Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2021/0308

 

 

 

 

2020 оны 03 сарын 31 өдөр                     221/МА2020/0222               Улаанбаатар хот

                                                                                                                               

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Х.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 226 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын давж заалдах гомдлын дагуу Б.Б-ийн нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 226 дугаар шийдвэрийн

1 дэх заалтаар: Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч Б.Б-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг ТТ-16 албан тушаалын зэрэглэлээр 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцон 20,572,592.54 /хорин сая таван зуун далан хоёр мянга таван зуун ерэн хоёр/-төгрөгийг Б.Бд олгож, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, тус дэвтрүүдэд нөхөн бичилт хийхийг Цагдаагийн Ерөнхий газрын даргад даалгаж, үлдэх Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Ажлаас чөлөөлж, томилох тухай Б/626 дугаар тушаалын 12 заалтыг буюу Б-ын Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Б.Б-ийн нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох “... Ажлаас чөлөөлж, томилох тухай тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгон, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, зохих нэмэгдлийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах ...” тухай захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 226 дугаар шийдвэрт дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. Шийдвэрийн үндэслэл хэсэгт “ ... Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь маргаан бүхий захиргааны акт буюу Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны Б/626 дугаар тушаалыг гаргахдаа ямар бодит үндэслэл, шалтгаанаар нэхэмжлэгчийг өөр албан тушаалд шилжүүлэх болсон үндэслэлээ уг тушаалд тодорхой заагаагүй нь хууль нийцэхгүй гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байх хэдий ч тус 2020 оны Б/626 дугаар тушаалыг гаргахдаа Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.2 дахь заалтыг үндэслэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн энэ тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна ...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

1.1. Бичгээр гарах захиргааны актад тавигдах шаардлагыг хангаагүй Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны Б/626 дугаар тушаал буюу маргаан бүхий актад үндэслэлийг тоочсон байх боловч эдгээр эрх зүйн хэм хэмжээнд заасан үндэслэл, шалтгаан үүссэн эсэх, хэрэв бий болсон, байсан гэж үзэж байгаа бол чухам аль шалтгаан нөхцөл нь ийнхүү нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, өөр албан тушаалд шилжүүлэхэд шууд шалтгаалж буй талаар тодорхойлоогүй.

Энэ нь Захиргааны Ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна” гэж, 40.2.3 дахь хэсэгт “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэж, 40.4 дэх хэсэгт “Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана” гэж тус тус заасныг зөрчсөн захиргааны актын бичгээр гарах хэлбэрийн шаардлагыг хангаагүй, агуулгын хувьд тодорхойгүй байхад дээрх байдлаар шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэх үндэслэл болж байна.

1.2. Үндэслэл болгосон гэх зүйл заалтын урьдчилсан нөхцөл хангагдаагүй Шүүхээс уг маргаан бүхий актад Цагдаагийн албаны тухай хуулийн 78.1 дэх хэсгийг баримталж нэхэмжлэгч Б.Б-г үүрэгт ажлаас нь чөлөөлж, өөр ажилд шилжүүлэн томилсон нь хуульд нийцсэн гэж дүгнэсэн боловч тухайн зүйл заалтын урьдчилсан нөхцөл хангагдсан эсэх талаар огт дүгнэлт хийгээгүй.

Аливаа захиргааны үйл ажиллагаа нь гадагш нөлөөлж, иргэн, хуулийн этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд халдаж байдаг тул захиргааны байгууллага, албан тушаалтан нь ийнхүү захиргааны акт гаргахын өмнө үндэслэж буй хууль, тогтоомжид заасан нөхцөл бодит байдалд үүссэн эсэхийг тогтоож, нотолсон байх шийдвэр гаргах ажиллагааны нийтлэг шаардлага тавигддаг.

Энэ талаар Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж , 24.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж тус тус заасан бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлд нотлох баримт цуглуулах хэлбэрийг зохицуулсан байдаг.

