| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2020/0174/Э |
| Дугаар | 0202 |
| Огноо | 2020-03-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сүхчулуун |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 0202
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
улсын яллагч М.Сүхчулуун,
шүүгдэгч/хохирогч Д...., түүний өмгөөлөгч Р.Чинбаа /ШТЭД-1028/,
шүүгдэгч П.... нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Сүхчулуунаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П...., Д.... нарт холбогдох эрүүгийн 1908 05046 0136 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1981 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Баянхошуу Андууд” ХХК-д инженер ажилтай, ам бүл-6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүрэг, 8 дугаар хороо ...тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
Боржигон овогт ...ын ... /РД:.../.
2. Монгол Улсын иргэн, 1976 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Дундговь аймаг Эрдэнэдалай суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “...” СӨХ-нд ХХК-д харуул ажилтай, ам бүл-8, эхнэр, 6 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг 6 дугаар хороо ...тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
Тайж нар овогт ...гийн ... /РД:.../.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуурсан байх үедээ үл ялих зүйлээр шалтаглан 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 16 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо “Хайрхан” хорооллын ...байранд байрлах “Монгол хөрш” хүнсний дэлгүүрийн дотор талд хохирогч З....ийн нүүрэн тус газарт нь тортой пивоор цохиж баруун дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд зовхинд цус хуралт зэрэг эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч П.... нь “өс хонзонгийн сэдэлтээр буюу гэр бүлийн хүн болох З....ийг өмнө зодож гэмтэл учруулсан” үйлдэлд нь дургүйцэж, 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 17 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо “Хайрхан” хорооллын ...байранд байрлах “Монгол хөрш” хүнсний дэлгүүрийн дотор талд хохирогч Д....гийн нүүрэн тус газарт нь гараар цохих зэргээр зодож үүдэн зүүн дээд 1 дүгээр шүдний булгарал, баруун дээд 1 дүгээр шүдний эмтрэл, тархи доргилт, уруулд цус хуралт зэрэг эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хохирогч Д....гийн мэдүүлэг /хх17-18/, хохирогч З....ийн мэдүүлэг /хх21-24/, гэрч Г....ийн мэдүүлэг /хх28/, гэрч П....ын мэдүүлэг /хх34/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 11639 дугаартай дүгнэлт /хх40/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 11582 дугаартай дүгнэлт /хх41/, шинжээч Ц.Бадралын мэдүүлэг /хх43-44/, гэрч Г....ийн мэдүүлэг /хх56/, П....гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх89/, Д....гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх98-100/,
Шүүгдэгч Д....гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх101/, иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх104/, эд хөрөнгөтэй эсэхи дэлгэрэнгүй лавлагаа /хх105/, авто тээврийн хэрэгслийн лавлагаа /хх106/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хх107/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх109/, төрийн банкны дипозит дансны хуулга /хх110/, “Баянхошуу Андууд” ХХК-ийн цалингийн тодорхойлолт /хх111/,
Шүүгдэгч П....гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх112/, иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх115/, эд хөрөнгөтэй эсэхи дэлгэрэнгүй лавлагаа /хх117/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх118/, “...” СӨХ-ийн тодорхойлолт /хх120/ зэрэг хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Шүүгдэгч Д...., П.... нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хохирогч Д....гийн “...2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 16 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо ...байранд найз ...ийнд пиво уугаад гаднаас би пиво авах гэж гараад ...байрны доод талд байрлах “Монгол хөрш” хүнсний дэлгүүрт ороод пиво автал дэлгүүрийн худалдагч сүүлд нэрийг нь мэдэхэд З.... гэх эмэгтэй намайг архичин гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би торон дотор байсан 4 ширхэг лаазтай пивыг худалдагч руу шидсэн. Тэгээд би худалдагч З....ээс уучлалт гуйгаад эмчилгээ хийлгэж өгье гэж хэлсэн. Тэгтэл худалдагч эмэгтэй “чам шиг архичинтай би тохиролцохгүй” гээд уурлаад байсан. Тэгээд би найз ... рүү утсаар яриад “би доод талын дэлгүүр дотор асуудалд орчихлоо” гэж хэлтэл манай найз эмэгтэй ... гэрээсээ гараад ирсэн. Тэгэхээр нь би ...т “З....тэй ярилцаадах би ойлголцохгүй байна” гэж хэлээд дэлгүүрээс гараад явсан. Тэгээд би Ханын материалын эцсийн буудлаар явж байтал ... надруу залгаад “З....ийн нөхөр нь чамтай уулзая гэж байна хүрээд ир” гэсэн ... гаднаас З....ийн нөхөр П.... нэг залуу дагуулаад дэлгүүрт орж ирээд “энэ манай эхнэрийг цохьсон залуу мөн үү” гэж хэлээд байж байтал хажуунаас нэг залуу миний шанаанд гараараа цохьсон. Тэгтэл ... миний духанд цохьсон дахиад нэг цохиход нь би бултаад миний шанаанд цохьсон. Тэгээд ... дахин миний шүдэнд цохьсон. Тэгээд миний уруул амнаас цус гараад байсан. Миний биед учирсан эдгээр гэмтлийг П.... миний шүдэнд гараараа цохиж учруулсан. З....д учирсан гэмтлүүдийг би тортой пиво шидэж учруулсан. П.... миний нүүр, тархи, уруул, шүдэнд 4-6 удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх17-18/,
2. Хохирогч З....ийн “...Би 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 13 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Хайрхан хорооллын ...байрны “Монгол хөрш” дэлгүүрт ажил дээрээ худалдагч хийгээд байж байтал гаднаас сүүлд нэрийг нь мэдэхэд Д.... гэх залуу “пиво авъя мөнгийг нь мобайл банкаар шилжүүлж болох уу” гэхэд нь би “болно чи өөрөө очоод пиво аваад ир” гэж хэлсэн чинь Д.... “чи надад үйлчлэх ёстой юм байгаа биздээ чи надад авчирч өг” гэх мэтээр яриад байсан тэгэхээр нь би “чи наад уусан архиа шингээ муу архичин минь” гэж би хэлсэн. Тэгээд би 3 залууд кассан дээр үйлчлээд байж байтал Д.... миний нүүрэнд торонд хийсэн 4 ширхэг пивоо шидсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Тэгтэл ... манай дэлгүүрт орж ирээд надад “Д.... нь манай найз байгаа юм уучлаарай эгчээ цагдаа хүрээд ирэхээр нь манай гэрт оруулчих би гэртээ байлгаж байя” гэсэн. Тэгээд ..., ... 2 манай дэлгүүрээс гараад явсан. Тэгэхээр нь би нөхөр ... болон хүү ...нар луу залгаад “намайг дэлгүүр дотор хүн зодчихлоо” гэсэн. Удалгүй хүү ...манай дэлгүүрт ороод ирсэн. Тэгээд байж байтал хүү ...найз нартайгаа Д....г аваад манай дэлгүүрт ороод ирсэн. Тэгтэл нөхөр П.... “чи яагаад эхнэрийг ийм болгож байгаа юм” гээд дайрсан. Тэгээд П.... Д....гийн нүүр рүү гараараа цохьсон. Тэгтэл Д....гийн хамарнаас цус гараад байхаар нь би 00-ын цаас тасдаж өгөөд цусыг нь тогтоосон. Миний биед учирсан эдгээр гэмтлүүдийг Д.... миний нүүрэнд пиво шидэж учруулсан. Манай нөхөр П.... нь Д....гийн хамарны хэсэгт гараараа нэг удаа цохиж байхыг харсан. Тэгээд Д....гийн хамарнаас цус гарч байсан. Надад эмчилгээтэй холбоотой баримт байхгүй. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх23-24/,
3. Гэрч Г....ийн “...“Монгол хөрш” хүнсний дэлгүүрт нөхөр А.Очгэрэл, П.... нарын хамт орсон чинь З.... эгчийн нүд нь хавдсан байсан. Тэгээд би юу болсон талаар тодруулсан чинь “манай дэлгүүрт үйлчлүүлж байсан хүн миний нүүрэнд тортой пиво шидсэн” гэж хэлсэн... Тэгтэл манай нөхөр болон П.... ах 2 гараад явсан. ...гаднаас 2 хүүхэд 1 залуугийн гарнаас бариад ороод ирсэн. /сүүлд нэрийг нь мэдэхэд Д.... гэж байсан/ Тэгтэл удалгүй араас нь манай нөхөр А.Очгэрэл, П.... ах 2 “Монгол хөрш” хүнсний дэлгүүрт орж ирээд дэлгүүрийн хаалгыг хаасан. Тэгээд Д.... лүү П.... ах “чи яагаад манай эхнэрийн нүүрэнд пиво шидэж байгаа юм” гэсэн. Тэгээд манай нөхөр А.Очгэрэл ах бид 2 П.... ахыг Д.... лүү ойртуулахгүй бариад байж байсан. Тэгээд би өөр тийшээ хараад буцаад эргээд харсан чинь Д....гийн хамарнаас цус гарсан байсан. Тухайн үед А.Очгэрэл нь Д....г цохиж зодсон асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх23/,
4. Гэрч П....ын “... 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр манай нөхөр надруу залгаад “би хүнд зодуулчихлаа” гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр эрүүлжүүлэх байранд хоноод өглөө гэртээ ирсэн. Манай нөхөр Д.... гэрт ирэхдээ “миний шүд өвдөөд юм идэж болохгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх33/,
5. Насанд хүрээгүй гэрч М.... “...дэлгүүрийн гаднаас нэг эмэгтэй “нөгөө залуу чинь энд явж байна” гэхээр нь Б....бид 2 гүйж гараад 17 дугаар байрны урд хэсэгт очсон чинь Эрдука Д.... гэх хүний мөрнөөс нь бариад авсан байсан. Тэгтэл нөгөө залуугийн хажууд Б....гүйж очоод Д....г нэг удаа цохих шиг болсон. Тэгтэл Д.... газар хэвтээд өгсөн. Тэгэхээр нь Эрдука бид 2 Д.... гэх залуугийн 2 гар дээрээс нь бариад “Монгол хөрш” дэлгүүр дотор оруулаад тэгээд би гараад явсан. Д.... гэх хүн 17 дугаар байрны урд хэсэгт байхдаа нүүр нь зүгээр байсан...” гэсэн мэдүүлэг /хх36/
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 11639 дугаартай дүгнэлт “...Д....гийн биед үүдэн зүүн дээд 1 дүгээр шүдний булгарал, баруун дээд 1 дүгээр шүдний эмтрэл, тархи доргилт, уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нэг шүдний булгарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5 хувь нөлөөлнө...” гэсэн дүгнэлт /хх40/
7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 11582 дугаартай дүгнэлт “...З....ийн биед баруун дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдсон. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх41/
8. Гэрч Г....ийн “...манай найз Д.... гэрт 2 пиво авч ирээд пивоо өөрөө уугаад дахин пиво авна гээд дэлгүүр гарсан. Д.... удааагүй над руу залгаад “би дэлгүүрийн худалдагчтай муудалцаад байж байна намайг гарч ирээд авчих” гэсэн би гараад “Монгол хөрш” дэлгүүрт ортол Д.... надад “би дэлгүүрийн худалдагч руу тортой пиво шидсэн” гэж хэлсэн ...би гэртээ байж байтал П.... гэж хүн гэрт орж ирээд “би “Монгол хөрш” дэлгүүрийн худалдагчийн нөхөр байна манай эхнэрийг цохьсон хүнийг олоод өг, би хэл амаараа эр хүн шиг уулзаадахья” гэж хэлэхээр нь би Д.... рүү залгаад “хаана байна” гэсэн чинь Д.... “би 58а байранд нуугдаж байна” гэхээр нь би 58а байранд очоод Д....тэй уулзаад ... Тэгээд “Монгол хөрш” дэлгүүрт дагаад ороход Б....гэх залуу Д....гийн шанааны хэсэгт 1 удаа цохьсон. Тэгтэл хажуунаас П.... нь Д....гийн амны хэсэгт 2-3 удаа цохьсон тэгтэл Д....гийн амнаас цус гарсан...” гэсэн мэдүүлэг /хх56/,
9. Гэрч Б....ий “...манай ээж ... над руу залгаад “намайг хурдан хүрээд ир” гэсэн. Тэгээд би ээжийн ажил дээр очоод камерийн бичлэг үзээд байж байтал бичлэгт манай ээжийг 40 орчим насны залуу торонд лаазтай 4 ширхэг пиво хийж байгаад ээжийн нүүрний хэсэгт нь шидэж байсан. ...манай аав П.... нь Д.... рүү “чи манай эхнэрийг яагаад ийм болгож байгаа юм бэ” гэж дайрч, ...Д....г “2-уулаа гараад учраа ольё” гэж хэлээд Д....гийн урдуур нь явтал Д.... сандал дээрээс босч таараад манай аав П.... Д....гийн нүүрэн хэсэгт 2 удаа цохьсон, Д....гийн хамарнаас цус гарсан. Би Д....гийн нүүрний зүүн талын хэсэгт гараараа 1 удаа, баруун талын хэсэгт гараараа 1 удаа цохиж нуруу болон гарны хэсэгт нь хөлөөрөө тус бүр 1 удаа жийсэн...” гэсэн мэдүүлэг /хх58/,
10. П....гийн яллагдагчаар өгсөн “...би Д....д “2-уулаа гадаа гараад учраа олъё” гэж хэлээд Д....гийн хажуугаар гартал Д.... сандал дээрээс боссон тэгэхээр нь би Д....гийн амны хэсэгт нь гараараа 2 удаа цохьсон. Тэгтэл Д....гийн амнаас цус гарсан. Тэгтэл манай эхнэр З.... Д....д 00-ын цаас авч өгөөд Д.... цусаа арчаад байж байтал гаднаас цагдаа нар ороод ирсэн. Би Б....Д....г цохиж зодож байхыг хараагүй. Шинжээч эмчийн 11639 дугаартай дүгнэлтэнд дурдагдсан Д....гийн биед учирсан гэмтлүүдийг би гараараа Д....гийн амны хэсэгт 2 удаа цохиж учруулсан...” гэсэн мэдүүлэг / хх89-91/
11. Д....гийн яллагдагчаар өгсөн “...З.... гэх эмэгтэй намайг архичин гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би торон дотор байсан 4 ширхэг лаазтай пиво хийсэн байсан тэрийгээ худалдагч руу шидсэн... Миний биед учирсан эдгээр гэмтлийг П.... миний уруулд 2-3 удаа цохиж, мөн духанд 1 удаа гараараа цохиж учруулсан. З....д учирсан гэмтлүүдийг би тортой 4 ширхэг лаазтай пиво шидэж учруулсан. Миний биед Б....ямар нэгэн гэмтэл шарх учруулаагүй. Б....миний баруун талын шанаа хэсэгт зөөлөн цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх99-100/
