| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2020/0239/Э |
| Дугаар | 0262 |
| Огноо | 2020-04-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Отгончимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 0262
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
улсын яллагч Ж.Отгончимэг,
шүүгдэгч Ө.... нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Отгончимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө....д холбогдох эрүүгийн 2008 01056 0335 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Орхон аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, “...” ХХК-д нярав ажилтай, ам бүл 1, Орхон аймгийн Баянцагаан сумын Баян-Өндөр багийн ...тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, ...тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Монгол овогт ...ийн ... /РД:.../.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ө.... нь 2020 оны 02 дугаар сарын 17-ны шөнө 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо ...тоотод байрлах 2 давхарт иргэн Г....тай маргалдаж сэрээгээр хатгаж эрүүл хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх1-8/, хохирогч Г....ын мэдүүлэг /хх14/, гэрч Д....ы мэдүүлэг /хх16/, гэрч Ч....ын мэдүүлэг /хх20/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2787 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх24-25/, Ө....ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх33-34/, шүүгдэгч Ө....ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх38/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх39/, ял шалгах хуудас /хх42/ зэрэг хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Шүүгдэгч Ө....ийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хохирогч Г....ын “... 2020 оны 02 дугаар сарын 17-ны орой гэртээ эхнэр хүүхэд, дүүгийн хамт гар утсаараа кино үзээд хэвтэж байхад манай нийтийн байрны хоёр давхарт нэг айлын хаалгыг нүдэх чимээ гарсан. Удаагүй манай гэрийн хаалгыг нэг залуу онгойлгоод орж ирэхээр нь би “чи юун хүн бэ” гэж асуухад намайг “пизда манай ээж өнгөрчихлөө, та нараас болсон байна” гээд гэрт орж ирэхээр нь би урдаас нь яваад очиход толгойгоороо миний нүүр лүү түлхэхээр нь би хоёр гараараа тэр залууг түлхээд хамт байрны коридорт гарсан. Чамайг ална гэж хэлээд над руу дайрахад хамт явсан найз нь бид хоёрын голоор орж салгахад ... гэх залуу гэр рүүгээ ороод элдүүрийн мод гартаа бариад гарч ирээд “чамайг ална” гэж хэлээд над руу чиглүүлээд шидсэн. Би шидсэн зүйлээс нь бултаад оногдоогүй. Би тэр залууд хандаж “чи уусан зүйлээ шингээгээч, над руу яагаад дайраад байгаа юм бэ” гэхэд буцаж гэр рүүгээ ороод гартаа сэрээ барьж гарч ирээд над руу дайраад цохих үед би зүүн гараараа хаах үед миний зүүн гарын булчин руу сэрээгээр хатгаж цохисон. Би тэр залууг цохих гэтэл хамт явж байсан найз нь миний баруун гарыг бариад авахад ... миний баруун дал руу сэрээгээр хатгаж цохисон...” гэсэн мэдүүлэг /хх14/,
2. Гэрч Д....ы “...Намайг харах үед ... ганжин мод гэрээсээ авч гарч ирээд манай нөхөр лүү шидэж байсан. Би хэсэг хугацааны дараа гарахад манай нөхөр ... цустайгаа холилдсан байсан. Би цагдаад дуудлага өгсөн. ...ын зүүн гарын булчингаас, баруун гарын далнаас цус гоожиж байсан, Сэрээгээр хатгасан залуу гэр рүүгээ орсон бололтой байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх16/,
3. Гэрч Ч....ын: “...гурав дахь хаалгыг тогшиход тэр айлаас нэг том биетэй залуу гарч ирсэн. Тэр үед ... нөгөө хүнийг “та нар яахаараа манай ээжийг ганцаараа байхад хаалга үүдийг нь тогшиж айлгадаг юм” гэж хэлсэн. Нөгөө залуу “юу яриад байгаа юм бэ бацаан минь, зүгээр байгаарай” гэхэд би дундуур нь ороод тэр хоёрыг салгаад зогсож байтал найз ... миний араас ирээд нөгөө залууг хэд хэд цохих шиг болсон. Нөгөө залуу манай найзыг унагаагаад дээрээс нь хэд цохисон. Тэгэхээр нь би хойш нь хоёр гараас нь татаж салгасан. Тэгээд хартал нөгөө залуугийн зүүн гарын булчингийн дотор тал, мөрөн дээр нь сэрээгээр зоосон цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх20/,
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2787 дугаартай “...Г....ын биед баруун дал, баруун, зүүн мөр баруун, зүүн бугалганд шарх зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх24-25/,
5. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зураг /хх1-8/
6. Ө....ийн яллагдагчаар өгсөн “......ын гэрийн хаалгыг нүдсэн. ... гэрийн хаалгаа нээгээд намайг загнаж байсан. Би тэрнээс хойшхи үйл явдлыг санахгүй байна. Шөнө үүрээр эрүүлжүүлэх байранд ухаан орсон. Өглөө нь найз ...той утсаар ярихад нийтийн байрны нэг залууг сэрээгээр хатгаж гэмтээсэн гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх32-33/.
Гэм буруугийн дүгнэлт:
Шүүгдэгч Ө.... нь 2020 оны 02 дугаар сарын 17-ны шөнө 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо ...тоотын орцонд иргэн Г....тай маргалдаж сэрээгээр хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн өөрийнх нь өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Ө....ийн үйлдлийн улмаас хохирогч Г....ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2787 дугаартай “...биед баруун дал, баруун, зүүн мөр баруун, зүүн бугалганд шарх зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчид 790.000 төгрөгийг эмчилгээний зардалд төлсөн, хохирогчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ. Тиймээс шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ө....ийг хохирогч Г....ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Ө....д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 4 сарын хугацаанд биелүүлүүлэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байгаа илэрхийлсэн болно.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, бусдын эрүүл мэндэд учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...”, 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” үндэслэлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан, санал нь хэргийн нөхцөл байдалд тохирсон байх тул шүүгдэгч Ө....ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан 1 ширхэг сэрээг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ...ийн ...ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө....ийг 800 нэгж буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.... нь торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан 1 ширхэг сэрээг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР