Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жаргалсайханы Оюунтунгалаг |
Хэргийн индекс | 102/2016/05940/И |
Дугаар | 1860 |
Огноо | 2016-11-11 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 1860
ХХХХ ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2016/05230 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ХХХХ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ХХХХ-д холбогдох,
49 860 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн
Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: ХХХХ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ХХХХ
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.
Нэхэмжлэгч ХХХХ ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХХХ ХХК нь 2015 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ХХХХ ХК-тай авто замын гүүр, хоолойн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж мөн оны 10 дугаар сарын 10-ны өдөр ажлыг хүлээлгэн өгсөн. Гэрээнд зааснаар ажил дууссан тохиолдолд хөлсийг саадгүй төлөх үүрэгтэй байсан боловч өнөөдрийг хүртэл үлдэгдэл санхүүжилт олгогдоогүй. Оны эцсээр ХХХХ ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчтой тооцоо нийлсэн акт үйлдэж өглөг авлагын дүнгээ тохирон баталгаажуулсан. Бид энэ ажлыг хийж гүйцэтгэхдээ өөрсдийн нөөц бололцоогоо дайчлах, бусдаас зээл авах, машин тэргээ барьцаанд тавих зэргээр бололцоотой бүх арга хэмжээг авч дуусгасан. Одоогийн байдлаар хүмүүсийн цалинг гүйцэт олгоогүй, барьцаанд тавьсан автомашинаа авч чадахгүй хүү, алданги төлж байна. Иймд хариуцагч ХХХХ ХК-иас гэрээний төлбөрт 44 060 000 төгрөг, ломбарданд тавьсан автомашины зээлийн хүүд төлсөн 5 800 000 төгрөг, нийт 49 860 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ХХХХ ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ХХХХ ХК нь ХХХХ ХХК-тай 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулан Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 км автозамын барилгын ажлыг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор ашиглалтад өгөхөөр тохиролцон уг ажлыг гүйцэтгэсэн. Тус автозамын 3 ширхэг ус зайлуулах хоолойн ажлыг гүйцэтгүүлэхээр ХХХХ ХХК-тай 2015 оны 07 дугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулан туслан гүйцэтгэгчээр ажиллуулсан бөгөөд гэрээний хугацаа 2015 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаатай байсан. Энэ ажлыг эхлүүлэхэд ХХХХ ХХК нь өөрийн хөрөнгөөр материал, ажиллах хүч, техникийг гаргаж ажил дууссаны дараа санхүүжилт хийхээр тохиролцсон. 2015 оны 08 дугаар сарын 02-ны өдөр нэмэлт гэрээ байгуулан үлдэгдэл 3 хоолойг хийхээр тохиролцсон ба уг ажилд зарцуулах материалын хангалтыг манай компани хариуцахаар болж хугацаанд нь нийлүүлэлсэн. Мөн шаардлагатай техник, материалыг нэмэлтээр хангасан зардлаа манай компани суутган тооцоогүй. Манай компанийн замын үлдэгдэл санхүүжилт одоо болтол бүрэн төлөгдөж дуусаагүй гүйцэтгэгчээс мөнгө орж ирээгүй байна. Учир нь ХХХХ ХХК-ийн хариуцсан хоолойн ажил цаг хугацаандаа хийгдээгүйгээс замын хучилтын ажил оройтож технологийн зөрчил гарснаас болж санхүүжилт хойшлогдон манай компани алдагдалд орсон. Бид замаа хүлээлгэж өгөн үлдэгдэл санхүүжилтээ авахын тулд 2016 оны 06 дугаар сард дахин хучилтын ажлыг хийсэн нь манай компаний хувьд ч дахин алдагдалд орсон. Үүний улмаас бид ХХХХ ХХК-иас гадна материал техникээр хамтран ажилласан бусад байгууллагуудад хүртэл төлбөрийг бүрэн төлж дуусаагүй байгааг удаа дараа тайлбарлаж байгаа. Бид гүйцэтгэгчээс санхүүжилт орсон үед ХХХХ ХХК болон бусад өглөгтэй компаниудын төлбөрийг боломжоороо төлж барагдуулж байгаа болно. ХХХХ ХХК-тай тооцоо нийлсэн актыг үндэслэн төлбөр тооцоогоо барагдуулах тул бусад гарсан зардал манай компанид хамааралгүй гэжээ.
Шүүх: Иргэний Хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ХХХХ ХК-иас 44 060 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХХХ ХХК-д олгож, үлдэх 5 800 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407 250 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ХХХХ ХК-иас 378 250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХХХ ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ХХХХ ХХК-ийн захирал ХХХХ, ХХХХ ХХК-ийн захирал ХХХХ нарын 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан хэлцлээр 2015 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн авто замын гүүр, хоолойн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрт ХХХХ ХК 34 843 870 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байсныг шүүх шийдвэрлэсэнгүй. Манай компани 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ХХХХ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, захирал ХХХХыг ажилд томилсон тушаалын хуулбарыг гаргуулах тухай хүсэлт болон ХХХХ ХХК-иас 12 325 040 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүх хүсэлтийг хангаагүй, сөрөг нэхэмжлэлийг хэлэлцэлгүй орхисон байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Хэргийн оролцогчдын зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт зааснаар талууд эвлэрснийг баталгаажуулсан, талуудын төлөөлөгчдийн гарын үсэг бүхий эвлэрлийн гэрээг шүүхэд гаргасныг давж заалдах шатны шүүхээс батлан шийдвэрлэх боломжтой байна.
Нэхэмжлэгч ХХХХ ХХК нь хариуцагч ХХХХ-д холбогдуулан гэрээний төлбөрт 44 060 000 төгрөг, ломбарданд тавьсан автомашины зээлийн хүүд төлсөн 5 800 000 төгрөг, нийт 49 860 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч компанитай хийсэн тооцоо нийлсэн актыг үндэслэн төлбөр тооцоогоо барагдуулах тул бусад гарсан зардал манай компанид хамааралгүй гэж маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний төлбөрт 44 060 000 төгрөг гаргуулах хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч давж заалдах шатны шүүхэд зохигчид дараахь нөхцөлөөр эвлэрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргажээ.
Зохигчдын шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээнд 44 060 000 төгрөгийг төлөхийг хариуцагч зөвшөөрч байна гээд эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурсан нь Монгол Улсын хууль тогтоомжоор хориглосон агуулгагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байх тул талуудын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй тул талуудын эвлэрлийг шүүхээс батлах боломжтой юм.
Мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасны дараа зохигчид эвлэрэн хэлэлцсэн бол анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоход улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгодоггүй болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2016/05230 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч ХХХХ ХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 44 060 000 төгрөгийг нэхэмжлэгч ХХХХ ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрч, зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 378 250 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