Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 0312

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч Ж.Отгончимэг,

шүүгдэгч А...., түүний өмгөөлөгч Л.Батаа /ШТЭД-1824/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Отгончимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А....т холбогдох эрүүгийн 2008 01042 0421 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Говь-Алтай аймгийн Бигэр суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, Өмнөговь аймгийн “...” ХХК-д механик ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Говь-Алтай аймгийн ...дүгээр багт оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Монгол овогт ...ын ... /РД:.../.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.... нь 2020 оны 02 дугаар сарын 16-ны орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тайхар” паб-д иргэн Ц....тэй маргалдаж архины шилээр толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Хохирогч Ц....гийн мэдүүлэг /хх16/, гэрч С....гийн мэдүүлэг /хх20/, гэрч Д....гийн мэдүүлэг /хх22/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2770 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх28-29/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болон гэрэл зураг /хх4-6/, шүүгдэгч А....ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх36-37/, шүүгдэгчийн А....ын иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх42/, оршин суугаа газрын тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /хх42, 39, 41/ зэрэг хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч А....ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Ц....гийн “...Миний бие 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ажлын 5 найзын хамт Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны “Тайхар” пабад 21 цагийн үед юм ууж дуулахаар ороод пиво авч уугаад дундаа 0.5 литрийн нэг шил архи авч ууцгаасан. Гэтэл ... гэдэг манай ажлын найзын дагуулж ирсэн залуу намайг зүгээр байхад хэл амаар өдөөд байсан. Тэгэхээр нь би за яах гэсэн юм хөгшөөн одоо би харилаа гэж хэлээд босох гэтэл ... гэнэт ширээн дээрээс архины шил аваад миний толгой руу шидсэн. Тэгээд миний толгойноос цус гараад тогтохгүй болохоор түргэн дуудаад түргэний машин намайг Гэмтлийн эмнэлэгт хүргэж ирсэн...” гэх мэдүүлэг /хх16/,  

2. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болон гэрэл зураг /хх4-6/,

3. Гэрч Д....гийн “...Тэгтэл 22 цаг 50 минутын үед ..., ... хоёр хоорондоо гэнэт хальт муудаад ... нь уурандаа гартаа нөгөө 0,5 литрийн архины шилийг аваад ...гийн толгой руу шидчихсэн. Нэг харсан чинь ...гийн толгойноос цус гараад тогтохгүй байсан...” гэх мэдүүлэг /хх22/,

4. Гэрч С....гийн “...Би өдрийнхөө тооцоо бодоод байж байтал гэнэт түс тас гэсэн чимээ гарах шиг болсон. Би шууд тэд нар дээр яваад очтол нэг намхан залуугийн толгойноос нилээн их цус алдаж байсан. Тэгэхээр нь би шууд хүний утсаар Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх20/,  

          5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2770 дугаартай шинжээчийн “...Ц....гийн биед баруун зулайн хуйхны шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх28-29/,

6. А....ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...... согтоод намайг хэл амаар доромжлоод чамайг мөлхүүлнэ гээд байсан. Би ширээн дээр дуугүй сууж байгаад айлгая гэж бодоод ширээн дээр байсан пивоны шил шидтэл тархийг нь хагалсан. ...гийн толгойноос цус гарсан...” гэх мэдүүлэг /хх36-37/,

Гэм буруугийн дүгнэлт:

Шүүгдэгч А.... нь 2020 оны 02 дугаар сарын 16-ны орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тайхар” паб-д иргэн Ц....тэй маргалдаж архины шилээр толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.  

Шүүгдэгч А....ын үйлдлийн улмаас хохирогч Ц....гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2770 дугаартай “... баруун зулайн хуйхны шарх гэмтэл тогтоогдлоо... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ. Тиймээс шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч А....ыг хохирогч Ц....гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч А....т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 3 сарын хугацаанд биелүүлүүлэх дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч улсын яллагчийн гаргасан торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байгааг илэрхийлэн, торгуулийн ял биелүүлэх хугацааг 6 сарын хугацагаар тогтоож өгөх хүсэлтийг гаргасан болно. 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, бусдын эрүүл мэндэд учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...”, 1.2 дахь заалт заасан “... учруулсан хохирлыг төлсөн...” гэсэн үндэслэлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан, санал нь хэргийн нөхцөл байдалд тохирсон байх тул шүүгдэгч  А....ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан ялыг 4 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ...ын ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А....ыг 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.... нь торгох ялыг 4 сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.МӨНХБААТАР