Гэтэл хариуцагч нь дээрх цагдаагийн алба хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэхтэй холбоотой Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт тусгагдсан зохицуулалтыг хэрэглэх бодит нөхцөл шаардлага бий болсон эсэхийг тогтоосон, нотолсон баримт хэрэгт авагдаагүй.

Хэдийгээр хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргаас нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажлын дадлага туршлага, мэргэшсэн болон бусад нөхцөл байдлыг харгалзан Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийг өргөжүүлэхээр төлөвлөж байгаа “албан ажлын шаардлага”-аар шилжүүлсэн гэх тайлбарыг гаргасан боловч ямар байдлаар үйл ажиллагааных нь хүрээг тэлэх болсон, үүнд нь нэхэмжлэгчийн мэдлэг боловсрол, ур чадвар яагаад шаардлагатай болсонтой холбоотой нотлох баримт байхгүй.

Түүнчлэн хэрэв хариуцагч нь Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийг өргөжүүлэхэд нэхэмжлэгч Б.Б-ийн оролцоо зайлшгүй шаардлагатай гэж үзсэн тохиолдолд чухам яагаад түүнд Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газрын дарга, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын дарга зэрэг өөр өөр албан албан тушаалуудыг санал болгож байсан нь ойлгомжгүй байгаа юм.

2. Шүүхийн шийдвэрт Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсгээр төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн ажиллуулсан тохиолдолд албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг хэрхэхийг зохицуулсан байх тул энэ харилцаанд Төрийн албаны тухай хуулийг хэрэглэх нь зүйтэй байна. Цагдаагийн ерөнхий газрын 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 01/22 тоот албан бичгээс үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчийн албан тушаалын зэрэглэлийг бууруулснаа хүлээн зөвшөөрч, залруулж шийдвэрлэсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй ... ” гэсэн.

Өөрөөр хэлбэл, шүүхээс хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дарга нь Төрийн албаны тухай хуулийн 844.3 дахь хэсэг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн дарга нарын хамтран баталсан “Төрийн жинхэнэ алба хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах” журмын 1.5-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй” гэж заасныг тус тус зөрчиж нэхэмжлэгчийн урьд ажиллаж байсан Цагдаагийн Ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын даргын албан тушаалын зэрэглэл, зэрэг дэвийг нь 2 шатлал бууруулан томилсон болохыг дүгнэсэн.

Ийнхүү дүгнэсэн атлаа нэхэмжлэгчийн шилжүүлэн томилогдсон албан тушаалын зэрэг дэвийг ТТ-14 байсныг ТТ-16 болгон дэвшүүлэн тогтоож залруулсан учир энэхүү захиргааны акт нь эрх зүйн зөрчилгүй болсон гэх агуулгаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Учир нь захиргааны актын үндэслэл болж буй эрх зүйн хэм хэмжээний урьдчилсан нөхцөл нь тухайн актаар зохицуулагдах гэж байгаа асуудал, харилцаатай бүрэн тохирсон нөхцөлд эрх зүйн зөрчилгүй байдаг бөгөөд тэрхүү шаардлагыг хангаагүй буюу хуульд үндэслээгүй захиргааны акт нь гарсан мөчөөсөө эрх зүйн зөрчилтэй, алдаатайд тооцогддог.

Хэдийгээр Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу захиргааны актын алдааг засаж болох боловч эдгээр засварлах боломжтой алдаанууд нь үг үсгийн бичилтийн болон илэрхий тооцооллын алдаа гэх мэт хэлбэрийн төдий формаль алдаанууд байдаг тул Цагдаагийн Ерөнхий газрын даргын Б/626 дугаартай тушаалын материаллаг эрх зүйн алдаа нь үүнд хамаарахгүй. Үүний дээр шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох ажлаа чөлөөлж, томилох тухай тушаалыг хууль ёсны захиргааны акт гэж дүгнэсэн мөртлөө, гагцхүү хууль бус захиргааны акт гэж тогтоогдон, үүний улмаас үүсэх хохирол нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг олгохоор шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, эрх зүйн зөрчилтэй болсон.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн өмгөөлөгч Шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэхээс өмнө Нэхэмжлэгчийн Б.Б-аас тус хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч М.Б-г татгалзан гаргах хүсэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.1, 84 дүгээр зүйлийн 84.1.3 дахь хэсэгт заасны дагуу гаргасан.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлд заасны дагуу тухайн шүүгчээс бусад шүүгч буюу ерөнхий шүүгч шийдвэрлэх ба хүсэлтийг хангах эсхүл хүлээн авахаас татгалзах эсэхийг гагцхүү тэдгээр шүүгчид шийдвэрлэх бүрэн эрхтэй.

Гэтэл энэхүү хүсэлтийг шүүгч М.Б нь “... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэсэн асуудалтай нь холбогдуулан шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргахыг хориглоно ...” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзан өөрт байхгүй эрхийг хэрэгжүүлж хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 226 дугаартай шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү ...” гэжээ.

Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дарга Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...

Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Цагдаагийн ерөнхий газрын даргын Б/626 дугаар “Ажлаас чөлөөлж, томилох тухай” тушаалын “... 12. Цагдаагийн хурандаа Б.Б-г Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын даргын ажлаас 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, 07 дугаар сарын 31-ний өдрөөс Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн захиргааны удирдлагын хэлтсийн даргаар томилсугай ...” гэж хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, зохих журмын нэмэгдлийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулах”-ыг хүссэн шаардлага гаргасныг шүүхээс хянан хэлэлцээд Захиргааны удирдлагын газрын даргаар эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож, харин ТТ-16-д зааснаар цалин хөлсийг нь тооцож олгохыг даалгаж шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын даргаар томилох эсэхийг шийдвэрлэхдээ хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд харин цалин хөлс тооцож ойлгохыг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг бүрэн гүйцэд үнэлээгүй гэж үзэж байна.

Цагдаагийн ерөнхий газрын дарга нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Дэд бөгөөд захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалын ангилал зэрэглэлийг ТТ-16 байхаар нэгэнт тогтоосон байхад шүүхээс Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-д төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн ажиллуулахад эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлсийг бууруулахгүй” гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг ТТ-16 албан тушаалын зэрэглэлээр 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болох хүртэлх хугацаагаар буюу 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаагаар тооцож олгох, мөн тухайн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт Хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ гэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Б “... Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах нийтлэг журмыг Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт ... зохицуулсан байдаг ... намайг өөр албан тушаалд шилжүүлэх талаар Цагдаагийн ерөнхий газрын даргаас тохиролцох, санал авах ажиллагааг явуулаагүй ... шилжүүлэн ажиллуулахаар томилсон ... албан тушаал нь бүтэц чиг үүрэг болон албан тушаалын зэрэглэлийн хувьд миний хашиж байсан ... албан тушаалаас хэд хэдэн шатлалаар доогуур ... захиргааны акт /тушаал/-д үндэслэж буй цагдаагийн алба хаагчийг чөлөөлөх, шилжүүлэн ажиллуулах үндэслэл нь бодит байдал огтоос бүрдээгүй ... тушаалд эрх зүйн үндэслэлийг тоочсон байх боловч эдгээр эрх зүйн хэм хэмжээнд заасан үндэслэл, шалтгаан үүссэн эсэх, хэрэв бий болсон гэж үзэж байгаа бол чухам аль шалтгаан нөхцөл нь ийнхүү Б.Б намайг үүрэгт ажлаас минь чөлөөлж, өөр албан тушаалд шилжүүлэхэд шууд шалтгаалж буй талаар тодорхойлж тусгаагүй ... захиргааны актын бичгээр гарах хэлбэрийн шаардлагыг хангаагүй, агуулгын хувьд ойлгомжгүй ... хуульд нийцээгүй тушаалын улмаас миний Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрх, ... Төрийн жинхэнэ албан хаагч, цагдаагийн албан хаагчийн баталгаанд шууд халдаж, эрхийг минь зөрчсөн ...” гэсэн үндэслэлээр “2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Цагдаагийн ерөнхий газрын даргын Б/626 дугаар “Ажлаас чөлөөлж, томилох тухай” тушаалын “... Цагдаагийн хурандаа Баатарын Бг Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын даргын ажлаас 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, 07 дугаар сарын 31-ний өдрөөс Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Захиргааны удирдлагын хэлтсийн даргаар томилсугай ...” гэх хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгон, намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, зохих журмын нэмэгдлийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажилгүй байсан хугацааны цалин, зохих нэмэгдэлтэй холбоотой шаардлагаа “Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу нэхэмжлэгчийн сүүлийн гурван сарын цалин хөлсний дундаж 2,749,740 (хоёр сая долоон зуун дөчин есөн мянга долоон зуун дөч) төгрөгийг тогтмол тоонд хуваан /2,749,740 ₮:21.2=129,704 ₮/ нэг өдрийн цалинг тооцон гаргаж, нийт ажиллаагүй хугацаа болох 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх 7 сар 10 хоногоор бодож /129,704*10+2,749,740*7/ 20,545,220 (хорин сая таван зуун дөчин таван мянга хоёр зуун хорь) төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгуулах/”-аар тодруулсан байна.

Хэрэгт авагдсан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/502 дугаар тушаал /хх-84/, Цагдаагийн ерөнхий газрын 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 01/722 дугаар албан бичиг /хх-26/-ээс үзэхэд нэхэмжлэгч нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын даргаар томилогдсон, цагдаагийн байгууллагад 25 жил 8 сар, үүнээс 17 жил 5 сар боловсон хүчин, сургалтын асуудал эрхэлсэн Дэд дарга, Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, газрын дарга зэрэг албан тушаалыг тус тус эрхэлж байсан байх бөгөөд хэргийн оролцогчид эдгээр үйл баримттай буюу нэхэмжлэгчийн цагдаагийн байгууллагад ажилласан жил, албан тушаал эрхэлсэн байдалтай маргаагүй байна.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, томилох тухай” Б/626 дугаар тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн тушаалын холбогдох хэсгээр Цагдаагийн хурандаа Баатарын Бг Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын даргын ажлаас 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, 07 дугаар сарын 31-ний өдрөөс Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Захиргааны удирдлагын хэлтсийн даргаар томилсон байх бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 01/1693 дугаар албан бичгээр Цагдаагийн ерөнхий газрын даргад 2020 оны Б/626 дугаар тушаалыг дахин хянаж, Төрийн албаны зөвлөлд хариу ирүүлэхийг мэдэгдсэн улмаар Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Тушаалын заалт өөрчлөх тухай” Б/816 дугаар тушаалаар “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны Б/626 дугаар тушаалын 12 дахь заалтад "... Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Захиргааны удирдлагын хэлтсийн даргаар ...” гэснийг “... Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Дэд бөгөөд Захиргааны удирдлагын хэлтсийн даргаар ...” гэж өөрчилсөн үйл баримтууд тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан албан тушаалын тодорхойлолтуудаас /1хх-67-81/ үзэхэд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Дэд бөгөөд Захиргааны удирдлагын хэлтсийн дарга болон Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаал нь албан тушаалын ангилал, зэрэглэлийн ТТ-16 ангилал, зэрэглэлд хамаарч байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна”, 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж тус тус зааснаар захиргааны хэргийн шүүх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэх үүрэгтэй.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны маргаан бүхий Б/626 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Б-г Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын даргын ажлаас чөлөөлж, Цагдаа дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Захиргааны удирдлагын хэлтсийн даргаар томилсон нь нэхэмжлэгчийн албан тушаалын ангилал зэрэглэлийг бууруулсан /албан тушаалын ТТ-16 ангилал, зэрэглэлээс ТТ-14 ангилал зэрэглэл болгон бууруулсан/ байх хэдий ч хариуцагч эрх бүхий байгууллагын зөвлөмжийн дагуу өөрт хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд маргаан бүхий Б/626 дугаар тушаалаа дахин хянаж,  Б/816 дугаар тушаалаар “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны Б/626 дугаар тушаалын 12 дахь заалтад "... Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Захиргааны удирдлагын хэлтсийн даргаар ..." гэснийг “... Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Дэд бөгөөд Захиргааны удирдлагын хэлтсийн даргаар ...” гэж нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан албан тушаалын ангилал, зэрэглэлийг бууруулсан тушаалыг өөрчилсөн, нэхэмжлэгчээс Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/816 дугаар тушаалтай маргаагүй байна.

Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны маргаан бүхий Б/626 дугаар тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, энэхүү маргааны тухайд Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно”, 44.3-д “Энэ хуулийн 44.1, 44.2-т заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй” гэж заасныг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ”, Цагдаагийн албаны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын цагдаагийн албаны тогтолцоо, үйл ажиллагаа, цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдал, цагдаагийн байгууллагад тавих иргэний хяналтын эрх зүйн үндсийг тогтооход оршино”, Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “Энэ хуулийн 6.1.2, 6.1.3-т заасан албыг төрийн жинхэнэ алба гэнэ”, 6.1.3-д “төрийн тусгай алба” гэж тус тус заасны дагуу цагдаагийн алба төрийн алба эрхлэхтэй холбоотой аливаа эрх зүйн харилцаанд Цагдаагийн албаны тухай хууль мөрдөгдөхөөр байна. Харин Цагдаагийн албаны тухай хуульд маргаж буй харилцааны талаарх эрх зүйн харилцаа тусгагдаагүй тохиолдолд Төрийн албаны тухай хууль болон бусад хуульд заасан журмыг дагаж мөрдөхөөр байх бөгөөд энэхүү маргааны тухайд цагдаагийн алба хаагчийг өөр ажилд шилжүүлэн томилохтой холбоотой асуудлыг хуульчилсан Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д “Цагдаагийн алба хаагчийг ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх болон албан ажлын шаардлага, алба хаагчийн хүсэлт, ажлын байр, албан тушаал нь цомхтгогдсон, тухайн албан тушаалыг урьд өмнө эрхэлж байсан алба хаагчийг эгүүлэн тогтоох тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарсан, эсхүл эрүүл мэндийн байдлыг үндэслэн нэг нэгжээс нөгөө нэгжид ажиллуулахаар шилжүүлэн томилж болно” гэж заасныг хэрэглэхээр байна.

Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.2 дахь хэсэгт зааснаас үзвэл цагдаагийн албан хаагчийг эрх бүхий этгээдийн шийдвэрээр ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх болон албан ажлын шаардлага, албан хаагчийн хүсэлт зэрэг хуульд заасан тодорхой нөхцөл шаардлага бүрдсэн тохиолдолд  нэг нэгжээс нөгөө нэгжид шилжүүлэн томилж болохоор байх бөгөөд ийнхүү цагдаагийн алба хаагчийг шилжүүлэн томилохдоо тухайн алба хаагчтай заавал тохиролцсон байхыг шаардаагүй, харин тухайн алба хаагч шийдвэрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүлээн зөвшөөрөөгүй, томилогдсон албан тушаалд очоогүй бол энэ нөхцөл байдал нь түүнд сахилгын шийтгэл оногдуулах, ажлаас чөлөөлөх үндэслэл болохоор хуульчилсан байх тул хариуцагч хариуцагч Цагдаагийн албаны тухай хуулийг хэрэглэн маргаан бүхий Б/626 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг өөр албан тушаалд шилжүүлэн томилсныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй, шүүх нэхэмжлэгчийн “... Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах нийтлэг журмыг Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт ... зохицуулсан, өөр албан тушаалд шилжүүлэх талаар Цагдаагийн ерөнхий газрын даргаас тохиролцох, санал авах ажиллагааг явуулаагүй” гэж маргасныг хүлээн авах хууль зүйн боломжгүй байна. 

Түүнчлэн нэхэмжлэгч нь цагдаагийн байгууллагад 25 жил 8 сар, үүнээс 17 жил 5 сар боловсон хүчин, сургалтын асуудал эрхэлсэн Дэд дарга, Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, газрын дарга зэрэг албан тушаалыг тус тус эрхэлж байсан болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн “цагдаагийн байгууллагад ажилласан жил, ажил мэргэжлийн туршлага зэргийг харгалзан албан ажлын зайлшгүй шаардлагаар өөр албан тушаалд шилжүүлсэн” гэж тайлбарласныг үгүйсгэх үндэслэлгүй, маргаан бүхий Б/626 дугаар тушаалд заасан эрх зүйн үндэслэл болох Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.2 дахь хэсэгт заасан үндэслэл бүрдээгүй байсан гэж үзэхгүй, хариуцагч холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв баримталж шийдвэр гаргасан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн “... тушаалыг гаргахдаа ямар бодит үндэслэл, шалтгаанаар нэхэмжлэгчийг өөр албан тушаалд шилжүүлэх болсон үндэслэлээ уг тушаалд тодорхой заагаагүй нь хуульд нийцэхгүй ...” гэсэн агуулга бүхий  тайлбар, гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны маргаан бүхий Б/626 дугаар тушаалын улмаас нэхэмжлэгч Б.Б-ийн хөдөлмөрлөхтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, нэхэмжлэлийн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны маргаан бүхий Б/626 дугаар тушаалын холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоох шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулах үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “хэргийн материалтай танилцах” хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгчийг татгалзан гаргах” хүсэлт гаргасан байх тул дээрх хуульд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэсэн асуудалтай нь холбогдуулан шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан гэж үзэх үндэслэлтэй байх тул анхан шатны шүүх шүүгчийн татгалзан гарах хүсэлтийг хүлээн аваагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.7-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэсэн асуудалтай нь холбогдуулан шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргахыг хориглоно” гэж заасантай нийцсэн гэж үзнэ.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч болон нэхэмжлэгчид хуваарилан нөхөн төлүүлнэ” гэж заасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн атлаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулж шийдвэрлэсэн нь буруу болохыг тэмдэглэв.

Нэгэнт нэхэмжлэгч Б.Б-г цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын даргын ажлаас чөлөөлж, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Захиргааны удирдлагын хэлтсийн даргаар томилсон Цагдаагийн ерөнхий газрын даргын Б/626 дугаар тушаал Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.2-т заасантай нийцсэн, нэхэмжлэлийн уг тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул ажилгүй байсан хугацааны цалин, зохих нэмэгдлийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй.

Анхан шатны шүүх ажлаас чөлөөлж, өөр ажилд томилсон тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа нэхэмжлэгчид цалин хөлсийг тооцож олгуулахаар, мөн нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, холбогдох дэвтрүүдэд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасантай нийцээгүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

                                                             ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 226 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-ийн “Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Ажлаас чөлөөлж, томилох тухай Б/626 дугаар тушаалын 12 заалтыг буюу Баатарын Бд холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх 7 сар 10 хоногоор бодож /129,704*10+2,749,740*7/ 20,545,220 (хорин сая таван зуун дөчин таван мянга хоёр зуун хорь) төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчилж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                                 Г.БИЛГҮҮН

 

ШҮҮГЧ                                                                Н.ХОНИНХҮҮ