| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2016/00823/и |
| Дугаар | 142/ШШ2016/01110 |
| Огноо | 2016-09-14 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 142/ШШ2016/01110
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, шүүгч Д.Ариунцэцэг, шүүгч Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийж,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт хөтөлийн 1-3б тоотод оршин суух, Боржигон овгийн Лхагвасүрэнгийн Энх-Эрдэнэ /ФМ79060418/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг 4-16-109 тоотод оршин суух, Бэсүд овгийн Баттөмөрийн Мөнхсайхан /МЖ87011800/-д холбогдох
“Гэм хорын хохирол 1 000 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Энх-Эрдэнэ, хариуцагч Б.Мөнхсайхан, хариуцагчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Энх-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа: 2016 оны 04 сарын 08-ны орой 21 цагийн орчим Цагаан чулуут багийн төв замаар явж байтал Б.Мөнхсайхан нь “Их хаадын цуваа” байрны туслах замаас төв зам руу орохдоо миний унаж явсан “Соната-6” маркийн автомашиныг “Кровн” маркийн автомашинаар мөргөж эсрэг урсгалд оруулсны улмаас баруун талын урд хойд хаалга тулгуур багана кузовны хойд хэсэг эвдэрсэн. Замын цагдаагийн тасгаас Б.Мөнхсайханы буруутай үйлдэл гэдгийг тогтоосон бөгөөд учруулсан хохирлоо барагдуул гэсэн. Миний машиныг засварын газар оруулан янзалж будсан. Өнгө будаг нь зөрж дахин будсан боловч өнгө нь зөрсөн хэвээр байсан тул Б.Мөнхсайхан өөр засварын газар аваачиж өгнө өнгө будагны зөрүүг арилгаж өгнө гэж хэлээд засварын газраас гаргасан боловч одоог хүртэл янзалж өгөхгүй “Би ямар засварчин биш янзалж өгч чадахгүй шүүхдээд янзлуулаарай гэсэн. Иймд Б.Мөнхсайханаас хохирлын 1 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Энэ хохирол дотор өдрийн орлого 600 000 төгрөг, засварын зардал 400 000 төгрөг нэхэмжилсэн. Би танксинд явдаг бөгөөд машины өнгө зөрсөн учир емблемээ нааж чадахгүй, таксиндаа 5 сар яваагүй. Емблемийг одоо наагаад явж болох боловч би наахгүй байгаа, өнгө нь зөхсөн учраас, янзлуулж байж наах гээд. Би шугамаа алдахгүйн тулд татвараа төлөөд явж байгаа. “Ашид билгүүн” ХХК нь миний машины хохиролын үнэлгээг 755 000 төгрөгөөр үнэлсэн гэжээ.
Хариуцагч Б.Мөнхсайхан шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа: 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн оройн 20 цаг 30 минутын орчим Баттөмөр овогтой Мөнхсайхан миний бие нь жолоо барьж явахдаа 16-34 ОРО улсын дугаартай Соната-6 маркын автомашины баруун талын хаалгыг мөргөсөн нь үнэн. Хохирогч болох Л.Энх-Эрдэнэ нь зам тээврийн осол гарсан даруйд замын цагдаа дуудан хэргийн үйл явцыг мэдээлж, тэмдэглүүлсэн ба замын цагдаагийн тасгийн зохицуулагч ахмад Д.Хишигболд ирж хэмжилт үзлэг хийгээд явсан. 2016 оны 4 дүгээр сарын 9-ны өдөр замын цагдаагийн тасгийн зохицуулагч ахмад Д.Хишигболдын хэлсний дагуу хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-аар дээрх тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээг тогтоолгоход баруун урд болон хойд хаалга солих нийт 300,000 төгрөг, баруун дунд багана 160,000 төгрөг, хормой 18,000 төгрөг, баруун хойд хаалганы крыло 26,000 төгрөг, өнгө гаргах үйлчилгээ 75,000 төгрөг, ажлын хөлс 156,000 төгрөг, эд анги солих 20,000 төгрөг гээд нийт эд анги солих, будах, эд ангийн засвар үйлчилгээний зардал 755,000 төгрөгөөр тогтоосон. 2016 оны 4 дүгээр сарын 11-ны өдөр би бэр эгч О.Оюунтуяа, нөхөр О.Ган-Эрдэнэ болон Л.Энх-Эрдэнийн хамт Эрдэнэт хотод байршилтай Вьетнам засварын 3 газраар орсны эцэст Л.Энх-Эрдэнэ нь хорооллын Цагаанчулуут багт байрлах Монгол эзэнтэй засварын газрыг сонгон машинаа янзлуулахаар үлдээсэн. Машин янзлуулахад хойд хаалга шинээр авна гэсэн учир “Танил” техникийн захаас 1ш хойд хаалга 90 000 төгрөгөөр худалдан авч өгсөн ба санаанд нь таалагдах урд хаалга уг зах дээр байгаагүй тул 1 ширхэгийг Улаанбаатар хотоос Л.Энх-Эрдэнэ өөрийн таньдаг хүндээ захиж авна гээд 100,000 төгрөгийг 4 дүгээр сарын 16-ны өдөр надаас бэлнээр авсан. Улаанбаатар хотоос хаалга ирэхэд тээврийн зардал 10.000 төгрөг төлж, засварын газар аваачиж өгсөн. Ингээд 2 хаалга шинээр авахад 200.000 төгрөг зарцуулсан. Тухайн засварын газарт засварын ажлыг нийт 550,000 төгрөгөөр хийлгэхээр тохирсон бөгөөд шаардлагатай засвар үйлчилгээг хийлгэж бүрэн засуулсан. Машин засвараас гарч хүлээлгэж өгөх үед “Өнгө зөрүүтэй байна” гэсэн шалтгаанаар Вьетнам засвараар дахин будуулж өнгөлгөө хийлгэсэн. Уг Вьетнам засварын газраар шинээр авсан 2 хаалгыг өнгөлүүлэх, солиулах, баруун дунд багана засварлах, крыло, хормой янзлуулах, засварласан эд анги, хэсгийг будуулах ажлуудыг хийлгэж Л.Энх-Эрдэнэд учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан тул засварын газрын ажилчдыг гэрчээр дуудна уу. 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Л.Энх-Эрдэнийн машиныг засвараас гаргахад вьетнам ажилчдыг хэл амаар доромжлон, намайг машиндаа суулган шууд Дэнж багт байрлах өөрийн ахын засварын газар аваачин “энэ засварын газар дахин машинаа бүтэн будуулна, 500 000 мянган төгрөг өг” гэж хоорондоо хуйвалдан намайг дарамталсан. Нэгэнт Л.Энх-Эрдэнийн өөрийнх нь сонгосон засварын газарт шаардлагатай бүх засвар үйлчилгээг хийлгэж дууссан бөгөөд будаг өнгөлгөөг 2 ч удаа хийлгэсэн тул би дахин будуулах шаардлагагүй гээд зөвшөөрөөгүй, гэтэл Дэнж багаас уруудан ирээд 14 дүгээр сургуулийн гадаа зогсон надруу машины түлхүүр, бичиг баримтаа шидэн “шинэ машин авч өг, одоо наад машин чинь чинийх” гэж хэлээд эхнэрийнхээ хамт зугтан явсан. Иймд миний бие энэ тухай замын цагдаагийн тасгийн зохицуулагч, ахмад Д.Хишигболд руу ярьж хэлсэн ба замын цагдаагийн тасгийн зохицуулагч, ахмад Д.Хишигболд Л.Энх-Эрдэнэ рүү утсаар ярьж “чи ингэж болохгүй, энэ хүмүүс чиний хохирлыг барагдуулчихаад байхад машинаа хурдан ирж ав, гадаа эзэнгүй тавиад машинд чинь ямар нэгэн гадны гэмтэл учирч, хулгайд алдагдвал энэ хүмүүс чиний эд хөрөнгийг хариуцахгүй” гэж хэлэхэд түүнийг хэл амаар доромжилсон байсан. Би гэр бүлийнхэнтэйгээ ээлжлэн Л.Энх-Эрдэнийн машиныг 14-р сургуулийн гадаа 4-р сарын 18-ны өдрөөс нийт 3 хоног манаж хоносон. 2016 оны 4-р сарын 21-ны замын цагдаагийн тасгийн зохицуулагч, ахмад Д.Хишигболдын өрөөнд байцаалт өгөхөөр очихдоо Л.Энх-Эрдэнийн машины түлхүүрийг бичиг баримтын хамт Л.Энх-Эрдэнэд буцаан өгсөн. Хэрэг гарсан өдөр болон түүнээс хойш бид тэднийг эмнэлэгт үзүүлэх талаар байнга асууж сануулж байсан ч тэд үзүүлээгүй мөртлөө гэнэт 14 хоногийн дараа буюу 4-р сарын 21-ны өдөр “машинд сууж явсан бүх хүмүүсийг эмнэлэгт үзүүлмээр байна” гэхээр нь замын цагдаагийн тасгийн зохицуулагч, ахмад Д.Хишигболдоос “Шүүх эмнэлэгийн магадлагаа” авч, тухайн үед машинд сууж явсан 3 том хүн, 3 хүүхэд, нийт 6 хүний 18,000 төгрөгийг Төрийн банкинд тушааж 4-р сарын 23-ны өдрийн өглөө 9 цагт “Шүүхийн шинжилгээний алба”-нд үзүүлэхээр тохирсон бөгөөд өглөө 9 цагт нэг ч хүн ирж үзүүлээгүй. Биднийг утасдаж сануулсны эцэст 5 настай Батцэцэг охиныг эмээ Эрдэнэчулууны хамт ирүүлж үзүүлсэн. Бусад хүмүүсээ үзүүлэхийг хүсэхэд нөгөө 2 хүүхдээ үдээс хойш үзүүлнэ, бусад том хүмүүс нь зүгээр гэсэн. Бүсийн оношилгоо эмчилгээний төвд Батцэцэг охины хүзүүний зураг авхуулахад компьютер оношилгоонд 20,000 төгрөг төлж зураг авхуулсан ба, гэмтэл согогын Хэнчбиш эмчийн бичиж өгсөн “5 хоног хүзүүнд иллэг хийх, 3 өдөр лаа эмчилгээний дагуу 3 ширхэг лаа 1,800 төгрөгөөр авч өгсөн. Цуг эмнэлэг явж хийлгэе гэхэд “бид байнга город орж ирж чадахгүй, гэрийн ойр байдаг толгой барьдаг хүнээр иллэг хийлгүүлнэ” гээд 10,000 төгрөг авсан. Тухайн өдрийн үдээс хойш буюу 4-р сарын 22-ны өдөр цайны цагийн дараа нөгөө 2 хүүхдийг авчирч үзүүлсэн ба шүүхийн шинжилгээний албанд үзүүлсэн хүүхдүүдийн онош ямарваа гэмтэлгүй зүгээр гарсан. Миний бие Л.Энх-Эрдэнийн машинд шаардлагатай засвар үйлчилгээг бүрэн хийж дууссан бөгөөд учирсан хохирлыг бүрэн барагдуулсан ба түүний нэхэмжлээд байгаа 1,000,000 төгрөг нь юуны төлбөр болох нь ойлгомжгүй байх тул төлөх үндэслэлгүй гэж бодож байна. Миний бие ийм хэрэг урд гаргаж байгаагүй учир айж гэмшин, өөрийн талаас авах ёстой арга хэмжээг авч, хэргийн газраас болон хэрэг мөрдөлтийн явцад зугтаж алга болоогүй, байцаагчаар дамжуулж байнга хохирогч талын гомдлыг барагдуулж байсан ба намайг байхгүй байхад ажил дээр ирж, ажлын хамт олны дунд нэр төрийг гутаан доромжилж, хэрэг гарснаас хойш байнга дарамталж байсанд миний бие гомдолтой байна. Засварын газарт миний зүгээс 250 000 төгрөг төлсөн байгаа. Өнгө нь зөрсөн гэж Энх-Эрдэнэ тэгсэн учир засварын мөнгийг засварын газартай бид 250 000 төгрөгөөр тохирсон. Өөрт нь бэлнээр 100 000 төгрөг өгсөн, мөн хаалга авахад 90 000 төгрөг болсон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Энх-Эрдэнэ нь Б.Мөнхсайханд холбогдуулан “Гэм хорын хохирол 1 000 000 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хэсэгчлэн хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч Б.Мөнхсайхан нь нэхэмжлэгч Л.Энх-Эрдэнийн “соната-6” маркийн 16-34 ОРО дугаартай авто машиныг 2016 оны 04 дүгээр сарын 08-ны орой “кровн” маркийн авто машиныг унаж явахдаа мөргөж гэмтээсэн болох нь зохигчидын тайлбар болон замын цагдаагийн газрын зөрчлийг хянан шалгасан тухай хариу мэдэгдсэн тэмдэглэл, хариуцагч Б.Мөнхсайханд захиргааны хариуцлага хүлээлгэсэн тухай шийтгэвэрийн хуудас, төрийн банкны орлогын мэдүүлэг, гэрч Б.Анхтүвшингийн “соната-6” маркийн 16-34 ОРО дугаартай авто машиныг засаж өгсөн тухай мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Б.Мөнхсайхан нь гэм буруугийн талаар маргаагүй.
Б.Мөнхсайханы дээрх үйлдэл нь Л.Энх-Эрдэнийн эд хөрөнгөнд учруулсан гэмтэлтэй шалтгаант холбоотой байх ба Л.Энх-Эрдэнэ нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шаардах эрхтэй гэж үзнэ.
Хариуцагч Б.Мөнхсайханы үйлдлийн улмаас “Сонота-6” 16-34 ОРО улсын дугаартай авто машинд учирсан хохиролыг “Ашид билгүүн” ХХК 755 000 төгрөгөөр тогтоосон болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа би такси үйлчилгээ эрхэлдэг, таксиндаа 5 сарын хугацаанд яваагүй, өдрийн 30 000 төгрөг олдог байсан. 2016-04-08-наас 2016-05-13 хүртэл хугацааны орлого, компаний татвар нийт 600 000 төгрөг гаргуулна, машины өнгө зөрсөн тул машины засварт 400 000 төгрөг нэхэмжлнэ гэж тайлбарласан.
“Сонота-6” маркийн 16-34 ОРО улсын дугаартай авто машиныг зассан засварын газрын захирал Б.Анхтүвшин шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө: хариуцагч Б.Мөнхсайханаас засварын зардалд 250 000 төгрөг авсан, машины өнгийг ажлын хөлсийг бүрэн авсны дараа зөрүүгүй янзалж болно гэж мэдүүлсэн бөгөөд, хариуцагч ч мөн тухайн машины засварын дараа өнгийг бага зэрэг зөрүүтэй болсон талаар хэлж байх ба, шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр ч машины будсан өнгө суурь өнгөнөөс зөрсөн болох нь тогтоогдож байна.
Иймээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын тайлбаруудыг үндэслэн “Ашид билгүүн” ХХК-ийн “Сонота-6” маркийн 16-34 ОРО улсын дугаартай авто машины хохиролд тогтоосон 755 000 төгрөгийн үнэлгээнээс, баримтаар нотлогдож буй хариуцагч Б.Мөнхсайханаас гарсан зардал болох засварын газарт өгсөн 250 000 төгрөг, хаалганы 90 000 төгрөг, Л.Энх-Эрдэнэд бэлэн өгсөн 100 000 төгрөгийг хасаж тооцон, нийт 315 000 төгрөгийг гаргуулан Л.Энх-Эрдэнэд олгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Хариуцагч Мөнхсайханы болгоомжгүй үйлдлийн улмаас Энх-Эрдэний машинд учирсан хохирол бүрэн төлөгдөөгүй гэс хор арилаагүй гэж үзлээ.
Харин 2016-04-08-наас 2016-05-13 хүртэлх хугацааны такси үйлчилгээний орлого, компаний татвар 600 000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь Л.Энх-Эрдэнэ нь машин дээрээ эмблемь наагаагүй учраас таксинд явж чадаагүй гэж тайлбарлаж байх ба эмблемь наах эсэх нь өөрийнх нь хүсэлт зоригоос хамааралтай болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад тайлбарласан өөрийнх нь тайлбараар нотлогдсон. Түүнчлэн Л.Энх-Эрдэнийг такси үйлчилгээндээ яваагүй болохыг нотолсон ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй болно.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улысн тэмдэгтийн хураамж болох 28 550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 10 100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Энх-Эрдэнэд олгохоор заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, заасныг баримтлан хариуцагч Б.Мөнхсайханаас 315 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Энх-Эрдэнэд олгож, нэхэмжлэлээс 685 000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 28550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 10 100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА
ШҮҮГЧИД Д.АРИУНЦЭЦЭГ
Л.АРИУНЦЭЦЭГ