Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 0230

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч Д.Нямбат,

шүүгдэгч Х...., түүний өмгөөлөгч Л.Батаа /ШТЭД-1824/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Нямбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х....ад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 06260 0060 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:           

            Монгол улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ах, эгч, дүү нарын хамт, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар баг, ...тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй

Шерушисүйндик овогт ...ийн ... /РД:.../

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/        

Шүүгдэгч Х.... нь 2019 оны 11 дугаар сарын 29-ний өдрийн орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 19 дүгээр байрны автобусны буудал орчим иргэн Э....ын Самсунг эс-8 маркын гар утсыг хүч хэрэглэж довтлон дээрэмдэн авч 580.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр цагдаагийн байгууллагад хандаж гаргасан өргөдөл /хх4/, камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар диск 1 ширхэгийг тооцсон тогтоол /хх5,8/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх9-10/, хохирогч Э....ын мэдүүлэг /хх15, 17, 20/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх30/, Х....ын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, гэрч Х....ын мэдүүлэг /хх25-26/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхний лавлагаа, нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар, боловсролын гэрчилгээний хуулбар /хх43-44, 49-50, 53-55/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хохирогчид хохирол төлсөн баримт /хх74, 75/ зэргийг шинжлэн судлав.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Нэг. Шүүгдэгч Х....ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Э....ын “...2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 21 цагийн үед автобусны буудал дээр буугаад гэр рүүгээ явж байхдаа үл таних хүнд гар утсаа дээрэмдүүлсэн...” гэсэн өргөдөл /хх4/,

2. Камерын бичлэгт үзлэг хийсэн “...уг хяналтын камерын бичлэг 21 цаг 25 минутаас эхэлж байв. Бичлэгийг цааш үргэлжлүүлэн үзэхэд Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 44 дүгээр байрны хяналтын камерын цагаар 2019 оны 11 дүгээр сарын 29-ний оройн 21:26:26 цагт иргэн Э....ыг үл таних 160 см орчим өндөр, хар цагаан өнгө хосолсон куртик, улаан өнгийн пүүз, цэнхэр жинсэн өмдтэй эрэгтэй хүн гар утсыг нь булааж ертөнцийн зүгээр баруун зүгт зугтааж байгаа хяналтын камерын бичлэг байв...” гэсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар диск 1 ширхэгийг тооцсон тогтоол /хх5, 8/,

3. Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд “хохирогч Э.... нь шүүгдэгч Х....ыг гэрэл зургаар танисан тухай” тэмдэглэгджээ. /хх9-10/,

4. Хохирогч Э....ын “...2019 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 19 дүгээр байрны автобусны буудал дээр буугаад гэр рүүгээ гар утсаараа яриад алхаж байхад эрэгтэй хүн миний гар утсыг булаагаад зугатаасан. Би араас нь хөөгөөд гүйцэж чадаагүй...Самсунг эс-8 маркын гар утас байсан... миний утсыг булаасан хүн автобусны буудлаас л намайг дагаад яваад байсан юм шиг байна лээ... хохиролоо бүрэн төлүүлж авлаа, надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх15, 17/, мөн түүний гэрчээр өгсөн “...миний гар утсыг булаасан хүн бол автобусны буудал дээр буугаад Наадмын хуушуур нэртэй гар утас зардаг газрын урдуур өнгөрөхөд цонхны цаанаас хараад зогсож байсан хүн байсныг камерын бичлэг шүүж үзэхэд танисан...” гэсэн мэдүүлэг /хх20/,

5. Шүүгдэгч Х....ын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...тухайн эмэгтэйгийн гарнаас нь гар утсыг нь булаах гэтэл тэр эмэгтэй өгөлгүй надтай булаацалдаад миний гар утсыг өгөөч гээд орилоход нь гарнаас нь гар утсыг нь булаагаад зугтаасан… үл таних эмэгтэй гар утсаараа яриад алхаж байхад нь би араас нь дагаж явж байгаад хүнгүй газар ирэхээр нь гар утсыг нь булаах гэтэл тэр эмэгтэй гар утсаа надад өгөлгүй надтай булаацалдаад байхад би гар утсыг нь аваад зугатаасан, би гар утас булаахдаа цохиж зодсон асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх36, 68/

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Х.Батболат:

Шүүгдэгч Х.... нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон бол түүний өмгөөлөгч нь гэмт хэргийн шинжийн хувь хүч хэрэглэсэн шинжгүй үндэслэлээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх байр сууринаас мэтгэлцэж оролцсон болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээнд дүгнэлт хийж үзэхэд,

            Шүүгдэгч Х.... нь 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн оройн 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 19 дүгээр байрны автобусны буудал орчим хохирогч Э....ыг гар утсаар ярьж явахад ардаас нь дагаж яван, түүний Самсунг эс-8 маркын гар утсыг авч зугтаасан болох нь хохирогч Э....ын “...гэр рүүгээ гар утсаараа яриад алхаж байхад эрэгтэй хүн миний гар утсыг булаагаад зугатаасан ...миний утсыг булаасан хүн автобусны буудлаас л намайг дагаад яваад байсан юм шиг байна лээ...” гэсэн мэдүүлэг, хяналтын камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл болон шүүгчдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

            Эрүүгийн хуульд заасан “дээрэмдэх” гэмт хэргийн объектив талын үндсэн шинжийг 1-рт, хүч хэрэглээгүй /булаах/ буюу эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах, 2-рт, хүч хэрэглэсэн буюу эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж үйлдсэнээр тодорхойлсон.

            Улсын яллагчаас хяналтын камерын бичлэгт дүгнэлт хийн шүүгдэгчийн хохирогчоос гар утсыг булаахаар татсан үйлдэл, хохирогч гар утсаа өгөхгүйн тулд гар утаснаасаа зуурсан үйлдэл, шүүгдэгч хохирогчийг дунгуйруулан татах байдлаар хүчээр утсыг булаан авч зугтаасан нь тогтоогдсон байх тул хүч хэрэглэн довтолсон шинжтэй гэжээ.

            Шүүхээс хэргийн үйл баримт, талуудын мэтгэлцээнээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...хохирогчийг айлган сүрдүүлсэн, хүч хэрэглэсэн талаар хохирогч мэдүүлдэггүй, камерын бичлэгээс хохирогчийн бие рүү чиглэсэн хүч хэрэглэсэн үйлдэл байхгүй, эд зүйлийг аван шууд зугтаасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх...” гэсэн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

            Учир нь хэрэгт авагдсан баримтаас шүүгдэгч Х.... нь хохирогчийн гар утсыг шүүрч /гараас салган/ аван, хохирогчоос даруй зайлан зугтаах зорилготой үйлдэл хийсэн боловч хохирогч тухайн үед гар утсаа гарнаасаа тавилгүй зуурсан, шүүгдэгч хохирогчийг дунгуйруулан татаж гар утсыг авч зугтаасан нь хохирогч руу чиглэсэн хүч хэрэглэсэн үйлдэл гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэв.

            Өөрөөр хэлбэл хүч хэрэглэсэн үйлдэл болох довтолгоонд цохих, зодох, хоолой боох зэргээр хохирогч руу шууд чиглэсэн идэвхтэй үйлдэл хийгддэг бол дээрх тохиолдолд гар утсыг авах гэж утаснаас татах үйлдэл нь хохирогч руу чиглэсэн бус гар утсыг авах, татахад чиглэсэн хүч гэж үзэхээр байна.

            Түүнчлэн хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт “гар утсыг авч зугтаасан” гэснээс өөрт нь ямар нэгэн хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэж мэдүүлсэн зүйл байхгүйг дурдах нь зүйтэй.

            Шүүгдэгчийн үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй, хохирогчийн эд зүйлийг авснаар гэмт хэргийн бүрдэл төгссөн байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

            Иймд прокуророос шүүгдэгчид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөв.

Хохирол, хор уршиг-төлбөрийн тухайд:

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогч Э....ын дээрэмдүүлсэн Самсунг эс-8 маркийн гар утсыг 580.000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг үнэлгээр тогтоох нь зөв байна.

Хохирогч Э.... нь хохиролд 580.000 төгрөгийг хүлээн авсан, цаашид гомдол саналгүй, нэхэмжилсэн зүйлгүй гэсэн нь түүний мэдүүлэг, хүсэлт болон хохирогчид мөнгө шилжүүлсэн баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Х....ыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын дүгнэлтэд шүүгдэгчид Х....ад Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “шүүгдэгч нь гэм буруу дээр маргаагүй, хохирлыг нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу тэнсэж, үүрэг хүлээлгэх дүгнэлт санал гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан.

Шүүгдэгч Х.... хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” гэснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн үйлдэл нь шунахайн сэдэлттэй, санаатай гэмт хэрэг тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүнийг арилгасан байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болохоор заасан.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхээ урьдаас төлөвлөн, оройн цагаар ганцаараа яваа эмэгтэй хүнийг сонгон дагаж, ойр орчинд хүнгүй болмогц эд зүйлийг нь авч зугтаасан байх тул тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлгүй гэж дүгнэв.

Иймд дээр дурдсан хөнгөрүүлэх нөхцөл байдал, өмгөөлөгчийн дүгнэлтийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х....ад 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгчийн шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Прокуророос шүүгдэгч Х....ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

            2. Шүүгдэгч ... овогтой ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар” авч дээрэмдэх гэмт хэрийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

            3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х....ад 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х....ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгчийн шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х....ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьсугай.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.МӨНХБААТАР