Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 142/ШШ2016/01131

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-27-39 тоотод оршин суух, Өөлд овгийн Содномпилийн Оюунгэрэл /ФМ67082020/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг 15 байр 8-1-14 тоотод оршин суух, Боржигон овгийн Доржийн Нямсайхан /ФМ83090217/-д хариуцагдах

“Зээлийн гэрээний үүрэг 13 000 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Оюунгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Оюунгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие С.Оюунгэрэл нь иргэн Д.Нямсайханд 2014 оны 03 сард 2 найз хүүхнээсээ 8 000 000 төгрөг авч 5% хүүтэй зээлдүүлсэн. Гэтэл Нямсайхан хүүгээ нэг хоёр сар өгөөд түүнээс хойш хүүгээ төлөөгүй. Мөн үндсэн мөнгөө ч төлөхгүй одоог хүрлээ. Иймд гэрээний дагуу Нямсайханы өмнөөс 4 сарын хүү төлсөн. Удаа дараа очиж хэлж байсан боловч  одоо хүртэл мөнгийг төлөхгүй байгаа тул танай байгууллагад хандаж байна. Надаас 2 найз маань байнга мөнгөө нэхэж байдаг. Би байнга дарамт шахалтанд байдаг. Нөхөр маань хүртэл мэдээд бөөн хэрүүл болсон. Иймд миний энэ асуудлыг шийдэж өгнө үү. Нямсайхантай удаа дараа уулзаж байсан. Иргэн Д.Нямсайханаас гэрээний дагуу 13 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нямсайхан надаас анх 2013 оны 08 сард 5,0 сая төгрөг, 2014 оны 03 сард 3,0 сая төгрөг нийт 8,0 сая төгрөг авсан юм. Тухайн үед гэрээ хийлгүй явж байгаад 2015 онд харилцан тохиролцоод өөрөө гэрээ хийе гээд хийсэн. Д.Нямсайхан надад нийт 1,0 сая төгрөг өгсөн. 5 475 000 төгрөг миний охины данс руу шилжүүлсэн нь өмнө нь надаас зээлсэн мөнгөө өгсөн юм. Өмнө нь байнга мөнгө зээлж буцааж өгч байсан. Өмнө нь мөнгө зээлээд буцаагаад өгснийг би нотолно, мөн Нямсайхан өөрөө нотолно. Иймд Нямсайханаас 13,0 сая төгрөг гаргуулж өгнө үү. Лхагваа гэж нэрээр орлого орж ирсэн нь манай худалдагчийг Лхагваа гэдэг юм, тэгээд орлогоо шилжүүлдэг юм гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би Оюунгэрэлээс 2013 оны 08 дугаар сард 5 000 000 төгрөг 10%-ийн хүүтэйгээр, 2014 оны 03 сард 3 000 000 төгрөгийг мөн 10%-ийн хүүтэйгээр авсан. 2013 оны 08 дугаар сард авсан 5 000 000 төгрөгний хүү болох 500 000 төгрөгөө сар бүр би төлж байсан. 2014 оны 03 сард авсан 3 000 000 төгрөгийг авсанаас хойш би хүүгээ төлж чадахаа больсон. Тухайн үедээ хугацаа хүүг тохирсон зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, гэрээний хугацаа тодорхой тогтоогоогүй байсан боловч 2015 оны 10 дугаар сард байх надаар 13 000 000 төгрөг 5%-ийн хүүтэй төлнө гэж бичүүлж баталгаа болгон авсан. Урьд өмнө нь би байнга мөнгө зээлж хэрэглэдэг байсан 10% хүүтэйгээр цаг хугацаанд нь өгч авдаг байсан. Миний тухайд тодорхой зүйлд хөрөнгө оруулалт болгож хийсэн мөнгө төгрөг нь залцуулж удааширсанаар өөрийн эрхэлж байсан бизнес маань урт дампуурч урт хугацааны эрсдэлд орсон. Энэ мөнгөний хүүгийн хэмжээ нь хэт өндөр байгаа учир хүүг нь хасч шийдвэрлэж өгөхийг хүсье. Би одоо 13 000 000 төгрөгийг төлөх боломжгүй үндсэн зээл 8 000 000 төгрөгөө төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа: ... нийт 8,0 сая төгрөг зээлсэн байдаг. Тухайн үед гэрээ хийхгүй явж байгаад 2015 онд гэрээ хийсэн. Энэ нь дүр үзүүлэн хийсэн гэрээ гэж үзэж байна. Нямсайхан нь банкны хуулгаар С.Оюунгэрэлд 5 475 000 төгрөг өгсөн, мөн 100 000 төгрөг өгч байсан. Иймд 8,0 сая төгрөгнөөс 5 475 000 төгрөгийг хасаад үлдэх хэсгийг төлөхөд татгалзахгүй... гэжээ.   

Зохигчидын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Оюунгэрэл нь Д.Нямсайханд холбогдуулан “зээлийн гэрээний үүрэг 13 000 000 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.  

            Хариуцагч нэхэмжлэлээс зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөн шүүх нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.

Д.Нямсайхан нь С.Оюунгэрэлээс 8 000 000 төгрөгийг зээлж авсан талаар талууд маргаагүй бөгөөд, нэхэмжлэгч 8 000 000 төгрөгийнхөө зээлийн гэрээг дүгнээд 5 000 000 төгрөг, 8 000 000 төгрөгийн зээлийн гэрээнүүдийг байгуулсан гэсэн тайлбарыг хариуцагч үгүйсгэж няцаагаагүй, уг гэрээн дээрх гарын үсгийн талаар маргаагүй нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийнхээ хүрээнд хийгдсэн хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.  

Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба ”зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж хуульчилсан. Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч С.Оюунгэрэл хариуцагч Д.Нямсайханаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.   

Хариуцагчийн төлөөлөгч: “...Д.Нямсайханаас С.Оюунгэрэлд шилжүүлсэн 5 475 000 төгрөгийг нэхэмжлэлээс хасаж тооцно уу, өмнө Нямсайхан нь С.Оюунгэрэлээс мөнгө зээлсэн гэдгийг нотлох баримт байхгүй байна...” гэснийг нэхэмжлэгч С.Оюунгэрэл: “... хүлээн зөвшөөрөхгүй энэ мөнгө бол Д.Нямсайхан бид хоёрын өмнө нь зээлж авсан мөнгөний тооцоо, Д.Нямсайханд намайг мөнгө зээлүүлсэнийг Д.Нямсайхан өөрөө батална, би бас батална, Д.Нямсайхан 2014 оны  03 сард 3 000 000 төгрөг авснаасаа хойш би хүүгээ төлж чадахаа больсон гэж тайлбартаа бичсэн байсан...” гэж мэтгэлцсэн.

Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбаруудаар хариуцагч Д.Нямсайхан С.Оюунгэрэл нарын хооронд байгуулагдсан хэргийн 4, 5 дугаар хуудас дахь зээлийн гэрээнүүдээс өөр тэдний хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, өмнө нь Д.Нямсайхан нь С.Оюунгэрэлээс хэдэн төгрөг аваад хэдэн төгрөг буцааж өгсөн талаар нотолсон баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгчийн тайлбар нотлогдоогүй болно.  Д.Нямсайханы 2014 оны  03 сард 3 000 000 төгрөг авсанаасаа хойш би хүүгээ төлж чадахаа больсон гэсэн  тайлбар  нь хүүгээ төлөөгүйг нотолж байх ба үндсэн зээлээс төлөөгүй гэсэн үг биш байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан. Нэхэмжлэгчийг энэ үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.    

Банкны хуулгаар Лхагваас гэсэн орлогууд нь С.Оюунгэрэлийн худалдагчаас хийсэн орлогууд гэж нэхэмжлэгч тайлбарласан, хариуцагчийн төлөөлөгч Лхагваас гэсэн орлогуудын талаар маргаагүй бөгөөд, 2015-01-17-нд хийсэн Лхагваас гэсэн 100 000 төгрөгийн орлогыг Д.Нямсайхан хийсэн гэх боловч энэ нь нотлогдохгүй байна.  

Иймд нэхэмжлэгч С.Оюунгэрэлийн зээлийн гэрээний үүрэг гэж 13,0 сая төгрөг нэхэмжилснээс хариуцагчийн нэхэмжлэгчид шилжүүлсэн 5 475 000 төгрөгийг хасаж,  Д.Нямсайханаас 7 525 000 төгрөгийг гаргуулан С.Оюунгэрэлд олгож, нэхэмжлэлээс 5 475 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэж шийдвэрлэлээ. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу гаргууллаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-д заасныг баримтлан Д.Нямсайханаас 7 525 000 төгрөг гаргуулан С.Оюунгэрэлд олгож, нэхэмжлэлээс 5 475 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 222 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас   135 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ХИШИГДАВАА