| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2020/0236/Э |
| Дугаар | 0258 |
| Огноо | 2020-04-09 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Тунгалагтуяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 0258
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч А.Тунгалагтуяа,
шүүгдэгч Д.... нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Тунгалагтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Гатөмөрт холбогдох эрүүгийн 2008 00185 0087 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн 1975 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо ...тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
Боржигон овгийн ...ийн ... /РД:.../.
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.... нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гоо март” дэлгүүрт 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 12 цагийн орчим иргэн Д....ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг далимдуулан түүний эзэмшлийн виза картыг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч Арвайн үндэс худалдааны төв дотор байрлах Хаан банкны АТМ-ээс 600.000 /зургаан зуун мянган /төгрөг, 5.000 /таван мянган/ төгрөг тус тус уншуулан 605.000 /зургаан зуун таван мянган/ төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хохирогч О....ы мэдүүлэг /хх12-13/, түүний Хаан банкны дипозит дансны хуулга /хх6/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх20-27/, гэрч Б....гийн мэдүүлэг /хх18/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх48-51/ Д....ын мөрдөн байцалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /59-60/, шүүгдэгч Д....ийн мөнгө хүлээлгэн өгсөн, хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх39-40/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх29/, оршин суугаа хаягийн тодорхойлолт, тээврийн хэрэгсэлийн гэрчилгээний хуулбар /хх35/, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй талаарх лавлагаа /хх53/ шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан холбогдох баримтууд, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримт зэргийг шинжлэн судлав.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Шүүгдэгч Д....ийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хохирогч О....ы “...2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өглөөний 08 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны арын замаас такси барьж суусан. Цэргийн хотхонд байдаг найз ...ын гэрт орохдоо 0.33 граммын хараа архи, шпрод аваад таксины жолоочтой хамт ороход согтуу байсан болохоор эргээд гарсан. Би таксины жолоочийг 5 шар руу хүргээд өг гээд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гоо март” дэлгүүрт орж архи авах гээд зогсож байтал таксины жолооч араас орж ирээд 0.75 литрийн архи авч өгөхдөө миний картыг аваад пин кодыг надаас асуусан шиг санагдаж байна. ...Би тухайн үед согтуу байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна. Нэг ухаан ортол хорооны цагдаа дээр ирсэн байсан. Намайг цагдаа дээр байхад миний утсанд бэлэн мөнгөний зарлага гарсан талаар мессеж ирсэн би гайхаад хартал 600.000 төгрөг, 5.000 төгрөгний зарлага гарсан. Би тухайн өдөр АТМ-ээс 100.000 төгрөг картнаасаа авсан байсан. Үүнээсээ таксины жолоочид мөнгө өгсөн. Би хохирлын мөнгө 605.000 /зургаан зуун таван мянган/ төгрөг авчих юм бол гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг /хх12-13/
2. Хохирогч О....ы Хаан банкны дипозит дансны хуулгаас “2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 600.000 төгрөг, 5.000 төгрөгний гүйлгээ хийсэнг” тодруулжээ. /хх6/
3. Камерын бичлэгт үзлэг хийсэн “18 дугаар хорооны байранд байрлуулсан төв сервиртэй хяналтын камерт...2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 11:55:30 секундэд саарал өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр баруун талын уулзвараас орж ирж байгаа... машинаас хохирогч О.... нь буугаад Гоо март дэлгүүрийн зүг алхаж байгаа... О....ыг буулгасан ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч зогсоол дээр машинаа байрлуулан машинаас бууж ... Гоо март дэлгүүр рүү алхаж байгаа...” тэмдэглэл /хх20-27/
4. Гэрч Б....гийн “...Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гоо март” дэлгүүрт 1 сар худалдагч хийж байна. 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 11 цагийн орчим нэг согтуу ах орж ирээд үүдэнд зогсоод байхаар нь ахаа юмаа авахгүй бол гараараа гэсэн чинь юу ч ярихгүй зогсоод байсан. Тэгтэл гаднаас хамт явж байгаа бололтой нэг ах орж ирээд 0.75 литрийн ерөөл архи авч өгсөн бөгөөд анх орж ирсэн ах картныхаа дугаарыг маш чангаар хэлсэн. Хэн картыг авч гарсныг санахгүй байна. Тэр хоёрыг хүмүүст саад болоод байсныг санаж байна...” гэсэн мэдүүлэг /хх18/
5. Камерын бичлэгт үзлэг хийсэн “...яллагдагч Д....ийн Хаан банкны АТМ-ээс гүйлгээ хийсэн тухай...” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх48-51/
6. Шүүгдэгч Д....ын мөрдөн байцалтын шатанд яллагдагчаар өгсөн “...Би таксинд суусан согтуу хүний картыг авахад кодоо хэлсэн болохоор 1 шил архи уншуулж авч өгчихөөд картыг өгөхгүй 5 шар дээр найзынх нь гадаа буулгасан. Арвайн үндэс худалдааны төвийн АТМ-ээс 5.000 төгрөг, 600.000 төгрөг нийт 605.000 төгрөг уншуулж авсан. Би мөнгийг зарцуулж чадаагүй байсан болохоор төлбөрийг барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх59-60/
7. Мөрдөгчийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хохирогч О....д мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх39/
Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Д....:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.... нь гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан нотлох баримтууд, талуудын тайлбарт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Д.... нь 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хувиараа такси үйлчилгээнд яван хохирогч О....д үйлчилж байхдаа Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гоо март” хүнсний дэлгүүрт даган орсон.
Хохирогч нилээд согтуу байсан тул шүүгдэгч Д.... нь түүний тооцоог хийлцсэн буюу хохирогч виза картны нууц дугаараа худалдагчид хэлэхийг мэдэж аван, картыг хохирогчид өгөлгүйгээр авч, картнаас 605.000 төгрөгийг авсан үйл баримт тогтоогдлоо.
Энэ нь хохирогч О....ы “...“Гоо март” дэлгүүрт орж архи авах гээд зогсож байтал таксины жолооч араас орж ирээд 0.75 литрийн архи авч өгөхдөө миний картыг аваад пин кодыг надаас асуусан шиг санагдаж байна...”, гэрч Б....гийн “...нэг согтуу ах орж ирээд үүдэнд зогсоод ...Тэгтэл гаднаас хамт явж байгаа бололтой нэг ах орж ирээд 0.75 литрийн ерөөл архи авч өгсөн бөгөөд анх орж ирсэн ах картныхаа дугаарыг маш чангаар хэлсэн...” гэсэн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн “...машинаас хохирогч О.... нь буугаад “Гоо март” дэлгүүрийн зүг алхаж байгаа... жолооч зогсоол дээр машинаа байрлуулан машинаас бууж ... Гоо март дэлгүүр рүү алхаж байгаа...” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нь нотлох баримт нь дээрх үйл баримттай тохирч байна.
Мөн шүүгдэгч Д.... нь хохирогч О....ы виза картыг нууцаар, хууль бусаар авч Арвайн үндэс худалдааны төв дотор байрлах Хаан банкны АТМ-ээс 600.000 төгрөг, 5.000 төгрөг тус тус уншуулан нийт 605.000 төгрөг авсан болох нь хохирогч О....ы хаан банкны дансны хуулга, АТМ-ээс мөнгө авч байгаа талаарх камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт шүүгдэгч Д....ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй, хохирогчийн согтуу байдлыг ашиглан виза картыг авч, картыг ашиглан АТМ-ээс мөнгө авсан нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, мөнгийг авсанаар гэмт хэрэг төгссөн байна. Өөрөөр хэлбэл хохирогчийн хувьд банкны виза картаа шүүгдэгчид шилжүүлээгүй, согтсон байдлыг ашиглан банкны картыг буцаан өгөөгүй нь эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах объектив талын шинжийг хангаж байна гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Д....ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Шүүгдэгч Д.... нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан 605.000 төгрөгийг эргүүлэн өгсөн, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй байна.
Иймд шүүгдэгчийг хохирлыг биет байдлаар нь нөхөн төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Д....т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал, дүгнэлт гаргасан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүнийг арилгасан байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.
Шүүгдэгч Д.... нь хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” гэсэн нөхцөлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь Д.... нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, одоогоор хөдөлмөр эрхлэхгүй байгаа нөхцөл байдлыг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр хуульд заасан ялын сонголтод төрөл болох нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ...ийн ...ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д....т 360 /гурван зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР