Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 142/ШШ2016/01095

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум 20-р баг Даваат зураа 4-16 тоотод оршин суух, Монгол овгийн Мөнгөнтуяагийн Амарзаяа /ФБ88042708/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг баг 1-41 тоотод оршин суух /түр оршин суугаа хаяг Эрдэнэ баг 10-3б/ Монгол овогт Баяраагийн Гомбодорж /ФМ88103096/-д холбогдох,

“Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Амарзаяа, хариуцагч Б.Гомбодорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Амарзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие Гомбодоржтой 2006 оноос хамт амтдарч байгаад 2008 онд гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас хүү Гомбодоржийн Батдорж 2008 онд төрсөн. Гэвч бид таарамжгүй харьцааны улмаас 2011 оноос эхлэн тусдаа амьдрах болсон. Одоо Гомбодорж бид 2 хамт амьдрах боломжгүй болсон. Олон ч жил тус тусдаа амьдарлаа. Тус тусыхаа амьдралын мөрийг хөөж тус тусдаа гэр бүлтэй болцгоосон. Хүү Батдорж маань миний асрамжид эрүүл саруул өсөж байна. Цаашдаа хүүгээ би өөрийнхөө асрамжинд байлгана. Энэ хугацаанд Гомбодорж нь хүүгээ огт тоодоггүй байсан. Сургуульд орох болоход нь мөнгө төгрөгний тусламж өгдөггүй. Нэг л удаа гуйлгаж байж ганц гутал авч өгсөн. Цэцэрлэгт байхад нь нэг удаа 70 000 төгрөг өгсөн. Иймд Гомбодоржоос хүү Батдорждоо хүүхдийн тэтгэлэг гаргуулж авна. Иймээс бид хоёрын гэрлэлийг цуцалж Гомбодоржоос хүү Батдоржид хүүхдийн тэтгэлэг тогтоож гаргуулж өгнө үү. Эд хөрөнгийн маргаан байхгүй” гэжээ.

Хариуцагч Б.Гомбодорж шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарладаа: Миний бие Баяраа овогтой Гомбодорж нь М.Амарзаяатай 2006 оноос амьдарч 2008 онд хүүтэй болсон. Одоо тус тусдаа гэр бүл үр хүүхэдтэй болсон. Гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйлгүй. Харин хүүхдийн тэтгэлэг тогтоохыг татгалзаж байна. Бид 2-ын салсан шалтгаан нь 2008 онд хүүгээ төрөөд 3 сартай байхад Улаанбаатар хотын Зэвсэгт хүчний 326 дугаар ангид цэргийн алба хаахаар явсан. 2009 онд халагдаад ирэхэд М.Амарзаяа өөр хүнтэй нэр холбогдон хамт амьдардаг байсан байна лээ. Түүнээс хойш таарамж муутай хэрүүл маргаантай жил орчим амьдарсан тэгээд тус тусдаа амьдарсан. Тус тусдаа байсан боловч хүү Батдоржоо хааяа очиж авч байнга утсаар ярьдаг. Боломж бололцоогоороо хувцас хичээлийн хэрэглэл авч өгөх зэргээр тусалдаг. Одоо хүү Батдорж Амарзаяатай хамт байдаггүй эмээтэйгээ хоёулахнаа байдаг. Хүү Батдоржоо өөрийнхөө асрамжинд авмаар байна гэсэн ба шүүх хуралдаан дээр хүүгээ ээжид нь өгөхийг зөвшөөрч байна гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Амарзаяа нь хариуцагч Б.Гомбодоржид холбогдуулан “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох ”-оор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

М.Амарзаяа, Б.Гомбодорж нар нь 2006 оны 12 дугаар сарын 07-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас 2008 оны 01 дүгээр сарын 26-нд хүү Г.Батдорж төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбаруудаар нотлогдож байна.

Гэрлэгчид зан харилцааны улмаас таарч тохирохгүй болж, 2011 оноос хойш буюу 5 жилийн хугацаанд тусдаа амьдарсан байх ба, гэрлэгчид хэн аль өөр бусадтай гэр бүлийн харьцаатай болж, М.Амарзаяа нь 1 хүүхэд төрүүлсэн талаар зохигчид тайлбарласан.    

Дээрх байдлуудаас дүгнэхэд гэрлэгчдийн хэн аль нь гэр бүлээ цааш үргэлжлүүлэхгүй гэж байгаа, хэн аль нь өөр гэр бүлтэй болсон, тусдаа амьдраад 5 жил болсон зэрэг байдлуудыг харгалзан үзэж, тэдэнд эвлэрүүлэх хугацаа өгөлгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. 

М.Амарзаяа, Б.Гомбодорж нарын дундаас 2008 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн хүү Г.Батдоржийн асрамжийг гэрлэгчид тохиролцож хүү Г.Батдоржийг ээжтэйгээ байх талаар  тохиролцсон тул энэ талаар шүүхийн шийдвэрт тусгаж, Б.Гомбодоржоос тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.

Хэдийгээр хариуцагч Б.Гомбодорж нь, М.Амарзаяа бид хоёр, хоёулаа адилхан гэр бүлтэй, хүүгээ юугаар нь ч дутаахгүй гээд байгаа учир хүүхдийн тэтгэлэгийг төлөхгүй гэж татгалзаж буй нь хуулийн үндэслэлгүй. Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг эх нь үр хүүхдээ насанд хүртэл нь тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заажээ.   

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасан улсын тэмдэгтийн хураамж болох 26 092 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар  заалаа. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан М.Амарзаяа, Б.Гомбодорж нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2008 оны 01 дүгээр сарын 26-нд төрсөн хүү Г.Батдоржийг эх М.Амарзаяагийн асрамжинд үлдээсүгэй.   

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2008 оны 01 дүгээр сарын 26-нд төрсөн хүү Г.Батдоржийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол  амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Гомбодоржоор сар бүр тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг  хүчин төгөлдөр болсноос хойш 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Намуунцэцэгт даалгасугай.    

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас 26 092 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.  

6. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХИШИГДАВАА