Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 142/ШШ2016/01105

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-19-55 тоотод оршин суух, Караказ овгийн Телехейн Аманжул /МТ75032001/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-18-11 тоотод оршин суух, Боржигон овгийн Чойжилийн Хонгорзул /ФМ83040159/

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-18-11 тоотод оршин суух, Тайж овгийн Дашпунцагийн Нандин-Эрдэнэ /ФА87032081/-д холбогдох

“Зээлийн гэрээний үүрэг 18 375 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхрийцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Т.Аманжул нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Би УБҮ-ийн Баяжуулах фабрикийн шүүн хатаах хэсэгт 1997 оноос хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа бөгөөд намайг анх ажилд ороход Долгоржав гэх эмэгтэй ажиллаж байсан ба, би тэр хүнтэй нилээд дотно байсан бөгөөд түүний гуйлтаар 2013 онд түүний төрсөн охин Д.Нандин-Эрдэнэ түүний нөхөр Ч.Хонгорзул нарт 16.0 сая төгрөгийг өгсөн. Энэ мөнгийг тухайн үед ажил хийж байсан Ч.Хонгорзулд өгсөн бөгөөд тэр надад виза картаа өгсөн юм. Үүний дараа мөн л тэд нарын гуйлтаар барьцаалан зээлдүүлэх газраас тэд нарын зээлдэж авсан байсан 1.880.000 төгрөгийг хүүгийн хамт 2.054.000 төгрөг болгож төлсөн. Эдгээр хүмүүс орох оронгүй боллоо гээд 2013 ондоо миний Орхон аймаг Баян- Өндөр сум Согоот баг 6-15-65 тоот 2 өрөө байрыг маань сарын 450.000 төгрөгөөр бодож түрээслээд сүүлийн 9 сарын төлбөр дээр хагас сарын мөнгө нийт 4.219.000 төгрөг, мөн хэрэглээний зардал цахилгааны төлбөр нийт 122.000 төгрөг төлөлгүй орхиод явсан байсан. 2014 онд хүүхдийн маань бие муудаад эм тарианы мөнгө байхгүй гэхээр нь өөрийн зүүж байсан 596 сорьцтой Орос улсад үйлдвэрлэсэн монетан бөгжөө өгсөн. Энэ бөгж маань 200.000 төгрөгийн үнэтэй. Би хариуцагч нараас 22.595.000 төгрөг авахаас тэд нарын виза картнаас нь авсан 4.220.000 төгрөгийг хасаад үлдэх 18.375.000 төгрөгийг гаргуулан авах болно. Иймд Ч.Хонгорзул Д.Нандин-Эрдэнэ нараас 18.375.000 төгрөг гаргуулан Т.Аманжул надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа: ...Тооцоо нийлсэн актыг өгсөн байгаа. Байранд нь ямарч байсан сууж байсан. Нэхэмжлэлийг дэмжиж байна... гэжээ.

Хариуцагч Д.Нандин-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус шүүхэд Т.Аманжулын гаргасан 18 350 000 төгрөгийн дийлэнхи шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн тухайд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон зээлийн гэрээр бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан. Т.Аманжул болон бид 2-н хооронд хүү тохирч гэрээ байгуулаагүй. 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн нэхэмжлэгч манай виза картыг барьцаалаад 2013 оны 09 дүгээр 30-ны өдрийг дуустал өгөхгүй байсан. Энэ хугацаанд тухайн картаар орсон цалинг нэхэмжлэгч авч байсан энэ талаараа нэхэмжлэлдээ тодорхой бичээгүй байна. Байрны түрээсийн гэх тухайд 9 сар мэтээр нэхэмжлэлдээ дурьдсан байна. Гэтэл бодит байдал дээр тооцоо хийгээд үзэхээр 50 хоног болж байгаа. Иймд 2 сарын байрны түрээстэй холбоотой хэсгийг хүлээн зөвшөөрнө. Бөгжний тухайд 1.2 граммтай бөгж байсан. Харин 200 000 төгрөгөөр үнэлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хэт өндөр үнэлгээтэй байна. Ижил чанар, сорьцийн 1.2 граммтай бөгж авч өгөхийг хүлээн зөвшөөрнө. Ч.Хонгорзулын тухайд бол энэ хүнтэй ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй, гэрээ хэлцэл байгуулаагүй болно. Нэмэлт тайлбар болон нотлох баримтыг шүүх хуралдаанд гаргана гэжээ.

Хариуцагч Ч.Хонгорзул шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд Т.Аманжулын гаргасан 18 350 000 төгрөгний нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Ч.Хонгорзул миний бие нэхэмжлэгч Т.Аманжултай ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй, гэрээ хэлцэл байгуулаагүй болно. Нэгэнт иргэний хуульд заасан үүрэг үүсээгүй тул Т.Аманжул нь надаас шаардах эрхгүй болно. Шаардлагатай нэмэлт тайлбарыг шүүх хуралдаанд гаргана гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Т.Аманжул, Ч.Хонгорзул, Д.Нандин-Эрдэнэ нарын хооронд ямарч гэрээ хэлцэл байхгүй, гарын үсэг байхгүй байна. Ямарч баримтгүйгээр мөнгө өгсөн гэж үзэх боломжгүй. 1 880 000 төгрөгийн зээлийг нь хаасан гэж байгаа боловч энэ талаар шаардлага хангасан баримт байхгүй байна. Байрны түрээсийг ямар баримтын үндсэн дээр нэхэж байгаа юм, ус болон байрны мөнгийг төлсөн юм бол зохих байгуллагаас нь баримтаа авчрах байсан. Бөгжний 200 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Байрыг 400 000 төгрөгөөр түрээсэлж байсан бөгөөд 50 хоногийн түрээсийн мөнгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Аманжул нь Ч.Хонгорзулын виза картыг нэг жил гаран авсан, 24,0 сая төгрөгийг авсан байдаг. Одоо мөнгөө больё гэхээр хүүд нь авч байсан гэж хэлдэг байсан. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй ... гэжээ.    

Шүүх зохигчидын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Аманжул нь хариуцагч Ч.Хонгорзул, Д.Нандин-Эрдэнэ нарт холбогдуулан “18 350 000 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлээс бөгжний үнэ, байрны түрээсийн мөнгөний зарим хэсгийг  хүлээн зөвшөөрсөн, бусад хэсгээс нь татгалзсан, шүүх нэхэмжлэлийг хэсэгчлэн хангах үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч Д.Нандин-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан. Т.Аманжул болон бид 2-н хооронд хүү тохирч гэрээ байгуулаагүй. 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн нэхэмжлэгч манай виза картыг барьцаалаад 2013 оны 09 дүгээр 30-ны өдрийг дуустал өгөхгүй байсан. Энэ хугацаанд тухайн картаар орсон цалинг нэхэмжлэгч авч байсан энэ талаараа нэхэмжлэлдээ тодорхой бичээгүй байна...” гэсэн.

Хариуцагч Ч.Хонгорзул нь: “... нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Ч.Хонгорзул миний бие нэхэмжлэгч Т.Аманжултай ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй, гэрээ хэлцэл байгуулаагүй. Нэгэнт иргэний хуульд заасан үүрэг үүсээгүй тул Т.Аманжул нь надаас шаардах эрхгүй болно...” гэжээ.  

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: “...Аманжул нь Ч.Хонгорзулын виза картыг нэг жил гаран авсан, 24,0 сая төгрөгийг авсан байдаг. Одоо мөнгөө больё гэхээр хүүд нь авч байсан гэж хэлдэг байсан...” гэж тайлбарласан.     

Хариуцагч нарын дээрх тайлбаруудаас дүгнэхэд Д.Нандин-Эрдэнийн 2012-06-05-наас хойш манай виза картыг барьцаалаад 2013 оны 09 дүгээр 30-ны өдрийг дуустал өгөөгүй, мөн энэ хугацаанд тухайн картаар орсон цалинг нэхэмжлэгч авч байсан... гэсэн нь тэдний хооронд  зээлийн гэрээний харилцаа үүссэнийг харуулж байна. Т.Аманжулд өгсөн тухайн виза карт нь Ч.Хонгорзулых болох нь нэхэмжлэгч болон хариуцагч нарын тайлбаруудаар нотлогдож байна.   

Ч.Хонгорзул нь Т.Аманжултай ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй, гэрээ хэлцэл байгуулаагүй гэсэн байх боловч энэ нь Д.Нандин-Эрдэнийн: ” ...манай цалингийн картыг 2012-06-05-наас 2013 оны 09 дүгээр 30-ны өдрийг дуустал авч, энэ хугацаанд тухайн картаар орсон цалинг нэхэмжлэгч авч байсан энэ талаараа нэхэмжлэлдээ тодорхой бичээгүй байна гэсэн тайлбар, хариуцагчийн төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Аманжул нь Ч.Хонгорзулын виза картыг нэг жил гаран авсан, 24,0 сая төгрөгийг авсан байдаг. Одоо мөнгөө больё гэхээр хүүд нь авч байсан гэж хэлдэг байсан...” гэсэн тайлбар, мөн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн ...Ч.Хонгорзулын картыг авч мөнгө авсан гэсэн тайлбаруудаар няцаагдаж байна.

Тйимээс зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.  

Шүүх хуралдаанд судлагдсан: Д.Нандин-Эрдэнэ, Ч.Хонгорзул нарын гарын үсэг бүхий “... 2012-05-06-нд хүүтэй мөнгө авч төлж байгаад 2013-05-07-ноос хойш хүүгээ ч төлж чадаагүй нь үнэн болно. Д.Нандин-Эрдэнэ, Ч.Хонгорзул одоогоор үндсэн мөнгө 16 000 000 төгрөг байгаа нь үнэн...” гэсэн баримтыг 2013-10-03-нд бичиж өгчээ. Энэ баримтын гарын үсгийн талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаагүй, шинжээч томилуулах талаар хүсэлт гаргаагүй тул Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д “нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчинтөгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино” гэж зааснаар хариуцагч нар тухайн үед үүргийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.      

Иймд зээлийн гэрээний үүргийг хариуцагч нар хариуцах ёстой байх ба 16,0 сая  төгрөгнөөс виза картаар авсан 4 219 000 төгрөгийг хасаад, хариуцагч нарын хүлээн зөвшөөрсөн бөгжний 200 000 төгрөг, байрны түрээсийн төлбөр 667 000 төгрөг, нийт 12 648 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан Т.Аманжулд олгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. Нэхэмжлэлээс баримтаар нотлогдоогүй 5 727 000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэж шийдвэрлэв. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар гаргууллаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 302 дугаар зүйлийн 302.1, 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан Д.Нандин-Эрдэнэ, Ч.Хонгорзул нараас 12 648 000 төгрөг гаргуулан Т.Аманжулд олгож, нэхэмжлэлээс 5 727 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 248 825 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 217 302 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ХИШИГДАВАА