Гэм буруугийн дүгнэлт:
Шүүгдэгч нар нь хэргийн талаар харилцан эсрэг сонирхол байхгүй, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, улсын яллагчтай эрүүгийн хариуцлагын талаар тохирсон. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасны дагуу шүүгдэгч тус бүр өмгөөлөгчтэй оролцох шаардлагагүй гэсэн талуудын хүсэлт, тайлбар үндэслэлтэй гэж дүгнэн, шүүх хуралдааны үргэлжлүүлсэн болно.
Шүүгдэгч Д.... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуурсан үедээ 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 16 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо “Хайрхан” хорооллын ...байранд байрлах “Монгол хөрш” хүнсний дэлгүүрт үйлчлүүлж байхдаа “намайг архичин гэж хэллээ” гэх шалтгаанаар хохирогч З.... /худалдагч ажилтай/-рүү тортой пиво нүүр рүү нь шидэж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч П.... нь 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 17 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо “Хайрхан” хорооллын ...байранд байрлах “Монгол хөрш” хүнсний дэлгүүрийн дотор гэр бүлийн хүн болох З....ийг зодлоо гэх шалтгаанаар хохирогч Д....гийн нүүрэн тус газарт нь гараар 2-3 удаа цохиж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.... нь гэм буруугийн шууд санаатай, хохирогч руу тортой пиво шидсэн хууль бус үйлдлийн улмаас хохирогч З....ийн биед “... баруун дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд зовхинд цус хуралт...” бүхий хөнгөн хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 11582 дугаартай шинжээчийн дүгнэлт,
Шүүгдэгч П.... нь гэм буруугийн шууд санаатай, хохирогчийн нүүр тус газар гараараа цохисон хууль бус үйлдлийн улмаас Д....гийн биед “...үүдэн зүүн дээд 1 дүгээр шүдний булгарал, баруун дээд 1 дүгээр шүдний эмтрэл, тархи доргилт, уруулд цус хуралт...” бүхий хөнгөн хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 11639 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д...., П.... нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Мөн шүүгдэгч нарын хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч П....гээс хохирогч Д....д эмчилгээний зардалд 150.000 төгрөг төлсөн, мөн үлдэгдэл 120.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч З.... нь гомдол саналгүй тухайгаа бичгээр илэрхийлсэн, мөн оролцогч нараас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
Түүнчлэн гэрч Б....ий /шүүгдэгч П....гийн хүү/ хохирогч Д....г цохисон үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн шийтгэл оногдуулсан, түүний үйлдлийн улмаас гэмтлийн зэрэг бүхий хохирол учраагүй болох нь хэрэгт авсан баримтаар тогтоогдсонг дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Д...., П.... нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан байх бөгөөд шүүгдэгч болон өмгөөлөгч нар нь улсын яллагчийн гаргасан торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлжээ.
Шүүгдэгч Д...., П.... нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэсэн нөхцөлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарын үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасны дагуу улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргажээ.
Шүүгдэгч нар нь ажил хөдөлмөр эрхэлдэг мөн хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн санал, өмгөөлөгчийн дүгнэлт хэргийн нөхцөл байдалд тохирч байх тул шүүгдэгч Д...., П.... нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Д.... нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ...ын ..., ...гийн ... нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д...., П.... нарт 450 /дөрвөн зуун тавин/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр тус тус торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч П....гээс 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч/шүүгдэгч Д....д олгуулсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэдгээр нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч Д.... нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ М.МӨНХБААТАР