Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 936

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц.Б ,

Хариуцагч: Хот, суурины ус хангамж, ариутгах татуурга ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл,

Гуравдагч этгээд: “А” ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: Хот, суурины ус хангамж, ариутгах татуурга ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн № 00164 дүгээр “А” ХХК-нд олгосон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах тухай,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э, Л.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

”.. Манай Алтанбулаг сум нь 64 айлтай 6-н орон сууцтай. Манай оршин суугч нарын эрх ашиг 2007 оноос хойш зөрчигдсөн. Хот, суурины ус хангамж, ариутгах татуурга ашиглалт, үйлчилгээг зохицуулах газраас мэргэжилтэн бодит байдал дээр ирж нөхцөл байдлыг харсан. Тэр үеэс эхлэн оршин суугчид ганц, нэгээрээ энэ асуудлын талаар хөөцөлдсөн ч шийдвэрлэж өгөхгүй байсаар зургаан жил орох оронгүй амьдарч байна. Уг асуудлыг төрийн бодлогоор зохицуулдаг яам, салбар зөвлөл, агентлагтай байсаар байтал авч хэлэлцдэггүй. Энэ нь төрийн бодлогын алдаа юм уу? Төрийн бодлогыг гуйвуулж хэрэглэдэг төрийн төлөөллүүдийн алдаа юм уу? Үүнийг тодруулж, нотлох гэж 6 жил хөөцөлдөж байна. Төрийн байгууллагын албан тушаалтан нь тодорхой нэг байгууллагатай хуйвалдсан байхад асуудал маш хүнд болдог. Энгийн нэг ухамсартай хувийн компани байсан бол бид гудамжинд гарсан оройдоо л асуудал шийдэгдэх байсан. Бид нар энэ асуудлаар аймагтаа хандаад шийдвэрлэгдэхгүй болохоор Улаанбаатар хот орж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрчим хүчний зохицуулах хороо, Хот, суурины ус хангамж, ариутгах татуурга ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд албан шаардлагаа өгсөн. Хот, суурины ус хангамж, ариутгах татуурга ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн үүдэнд 5 хоног сахисны үр дүнд 2013 онд Хот, суурины ус хангамж, ариутгах татуурга ашиглалт, үйлчилгээг зохицуулах газраас бодит нөхцөл байдал дээр үзлэг хийгээд “А*******” ХХК нь цэвэр ус түгээх, бохир ус татах тусгай зөвшөөрөлгүй, үйл ажиллагаа эрхлэх эрхгүй компани байсан нь тогтоогдсон.

 Мөн аймгийн болон Улсын онцгой байдлын комиссоос оршин суугчдын нөхцөл маш хүнд “гамшгийн хэмжээнд хүрсэн байна” гэж тодорхойлоод яаралтай арга хэмжээ авах тухай онцгой байдал зарласан хурлын тэмдэглэл нь байгаа. 2014 онд дахин гомдол гаргаад “энэ гомдлыг минь газар дээр нь шийдвэрлэж өгөөч ээ, бидний нөхцөл байдал дордож эхнээсээ оршин суугчид нь өвдөх нь өвдөөд, үхэх нь үхэж байна” гэсэн албан шаардлага тавьснаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуурга ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн газраас Ш.Э нөхцөл байдал дээр ирж үзсэн. Мэргэжлийн хүн гэлтгүй энгийн хүний нүдээр харахад л ойлгомжтой хүнд хэцүү нөхцөлтэй байгаа. “А*******” ХХК-д албан шаардлага өгсөн ч арга хэмжээ аваагүй, одоог хүртэл тэр хэвээр, цэвэр усаа хувингаар зөөж, бохироо орой нь хувингаар зөөж асгадаг ийм байдалтай амьдарч байна. Гэтэл бид олон удаа албан шаардлагаа бичиж өгч байхад арга хэмжээ авч өгөөгүй, бидэнд мэдэгдэлгүй, 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 164 тоот албан бичгээр тусгай зөвшөөрөл олгосон байсан.

Энэ талаар цагдаагийн байгууллагад хандахад тусгай зөвшөөрлийн дагуу явуулах үйл ажиллагааг дур мэдэн эрхэлсэн болно гэсэн заалтаар эрүүгийн хэрэг үүсгээд урьдчилан шийдвэрлүүлсэн шийдвэр дээр үндэслэн шийдвэрлэнэ гээд түр татгалзсан хариу ирүүлсэн. Ийм зальтай арга хэрэглэж бидний үндсэн эрхийг зөрчиж байгаад гомдолтой байна. Бүхэл бүтэн сумыг гамшгийн хэмжээнд хүргэсэн ийм хариуцлагагүй “А*******” ХХК-д ямар хууль, журмаар тусгай зөвшөөрөл өгснийг лавлаж, тодруулах гэж бид гомдол гаргасан. Хот, суурины ус хангамж, ариутгах татуурга ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн газраас тусгай зөвшөөрөл өгснийхөө хувьд, төрийн бодлого хэрэгжүүлдэг байгууллагын хувьд сэтгэл гаргаж нэг ч удаа шалгаагүй. Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандсанаар тэндээс бодит байдал дээр очиж үзлэг хийж маш хүнд нөхцөлтэй байгааг тогтоож албан шаардлага бичсэн. Энэ асуудал нь төрийн бодлогоор зохицуулагддаг. Гэтэл ямар төрийн бодлогоор зохицуулагдаж байгаа үйл ажиллагаа нь иргэдэд ийм дарамт болж, амьдралыг нь хүнд нөхцөлд оруулж байдаг юм бэ. Тиймээс энэ тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож өгнө үү.

 “А*******” ХХК нь үйл ажиллагаа эрхлэх эрхийг Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д заасны дагуу тусгай зөвшөөрөл явуулах үйл ажиллагааг тусгай зөвшөөрөл авсан өдрөөс Улсын бүртгэлд бүртгүүлснээр эрх үүсэж, бүртгэлийн хугацаа дууссанаар эрх дуусгавар болдог гэж зааснаар “А*******” ХХК одоо ч ийм үйл ажиллагаа эрхлэх эрх үүсээгүй байгаа. Бид нарын байрыг ийм болгосон компанийг төрийн төлөөлөл гэдгээрээ иргэдээ харж үзээч гэж хэлмээр байна 10 жил гомдол гаргаж явж байхад ядаж нэг ч айлын нойлын бөглөрөл гаргаж өгөөгүй. Подволоор нэг бохироор дүүрээд гэрт маань 00 урсаж, үнэртээд, цэвэр усаа хувингаар зөөж аваад бохироо орой түмпэнгээр зөөж гаргадаг ийм нөхцөл байдалд амьдарч байгаа учраас манай “Шинэ байр” СӨХ “А*******” ХХК-тай гэрээ байгуулахгүй.

 Мэргэжлийн чадамж бүхий байгууллагуудын хооронд тендерээр тусгай зөвшөөрөл олгоно гэсэн хуулийн заалт яагаад хэрэгжихгүй заавал давуу эрхээр, таслагдаж тоногдсон хуучин барилга авсан компанид тусгай зөвшөөрөл олгоод байгаа юм бэ? Хот, суурины ус хангамж, ариутгах татуурга ашиглалт, үйлчилгээг зохицуулах  хороо нь нөхцөл байдалтай танилцаад иргэдийг ийм байдалд амьдруулж болохгүй гэсэн байж.  Хот, суурины ус хангамж, ариутгах татуурга ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороо яагаад ахиж ийм нөхцөл байдалтай амьдар гээд байгааг ойлгохгүй байна. Ийм газар тендергүйгээр тусгай зөвшөөрөл өгсөнд гомдож байна. Тиймээс тусгай зөвшөөрөл хүчингүй болгуулах хүсэлт тавьж байна.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Хот, суурины ус хангамж, ариутгах татуурга ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл нь хот, суурины ус хангамж, ариутгах, ашиглах тухай хуулийн дагуу Засгийн газрын тогтоолоор бүтэц орон тоо батлагдаж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Манай байгууллага нь төрийн байгууллагын хувьд нийтийн эрх ашгийг хамгаалж, хангах үүднээс үйл ажиллагаагаа явуулдаг. Аж ахуй үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 14.5-т  зааснаар нийтийн эрх ашгийн хүрээнд үйл ажиллагаа явуулахад тусгай зөвшөөрөл олгодог. Хот, суурины ус хангамж, ариутгах татуурга ашиглах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д ус хангамж, ариутгах татуурга шинээр барьж байгуулах, засвар үйлчилгээ эрхлэх тохиолдолд Хот, суурины ус хангамж, ариутгах татуурга ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл нь тусгай зөвшөөрөл өгнө гэж заасан. Энэхүү тусгай зөвшөөрлийг хэн дуртай нь аваад байдаг зүйл биш юм. Тусгай зөвшөөрөл авахын тулд түүний нөхцөл шаардлагыг хангасан байж тусгай зөвшөөрлийнхөө эрхийг авдаг. Сэлэнгэ Аймгийн Алтанбулаг сумын 64 айлын орон сууцны оршин суугчид нь “А*******” ХХК-г тусгай зөвшөөрөл авахаас өмнө 2014 онд гомдол гаргаж ирсэн. 2014 онд миний бие удирдамжийнхаа дагуу газар дээр нь очиж танилцаж байсан. Үүний дагуу “А*******” ХХК-нд шаардлага тавихад хууль зүйн үндэслэлгүй байсан учраас тусгай зөвшөөрлийг нь олгох боломжгүй байсан.

Оршин суугчдын эрх ашиг хөндөгдөж ирэхэд манай хуулиар зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг авч хэлэлцдэг. Гэтэл манайхаас тусгай зөвшөөрөлгүй этгээдтэй хариуцлага тооцох гэхээр ямар ч хууль эрх зүйн үндэслэл байхгүй. Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг удаа дараа тавьж байсны үндсэн дээр нөхцөл, шаардлагыг хангаж 2015 онд албан ёсоор “А*******” ХХК-д тусгай зөвшөөрлийг нь олгосон. Тусгай зөвшөөрөл өгсний цаад утга нь иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахын тулд тусгай зөвшөөрөл эзэмшигч болохоор нь шаардлага тавих эрх үүсэх юм. Тусгай зөвшөөрлийг олгоход гол түлхэц болсон зүйл нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэд бүтэц хариуцсан газар, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга нараас ““А*******” ХХК-д тусгай зөвшөөрөл олгоно уу” гэж хандсан байдаг. Маргааны эх үүсвэр болж байгаа гол асуудал нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын 2015 оны өмч ашиглуулах зөвшөөрөл олгосон тогтоол байдаг. Оршин суугч иргэдээс удаа дараа гомдол ирснээс хамгийн сүүлд 2017 онд ирсний дагуу “А*******” ХХК-д хууль ёсны тусгай шаардлагыг тавьсан. Энэ хариу нь 2017 оны 06 дугаар сарын 20-ний өдөр ирэх байсан боловч ирээгүй.

Иргэн оршин суугчдын төлөөллөөс ирсэн гомдлууд нь “А*******” ХХК-н тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах манай нөхцөл шаардлага болон хуулийн заалтыг хангасан хангалттай нотлох баримт ирээгүй. Тиймээс тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоогүй. Хуулийн дагуу албан шаардлага тавьсан байгаа. “А*******” ХХК тусгай зөвшөөрөлтэй байгаа нь хариуцлага тооцох үндэс суурь нь юм гэдгийг анхаарах хэрэгтэй. Зөвшөөрлийг ямар нэгэн байдлаар хүчингүй болголоо гэж бодоход зөрчигдөж байгаа эрх, ашгаа хэнээр хамгаалуулах нь бүрхэг. Хот, суурины ус хангамж, ариутгах татуурга ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс Сэлэнгэ аймгийн төвд байдаг буюу Алтанбулагаас 24 км гаруй зайтай орших Урсгал ус компанийн удирдлагуудтай уулзсан. Тэд нар нэхэмжлэгч талын нөхцөл байдалд засвар үйлчилгээ хангалттай сайн хийсэн. Зардал маш их гарч байгаа учир хариуцаж явж дийлэхгүй гэсэн хариу хэлсэн.

Тиймээс ямар нэг хариуцлага тооцох байгууллагатай болгохын үүднээс манайд тусгай зөвшөөрөл олгоход аймгийн Засаг даргаас дэмжлэг үзүүлсэн. 2017 оны Улсын байцаагчийн дүгнэлт байна. Хэрэв нөхцөл шаардлагыг “А*******” ХХК хангахгүй байна гэсэн хангалтай нотлох баримт ирэх юм бол шүүхээр гэлтгүй бид нар хүчингүй болгож болно.

Бид нар төрийн эрх үүргийн дагуу ажиллаж байгаагийн хувьд нийтийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй тэр зарчмаараа ажилладаг. Тиймээс тусгай зөвшөөрөл хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...“А*******” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохдоо Хот, суурины ус хангамж, ариутгах татуурга ашиглалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т зааснаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр ашиглалт үйлчилгээ явуулах боломжтой байдаг. Тиймээс Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын 2015 оны 05 тоот тогтоол, Сэлэнгэ аймгийн орон нутгийн өмчийн албаны газраас манай Хот, суурины ус хангамж, ариутгах татуурга ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд ирүүлсэн 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 78 дугаар албан тоот ашиглалтын гэрээгээр энэхүү байгууламжийг авч үйл ажиллагаа явуулахаар тусгай зөвшөөрлийг авсан юм.

Мөн иргэн Ц.Б  нь оршин суугчдын хамт ирж өргөдөл өгсний дагуу миний бие тухайн нөхцөл байдал дээр очиж судалж танилцсан. Иргэн Ц.Б , “А*******” ХХК-н захирал Т.Батсайхан нарийн хоорондын маргаан, үл ойлголцол 2013 оноос одоог хүртэл явсан байдаг. Манай Хот, суурины ус хангамж, ариутгах татуурга ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйлд хангагч хэрэглэгчийн хооронд гэрээ байгуулах заалт байдаг. Тус гэрээн дээр заагдсан эрх, үүргийн талаар шаардлага тавьж хариуцлага тооцох гэхээр хоёр тал маань ашиглалтын гэрээ байгуулаагүй, эрх үүрэг үүсээгүй байдаг. “А*******” ХХК-д шаардлага тавихлаар миний харилцан тохиролцсон хэрэглэгч биш, өөрсдөө өргөтгөлийн барилга бариад тэрэндээ цайны газар ажиллуулж тос, өөх гараад бохирдуулдаг, мөн ашиглалтын гэрээ байхгүй, усны төлбөр, тооцоо байхгүй гэхчлэн ямар нэг эрх үүсээгүй дээрээсээ энэ маргаан нь үргэлжилж яваад байдаг.

Хэрвээ энэ эрх үүргээ хэрэгжүүлээд гэрээгээ байгуулаад явсан бол өнөөдөр арай өөр байх байсан байх. Үүний дагуу “А*******” ХХК-д гэрээ байгуулах шаардлага тавьсан. 2 дугаар байрны подволд үнэхээр бохир гоожиж байсныг гаргалгааны шугам дээр бөглөрөлтэй байгааг тодорхойлж, үүний улмаас подволд бохир гарсан байна гэж үзэж “А*******” ХХК-д шаардлага тавьсан.” Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын хүрээнд төрийн байгууллагаас авсан энэ үйл ажиллагаагаа ханган ажиллахад нь туслахын тулд яах вэ гэхээр хууль ёсны гэрээгээ байгуулаад гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй  тохиолдолд хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна гэж бид нарт хандах, бид нар тэр байгууллагатай хариуцлага тооцуулахаар ажиллах боломжтой.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Хариуцагчийн хариу тайлбарыг дэмжиж байна. Хот, суурины ус хангамж, ариутгах татуурга ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн тусгай зөвшөөрөл авсантай холбоотой нэхэмжлэгчийн ямар эрх зөрчигдсөн нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн төлөөлөгч эсвэл оршин суугч иргэдийн төлөөлөгч, иргэн хүний хувиар нэхэмжлэл гаргасан нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч гудамжинд гарсан гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Хэрэв үнэхээр гудамжинд гарсан бол өөр арга хэмжээ авах, зөрчигдсөн эрхийг нь хамгаалах байгууллага байгаа байх. Мөн өөрөө байраа өргөтгөөд дэлгүүр, зоогийн газар ажиллуулж дэлгүүр, зоогийн газрын ус, дулааныг өөрөө дур мэдээд холбочихдог. Үүний зардал мөнгө гэж нэг ч төгрөг төлдөггүй бас гэрээ байгуулдаггүйгээс үүдсэн маргаантай байдаг.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуурга ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн тусгай зөвшөөрөл нь нэхэмжлэгчийн ямар эрх, ашгийг зөрчөөд байна вэ гэдэг талаар тодорхойгүй мөн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Нэхэмжлэгч нь иргэний хувиар нэхэмжлэл гаргаж байгаа бол ямар эрх зөрчигдөөд, ямар эрхээ сэргээлгэх гээд байгаа нь тодорхой биш. Оршин суугчдаа төлөөлж нэхэмжлэл гаргасан бол 64 айлын юу нь зөрчигдөн, Сууц өмчлөгчдийн холбооны Тэргүүлэгчийн үүднээс нэхэмжлэл гаргасан бол итгэмжлэл олгосон нотлох баримт ирээгүй байна. Сууц өмчлөгчдийн холбооны дүрэм дээр Сууц өмчлөгчдийн холбооны даргыг олонхын шийдвэрээр сонгоно гэсэн байдаг.

 Харин нэхэмжлэгч Ц.Б г сонгосон байдал нь шаардлагад нийцэхгүй байна. Сууц өмчлөгчдийн холбооны дүрэм нь хуульд заасан заалттай нийцэхгүй байна. Сууц өмчлөгчдийн холбоо гэж хэнийг хэлэх вэ гэхээр сууц өмчлөгчдийн холбоо гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог хэлнэ гэж заасан. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл, шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэрэгсэхгүй болгож өгнө үү.” Эрх зүйн чадвар чадамжийн хувьд тодорхойгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй. Тусгай зөвшөөрлөөс болж хэний, ямар эрх, ашиг яаж зөрчигдөөд байгаа нь тодорхой бус. Өнөөдрийн байдлаар бохир нь гудамжинд хальж гарсан юм байхгүй. Мөн өөрөөс шалтгаалах зүйлээ хийх ёстойг хариуцагч тал тодорхой тайлбарлалаа. Тусгай зөвшөөрөл хүчингүй болгуулах гэхээр өөр өрсөлдөх компани байхгүй. “А*******” ХХК нь зөвхөн 64 айлын орон сууц биш Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын цэцэрлэг сургууль, бүх нийтэд нь цэвэр, бохир усыг нь өгч, дулааны шугамаар халааж, бохир зайлуулах бүх ажиллагааг энэ байгууллага хийдэг. Байгууллагын үйл ажиллагаа сайжирч байгаа. Харин хүний нөөц боловсон хүчний байдал нь асуудалтай байдаг.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах эрх, эрх зүйн байдлын талаар тодруулахад

1.       “Шинэ байр” СӨХ-ны удирдах зөвлөлийн даргын хувьд,

2.       Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багт байрлах 1-6 дугаар байрны оршин суугч 34 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд,

3.       Тус байрны оршин суугчийн хувьд тус тус нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-д удирдах зөвлөлийн даргын эрх, үүргийг хуульчилсан байх бөгөөд тус хуулийн 10.10.7-д “энэ хуулийн 12.6-д заасан асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.6-д “Гүйцэтгэх захирал холбооны эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаарх бүх гишүүдийн болон удирдах зөвлөлийн хурлаас тогтоосон эрхээ хэтрүүлэх буюу урвуулан ашиглах зэрэг үйл ажиллагаанаас холбоонд хохирол учруулсан бол уг хохирлыг өөрийн хувийн өмчийн эд хөрөнгөөр барагдуулна” гэж тус тус заажээ.

Хууль тогтоогчоос сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн даргын шүүхэд нэхэмжлэл гаргах эрх зүйн харилцааг нарийвчлан хуульчилсан байх бөгөөд Ц.Б  нь “Шинэ байр” СӨХ-ны удирдах зөвлөлийн даргын хувьд тус шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Эрх зүйн чадамж бүхий хүн шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөө оролцуулна” гээд мөн хуулийн 27.4-д итгэмжлэлд тавигдах шаардлагыг хуульчилжээ.

Иргэн Ц.Б  нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багт байрлах 1-6 дугаар байрны оршин суугч 34 иргэнийг төлөөлж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан гээд 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Шинэ байр” СӨХ-ны удирдах зөвлөлийн тайлангийн хурлын тэмдэглэлийг хавсаргаж ирүүлсэн байх боловч дээрх нэр бүхий 34 иргэнээс Ц.Б д итгэмжлэл олгоогүй байх тул түүнийг дээрх нэр бүхий иргэдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах боломжгүй байна.

Харин иргэн Ц.Б  нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багт байрлах 1-6 дугаар 64 айлын орон сууцны 2 дугаар байрны оршин суудаг болох нь тус сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн № 632 тоот албан бичигт хавсаргаж ирүүлсэн багийн Иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тэмдэглэл, төрийн эрх бүхий байгууллагуудад хандсан баримтуудаар нотлогдож байх тул түүнийг нэхэмжлэгчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №  05 дугаар “өмч ашиглуулахыг зөвшөөрөх тухай” тогтоолоор  нийт 9 нэр төрлийн хөрөнгийг гуравдагч этгээд “А” ХХК-нд гэрээгээр хариуцуулан ашиглуулахыг зөвшөөрч, 2015 оны 07 дугаар сарын 06, 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нийтийн зориулалттай орон нутгийн өмчийг ашиглах гэрээ  байгуулжээ.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн № 56 дугаар тогтоолоор  гуравдагч этгээд “А” ХХК-нд ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэж, мөн өдөр № 00164 дүгээр тусгай зөвшөөрлийг  3 жилийн хугацаатайгаар олгожээ.

