Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 0199

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч С.Оюунжаргал,

иргэний нэхэмжлэгч Б....,

шүүгдэгч Т...., түүний өмгөөлөгч А.Очбадрал /ШТЭД-2185/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн тээврийн прокурорын газрын хяналтын прокурор С.Оюунжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т....ад холбогдох эрүүгийн 1908 06367 0012 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 нас, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, барилга политехникийн коллежийн Үсчин 1а ангийн оюутан, ам бүл 5, эцэг, эх дүү нарын хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

  Боржигон овгийн ...ийн ... /РД:.../.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Т.... нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 13 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн салааны зам, Төгөл амралтын зүүн урд замд А....ийн эзэмшлийн “Тоёота Приус” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох.”, мөн дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.”, 11.3-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Б.... жолоочтой Ниссан Х-Триал маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч 16 настай Э....ы эрүүл мэндэд хүнд хохирол, Ниссан Х-Триал маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэлд  3.805.000 төгрөгийн шууд, 4.385.600 төгрөгийн нийт хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх7-8, 13-19/, Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн албан бичиг /хх80/, “Вендо” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан /хх20-26/, шүүх эмнэлгийн шинжээчийн 14435 дугаар дүгнэлт /хх55-56/, Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн магадлагаа /хх58-59/, насанд хүрээгүй хохирогч Э....ы мэдүүлэг /хх32-33/, хууль ёсны төлөөлөгч Ц....ын мэдүүлэг /хх35-36, 95/, иргэний нэхэмжлэгч Б....ын мэдүүлэг /хх39-40, 96-97/, иргэний хариуцагч А....ийн мэдүүлэг /хх47-48/, гэрч П....гийн мэдүүлэг /хх50/ , насанд хүрээгүй хохирогч Э...., хууль ёсны төлөөлөгч Ц....ын нарын мэдүүлэг /хх95/,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Т....ын иргэний үнэмлэхийн зурагт лавлагаа /хх72/, төрсний гэрчилгээний хуулбар /хх69/, оршин суугаа хорооны тодорхойлолт /хх71/, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй талаарх ял шалгасан хуудас /хх110/ зэрэг холбогдох баримтуудыг шинжлэн судлуулав.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Нэг. Шүүгдэгч Т....ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1.  Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч /хх7-8, 13-19/,

2.  Насанд хүрээгүй хохирогч Э....ы “...би Зүүн салааны зуслангийн замаар явж байхад хойд суудал дээр нь хэвтээд унтчихсан байсан тэгтэл нэг мэдсэн чинь осол болсон байсан би юу ч санахгүй байгаа. Ослын улмаас духны ясны шугаман хугаралтай тархиндаа цус хуралттай байна гэсэн. Одоо огцом хөдлөхөөр хүзүүгээр өвдөөд байгаа, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх32-33/,

3.  Иргэний нэхэмжлэгч Б....ын “...2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 13 цаг 30 минутын үед би өөрийн эзэмшлийн ...улсын дугаартай Ниссан Х-Триал маркийн автомашин жолоодоод Зүүн салааны зуслангаас гараад Улаанбаатар хот орох гээд Зүүн салааны зуслангийн замд хойноос урагшаа чиглэлтэй явж байтал эсрэг урсгалаас нэг Т.Приус маркийн автомашин алсуураа эргэлттэй хэсэг дээр өөдөөс хурдтай гарч ирээд машин нь хөндлөн шарваад ороод ирсэн би тоормосоо гишгээд зогсчихсон тэгтэл тэр машин гулсаж орж ирээд баруун талын хойд хаалгаараа миний машины урд хэсгийг мөргөөд зогссон. Ослын улмаас машины урд хэсэг тэр чигтээ чихэгдсэн машиндаа үнэлгээ хийлгэсэн байгаа үнэлгээнд дурьдагдсан эвдрэлүүд учирсан байгаа, үнэлгээгээр гарсан хохирол 4.385.600 төгрөг мөн үнэлгээний ажлын хөлс 18.000 төгрөг, оношлогоо хийлгэсэн 90.000 төгрөгийг төлүүлээд авчихвал гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх39-40/,

4.  Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 14435 дугаартай “Э....ы биед дух ясны баруун талд шугаман хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх55-56/,

5.  Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн “Т.Приус маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгсэл жолдоодох”, 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.”, 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

Ниссан Х-Триал маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” гэх магадлагаа /хх58-59/,

6.  Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 20/2224 дугаартай “... овогтой ...  /РД-.../ нь жолооч болоогүй, жолооч бүртгэл мэдээллийн /TPS/ санд бүртгэлгүй байна” гэх албан бичиг /хх80/,

7.  “Вендо” ХХК-ний автомашин техникийн үнэлгээний: “Nissan X-trail маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3.805.000 төгрөгийн шууд, 4.385.600 төгрөгийн нийт хохирол учирсан” гэх тайлан /хх20-26/,

8.  Иргэний хариуцагч А....ийн өгсөн “...Т.... нь миний том хүү байгаа юм, манай хүү эцэг эхийн асрамжинд хамт амьдарч байгаа одоо барилгын полтехникийн коллежийн үсчний ангид сурч байгаа, 1-р курсын оюутан өөрийн гэсэн орлогогүй эцэг эхээс хараат байдаг. Тухайн өдрийн 2 хоногийн өмнө манай хүү надаас зөвшөөрөл аваад ойрхон яваад ирье гээд миний машиныг аваад явсан. Одоогоор хохирол мөнгө төлөөгүй байгаа, ямарч байсан зээл хөөцөлдөж байгаад хохирол мөнгө төлнө...” гэх мэдүүлэг /хх47-48/,

Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч Т.....

Шүүгдэгч Т...., түүний өмгөөлөгч А.Очбадрал нар нь гэм буруу, хэргийн зүйчлэлийн талаар маргаагүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд,

            - Шүүгдэгч Т.... нь 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 13 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн салааны зам, Төгөл амралтын зүүн урд замд төрсөн эх А....ийн эзэмшлийн “Тоёота Приус” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Б.... жолоочтой Ниссан Х-Триал маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргажээ.

            Энэ нь хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, иргэний нэхэмжлэгч Б....ын “...Зүүн салааны зуслангаас гараад Улаанбаатар хот орох гээд Зүүн салааны зуслангийн замд хойноос урагшаа чиглэлтэй явж байтал эсрэг урсгалаас нэг Т.Приус маркийн автомашин алсуураа эргэлттэй хэсэг дээр өөдөөс хурдтай гарч ирээд машин нь хөндлөн шарваад ороод ирсэн би тоормосоо гишгээд зогсчихсон тэгтэл тэр машин гулсаж орж ирээд баруун талын хойд хаалгаараа миний машины урд хэсгийг мөргөөд зогссон...” гэх мэдүүлэг насанд хүрээгүй хохирогч Э....ы “...хойд суудал дээр нь хэвтээд унтчихсан байсан тэгтэл нэг мэдсэн чинь осол болсон байсан би юу ч санахгүй байгаа. Ослын улмаас духны ясны шугаман хугаралтай тархиндаа цус хуралттай байна гэсэн...” гэх мэдүүлгээр зэргээр нотлогдож байна.

            Зам тээврийн ослын шалтгаан нөцлийг тодорхойлох зорилгоор тусгай мэдлэгийн хүрээнд Тээврийн цагдаагийн албаны мөрдөгч магадлагаа гаргасан байх бөгөөд тус магадлагаанд “...улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгсэл жолдоодох”, 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.”, 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна, ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна гэж  тодорхойлжээ.

            Шүүхээс мөрдөгчийн магадлагаа нь хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтоон, шүүгдэгчийг Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөнг үндэслэл бүхий дүгнэсэн нь байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

            Ослын улмаас тухайн үед автомашинд сууж байсан насанд хүрээгүй хохирогч Э....ы биед “...дух ясны баруун талд шугаман хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл...” бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 14435  дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

            Мөн иргэний нэхэмжлэгч Б....ын Ниссан Х-Триал маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 4.385.600 төгрөгийн хохирол, үнэлгээ хийлгэсэн зардал 208.000 төгрөг нийтдээ 4.593.600 төгрөгний хохирол учирсан болох нь үнэлгээний байгууллагын дүгнэлт, хохирогчийн мэдүүлгээр тогтоогдлоо.

            Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын шинж нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл болон ашиглалтын шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоноос үүдэн зам тээврийн осол гарч хуульд заасан хохирол, хор уршиг бий болсон байхыг шаарддаг.

Дээр дурдсанаар шүүгдэгч Т.... нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр зам, орчны нөхцөл байдалд хурдаа тохируулан явж чадаагүй буюу Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин эсрэг урсгалаар зорчиж байсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн осол гаргаж, насанд хүрээгүй хохирогч Э....ы эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Мөн шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болох нь Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 20/2224 дугаартай “... овогтой ...  /РД-.../ нь жолооч болоогүй, жолооч бүртгэл мэдээллийн /TPS/ санд бүртгэлгүй байна” гэх албан бичгээр тогтоогдсон ба энэ нь зам тээврийн осол гарах голлох шалтгаан болжээ.

Иймд улсын яллагчаас шүүгдэгч Т....ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, насанд хүрээгүй хохирогч Э....ы эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр зүйлчилсэн нь үндэслэлтэй байх тул дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

 Насанд хүрээгүй хохирогч Э.... мөрдөн байцаалтын шатанд гомдол, саналгүй нэхэмжлэх зүйлгүй, мөн түүний хууль ёсны төлөөлөгч Ц.... нь өөрийн хүүхдийн найз тул гомдол саналгүй гэж баримтаар хохирол нэхэмжлээгүй байна.

Хэдий хохирогчийн зүгээс хохирол нэхэмжлээгүй боловч гэмт хэргийн улмаас  учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Б....т учирсан 4.593.600 төгрөгний хохирлыг иргэний хариуцагч А....аас дараах үндэслэлээр гаргуулан олгуулах нь зүйтэй гэж дүгнэв.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүнийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно...” гэж заасан бөгөөд тус хэрэгт иргэний хариуцагчаар А....ийг татан оролцуулжээ.

Хэрэгт авагдсан баримтаар иргэний хариуцагч А.... нь хүү /шүүгдэгч/ Т....ыг жолоодох эрхгүй болохыг мэдсээр байж өөрийн эзэмшлийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох зөвшөөрөл олгосон нөхцөл байдал тогтоогдсон.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй”, 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч ... өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу иргэний хариуцагч А.... нь хохирлыг хариуцан иргэний нэхэмжлэгчид төлөх нь зүйтэй байна.

Иймд иргэний хариуцагч А....аас 4.593.600 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Б....т олгуулахаар шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын хуралдаанд шүүгдэгч Т....ад  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтуудад  зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулах санал, дүгнэлт гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтэндээ шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүйгээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, хэрэг үйлдэх үедээ насан хүрээгүй байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, хор уршигийг арилгах үүрэг хүлээлгэх дүгнэлт, санал гаргасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...” гэсэн нөхцлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүнийг арилгасан байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

Хэрэг учрал болсон 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шүүгдэгч нь 18 насанд хүрээгүй /2001 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төрсөн/ байсан боловч хэрэг шийдэгдэх цаг хугацаанд насан хүрсэн байх тул өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй гэж дүгнэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Иймд шүүгдэгчийн болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, иргэний нэхэмжлэгчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болон түүний насны байдал зэргийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагын зөрчигдсөн эрхийг сэргээх зорилтод нийцүүлэн шүүгдэгчийг нийгмээс тусгаарлахгүйгээр буюу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хуульд заасан үүрэг хүлээлгэн шийдвэрлэх нь зөв байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т....ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

Тэнсэж шийдвэрлэж байгаатай холбоотойгоор шүүгдэгч Т....ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар “гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгчид учирсан хор уршгийг 6 сарын хугацаанд арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг, мөн “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг тус тус хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулдаг, 6 дахь хэсэгт зааснаар мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэдэг болохыг шүүгдэгчид анхааруулж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ...ийн ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дэх заалтад заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, хүний эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т....ыг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т....ыг “гэмт хэргийн хор уршгийг 6 сарын хугацаанд арилгах”, “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг тус тус хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

6. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтад зааснаар иргэний хариуцагч А....аас 4.593.600 /дөрвөн сая, таван зуун ерэн гурван мянга, зургаан зуун/ төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Б....т олгуулсугай.

7. Насанд хүрээгүй хохирогч Э.... нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой зардлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэл гаргах эрх нээлттэй болохыг дурдсугай.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР