| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2020/0206/Э |
| Дугаар | 0236 |
| Огноо | 2020-04-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Энхбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 0236
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
улсын яллагч Б.Энхбат,
шүүгдэгч Ж.... нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж....д холбогдох эрүүгийн 2008 00588 0203 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1975 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, барилгын ажил хийдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн ...тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
Огийнхон овогт ...гийн ... /РД:.../.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ж.... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 21 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн ...тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай дагавар хүүхэд болох А....г “..ээжийгээ өмөөрлөө..” гэх шалтгаанаар уурлаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, модон сандлаар толгойн тус газарт нэг удаа цохиж, түүний эрүүл мэндэд “зулайн хуйханд шарх, хаван” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хохирогч А....гийн мэдүүлэг, гэрч О....гийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1963 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх23/, Ж....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх38-45/, шүүгдэгч Ж....гийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх49/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх60/, иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх48/ зэрэг хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Шүүгдэгч Ж....г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хохирогч А....гийн: “....2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн ...тоотод байрлах гэртээ ээж ...гийн хамт хоолоо хийж сууж байтал ээжийн хамтран амьдрагч ... гэрт согтуу орж ирсэн юм. Тэгээд ... орж ирээд манай ээж ...г энэ утас чинь асахгүй байна, чи надад ажиллахгүй утас өгсөн байна гээд манай ээж рүү дайраад хэл амаар доромжлоод байсан. Тэгээд нөгөө нокиа маркийн гар утсыг ор луу шидсэн юм. Тэгээд дахиад манай ээжийг писда гээд хараалын үг хэлээд байсан юм. Тэгэхээр нь би хажуу талаас нь “та яагаад ээж рүү дайраад хараалын үг хэлээд байгаа юм бэ” гэж хэлтэл над руу “чамд ямар хамаатай юм бэ писда минь” гэж хэлэхээр нь би “та яагаад архи ууж, согтчихоод хараалын үгээр доромжлоод байгаа юм бэ” гэж хэлтэл миний өмнөөс чамайг ална гээд босож ирсэн чинь ээж хажуугаар орж ирээд ... ахыг “чи яагаад байгаа юм бэ” гээд түлхэсэн юм. Тэгсэн ... ах дахиад босож ирээд ээжийг түлэхээд гэрт байсан улбар шар өнгийн модон сандал аваад миний толгойны дээд хэсэгт нэг удаа цохисон юм...... ах миний толгой хэсэгт улбар шар өнгийн сандлаар нэг удаа цохиж, миний биед гэмтэлд учруулсан. Өөрөөр намайг зодож, цохисон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх36-37/,
2. Гэрч О....гийн: “...манай хүү ... ...г “та яагаад ээж рүү дайраад хэл амаар доромжлоод байгаа юм бэ” гэж хэлтэл ... уурлаад манай хүү ... луу дайрахаар нь би дундуур нь ороод ...г “чи дуугүй бай” гэж хэлээд ...г ор луу түлэхэж унгаатал, ... буцаж босож ирээд улбар шар өнгийн модон сандал аваад миний хүүхдийн толгойн орой хэсэгт нэг удаа цохисон юм...” гэсэн мэдүүлэг /хх13-14/,
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1963 дугаартай шинжээчийн “...А....гийн биед зулайн хуйханд шарх, хавантай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх23/,
4. Ж.... нь 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 23 цаг 51 минутанд эрүүлжүүлэгдсэн “..согтолтын зэрэг 2% бүхэл...” талаарх баримт /хх61/,
5. Шүүгдэгч Ж....гийн яллагдагчаар өсгөн: “...Би эхнэр ...г эвдэрсэн гар утас өгч явууллаа гэж хэл амаар доромжилсон юм. Тэгсэн ... ээжийг яагаад хэл амаар доромжлоод байгаа юм бэ гэхээр нь уур хүрээд сандлаар толгой хэсэг газар руу нь нэг удаа цохисон юм...” гэсэн мэдүүлэг /хх69-70/
Гэм буруугийн дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.... нь гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.
Хэрэгт авагдсан баримтаас шүүгдэгч Ж.... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 21 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн ...тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай дагавар хүүхэд болох А....г “...ээжийгээ өмөөрлөө...” гэх шалтгаанаар уурлан модон сандлаар толгойн тус газарт нэг удаа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч А....гийн “...архи ууж, согтчихоод хараалын үгээр доромжлоод ... гэрт байсан улбар шар өнгийн модон сандал аваад миний толгойны дээд хэсэгт нэг удаа цохисон юм...” гэсэн мэдүүлэг, гэрч О....гийн “...... буцаж босож ирээд улбар шар өнгийн модон сандал аваад миний хүүхдийн толгойн орой хэсэгт нэг удаа цохисон юм...” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.... нь гэм буруугийн шууд санаатай, хууль бус үйлдлийн улмаас хохирогч А....гийн биед “... зулайн хуйханд шарх, хавантай гэмтэл ...” бүхий хөнгөн хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1963 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч...” нь хуулийн үйлчлэх хүрээнд хамаарахаар заасан. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор заажээ.
Хохирогч А.... нь шүүгдэгч Ж....гийн дагавар хүүхэд, мөн хохирогчийн төрсөн эх О.... нь шүүгдэгчтэй 3 жил хамтран амьдарч байгаа хамтын амьдрал бүхий харилцаатай байна.
Иймд хохирогч А.... болон шүүгдэгч Ж.... нар нь хамт амьдардаг, нэг гэр бүлийн гишүүд бөгөөд гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэж үзнэ.
Шүүгдэгч Ж.... нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн буюу гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлжээ.
Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Хохирогч А.... нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Ж....г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргасан болно.
Шүүгдэгч нь улсын яллагчийн дүгнэлттэй холбоотойгоор хөдөлмөр эрхэлдэг тул торгуулийн ял шийтгэж өгнө үү гэв.
Шүүгдэгч Ж....г үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Ж....гийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сандалыг устгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ...гийн ...г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж....д 500 / таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.... нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг сандалыг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ М.МӨНХБААТАР