Нэхэмжлэгчээс “2007-2015 оныг хүртэл гуравдагч этгээд нь тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан, бидний амьдарч буй орон байрыг жорлон шиг болгож, их хэмжээний хохирол учруулсан”  гэж, хариуцагчаас “тухайн суманд гуравдагч этгээдээс өөр тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байхгүй, тусгай зөвшөөрөлтэй байснаар бид хэрэглэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үндэслэл бүрдэж байгаа” гэж, гуравдагч этгээдээс “сумын төвийн бүх төрийн байгууллага, аж ахуйн нэгж, эмнэлэг, сургууль зэрэг байгууллагуудтай цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ байгуулан ажилладаг, эдгээр айл өрхүүд нь гэрээ байгуулаагүй” гэж тус тус маргажээ.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “энэ хуулийн 12.1-д заасан тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбогдсон харилцааг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу зохицуулна” гэж заасан байх бөгөөд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл” /цаашид “тусгай зөвшөөрөл” гэх/-гэж тодорхой төрлийн аж ахуйн үйл ажиллагааг тогтоосон хугацаа, нөхцөл, шаардлагын дагуу эрхлэн явуулах эрхийг иргэн, ашгийн ба ашгийн бус хуулийн этгээдэд эрх бүхий байгууллагаас олгосон албан ёсны баримт бичгийг” хэлнэ гэжээ.

“А” ХХК нь 2005 онд үүсгэн байгуулагдаж, 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр дулаан үйлдвэрлэл, дулаан түгээх чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн болох нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн № 12/8595 тоот албан бичгээр ирүүлсэн гуравдагч этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаагаар  нотолж байна. 

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д “Энэ хуулийн 12.1-д заасан дараах үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгоно” гээд мөн хуулийн 12.2.1-12.2.14 хүртэл тусгай зөвшөөрлийн төрлүүдийг хуульчилсан байх бөгөөд гуравдагч этгээдийн эрхэлж буй үйл ажиллагаа нь дээрх тусгай зөвшөөрлийн төрлүүд хамаарахааргүй байгаа хэдий ч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь нэхэмжлэгчээс тухайн тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэсэн акт болон гэрээтэй маргаагүй, зөвхөн уг шийдвэрийг үндэслэж гарсан Хот, суурины ус хангамж, ариутгах татуурга ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн № 00164 дүгээр “А” ХХК-нд олгосон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах маргаж байгаа нь ойлгомжгүй байх бөгөөд анх тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэсэн захиргааны актуудын үйлчлэлийг зогсоохгүйгээр дан ганц № 00164 дүгээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй юм.

Нөгөөтэйгүүр хуулийн этгээд нь эрхэлж буй үйл ажиллагааныхаа хүрээнд эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл авах үүрэгтэй бөгөөд гуравдагч этгээд тусгай зөвшөөрөлтэй байснаараа нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, харин ч эрх бүхий байгууллагын зүгээс хэрэглэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахаар хууль тогтоомжийн хүрээнд хяналт тавих, албан шаардлага хүргүүлэх, хариуцлага тооцох нөхцөл бүрдэхээр байна.

Өөрөөр хэлбэл маргаан бүхий тусгай зөвшөөрөл нь нэхэмжлэгчийн хувьд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-д заасан эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт байна.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “Энэ хуулийн 12.1-д заасан тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбогдсон харилцааг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу зохицуулна” гэж заасан бөгөөд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага нь дараах тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно” гээд мөн хуулийн 14.1.1-14.1.5-д тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох нөхцөлүүдийг хуульчилжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлүүд нь дээрх хуулийн шаардлагад хамаарахааргүй байх тул Хот, суурины ус хангамж, ариутгах татуурга ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн № 00164 дүгээр “А” ХХК-нд олгосон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Харин нэхэмжлэгч нь гуравдагч этгээдийн үйл ажиллагааны улмаас өөрт учирсан хохирлыг ердийн харьяаллын шүүхээр шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй бөгөөд энэхүү шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгчийг иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлахгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх  хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг тус тус баримтлан Ц.Б гийн нэхэмжлэлтэй Хот, суурины ус хангамж, ариутгах татуурга ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд холбогдох Хот, суурины ус хангамж, ариутгах татуурга ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн № 00164 дүгээр “А” ХХК-нд олгосон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