нийт 178348,8 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан.

2008 оноос хойш 2013 оныг дуустал хугацаанд "Би Ти Ви телевиз" хэвлэл мэдээллийн хэрэгсэл Төрийн бус байгууллага нь татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ, тайланг тогтоосон хугацаанд харьяалах татварын албанд ирүүлэн аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцлээ гаргаж өгч байсан. Татварын ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, 46.4 дэх хэсгүүдэд заасны дагуу Татварын тайланг хүлээн авахдаа Татварын алба, татварын улсын байцаагч нар шаардлага хангасан эсэх болон үзүүлэлтүүд хянах үүрэг хүлээсэн байдаг ба мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.5-д заасан эрхийнхээ дагуу зөрчил байсан бол зөрчлийг арилгуулах арга хэмжээг тухайн үед нь аван захирал удирдлага болон ерөнхий нягтлан бодогчоор нарын холбогдох хүмүүст нь мэдэгдэл, акт, шаардлага, мэдэгдэх хуудас төлбөрийн хуудас ирүүлж, татварын хяналт шалгалт хийж дүгнэлт гарган Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу хяналт шалгалтад хамруулах боломжтой байсан.

Дээрх актад дурдсанчлан манай "Би Ти Ви телевиз" хэвлэл мэдээллийн хэрэгсэл Төрийн бус байгууллага нь хувь хүний орлогын албан татварыг ногдуулан тайлагнаж байсан ба харин Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг тайлагнадаггүй учир 2009 онд дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого 10 сая төгрөгт хүрсэн боловч Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-т заасан "нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон өдөр” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж орлого олж байгаа иргэн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ хуулийн этгээдийн орлогын албан татварын тайлангаар, эсхүл иргэний орлого, татвар тодорхойлох хуудсаар 10.0 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийн дараа сарын эхний өдрийг хэлнэ” гэсэн нөхцөлд хамаарахгүй байгаа, мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т "Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна", 7.4-т "Дор дурьдсан үйл ажиллагааг "үйлчилгээ үзүүлсэн"-д хамааруулна" гээд 7.4.1-7.4.11-т хамаарах үйлчилгээнйй төрлийг нарийвчлан заасан байдаг.

Энд тодорхойлон жагсаасан "үйлчилгээ үзүүлсэн"-д хамаарах үйл ажиллагааг манай "Би Ти Ви телевиз" хэвлэл мэдээллийн хэрэгсэл Төрийн бус байгууллага явуулаагүй болох нь хуулийн дээрх заалтаас ойлгомжтой харагдаж байгаа учир Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа, ажил үйлчилгээнд хамаарахгүй байна.

"Би Ти Ви телевиз" Төрийн бус байгууллага нь дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлогын тоо хэмжээг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгаж байсан удаа байхгүй, мөн зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөсөн, татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан зүйлгүй тул Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийг үндэслэн акт бичсэн нь хуульд заасан үндэслэл байхгүй байхад гарсан хууль бус баримт бичиг юм.

Иймд, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Болортунгалаг, Д.Энхцолмон нарын 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 26/0004277 дугаар актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Болортунгалаг, Д.Энхцолмон нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "Би Ти Ви" телевиз төрийн бус байгууллагыг Татварын ерөнхий газрын 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 7/2645 тоот албан бичиг, «Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж», томилолтын дагуу 2009-2012 оны татвар ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж Татварын улсын байцаагчийн эрхийн дагуу 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 26/004277 тоот акт үйлдсэн болно.

Шалгалтыг татвар төлөгчдийн гаргаж өгсөн баримт болон манай хөндлөнгийн мэдээллийн санд байгаа мэдээллийн хүрээнд үндэслэн явуулсан. "Би Ти Ви телевиз" төрийн бус байгууллага нь орлогын албан татвар төлөгч биш, харин нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үүрэгтэй гэж үзэж 2009 оноос 2012 оныг дуустал хугацааны телевизийн үйл ажиллагааны орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан акт үйлдсэн.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасны дагуу Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа ажил үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна" 7.1.4-т “Монгол улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил үзүүлсэн үйлчилгээ” гэснийг 4 дүгээр зүйлийн 4.1.4-т "аж ахуйн үйл ажиллагаа" гэж ашиг олох зорилготой болон тийм зорилгогүй, бүхэлд нь буюу хэсэгчлэн бараа борлуулах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг 4.1.7-д “хуулийн этгээд гэж Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлж, мөн хуулийн 1.7.4-д зааснаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан этгээдийг”, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй ,өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ.”, 17 дугаар зүйлийн 17.4-т “Бүртгэх байгууллага хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэснийг нотолж өргөдөл гаргагчид улсын бүртгэлийн гэрчилгээ буюу дугаар олгоно” гэсэн хуулийн заалтуудыг үндэслэн акт тогтоосон болно гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 17 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 2006 оны хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 20 дугаар зүйлийн 20.1-т заасныг тус тус баримтлан Баянгол дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын татварын улсын байцаагч Т.Болортунгалаг, Д.Энхцолмон нарын 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 26/0004277 дугаар акт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 176 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 17 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 74 дүгээр зүйлийн 74.1.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.2, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Би Ти Ви телевиз” хэвлэл мэдээллийн хэрэгсэл ТББ-ын “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Болортунгалаг, Д.Энхцолмон нарын 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 26/0004277 тоот актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, актаар ногдуулсан 55.284.300 төгрөгийн торгууль, 368.100 төгрөгийн алданги төлөхөөс “Би Ти Ви телевиз” ТББ-ыг өршөөн хэлтрүүлсүгэй” гэж, 2 дахь заалтыг “үлдээж, 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэснийг” “үлдээсүгэй” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх өөрийн гаргасан магадлалын “хянавал” хэсэгт дурдахдаа: Давж заалдах шатны шүүх дүгнэлт хийхдээ телевизийн үйл ажиллагааны үндсэн зорилго, онцлогийг анхаарч, ойлгож чадаагүй, төлбөртэй нэвтрүүлэг, зар сурталчилгааны үр дүнд өөрийн үндсэн үйл ажиллагааг санхүүжүүлж ирсэн болохыг татварын тайлангаар нотолсоор байтал, нотлогдоогүй мэтээр дүгнэсэн явдал нь ойлгомжгүй байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасан “Монгол улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ” гэдэгт “Би Ти Ви телевиз” ТББ-ын телевизийн зар сурталчилгаа, төлбөртэй нэвтрүүлэг мэдээ, зочны нэвтрүүлэг зэрэг үйл ажиллагаа нь хамаарч байна хэмээн үндэслэл, нотолгоогүй дүгнэлт хийж, шууд тулган хүлээлгэсэн шийдвэр гаргасан юм.

Гэтэл энэ хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т “Дор дурдсан үйл ажиллагааг “үйлчилгээ үзүүлсэнд хамааруулна” гээд 10 нэр төрлийн үйл ажиллагааг дурдсан байтал тэнд телевизийн үйл ажиллагааг огт дурдаагүй, энэ ажиллагааг үйлчилгээ үзүүлсэн гэх ангилалд оруулалгүй илүү нарийвчлан зохицуулсан байна.

Мөн түүнчлэн энэ зүйлийн 7.5.1 ба 7.5.2-т илүү тодорхой шаардлага тавигдсан байхад энэ талаар огт анхаарч үзээгүй, мөн эдгээр заалтыг хэрэглэхийг хүсээгүй, зориуд орхигдуулсан гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүхээс цааш нь дүгнэхдээ: “НӨАТ-ын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан чөлөөлөгдөх ажил, үйлчилгээнд хамрагдаагүй тул татвар төлөх үүрэгтэй.”

Татварын улсын байцаагчийн маргаан бүхий акт нь НӨАТ-ын тухай болон Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.4-т заасантай нийцэж байх тул нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх үндэслэлгүй гэсэн дүгнэлт хийсэн явдал нь хэтэрхий өрөөсгөл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн мөн чанар, нарийвчилсан зохицуулалтуудыг ойлгоогүй, маргаан бүхий акттай төдийлөн хамааралгүй ойлголт, нэр томьёог тайлбарлах байдлаар шийдвэрт өөрчлөлт оруулсан явдал нь энэхүү шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Иймд, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх холбогдох хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдааг зөвтгөж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Баянгол дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.Болортунгалаг, Д.Энхцолмон нар “Би Ти Ви” хэвлэл мэдээллийн хэрэгсэл төрийн бус байгууллагын 2008-2012 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж 1,226,964.1 мянган төгрөгийн зөрчилд 122,696.4 мянган төгрөгийн нөхөн татвар, 55,284.3 мянган төгрөгийн торгууль, 361.1 мянган төгрөгийн хүү нийт 178,348.8 мянган төгрөгийн төлбөр ногдуулан, 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 26/0004277 дугаар акт үйлдсэн нь Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасантай нийцжээ.

“Би Ти Ви” хэвлэл мэдээллийн хэрэгсэл төрийн бус байгууллагын 2009 оны үйл ажиллагааны орлого нь 10 сая төгрөгт хүрсэн боловч, 2010-2012 онд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах нийт 1226.1 мянган төгрөгийн борлуулалтын орлогод албан татвар төлж, төсөвт төлөөгүй буруутай гэж татварын улсын байцаагчид үзсэн, татвар төлөгчийн гомдлоор Нийслэлийн болон Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл уг актыг хянаж хэвээр үлдээсэн байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар нэхэмжлэгч “Би Ти Ви” хэвлэл мэдээллийн хэрэгсэл төрийн бус байгууллага нь хуулийн этгээд болохын хувьд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлж, уг татварыг төлөх үүрэгтэй болно.

Тухайн хуулийн этгээдийн тайландаа тусгасан зар сурталчилгааны орлого гэх мэт тодорхой үйл ажиллагааны орлого нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12, 13 дугаар зүйлүүдэд заасан албан татварын тэг /0/ байх хувь хэмжээг хэрэглэх болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх үйлчилгээнд хамрагдахгүй байгааг үндэслэн уг үйлчилгээг энэ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасан ажил үйлчилгээ буюу татвар ногдох ажил үйлчилгээ гэж давж заалдах шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

Үүнээс гадна дээрх хуулийн 7 дугаар зүйлд заасан орлогод татвар ногдуулах, 13 дугаар зүйлд заасны дагуу уг татвараас чөлөөлөхдөө “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал”-ыг баримтлах, тухайн ангилалыг санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахыг энэ хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.3-т тус тус заажээ.

Монгол Улсын Үндэсний статистикийн газрын дарга, Сангийн сайдын хамтарсан 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 01/129/376 дугаар тушаалаар батлагдсан “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал”-ын “J” салбарт 58-63 дугаар дэд салбаруудад заагдсан “Мэдээлэл холбоо”, “кино, видео, телевизийн хөтөлбөрийн үйлдвэрлэл ...”, “Өргөн нэвтрүүлэг бэлтгэх, дамжуулах үйл ажиллагаа”, “Цахилгаан холбоо”, “Компьютер програмчлал”,  “Мэдээллээр үйлчилгээ үзүүлэх” үйл ажиллагаануудыг хамруулжээ. 

Иймээс нэхэмжлэгчээс телевизийн нэвтрүүлэг бэлтгэн явуулсан үйл ажиллагаа нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.1-д заасан “... бусад үйлчилгээ үзүүлсэн” гэдэгт хамрагдах, тухайн татвар ногдох үйл ажиллагаа гэж үзэхээр байна.

Маргаан бүхий захиргааны актад хуулийн дээрх зохицуулалтыг нарийвчлан заагаагүй, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг тухайн хуулийн 17 дугаар зүйлд тусгайлан заасан байхад нэхэмжлэгчид хариуцлага тооцохдоо Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлд заасныг давхар хэрэглэсэн нь буруу, энэ талаар нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй.

Дээрх байдлаар актаар татвар ногдуулахдаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т заасан аль төрлийн ажил үйлчилгээнд хамруулахыг тодорхой заагаагүй боловч, “Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд татвар ногдуулах тухай” энэ хуулийн 7.1.4 дэх хэсэгт заасныг баримталсан, нөхөн татвар, хүү, торгууль ногдуулахдаа  Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийг зааж, үүний дагуу тооцсон байх тул маргаан бүхий актыг хууль бусад тооцож, магадлалыг хүчингүй болгох шаардлагагүй байна.

Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул “... телевизийн үйл ажиллагаа нь энэ хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т заасан үйлчилгээнд дурдагдаагүй, энэ ажиллагааг үйлчилгээ үзүүлсэн ангилалд оруулалгүй илүү нарийвчлан зохицуулсан байна ...” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 176 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн  орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 М.БАТСУУРЬ               

                            ШҮҮГЧ                                                         Л.АТАРЦЭЦЭГ