Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 0316

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч Ц.Ариунтуяа,

хохирогч С...., түүний өмгөөлөгч Г.Нямсүрэн /ШТЭД-2700/

шүүгдэгч Д.... нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д....т холбогдох эрүүгийн 1908 05734 0046 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хятад хэлний орчуулагч мэргэжилтэй,  хувиараа барилгын засал чимэглэлийн ажил хийдэг, ам бүл 7, эцэг, эх, нөхөр, хүүхдүүдийн хамт, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Хайрханы ...тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо ...тоотод оршин оршин суух, урьд

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 735 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хорих ял, мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2.3, 113.2.9, 113.2.10-т /биеэ үнэлэхэд зуучилсан, насанд хүрээгүй хүнийг хуурч мэхлэх аргаар улсын хил давуулан худалдаалсан/ зааснаар 500.000 төгрөгийн эд хөрөнө хурааж, 06 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар ялыг багтааж биечлэн эдлэх ялыг 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 06 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлснийг Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 02 жилийн хугацаагаар хойшлуулсан.

Боржигон овогт ...ийн ... /РД:.../.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.... нь 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо ...тоотод “харанхуй шөнө танихгүй хүн дагуулж ирлээ” гэсэн шалтгааны улмаас иргэн С....г үснээс нь зулгааж, толгой хэсэг рүү нь гараараа зодож, цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хохирогч С....гийн мэдүүлэг /хх34/, гэрч Б....ын мэдүүлэг /хх38-39/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэг шинжилгээний газрын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 12799 дугаартай дүгнэлт /хх44/, шүүгдэгч Д.... нь эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн зурагтай лавлагаа /хх65, 72/, шийтгэх тогтоолын хуулбар /хх74-83/, цагдаагийн асап сангийн лавлагаа /хх61-63/, хүүхдүүдийн төрсөний бүртгэлийн лавлагаа зэрэг хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч Д....ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч С....гийн “...2019 оны 10 дугаар сарын 20-ны орой 20 цагийн орчим...намайг яах гээд байгаа юм бэ гэж хэлээд ширээгээ түлхэж гараараа хувцаснаас барьж аваад заамдаж үстэж доош нь дараад цохиод зодсон... би гарч яваад цагдаа дуудсан...... миний биеийг доош нь үсдэж дарж байгаад нүүр рүү гараа зангидаж байгаад 2-3 удаа цохисон. ...Үүнээс болж хамар дух зүүн нүд хөхөрч хавдсан... ” гэсэн мэдүүлэг /хх34/,

2. Гэрч Б....ын “......... нь ... руу чи шөнө орой цагаар гэр оронд танихгүй хүн авчирчихаад гэж маргалдаж гэрээсээ хөөж, ширээгээ гараараа цохиж босч ирээд ...г үстэж аваад гэрээс зайл гэж орилж, үстэж доош нь дарж байгаад нүүрлүү гараараа 2-3 удаа цохисон. ...... болохоор ...ийн гэрээс гарах үедээ ...ын үснээс зулгааж толгой руу нь ганц нэг удаа цохиж харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх38-39/,

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэг шинжилгээний газрын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 12799 дугаартай “...С....гийн биед хамрын нуруу, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо нэг ба түүнээс дээш удаагийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд  үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй”  гэсэн шижнээчийн дүгнэлт /хх44/,

4. Шүүгдэгч Д....ын яллагдагчаар “...би ...гийн цамцнаас татаад та босоод ир хаалга тэнд байна гээд үүд рүү түлхсэн. ... миний зүүн талын чихний орчим үснээс гартаа ороочхоод татсан. Би үсээ тавиулах гээд зууралдсан. Зөрүүлээд үснээс нь зулгаасан...” гэсэн мэдүүлэг  /хх57/

Гэм буруугийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.... нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

Хэрэгт авагдсан баримтаас 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн оройн 20 цагийн үед хохирогч С.... нь гэрч Б.... нар нь Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо ...тоотод байрлах шүүгдэгч Д....ын гэрт очиж, Б....ын хүүхдийн цалин хөлсний талаар ярилцсан.

Шүүгдэгч нь гэрт танихгүй хүн дагуулж ирлээ гэж уурлан хохирогчийг үснээс нь зулгааж, толгой хэсэг рүү нь гараараа зодож, цохисон болох нь хохирогчийн “...гараараа хувцаснаас барьж аваад заамдаж үстэж доош нь дараад цохиод зодсон... ... миний биеийг доош нь үсдэж дарж байгаад нүүр рүү гараа зангидаж байгаад 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг, гэрч Б....ын  “......г үстэж аваад гэрээс зайл гэж орилж, үстэж доош нь дарж байгаад нүүрэнд нь гараараа 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Д....ын үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай, хохирол, хор уршигийг хүсч үйлдсэн, түүний хууль бус үйлдлийн улмаас хохирогч С....гийн биед “...хамрын нуруу, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, тархи доргилт ...” бүхий хөнгөн хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 12799 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д....ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

            Гэмт хэргийн хор уршигийн талаар хохирогч С.... нь 183.000 төгрөгийн хохирол учирсан болох нь түүний “шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөг, толгойн томографикийн шинжилгээ 120.000 төгрөг, толгойгоо бариачид бариулсан 25.000 төгрөг, эм авч уусан 30.000 төгрөг” нийт 183.000 төгрөг нэхэмжилжээ.

Хохирогч нь хэдийгээр дээрх зардал гаргасантай холбоотой баримтыг хэрэгт хавсаргуулаагүй байх боловч компьютер томографикийн шинжилгээ хийлгэсэн, шүүх эмнэлэгт үзүүлэхдээ төлбөр төлсөн болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Түүнчлэн нэхэмжилж буй хохирол нь эх сурвалж нь тодорхой, хэргийн үйл баримттай нийцэж байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой зардал гарсан гэж дүгнэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д....оос уг хохирлыг гаргуулан шийдвэрлэв. 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Д....ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан болно.

            Шүүгдэгч Д....ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

            Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нь хувийн байдлын хувьд хөдөлмөр эрхэлдэггүй, бага насны 3 хүүхэдтэй болон улсын яллагч, өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын саналыг харгалзан шүүгдэгч Д....т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ...ийн ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д....ыг 500 /таван зуун/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д....оос 183.000 /нэг зуун наян гурван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч С....д олгуулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР