| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2020/0154/Э |
| Дугаар | 0177 |
| Огноо | 2020-02-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Ганзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 0177
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
улсын яллагч А.Ганзориг /томилолтоор/,
шүүгдэгч П.... нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Нямбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П....д холбогдох эрүүгийн 2008 00065 0057 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1990 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Зуун мод суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцаа, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-5, эцэг, эх, 2 дүүгийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны ...тоотод оршин суудаг, урьд
-Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 235 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр торгуулиа төлж дууссан,
Монгол овогт ...ийн ... / РД:.../.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч П.... нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны 32, 33 дугаар байрны дундах автомашины гражийн манаач ажилтай М....ын “машинаа энд байрлуулж болохгүй” гэсэн шаардлагыг “би энд машинаа тавина” гэх шалтгаанаар эсэргүүцэн маргаж улмаар албан үүрэгтэй нь холбогдуулан зодож тархи доргилт, хүзүү, гуя, бугалганы цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл ирснийг бүртгэсэн лавлагааны хуудас /хх2/, иргэн М....ын өргөдөл /хх4/, хохирогч М....ын мэдүүлэг /хх14/, хохирогч М....ын дахин мэдүүлэг /хх16/, Н....ын мэдүүлэг /хх18/, гэрч З....ийн мэдүүлэг /хх20/, гэрч Н....гийн мэдүүлэг /хх22/, гэрч Ж....ийн мэдүүлэг /хх23/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /хх26-27/, П....гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх39-40/, гражид автомашинаа тавьж зогсоол ашиглалт, үйлчилгээний төлбөр төлдөг иргэдийн нэрсийн жагсаалт /хх90-92/, шүүгдэгч П....гийн ял шалгах хуудас /хх41/, урьд ял шийтгүүлсэн шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар, ял эдэлж дууссан тухай тогтоолын хуулбар /хх54-59/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх62/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа /хх66/, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /хх50/, банкны дансны хуулга /хх70-87/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Шүүгдэгч П....г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл ирснийг бүртгэсэн лавлагааны хуудас /хх2/,
2. Иргэн М....ын цагдаагийн байгууллагад хандаж гаргасан өргөдөл /хх4/,
3. Хохирогч М....ын “...ажил дээрээ байж байтал ... гэх залуу машинаа тавих гээд ороод ирэхээр нь чиний машиныг энэ гражид тавиулахгүй хүмүүс уурлаад байна гар гээд маргалдаж байхад ... намайг заамдаад хоолой боогоод газар унаган гуя руу хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөсөн...би энэ граж 2014 онд ашиглалтанд ороход манаачаар ажилд ороод тэрнээс хойш ганцаараа манаачаар ажиллаж дотор нь амьдарч байна...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх14/,
4. Хохирогч М....ын “...гражийн манаачаар 2014 оноос хойш ажиллаж байгаа гэдгийг энд машинаа тавьдаг 100 гаран хүн бүгд мэднэ. Гражид машин тавьдаг хүмүүс бүгд зогсоолоо худалдаж авсан байдаг ба дулаан, цэвэрлэгээний мөнгийг сар бүр авдаг ба би тэр мөнгөнөөс цалингаа авдаг юм. Нийгмийн даатгал төлдөггүй, сард бэлнээр 800.000 төгрөгийн цалин авдаг. Манай гражууд бүгд эзэнтэй бөгөөд ... өдөр өдрөөр мөнгөө төлөөд тавьдаг ба хүмүүс хамаагүй машин тавиуллаа гээд уурлаад байдаг болохоор машиныг нь тавиулахгүй гэж муудалцсан...” гэсэн дахин мэдүүлэг /хх16/,
5. Гэрч Н....ын “...2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 21 цагийн үед би машинаа гражид тавиад гарах гэж байхад ...улсын дугаартай автомашины жолооч залуу гражийн манааx ...ыг нүүрэн тус газар цохисон. ... доошоо суухад нөгөө залуу хөлөөрөө дэвсэлж өшиглөсөн. Тэгээд би очоод боль гэхэд чамд хамаагүй хөгшин төгцөг минь гэсэн. Тэгээд ... босоод явахад араас нь очоод гэдэс рүү өшиглөж унагахаар нь дахиж очоод боль гэхэд ...ыг дээрэлхээд маргаад байсан. Тэгээд би цагдаа дуудсан. ... тэр залуугийн машиныг тавиулахгүй, хүмүүс уурлаад байна гэж маргасан...” гэсэн мэдүүлэг /хх18/,
6. Гэрч З....ийн “...манай гражийн манаач анх 2014 онд байр ашиглалтанд ороход ажиллаж эхэлсэн хүн байдаг юм...” гэсэн мэдүүлэг /хх20/,
7. Гэрч Н....гийн “...би Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны 32, 33 дугаар байрны дундах гражид өөрийн машиныг тавьдаг ба манаачаар нь ... гэж хүн ажилладаг. Би 3 жилийн өмнөөс машинаа тавьдаг болох үед ... манаачаар ажиллаж байсан ба одоо ч гэсэн ажиллаж байгаа...” гэсэн мэдүүлэг /хх22/,
8. Гэрч Ж....ийн “...би энэ гражид өөрийн машинаа байр анх ашиглалтанд ороход 2014 оноос хойш тавьж байна. Тэр үеэс манаачаар ... ажиллаж байгаа...” гэсэн мэдүүлэг /хх23/
9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 623 дугаартай шинжилгээний “...М....ын биед тархи доргилт, хүзүү, гуя, бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх26-27/,
10. П....гийн яллагдагчаар өгсөн “...миний машиныг гражид тавиулахгүй одоо аваад гар гэхээр нь яагаад энд машинаа тавьж болдоггүй юм гээд маргаад заамдалцсан ба гарыг нь тавиулах гээд баруун талын гуя руу нь хөлөөрөө өшиглөсөн...шүүх эмнэлгийн дүгнэлтэд дурьдсан гэмтлүүдийг би учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх39-40/
11. Гражид автомашинаа тавьж зогсоол ашиглалт, үйлчилгээний төлбөр төлдөг иргэдийн нэрсийн жагсаалт /хх90-92/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Гэм буруугийн дүгнэлт:
Шүүгдэгч П.... нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны 32, 33 дугаар байрны дундах автомашины гражийн манаач ажилтай М....ын “машинаа энд байрлуулж болохгүй” гэсэн шаардлагыг “би энд машинаа тавина” гэх шалтгаанаар эсэргүүцэн маргаж улмаар албан үүрэгтэй нь холбогдуулан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч болон шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч П....гийн үйлдлийн улмаас хохирогч М....ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 623 дугаартай “...М....ын биед тархи доргилт, хүзүү, гуя, бугалганы цус хуралт...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч П.... нь хохирогч М....ыг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Мөн шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ. Тиймээс шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч П....д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 1000 нэгж буюу 1.000.000 төгрөг торгох ял оногдуулах, оногдуулсан ялыг 10 сарын хугацаанд төлөх тухай дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байгаа илэрхийлсэн болно.
Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэж бусдын эрүүл мэндэд учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...” үндэслэлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасны дагуу улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргажээ.
Иймд улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх тохиролцоо нь хэргийн нөхцөл байдалд нийцэж байх тул шүүгдэгч П....д эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ...ийн ...г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П....г 1000 /нэг мянга/ нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.... нь торгох ялыг 6 сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР