| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2020/0117/Э |
| Дугаар | 0187 |
| Огноо | 2020-02-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 0187
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч Н.Ундрах,
шүүгдэгч Б.... нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Ундрахаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б....т холбогдох эрүүгийн 1908 05822 0021 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөнгөн үйлдвэрийн засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт Баянгол дүүрэг 20 дугаар хороо, ...хашаанд оршин суух, урьд
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 822 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,
Партизан овогт ...гийн ... /РД:.../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах дугуй засварын газарт хохирогч Т....тай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн, лапатка төмөр болон отверкаар цохин зодож, тархи доргилт, баруун мөр, баруун гуянд шарх, зүүн даланд цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хохирогч Т....гийн мэдүүлэг, /хх10-11/, гэрч Х....ийн мэдүүлэг /хх12-14/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 13494 дугаартай дүгнэлт /хх17/, Б....ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх60-61/ зэрэг хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Шүүгдэгч Б....ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хохирогч Т....гийн “...2019 оны 11 дүгээр сарын 04-ний орой 22 цагийн орчим манай нөгөө ангийн найз Баттулгын төрсөн өдөр болж байна гээд дүү ... найз Тулгаа нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Энхжин худалдааны төвийн баруун талын дугуй засвар дээр очсон. Яваад ороход миний зүс таних нэрийг нь санахгүй 9-10 залуучууд байсан. Тэд нар 2.5 литр хэмжээтэй пиво 4-5 уучихсан сууцгааж байсан. Тэгээд намайг орж ирсэн гээд дахиад 2.5 литр хэмжээтэй пиво задлаад хувааж уугаад сууж байгаад ... Баттулга хөгшөөн гэсэн хүнийг чи яах юм гээд хувцсаа тайлж тавиад намайг заамдаад авсан тэгэхээр нь би зөрүүлж заамдаад орон дээр унагаагаад боссон чинь ... чи ингэдэг болцон юм уу гэж орилоод дугуй засварын том төмөр бариад зүүн дал руу 2 удаа цохиод пизда минь бос лалар минь гээд орилоод би босч чадахгүй байсан чинь дүү ... ...ыг татаж холдуулаад намайг явъя гээд авч гарах гэж байтал араас ... гартаа отверк барьчихсан намайг цохисон тэгээд би ...ийг дагаад тэндээс гараад замын нөгөө талд гараад бид 2 таксинд суугаад явцгаасан. ...гэмтлүүдийг ... төмөр лапатаг болон отверкаар цохиж учруулсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх10-11/
2. Гэрч Х....ийн “...Энхжин худалдааны төвийн хажууд байдаг дугуй засвар дээр очтол ... ахын найз нар нь бөөнөөрөө архи ууцгааж байсан. ...Хэсэг хугацааны дараа Баттулга ах хэрүүл өдөөд ... ахаас хэрүүл өдөөд байсан ...Тэгсэн ... ах тэврээд авчихсан чинь Баттулга түлхээд тэр хоёр орон дээр уначихсан. Тэгсэн ... ах босоод ирсэн чинь ... та нар ингэдэг болчихсон юм уу тээ гээд дугуй задалдаг төмөр бариад босч ирээд ... ахын нуруу руу 2-3 удаа цохиод авсан. Тэгэхээр нь ... ахыг дагуулаад гарах гэж байтал ... гартаа отверк бариад цохиод байсан тэгэхээр нь би гялс ... ахыг дагуулж гараад зам хөндлөн гараад такси бариад гэрлүү нь явсан...” гэсэн мэдүүлэг /хх12-14/
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 13494 дугаартай “Т....гийн биед тархи доргилт, баруун мөр, баруун гуянд шарх, зүүн даланд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтлүүдээс баруун мөр, баруун гуяны шарх нь ир үзүүр бүхий зүйлийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой, дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой, дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх17/
4. Б....ын яллагдагчаар өгсөн “...... Баттулгыг оронд дээр дараад унасан тэгхээр нь би дугуй засдаг лапатакаар нуруу хэсэг рүү 1 удаа цохиод отверкаар гуя хэсэг рүү нэг удаа цохисон тэгсэн Баяраа намайг салгаад аваад гарсан тэгсэн араас Дөлөө ...г дагуулаад таксинд суугаад яваад өгсөн. ...гийн биед шүүх эмнэлэгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлүүдийг би лапатак болон отверкоор цохиж учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх60-61/
Гэм буруугийн дүгнэлт: шүүгдэгч Б.....
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.... нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдаж байна.
Шүүгдэгч Б.... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах дугуй засварын газарт хохирогч Т....г бусадтай маргалдлаа гэсэн шалтгаанаар лапатка төмөр болон отвёркаар цохин зоциж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Т....гийн “...... чи ингэдэг болцон юм уу гэж орилоод дугуй засварын том төмөр бариад зүүн дал руу 2 удаа цохиод пизда минь бос лалар минь гээд орилоод би босч чадахгүй байсан чинь дүү ... ...ыг татаж холдуулаад намайг явъя гээд авч гарах гэж байтал араас ... гартаа отверк барьчихсан намайг цохисон...” гэх мэдүүлэг, гэрч Х....ийн “...... та нар ингэдэг болчихсон юм уу тээ гээд дугуй задалдаг төмөр бариад босч ирээд ... ахын нуруу руу 2-3 удаа цохиод авсан. Тэгэхээр нь ... ахыг дагуулаад гарах гэж байтал ... гартаа отверк бариад цохиод байсан...” гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.... нь гэм буруугийн шууд санаатай, хууль бус үйлдлийн улмаас хохирогч Т....гийн биед “...тархи доргилт, баруун мөр, баруун гуянд шарх, зүүн даланд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтлүүдээс баруун мөр, баруун гуяны шарх...” бүхий хөнгөн хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 13494 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б....ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Мөн прокуророос хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн боловч шүүгдэгч Б.... нь шүүхээс дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан тул хэргийг ердийн журмаар шийдвэрлэсэн болно.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Хохирогч Т.... нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлэн хохиролд 1.000.000 төгрөг авсан талаар бичгээр хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийн энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Б....ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргасан болно.
Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэж бусдын эрүүл мэндэд учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” үндэслэлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Хэдийгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан боловч эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг зайлшгүй харгалзан үзэх шаардлагатай юм. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.... нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 822 дугаар шийтгэх тогтоолоор хувийн байдлын хувьд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэн ял шийтгэгдсэнг харгалзан үзэх нь зөв байна.
Шүүгдэгч нь хэдий гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх боловч шүүн таслах ажиллагаанд зориуд саад учруулсан байдал, улсын яллагчийн дүгнэлтийг харгалзан шүүгдэгч Б....т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 620 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Мөн шүүгдэгчийн цагдан хоригдсон 15 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялд шилжүүлэн тооцож 120 цагийн нийтэд тустай ажил хийх ялыг түүний эдлэх ялаас хасч тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ...гийн ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б....ыг 620 /зургаан зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б....ын цагдан хоригдсон 15 /арван тав/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялд шилжүүлэн тооцон, 120 /нэг зуун хорин/ цагийг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч тооцон, түүний эдлэх ялыг 500 /таван зуу/ цагийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б....т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР