Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 142/ШШ2016/01094

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг баг 10-10 тоотод оршин суух, Оорцог овгийн Энхболдын Анхзаяа /ФБ91112322/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянбулаг баг 2-62 тоотод оршин суух Хүрд овгийн Сайнбилэгийн Төгсбаяр /ОР90032219/-д холбогдох,

“Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөнөөс оногдох хэсгээ гаргуулах” тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Анхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Анхзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь Төгсбаяртай 2008 онд танилцаад 2010 онд нэг гэрт орж 2010 оны 10 сард хүү Буяндэлгэрэх төрсөн. Үүнээс хойш 2012 онд салахаар шийдсэн. Учир Төгсбаяр нь зан авир эвдэрч байнга архи ууж элдэв хүүхэн авчирч гэртээ хонодог болсон. Хүү бид 2-т удаа дараа гар хүрч хутга шөвгөөр сүрдүүлдэг бензин тос цацаж шатаах гэж оролдсон. Хүүг маань нялх гэхгүй зодож агсам тавьдаг байлаа. Ийм болхоор одоо ч хүүгээ уулзуулахаас айдаг. Сард 2, 3 удаа хорооллын эцсийн цагдаад дуудлага өгч явуулдаг байсан. 2013 онд хүүхдийн 21 000 төгрөг өгдөг байхад картанд байсан 500 000 төгрөгийг авсан байсныг 2013 оны 08 сард мэдсэн, хүүгийнхээ цэцэрлэгийн юмыг бэлдэх мөнгө байлаа. Одоо хүүдээ ямар ч туслалцаа үзүүлдэггүй тул Төгсбаяраас 2012 оноос хойшхи хүүхдийн тэтгэлгийг тооцож гаргаж өгнө үү. Бас хүүдээ ноогдох хувь хөрөнгийг гаргуулж авмаар байна. Үүнд хүү Буяндэлгэрэхийн нэр дээр байгаа амины хэрэгцээний газар”-ыг гаргуулахаар нэхэмжлэл дурьдсан боловч энэ шаардлагаа татан авч байна гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Анхзаяа нь хариуцагч С.Төгсбаярт холбогдуулан “Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч С.Төгсбаяр нь нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гардаж аваад, хуульд заасан хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй, түүнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2, 77.6-д заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг /өөрт нь утсаар, мөн багийн засаг даргад нь хуульд заасны дагуу/ хүргүүлсэн болно.

Нэхэмжлэгч Э.Анхзаяа, хариуцагч С.Төгсбаяр нарын дундаас 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүү Т.Буяндэлгэрэх төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.

Зохигчид 2008 онд танилцаад 2010 онд нэг гэрт орж 2010 оны 10 сард хүү Буяндэлгэрэх төрсөн, 2012 онд салахаар шийдсэн... гэсэн нэхэмжлэлд дурьдсан үйл баримтын талаар хариуцагч үгүйсгээгүй, эсэргүүцээгүй, хуульд заасан хугацаанд хариу тайлбараа гаргаж ирүүлээгүй байх тул хүүхдийн тэтгэлэгийн асуудлыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72.3-д “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 77 дугаар хуульд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасан.  

Харин хүүхдийн тэтгэлэгийг 2012 оноос хойш нөхөн гаргуулна гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь хүүхдийн тэтгэлэгийг нөхөн гаргуулах асуудал нь хүүхдийн тэтгэлэгийн талаар өмнө шүүх шийдвэрлэж шийдвэр гарснаас хойш хүүхдийн тэтгэлэгийг нөхөн гаргуулах талаар яригдах бөгөөд, өмнө нь харж хандаж байгаагүй гэдэг үндэслэлээр хүүхдийн тэтгэлэгийг нөхөн гаргуулах боломжгүй юм.  

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. Харин хүү Т.Бундэлгэрэхийн нэр дээр байгаа газраас оногдох хэсгээ гаргуулах тухай шаардлагаа нэхэмжлэгч татан авсан болохыг дурьдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд, хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасан улсын тэмдэгтийн хураамж болох 26 092 төгрөгийг төрийн санд оруулахаар заалаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Т.Буяндэлгэрэхийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол  амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг С.Төгсбаяраар сар бүр тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулсугай.

2. Нэхэмжлэлийн шаардлагаас хүүхдийн тэтгэлэгийг 2012 оноос хойш нөхөн гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Нэхэмжлэгч, хүү Т.Бундэлгэрэхийн нэр дээр байгаа газраас оногдох хэсгээ гаргуулах шаардлагаа татан авсныг дурьдаж энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Хүү Т.Бундэлгэрэхийн нэр дээр байгаа газраас оногдох хэсгээ гаргуулах шаардлагаа татан авсан нь шүүхэд дахин нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурьдсугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагчаас 26 092  төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай. 

6. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХИШИГДАВАА