Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 142/ШШ2016/01116

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа  даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-1-29 тоотод оршин суух, Ерлөг овгийн Дамдинбазарын Мөнхболд /СЩ73082111/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдох

“Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Мөнхболд нь 2010.05.04 нээс “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны Хүний нөөцийн хэлтсийн орлогч даргаар ажиллахаар болж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад, ажил олгогчийн захиалгаар хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу Бритиш Колумбаагийн их сургуулийн магистрын ангид суралцахаар болж, 2013.03.01 нээс 3 жилийн хугацаагаар тус сургуульд суралцахаар явсан. Сургуульд суралцах болсонтой холбоотойгоор сургуульд суралцаж дуусах хугацаагаар буюу 3 жилийн хугацаагаар явахад ажлын байрыг хэвээр хадгалж, цалин хөлсийг олгох 2013.01.31 ны А\61 тоот тушаал гарсан. Ингээд тус сургуулийг төгсөөд ажилдаа орох хүсэлтээ 2016.02.15 нд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны ерөнхий захирал Ц.Даваацэрэнд ажилд эгүүлэн орох тухай өргөдлийг гаргасны дагуу хүсэлтийг маань шийдвэрлэх үүргийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ий Хүний нөөцийн хэлтсийн дарга Ш.Батдэлгэрт үүрэг өгснийг хүлээн авч, ажилд авах асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг 2016.03.24-нд амаар өгсний дагуу “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдаагүй, дуусгавар болоогүй байхад хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа төдийгүй, ажил олгогч хөдөлмөрийн гэрээ, хамтын гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлэхгүй, ажилтын эрх ашгийг хохироож байгаа талаар 2016.04.01 нд “Эрдэнэт үйлдвэр” ХХК маргаан таслах комисст хандаж гомдол гаргасан. Гэвч маргаан таслах комиссын бүрэлдэхүүнд байх ажил олгогч тал удаа дараа хурал зарласныг хойшлуулж, сүүлдээ хурал хийхээс татгалзаж, зөвлөмж гаргах боломжгүй болсон талаар маргаан таслах комиссын ажилтан талын төлөөллөөс хариу өгсөн. Энэ асуудлаар Орхон аймгийн хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хороонд гомдол гаргасан. Хариу өгөөгүй байна. Ажилтны эрх ашгийг үндэслэлгүйгээр хохироож, хөдөлмөрлөх эрхийг маань ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Ажил олгогчийн захиалга, хөдөлмөрийн гэрээний дагуу сургуульд явж суралцаж ирээд ажилдаа орох хүсэлт гаргахад шалгаангүйгээр ажилд авах асуудлыг шийдвэрлэнэ гэж хойшлуулж байгаад сүүлдээ ажилд авах ч юм шиг амаар ярьж хэлж тодорхой хариу албан ёсоор өгөхгүй байсаар өдий хүрч байна. Ажиллаж байхдаа үндсэн цалин 1 850 000 төгрөг авч байсан. Иймд Хөдөлмөрийн тухай хууль , хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг зөрчсөн гэж үзэж байх тул “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хүний нөөцийн орлогч даргын ажилд эгүүлэн авах 2014 оны 01 сараас-2016.03.01 ны хүртэлх цалин хөлс болох 49.950.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Д.Мөнхболдын нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрөх боломжгүй, үндэслэлгүй байна, холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлэх болно” гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэг талаас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын 2016 оны 06 дугаар сарын 07-ний өдрийн БК-117-12/507 дугаартай итгэмжлэлээр “Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатн шүүхэд гаргасан Д.Мөнхболдын нэхэмжлэлтэй хэргийг шүүхэр хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг бүрэн төлөөлж оролцох эрх олгогдсон “Хуулийн хэлтсийн тэргүүлэх хуульч Ж.Отгонбаяр, нөгөө талаас нэхэмжлэгч Д.Мөнхболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалтыг үндэслэн дараах зүйлийг харилцан тохиролцож, эвлэрч байгааг баталж энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав.

Нэг. Эвлэрлийн гэрээний агуулга

1.1 Нэхэмжлэгч Д.Мөнхболдын нэхэмжлэлтэй хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлийн 1-р шаардлага буюу “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хүний нөөцийн хэлтсийн орлогч даргын ажилд Д.Мөнхболдыг хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын 2016.09.02-ны өдрийн Б/940 тушаалаар томилсон, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн “Хүний нөөцийн хэлтсийн орлогч даргын ажилд Д.Мөнхболдыг ажиллуулах тухай хөдөлмөрийн гэрээг байгуулна” гэж хариуцагч хүлээн зөвшөөрч буйг нэхэмжлэгч хүлээн авч талууд эвлэрч байна.

1.2 Нэхэмжлэлийн 2-р шаардлага буюу 2014 оны 01-р сараас 2016 оны 03 дугаар сарын 01-ий өдрийг хүртэл хугацааны цалин хөлс болох 49 950 000 төгрөгийг гаргуулах шаардлагаасаа нэхэмжлэгч бүхэлд нь татгалзаж буйг хариуцагч хүлээн зөвшөөрч талууд эвлэрч байна.

Хоёр: Бусад нөхцөл

2.1 “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь эвлэрлийн гэрээний 1.1-д дурдсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ий Хүний нөөцийн хэлтсийн орлогч даргын ажилд Д.Мөнхболдыг ажилуулах тухай хөдөлмөрийн гэрээг нэхэмжлэгч Д.Мөнхболдтой байгуулах” үүргийг хариуцагч биелүүлэхгүй бол шүүгчийн захирамжаар албадан биелүүлэхийг талууд хүлээн зөвшөөрөв.

2.2 Талууд эвлэрсэн цаашид энэхүү нэхэмжлэлийн шаардлагуудтай холбоотой асуудлаар шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талууд хүлээн зөвшөөрөв.

2.3 Талууд нь энэхүү эвлэрлийн гэрээг шүүхээр хянан хэлэлцүүлж, шүүгчийн захирамжаар баталгаажуулахаар тохиролцов” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Мөнхболд нь хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдуулан “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанд дээр талууд: Нэхэмжлэгч Д.Мөнхболдыг  “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын 2016.09.02-ны өдрийн Б/940 тушаалаар “Хүний нөөцийн хэлтсийн орлогч даргын ажилд томилсон, тушаал нь гарсан байгаа,  Д.Мөнхболдыг ажиллуулах тухай хөдөлмөрийн гэрээг байгуулна гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан, харин нэхэмжлэгч нь 2014 оны 01-р сараас 2016 оны 03 дугаар сарын 01-ий өдрийг хүртэл хугацааны цалин хөлс болох 49 950 000 төгрөгийг гаргуулах шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж,  зохигчид эвлэрсэн байна.

Зохигчид дээрх байдлаар эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар гаргуулахаар заалаа. 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

      1. Нэхэмжлэгч Д.Мөнхболдын “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдуулан “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг, “Эрдэнэт үйдлдвэр” ХХК нь Д.Мөнхболдыг хүний нөөцийн хэлтсийн орлогч даргын ажилд томилсон бөгөөд хөдөлмөрийн гэрээг байгуулах, нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хугацааны нөхөх олговор болох 49 950 000 төгрөгийг гаргуулах шаардлагаасаа татгалзаж эвлэрсэн зохигчдын эвлэрэлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-с 70 200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ХИШИГДАВАА