Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 0349

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сарангоо,

улсын яллагч Р.Очирсүрэн,

шүүгдэгч С.... нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Р.Очирсүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С....т холбогдох эрүүгийн 2008 00971 0427 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  1969 оны 01  дүгээр сарын  30-ны өдөр Завхан аймгийн  Их Уул  суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-7, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Дунднарангийн ...тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

Адуучин овгийн ...ийн ... /РД:.../.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч С.... нь 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 18 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 19 дүгээр байрнд үйл ажиллагаа явуулдаг “Сакура” нэртэй дэн буудлын өрөөнд иргэн Д....ыг “...миний мөнгийг авчихаад, цуг тоглоё гэхэд тоголсонгүй...” гэх шалтгаанаар хоорондоо маргалдаж Д....ын нүүрэн тус газар гараараа цохиж, цээжин тус газар нь хөлөөрөө өшиглөж, толгой руу 2-3 удаа цохиж  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Цагдаагийн хэлтсийн дуудлагын лавлагааны хуудас, дуудлага мэдээлэл шалгасан илтгэх хуудас /хх5, 7/, хохирогч Д....ын мэдүүлэг /хх16/, гэрч Л....гийн мэдүүлэг /хх16/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2569 дугаартай дүгнэлт /хх25/, С....ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх39, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх45/, ял  шалгах хуудас /хх51/, зэрэг хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч С....ийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Цагдаагийн хэлтсийн Дуудлагын лавлагааны хуудас, дуудлага мэдээлэл шалгасан илтгэх хуудас /хх5, 7/

2. Хохирогч Д....ын “...Би 2020 оны 02  дугаар сарын 09-ний өдөр 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд байрлах “Сакура” нэртэй дэн буудалд хөзөр тоглох санаатай очсон юм. Сакура дэн буудалд хэдэн хөгшчүүл хөзөр буур тоглодог юм. Намайг буудалд ороход  ..., ... нар байсан, бид гурав тоглож байгаад 18 цагийн үед би тоглохоо болье, гэрлүүгээ  явья гэж хэлэхэд ... уурлаад “чи яахаараа болидог пизда вэ” гэж хэлээд миний урдаас харж сууж байгаад миний рүү нэг удаа цохиод авсан. Би ...д хандаж “ яагаад намайг цохиж зоддог юм” гэж хэлэхэд ... чамайг алсан ч яадаг юм  гэж хэлээд тоглож байсан ширээн дээр гараад миний зүүн талын цээж рүү өшиглөөд  орон дээр үсдэж дараад миний толгой руу 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх16/,

3. Гэрч Л....гийн “...Миний санаж байгаагаар 3-4 хүн байсан санагдаж байна. Би буудлын үүдэнд сууж байхад хөзөр тоглож байсан өрөөнд зодоон болоод хүмүүс хоорондоо хэрэлдэж маргах чимээ гарсан. Би юу болов гээд өрөөнд ороход хаалганы хажууд төмөр аяга газар хэвтэж байсан. ... гэх зүс танихгүй махлаг хүн надтай зөрөөд гарсан. Би ...аас юу болсон талаар асуухад “... надтай хөзөр тоглож байгаад болилоо” гэж хэлэхэд ... ширээн дээр үсэрч гарч ирээд намайг өшиглөж зодлоо, миний шүд хөдөлчихлөө гэж хэлээд надад шүдээ үзүүлж байсан ...” гэх мэдүүлэг /хх23/,

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2569 дугаартай дүгнэлтэд “...Д.Гантулын биед 1 шүдний сулрал, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн  хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх25/,

          5. С....ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...Намайг очиход хохирогч ...а бас бус хүмүүс байсан нэрийн хэлж мэдэхгүй байна, 3-4 хүн байсан санагдаж байна. Би ...а, ... хоёртой хамт хөзрөөр буур тоглосон юм. Би тухайн үед 370.000 төгрөг ...ад алдсан. Би мөнгөгүй болчхоод ...оос 10.000 төгрөг зээлээд дахиад нэг тоглъё гэж хэлэхэд ...а дургүйцаад чамтай тоглохгүй гээд байхаар нь би ...ад хандаж чи хүний мөнгө авчхаад ганц тоглочихгүй яасан хуншгүй юм бэ гэж хэлээд цохих гээд хий далайхад ...а ширээн дээр байсан шилэн аяга, төмөр аяга хоёрыг аваад надруу шидсэн...Би ширээн дээр гүйж гараад цаана зогсож байсан ...ыг орон дээр дарж заамдаад заамдсан гараараа цээжрүү нь хоёр удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх39/

Гэм буруугийн дүгнэлт:

Шүүгдэгч С.... нь 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 18 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 19 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг “Сакура” нэртэй дэн буудлын өрөөнд хохирогч Д....атай хөзөр тоглож, улмаар дахин тоголсонгүй гэх шалтгаанаар хоорондоо маргалдаж түүний толгой, цээжин тус газар нь гар, хөлөөрөө цохиж эрүүл мэндэд нь хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.  

Шүүгдэгч С....ийн үйлдлийн улмаас хохирогч Д....ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2770 дугаартай “...1 шүдний сулрал, шилбэнд зулгаралт ... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчид хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч С....ийг хохирогч Д....ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцох улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч С....т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч шүүгдэгч улсын яллагчийн гаргасан ялыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлжээ.  

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, бусдын эрүүл мэндэд учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...”, 1.2 дахь заалт заасан “... учруулсан хохирлыг төлсөн...” гэсэн үндэслэлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан, санал нь хэргийн нөхцөл байдалд тохирсон байх тул шүүгдэгч  С....ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:   

1. Шүүгдэгч ...ийн ...ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С....т 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.... нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.МӨНХБААТАР