Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 01330

 

 

 

 

 

 

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 142/ШШ2016/01330

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-16-14 тоотод оршин суух Хиргис овогт Гомбын Ариунцэцэг /ФА:83091101/

            Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-19-61 тоотод оршин суух Нийгмийн хонгор овогт Энхтулгын Энхбаяр /ФА:83111077/

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.            

             Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Ариунцэцэг, хариуцагч Э.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Г.Ариунцэцэг миний бие 2000 онд Э.Энхбаяртай танилцан амьдарч байгаад 2005 онд хүү Э.Угтахбаяр төрж, улмаар 2006 оны 06 дугаар сарын 29-ний өдөр албан ёсоор гэр бүлээ батлуулсан. Хүүгээ төрсөнөөс хойш 2 жилийн хугацаанд хамт амьдарсан. 2008 онд би Чех улс руу явж ажилласан. Үүнээс хойш бид хоёр хамт амьдраагүй. Одоогийн байдлаар бид тус тусын амьдралтай болж өөр хүмүүстэй сууж, үр хүүхэдтэй болцгоосон. Бид эвлэрүүлэн зуучлахаар орж, цаашид хамтран амьдрах боломжгүй гэдгээ хэлж ажиллагаа дуусгавар болгосон. Бид хоёр ярилцаад хүү Э.Угтахбаярыг аав Э.Энхбаярын асрамжинд үлдээхээр болсон. Мөн хүүхдийн тэтгэмжийн асуудлаар маргаан байхгүй гэж тохирсон. Иймд гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

Хариуцагч Э.Энхбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Э.Энхбаяр би Г.Ариунцэцэгтэй 2000 онд танилцаж 2005 онд хүү Э.Угтахбаяр төрсөн. 2008 оноос хоёр тусдаа амьдарсан. Хүү Угтахбаяр 2008 оноос эхлэн над дээр өссөн. Хүүгээ өөрийн асрамжиндаа авч Г.Ариунцэцэгтэй гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Хүүхдийн тэтгэлэг авахаас татгалзаж байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Ариунцэцэг нь хариуцагч Э.Энхбаярт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох  тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.   Нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

            Зохигчид 2000 оноос хамтран амьдарч, 2006 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гэр бүл болж, гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн болох нь Г-269 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрлэгсдийн дундаас 2005 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүү Энхбаярын Угтахбаяр төрсөн болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус тогтоогдож байна.

Зохигчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын үл ойлголцлын улмаас тусдаа амьдраад 8 жил болсон хэн аль нь хамтран амьдрагчтай болж өөр өөрийн амьдралаар амьдарч байгаа талаар тайлбарлаж байгаа ба гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.

Зохигчидын хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцсон байдал, хүүхдийн  ээнэгшин дассан орчин, шүүхэд гаргасан санал зэргийг харгалзан хүү Э.Угтахбаярыг эцэг Э.Энхбаярын асрамжид үлдээхээр шийдвэрлэлээ.

            Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс  нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх  эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх, эд хөрөнгийн талаар зохигчид маргаагүй, хариуцагч Э.Энхбаяр хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэсэн  болохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.

            Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Э.Энхбаяраас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Ариунцэцэгт олгохоор тогтоов. 

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Хиргис овогт Гомбын Ариунцэцэг, Нийгмийн хонгор овогт Энхтулгын Энхбаяр нарын гэрлэлтийг цуцалсугай.
  2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2005 оны 07 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Энхбаярын Угтахбаярыг эцэг Э.Энхбаярын асрамжинд үлдээсүгэй.
  3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулан ч эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчидод даалгасугай.
  4. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй, хариуцагч Э.Энхбаяр нь нэхэмжлэгч Г.Ариунцэцэгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэсэн болохыг дурдсугай.
  5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц  шийдвэрийн хувийг Орхон аймгийн Оюуны өмч, Улсын бүртгэлийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Мөнхнаранд даалгасугай.
  6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Э.Энхбаяраас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Ариунцэцэгт олгосугай.
  7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
  8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн   119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                               Л.АРИУНЦЭЦЭГ