Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 747

 

       Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа,

улсын яллагч Х.Нарангуа /томилолтоор/,

шүүгдэгч Т.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б  холбогдох эрүүгийн 1908015980000 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1969 оны 10 дүгээр сарын 14-ний өдөр Өвөрхангай  аймгийн Хайрхандулаан суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хайгуулын завсарчин мэргэжилтэй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, баянголын 0000 тоотод оршин суух,

- Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 00 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.1.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзах ялаар,

- Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 000 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 180.000 төгрөгөөр торгох ялаар,

- Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 000 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар /ХХ-ийн 51-52 дугаар хуудас/ тус тус шийтгүүлсэн,

Х  овогт Т-ын Б  /РД:000000000/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Т.Б  нь  нь 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Баянголын ooo тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Т-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл /хх 5-6/, хохирогч Б.Т-ийг мэдүүлэг /хх24-31/, гэрч Б.Ж-ийн мэдүүлэг /хх-15/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 0000 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх21/, аюулын зэргийн үнэлгээ /хх257-58/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх59-67/, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны хамтарсан багын хурлын тэмдэглэл /хх-68/,  иргэний үнэмлэхний лавлагаа /хх-71/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-40/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх34/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-70/, бусад лавлагаа /хх-72-75/,  цагдаагийн байгууллагын АСАП сангийн лавлагаа /хх41-43/, Хаан банкны дансны лавлагаа /хх-76-84/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан холбогдох нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч Т.Б ийн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл “...Иргэн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 20-19 тоотод манай нөхөр удаа дараа цохиж, зодсон тул хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” талаарх хүлээн авсан тэмдэглэл /хх-6/,

2. Хохирогч Б.Т-ийг “... 2019 оны 3 дугаар  сарын 17-ны орой  17 цагийн орчим намайг гэртээ байж Б  найз Ж-ийн  хамт согтуу орж ирсэн. Надруу дайрч агсам тавьсан. “би найзтайгаа хамт архи уумаар хоёр хүүхдээ аваад зайл” гээд миний толгой руу нэг удаа цохьсон...Дараа нь 2019.03.18-ны орой 18 цагийн орчимд Б  бид 2 гэртээ амарч байтал Б  гэнт намайг өргөдлөө авчихгүй юм уу гэхээр нь 1 дэх өдөр байцаагч юу гэхнүү сонсоё би мэдэхгүй байна гэж хэлсэн чинь авчихаар яагаад байгаан гээд миний хоолойноос боогоод нүүр лүү гараараа 1 удаа цохиж аваад өргөдлөө ав гээд байсан. Одоо надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх24-31/,

3. Гэрч Б.Ж “...Б  Т-ийг янхан минь хаагуур яваад ирэв гэж хэл амаар доромжилсон Тунгалан шүдэнз авчихаад гарах гэтэл 2 хүүхэд нь дагаж гарах гээд байсан тэгсэн Б  гаргахгүй гэрлүүгээ авж орно гээд чангаагаад байхаар нь би боль гэж хэлээд Б ийг гэр лүү нь оруулаад Т-ийг 2 хүүхдийн хамт хажуу байшиндаа оруулаад түгжээд цагдаад дуудсан юм...” гэх мэдүүлэг /хх13-15/,

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 0000 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Б.Т-ийг биед тархи доргилт, хүзүү хоолой, хөх, цээжний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /хх21/

5. Аюулгүй зэргийн үнэлгээний маягт, гэр бүлийн хүчирхийлийн нөхцөл байдлын үнэлгээний маягт“...Тус хорооны оршин суугч Б.Б  хувьд гэр бүлийн хүчирхийлэлийг бүх хэлбэрээр үйлддэг. Маргасан үедээ хүүхдээ айлгаж сүрдүүлдэг...” гэх тэмдэглэл /хх-59-67/,

6. Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хорооны хамтарсан багийн хурлын “...Б.Б  нь  эхнэр Б.Т-ийг бие махбодид гэмтэл учруулсан тул хуулийн дагуу шийдвэрлэхийг хамтарсан багийн хурлаар 100 хувийн санал нэгтэйгээр дэмжиж, холбогдох материалыг хүргүүлэв...” гэх тэмдэглэл /хх68-69/,

7. Шүүгдэгч Т.Б  мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Б.Т-ийг биед учирсан гэмтлүүдийг би гараараа цохиж, зодож учруулсан...” гэх мэдүүлэг /хх-37-38/,

8. Шүүгдэгч Т.Б  нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “..би мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн мэдүүлэг өгсөн...” гэсэн болно.

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Б.Б :

Шүүгдэгч Б.Б  нь 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Баянголын 0000 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Т-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Т-ийг “...би найзтайгаа хамт архи уумаар байна хоёр хүүхдээ аваад зайл” гээд миний толгой руу нэг удаа цохьсон... миний хоолойноос боогоод нүүр лүү гараараа 1 удаа цохиж аваад өргөдлөө ав гээд байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Ж гийн “...Б  Т-ийг янхан минь хаагуур яваад ирэв гэж хэл амаар доромжилсон Тунгалан шүдэнз авчихаад гарах гэтэл 2 хүүхэд нь дагаж гарах гээд байсан тэгсэн Б  гаргахгүй гэрлүүгээ авж орно гээд чангаагаад байхаар нь би боль гэж хэлээд Б ийг гэрлүү нь оруулаад Т-ийг 2 хүүхдийн хамт хажуу байшиндаа оруулаад түгжээд цагдаад дуудсан юм...” гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдлийн улмаас “хохирогч Б.Т-ийг эрүүл мэндэд тархи доргилт, хүзүү хоолой, хөх, цээжний цус хуралт” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 0000 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг ойлгохоор, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор заасан.

Шүүгдэгч Т.Б  нь хохирогч Б.Т-тай гэрийн бүлийн хамаарал бүхий харилцаатай /эхнэр нөхөрийн/ болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгүүд болон холбогдох бусад баримтаар тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч нь энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогч, шүүгдэгч гомдол саналгүй, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Т.Б  нь согтууруулах ундааны зүйл уусан үедээ гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Б.Т-ийг эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.  

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Тунгалаг гомдол саналгүй, нэхэмжилсэн зүйлгүй, шүүгдэгч Т.Б  одоо эхнэр бид хоёр эвлэрсэн зүгээр гэж тайлбарлаж байх тул шүүгдэгч Т.Б ийг хохирогчид энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Т.Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирлыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэх дүгнэлт гаргаж, шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлжээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэнсудалсан нотлох баримт болон шүүгчдэгчийн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг хохирогч Б.Т хохирлыг нөхөн төлсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “учруулсан хохиролыг нөхөн төлсөн” гэж үзэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Мөн шүүгдэгч Т.Б ийг гэм буруугийн талаар маргаагүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, ажил хөдөлмөр эрхэлж байгаа зэрэг хувийн байдал, эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсонг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х  овогт Т-ын Б ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, гэр бүлий хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Т-ийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б  600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсэгт зааснаар торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              М.МӨНХБААТАР