| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2020/0214/Э |
| Дугаар | 0302 |
| Огноо | 2020-04-17 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Н.Уранбайгаль |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 0302
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч Н.Уранбайгаль,
хохирогч Б....,
иргэний нэхэмжлэгч А....,
иргэний хариуцагч А....,
шүүгдэгч Э.... нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Уранбайгалиас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э....д холбогдох эрүүгийн 1903 01238 0006 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хэвлэлийн дизайнер мэргэжилтэй, “...” ХХК-нд хэвлэлийн дизайнер ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, ...тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
Бавуу овогт ...ын ... /РД:.../.
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Э.... нь 2019 оны 10 дугаар са рын 27-ны өдрийн 04 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, “Арвайн үндэс” ХХК-ны баруун уулзварын замд А....ий эзэмшлийн “Toyota” загварын “Mark Х” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жодоолодохыг хориглоно”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замын хажууд байрлуулсан шон буюу /түмбэ/-ийг шүргэж, улмаар цаана байрлах “Эрдэнэмандал” минимаркет дэлгүүрийг мөргөж, зорчигч Б....гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, тус дэлгүүрийн эзэмшигч А....т нийт 3.033.476 төгрөгний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Хэргийн газарт үзлэг хийсэн гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх3-4, 10/, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх5-9/, хохирогч Б....гийн мэдүүлэг /хх15-16/, гэрч Б....ийн мэдүүлэг /хх32-34/, иргэний нэхэмжлэгч А....ын мэдүүлэг /хх37-38/, иргэний хариуцагч А....ийн мэдүүлэг /хх19-20/, “Вендо” хөрөнгийн үнэлгээний дүгнэлт, үзүүлэлт /хх41-48, 52-64/, шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 13142 дугаартай дүгнэлт /хх82/, Тээврийн цагдаагийн алба, Замын цагдаагийн газрын №550 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт /хх94-95/, Э....ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх103-104/ болон шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөртэй холбоотой баримтуудыг шинжлэн судлав.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Шүүгдэгч Э....ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч Э.....
Шүүгдэгч Э.... нь гэм буруу, хэргийн зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдаж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Э.... нь согтууруулах ундааны зүйл уусан үедээ 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шөнийн 04 цаг 30 минутын орчимд А....ийн эзэмшлийн “Toyota” загварын “Mark Х” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, “Арвайн үндэс” ХХК-ны баруун уулзварын замд замын хажууд байрлуулсан шонг шүргэж, улмаар А....ын өмчлөлийн “Эрдэнэмандал” минимаркет дэлгүүрийг мөргөн зогссон үйл баримт тогтоогдож байна.
Тодруулбал, хэргийн газарт үзлэг хийсэн “...Осол хэрэг болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн уулзварын замд үйлдэгдсэн байв. ... “Эрдэнэмандал” дэлгүүрийн урд Тоёота марк маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт харсан урд буфер хагарсан, урд баруун зүүн их гэрэл хагарсан, урд копуд чихэгдсэн, урд нүүр хагарсан, баруун урд крыло чихэгдсэн, урд нүүр хагарсан моторын доод хэсгээс хөргөлтийн шингэн гоожсон байв. Жолооч Э....ыг драйгер багаж үлээлгэн шалгахад 1.31 % согтолттой байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
хохирогч Б....гийн “... баарны гаднаас хөдөлгөөд Их наран руу явсан. Замдаа явж байхдаа ... хаазлаад машинаар хурдан яваад давихаад байхаар нь би хурдаа хасаач ээ гэж хэлэхэд давхиад яваад байсан. ...Их нарангийн салдаг уулзвар ирэхээр нь би “манайх дээшээ эргэнэ шүү дээ гэж хэлэхэд хажууд нь сууж явсан ... “эргээчээ” гэж хэлэхэд огцом дарахад эргэлдээд яваад өгсөн. Тэгээд би дотор нь нэг зүйлд цохиулаад амьсгалж чадахгүй хөдөлж чадахгүй байдалд орсон бөгөөд удалгүй түргэний эмч ирээд авч явсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Б....ийн “...... уг тээврийн хэрэгслийг жолоодоод явсан. ...... 21 дүгээр хорооллын уулзвараас Толгойтын замаар нилээн хурдтай явсан бөгөөд ард сууж явсан ... “энэ уулзвараар баруун эргэнэ шүү” гэж хэлэхэд ... жолооны хүрдийг огцом дараад уулзвараар эргэх гэсэн боловч эргэж чадалгүй замаас гараад дэлгүүртэй байшингийн урд талын хэсгийг мөргөсөн...” гэсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.
Осол гарах үед тээврийн хэрэгсэлд Э...., Б...., Б.... нар зорчиж байсан байх бөгөөд ослын улмаас хохирогч Б....гийн эрүүл мэндэд “...хүзүүний 2-р нугалмын шахагдсан хугарал, тархи доргилт...” бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 13142 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна.
Зам тээврийн ослын шалтгаан нөцлийг тодорхойлох зорилгоор тусгай мэдлэгийн хүрээнд 550 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт гарсан байх бөгөөд тус дүгнэлтэд “...Тоёота Марк Х маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Э.... нь МУ-ын ЗХД-ийн 3.7а согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жодоолодохыг хориглоно, мөн дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Зорчигч Б.... нь МУ-ын ЗХД-ийн 6.1. Тээврийн хэрэгслээр зорчигч дараах үүргийг хүлээнэ: а/ хамгаалах бүсээр тоноглосон суудалд зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх (энэ дүрмийн 3.4-ийн “б” заалтын тайлбарт дурдсанаас бусад тохиолдолд) гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл, гэмтэл нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. 4. Хурдыг тогтоох боломжгүй...” гэж тодорхойлжээ.
Шүүхээс шинжээчийн дүгнэлт нь хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтоон, шүүгдэгчийг Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөнг үндэслэл бүхий дүгнэсэн нь байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Мөн зам тээврийн ослын улмаас иргэний нэхэмжлэгч А....ын эд хөрөнгөд нийтдээ 3.511.050 төгрөгний хохирол учирсан нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, иргэний нэхэмжлэгчийн “...Дэлгүүрийн урд талын хана тэр чигээрээ эвдрээд цөмөрсөн байсныг янзлуулсан дотор нь хана дагуулж байрлуулсан байсан хөргөгчнүүд унаад нэг хөргөгч нь бүр ажиллахгүй болсон хүнсний зүйл болох хиам мах бүтээгдэхүүн газар унаж шилтэй холилдсон байсан. Би уг зүйлүүдийнхээ үнэлгээг гаргаж өгсөн байгаа. Гомдолтой байна. Жолоо барьсан гэх ... нь ямар нэгэн төлбөр төлөөгүй байгаа...” гэх мэдүүлэг, хохирлын талаарх баримт, эд зүйлийг үнэлсэн “Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангуудаар тогтоогдож байна.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын шинж нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл болон ашиглалтын шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоноос үүдэн зам тээврийн осол гарч хуульд заасан хохирол, хор уршиг бий болсон байхыг шаарддаг.
Дээр тохиолдолд шүүгдэгч Э.... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, үүнтэй шалтгаант холбоотойгоор тээврийн хэрэгслийг зам орчны байдалд тохируулан жолоодох чадваргүй буюу шаардлагатай тохиолдолд зогсоож чадалгүй замаас гарч бусдын үл хөдлөх хөрөнгийг мөргөж зорчин явсан нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч согтууруулах ундааны зүйл уусан байсан нь хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд хамаарах ба зам тээврийн осол гарах шалтгаан болжээ.
Иймд улсын яллагчаас шүүгдэгч Э....ыг согтуурсан үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр зүйлчилсэн нь үндэслэлтэй байх тул гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Хохирогч Б.... нь шүүх хуралдаанд эрүүл мэндэд учирсан хохиролд 1.500.000 төгрөг шүүгдэгчээс авсан, нэх
эмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчээс түүнд төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Тус хэрэгт иргэний хариуцагчаар татагдан оролцсон А.... нь шүүх хуралдаанд ... улсын дугаартай машин миний эзэмшлийн машин. Тухайн үед согтууруулах ундааны зүйл уугаагүй байх үедээ Э....д жолоогоо шилжүүлсэн, иргэний нэхэмжлэгчид учруулсан хохирлыг шүүгдэгчийн хамтаар төлж барагдуулах болно гэж илэрхийлсэн.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч ... тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй”, 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч ... өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.
Хэргийн нөхцөл байдлын хувьд иргэний хариуцагч нь согтууруулах ундааны зүйл уугаагүй үедээ сайн дураар жолоо шилжүүлсэн, шүүгдэгч нь жолоог шилжүүлэн авсаны дараа согтууруулах ундааны зүйл уусан нөхцөл байдлыг харгалзан иргэний нэхэмжлэгч А....т учирсан учирсан гэм хорын хохирол болох 3.511.050 төгрөгний хохирлыг шүүгдэгч Э...., иргэний хариуцагч А.... нар хувь тэнцүүлэн барагдуулах нь зүйтэй гэж гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын хуралдаанд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ял оногдуулах санал, дүгнэлт гаргасан.
Шүүгдэгч нь хохирогчид хохирлыг төлсөн, иргэний нэхэмжлэгчийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...” гэсэн нөхцлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүнийг арилгасан байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.
Иймд шүүгдэгчийн болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид хохирлыг төлсөн, иргэний нэхэмжлэгчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болон түүний хувийн байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагын зөрчигдсөн эрхийг сэргээх зорилтод нийцүүлэн шүүгдэгчийг нийгмээс тусгаарлахгүйгээр буюу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хуульд заасан үүрэг хүлээлгэн шийдвэрлэх нь зөв байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э....ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэж байгаатай холбоотойгоор шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар “гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгчид учирсан хор уршгийг 3 сарын хугацаанд арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг, мөн “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг тус тус хүлээлгэхээр шийдвэрлэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний В ангиллын 1027064 дугаартай жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болсоны дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхийг тус тус дурдав.
Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулдаг, мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэдэг болохыг шүүгдэгчид анхааруулж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ...ын ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг “согтуурсан үедээ” хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э....ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э....ыг “гэмт хэргийн хор уршгийг 3 /гурав/ сарын хугацаанд арилгах /иргэний нэхэмжлэгчид учирсан/”, “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг тус тус хүлээлгэсүгэй.
4. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э...., иргэний хариуцагч А.... нараас тус бүр 1.755.525 /нэг сая, долоон зуун тавин таван мянга, таван зуун хорин тав/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч А....т олгуулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б....д төлөх төлбөргүй, шүүгдэгчийн В ангиллын 1027064 дугаартай жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болсоны дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхийг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР