Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 398

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

улсын яллагч Д.Нямбат,

шүүгдэгч Г.Б  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б т холбогдох эрүүгийн 190801079000 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1979 оны 5 дугаар сарын 23-ны өдөр УлаанБ хотод төрсөн,  39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Орчлон хорооллын “Хайрхан-Уул” СӨХ-д жижүүр ажилтай,  ам бүл-1, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны 48 дугаар байрны 00 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Б  овогт Г-н Б / 0000000000/,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Б  нь 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хорооллын 00 дугаар байрны 00 давхарт “орцонд тамхи татлаа” гэх шалтгаанаар М.Б-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Б-гийн мэдүүлэг /хх6-7/, Шинжээч эмчийн дүгнэлт /хх12/, Г.Б ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх22-23/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хх24/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан лавлагаа, тодорхойлолт /хх25-28/, “Хайрхан Уул” СӨХ-ийн “... Г.Б  нь 2016 оноос одоог хүртэл 3 жил тогтвортой ажил үүргээ сайн биелүүлж ажиллаж байгаа нь үнэн болно...” тодорхойлолт /хх29/, ажил байдлын тодорхойлолт /хх34/, нийгмийн даатгалын шимтгэлийн талаарх тодорхойлолт /хх35/, Прокурорын “... хохирогчид хохирол мөнгө тушаасан 285,000 төгрөгийн баримт...” тэмдэглэл /хх38/, хохирогч М.Б-гийн “...Надаа гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /хх39/, Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх40/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан холбогдох баримтыг шинжлэн судалсан болно.

Нэг. Шүүгдэгч Г.Б ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга:

1. Хохирогч М.Б-гийн “...2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо “Орчлон” хорооллын 00 дугаар байрны 000 тоотод оршин суух нагац ах Б ц-д очиж золгох гээд ирэхэд гэрт нь хүн байхгүй байсан. Тэгээд орцонд тамхи татаад зогсож байсан чинь лифтнээс хувинтай ус барьчихсан танихгүй залуу гарч ирээд намайг цохиж зодсон... байрнаас гарахад араас өшиглөсөн... Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх6-7/,  

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №0000 дугаартай шинжилгээний “ М.Б-гийн биед баруун нүдний зовхи, цээж, баруун өгзгөнд хаван, цус хуралттай гэмтэл тогтоодлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх12/,

3. Г.Б ын яллагдагчаар өгсөн “...2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 13 цагийн үед “Орчлон” хорооллын 48 дугаар байрны орцонд цэвэрлэгээ хийх гэж байсан чинь 00 давхарт нэг танихгүй хүн архи уусан бололтой тамхи татаад зогсож байсан.  Орцонд тамхи татаж болохгүй гар гэхэд өөдөөс хэл амаар доромжлоод гарахгүй байхаар нь би гараараа толгой болон нүүр хэсэгт нь цохисон, тэгээд орцноос гарах гэж байхад нь би араас нь өгзөг рүү нь өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх22-23/,

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

Гэм буруугийн дүгнэлт: 

Шүүгдэгч Г.Б  нь Орчлон хорооллын “Хайрхан-Уул” СӨХ-д жижүүрээр ажилладаг байх бөгөөд 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хорооллын 00 дугаар байрны 00 давхарт хохирогч М.Б-н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай  тамхи татсан зогсож байсан. Улмаар шүүгдэгч нь “орцонд тамхи татаж болохгүй” гэх шаардлага тавьсанд хохирогч нь шаардлагыг үл тоож, маргалдсанд түүнийг толгойн тус газар нь гараараа цохиж, орцноос гарахад нь өгзөг нь тус газар нь хөлөөрөө өшиглөсөн үйл баримт нь хохирогч болон шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Хохирогч М.Б-н нь шүүгдэгчид зодуулсаны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №0000 дугаар дүгнэлтээр тогтоогдож байна.

Тамхины хяналтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.8-д “...нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орц...”-нд утаат тамхи татахыг хориглосон бөгөөд хохирогч М.Б-н хууль зөрчсөн, холбогдох шаардлагыг үл зөвшөөрөн маргаан үүсгэсэн нь тогтоогдож байна. Харин шүүгдэгч Г.Б ын хувьд орцонд тамхи татуулахгүй байх шаардлага тавьсан нь зөв боловч хүч хэрэглэн хүний эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл нь гэм буруутай байна.

Мөн шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохиролд 285.000 төгрөг төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч, хохирогч нар хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ.

Иймд шүүгдэгч Г.Б  нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр цохиж, өшиглөн хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирол, хор уршигийн тухайд:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Б-нд 285.000 төгрөгийн хохирол төлөгдсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч Г.Б  хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Б  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 480 нэгж буюу 480.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч улсын яллагчийн гаргасан торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байгаа илэрхийлсэн болно.

Дээр дурдсаны дагуу гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн хувьд хохирогчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, нийтийн зориулалттай орон сууцны орцонд тамхи татсан хууль бус, зохисгүй үйлдэл нөлөөлсөн гэж дүгнэлээ. 

Иймд шүүгдэгч Г.Б т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад “учруулсан хохирлыг төлсөн”, 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Г.Б , хохирогч М.Б-н нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж Г.Б т ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасныг баримталсан нь хуульд нийцжээ. 

Иймд шүүгдэгч Г.Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт улсын яллагчийн санал болгосон 480 нэгж буюу 480.000 төгрөгөөр торгох ялыг багасгаж, дээр дурдсан нөхцөл байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан үзэж хуульд заасан доод хэмжээ болох 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүх шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б  овогт Г-н Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б ыг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б  нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/ хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүsүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.МӨНХБААТАР