| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2016/01257/и |
| Дугаар | 142/ШШ2016/01149 |
| Огноо | 2016-09-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 142/ШШ2016/01149
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-18-35 тоотод оршин суух, Боржигон овгийн Цогоогийн Моломжамц /ФМ51091866/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг 20-3 тоотод оршин суух,Монгол овгийн Дагийсүрэнгийн Нямдулам /ФБ70092706/-д холбогдох,
“275 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Моломжамц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Моломжамц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нямдулам манай тавилгийн дэлгүүрээс 320 000 төгрөгийн үнэ бүхий буйдан, 80 000 төгрөгийн үнэтэй ширээ зэрэг нийт 400 000 төгрөгийн үнэ бүхий тавилга аваад, цувуулж 125000 төгрөг авсан. Үлдэх 275 000 төгрөгөө өгөхгүй намайг хохироож байна. Иймд Д.Нямдуламаас 275 000 төгрөг гаргуулсан Ц.Моломжамц надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү. Надад 100 000 төгрөг 50 000-р 2 удаа, 25 000 төгрөг дансанд хийсэн. Одоо би 175 000 төгрөг гаргуулахад татгалзахгүй гэжээ.
Хариуцагч Д.Нямдулам шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Д.Нямдулам нь 2014 онд Ц.Моломжамцаас 400 000 төгрөгний үнэ бүхий тавилга лизингээр авахаар болсон боловч уг лизинг бүтэхээ больсон тул Ц.Моломжамц нь өөрийн биеэр араас залган тохиролцож уг тавилгийг авсан. Үндсэн мөнгөнөөс нийт 225 000 төгрөгийг төлсөн мөн удаа дараа гэрт ирж хүүхэд нь согтуу агсам тавьж хэл амаар доромжилсон. Одоогоор миний бие ажилгүй гэрт байгаа, нөхөр 8 сард ажилдаа орж цалиндаа хүрээгүй байна. Үлдэгдэл 175 000 төгрөгийг 9 сард төлж хохирлыг барагдуулна гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Моломжамц нь хариуцагч Д.Нямдуламд холбогдуулан “275 000 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Нямдуламын 175 000 төгрөгийг 9 сард төлнө гэснийг, нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч шүүх хуралдаанд дээр нэхэмжлэгч Ц.Моломжамц нь нэхэмжлэлийн шаардлагаа бууруулан 175 000 болгож, зохигчид эвлэрсэн болно.
Зохигчид эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар гаргууллаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Моломжамц нь Д.Нямдуламаас 275 000 төгрөг гаргуулах хэрэгт хариуцагч 175 000 төгрөг төлнө гэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 8900 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 5900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Моломжамцад олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА