Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 142/ШШ2016/01150

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, шүүгч Б.Бямбасүрэн, шүүгч Д.Ариунцэцэг, нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

          Нэхэмжлэгч: Булган аймгийн Хангал сумын 2-р багт оршин суух, Садо овгийн Лхагважавын Эрдэнэбат /ГЮ85020478/-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг 7а-2 тоотод оршин суух, Их сул овгийн Найдансүрэнгийн Оюунбат /ТЮ81052211/-д холбогдох

“Гэм хорын хохирол 4 963 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ванчиг, хариуцагч Н.Оюунбат, иргэдийн төлөөлөгч С.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Н.Оюунбат нь 2011 оны 09 сарын 14-ний өдөр Л.Эрдэнэбатын толгойн тус газар өшиглөж хүнд гэмтэл учруулсан байдаг бөгөөд үүний улмаас тэрээр Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 3 жил 4 сарын ялаар шийтгэгдсэн байна. Энэхүү шүүхийн 2012 оны 07 сарын 25-ны өдрийн 6а шийтгэх тогтоолд эмчилгээний зардалаа нотлох баримт бүрдүүлэн иргэний шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй тухай заасан байна. Одоо Л.Эрдэнэбатын толгой нь байнга өвдөж ухаан санаа нь орж гарч унаж тусдаг болсон бөгөөд байнгын эм тариа эмчилгээ сувилгаа хийлгэж Улаанбаатар явах зэргээр зардал чирэгдэл гаргах хүнд нөхцөлд амьдарч байна. Цаашид хагалгаанд орох шаардлагатай гэсэн оноштойгоор зовж байна. Иргэний хуулийн 228.1, 228.3, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь заалтуудыг үндэслэн Н.Оюунбатаас нийт 4 963 410 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Хөдөлмөрийн хөлсний зөрүү 2011-08-01-нээс 2013-09-01 хүртэл 140 400 төгрөг байхад групп 36 800 төгрөг авдаг байсан, 3 сарын зөрүү 478 400 төгрөг,

2013-09-01-нээс 2014-03-01 хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 000 төгрөгнөөс, групп 103 600 төгрөгийн зөрүү 89,0 төгрөгийг 6 сараар үржүүлэхэд 534 000 төгрөг,

2014-03-01-нээс 2015-04-01 хүртэл группын мөнгө 115 000 төгрөг болсон тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний зөрүү 192 000 төгрөгнөөс бодохоор 77 000х13 сараар үржихээр 1 001 000 төгрөг,

2015-04-01-нээс 2016-07-01 хүртлэх групп 126 500 болсон тул зөрүү 15 сарыг 65 500 үржээд 982 500 төгрөг нийт группын зөрүү 2 995 900 төгрөг болж байгаа. Группын зөрүү дээр эмчилгээний зардал, өмгөөлөгчийн хөлс нийлээд 4 9 63 410 төгрөг нэхэмжилж байна гэжээ.    

Хариуцагч Н.Оюунбат шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Иргэн Найдансүрэн овогтой Оюунбат миний бие нь иргэн Лхагважав овогтой Эрдэнэбаттай холбогдох хэргийн дагуу нэхэмжилсэн 1 981 869 төгрөгийг 2 хувааж төлсөн болно. Анх 850 000 төгрөг, дараа нь 682 866 төгрөг төлсөн. Миний бие нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч болж 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлэх тогтоол гарч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж 3 жилийг нь биеэрээ эдэлж гарч ирсэн. Иргэн Л.Эрдэнэбат нь надтай эвлэрсэн, гомдолгүй гэх мэдүүлэг байгаа болно. Иймийн тулд миний бие нь Л.Эрдэнэбатад одоо нэхэмжилж буй мөнгийг өгч чадахгүй байна. Би эдлэх ёстой ялаа эдэлж, өгөх ёстой мөнгөө өгсөн тул Л.Эрдэнэбатын шүүхэд гаргасан гомдлыг эсэргүүцэж байна. Н.Оюунбат миний бие нь нас өндөр гарсан буюу 74 настай ээжийн болон байнгын асаргаа хяналтанд байдаг төрсөн эгч Н.Оюу-Отгоныг асрамжилдаг бөгөөд одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй байна. Манай эгч нь 80%-ийн группт байдаг. Эмчилгээний зардал сардаа 200 000 төгрөг гардаг. Ээжийнхээ тэтгэврээр амьдарч байна. Иймийн тулд Л.Эрдэнэбатад өгөх мөнгө байхгүй болно. Би Л.Эрдэнэбаттай холбогдох хэргийн материалуудыг хавсралт болгон тайлбарын хамт Иргэний хэргийн шүүхэд гаргаж байна. Иймд бид 2-н энэхүү асуудлыг шийдвэрлэж өгнө үү. Л.Эрдэнэбат нь өөрөө ч буруутай л байсан, гай таараад л ийм юм болсон, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Би өөрөө орох оронгүй шахуу л явж байна... гэжээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчдын тайлбаруудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Л.Эрдэнэбат нь Н.Оюунбатад холбогдуулан “Гэм хорын хохирол 4 963 410 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хэсэгчлэн хангах үндэслэлтэй гэж үзэв.  

            Хариуцагч Н.Оюунбат нь 2011 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр Л.Эрдэнэбатын биед хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 6а дугаартай шийтгэх тогтоол, зохигчдын тайлбараар нотлогдсон байна.  

            Н.Оюунбатын дээрх үйлдэл нь Л.Эрдэнэбатын биед учруулсан хүнд гэмтэлтэй шалтгаант холбоотой байх ба Л.Эрдэнэбат нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2-т зааснаар шаардах эрхтэй.                         

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хэргийн 3-10, 15-51 дүгээр  хуудас дахь 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдөр олгосон Л.Эрдэнэбатын нийгмийн халамжийн дэвтэр, 2014 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн Булган аймаг Хангал сумын засаг даргын тодорхойлолт, Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 6а дугаартай шийтгэх тогтоол, эм тарианы баримтууд, зорчих эрхийн тасалбарууд, хот хоорондын зорчих тасалбар зэргийг үндэслэл болгосон.  

Хариуцагч, нэхэмжлэлээс татгалзаж буй үндэслэлээ Л.Эрдэнэбатын нэхэмжилж байгаа 4 963 410 төгрөгийг төлөх ямар ч боломжгүй. Тухайн үед хохирлын мөнгийг төлж барагдуулсан, одоо надад боломжгүй, Л.Эрдэнэбат өөрөө ч гэсэн буруутай гэж тайлбарласан.

Л.Эрдэнэбат нь Н.Оюунбатын үйлдсэн гэм буруугийн улмаас хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдаж, 2011-10-27-ны өдөр группт орж түүнээс хойш өнөөдрийг хүртэл группт байгаа болох нь нотлогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 2011-08-01-нээс 2013-09-01 хүртэл /хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140 400 төгрөг байхад групп 36 800 төгрөг авдаг байсан 3 сарын зөрүү 478 400 төгрөг/, 2013-09-01-нээс 2014-03-01 хүртэл /хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 000 төгрөг байхад групп 103 600 төгрөг авдаг байсан 89 000 төгрөгийн 6 сарын зөрүү 534 000 төгрөг/, 2014-03-01-нээс 2015-04-01 хүртэл /группын мөнгө 115 000 төгрөг болсон тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний зөрүү 192 000 төгрөгнөөс бодохоор 77 000 төгрөгийн 13 сарын зөрүү 1 001 000 төгрөг/, 2015-04-01-нээс 2016-07-01 хүртлэх /групп 126 500 болсон тул зөрүү 15 сарыг 65 500 төгрөгийн зөрүү 982 500 төгрөг/ нийт группын зөрүү 2 995 900 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.  

Мөн баримтаар нотлогдож буй хэргийн 15 дугаар хуудас дахь тархины цахилгаан бичлэг 30 000 төгрөг, толгойн КГГ 100 000 төгрөг, “Агар шим” ХХК-ийн 79 500 төгрөгийн эмчилгээний төлбөр, хувийн эмнэлэгт хэвтсэн 250 000 төгрөг /хх-ийн 15/, Жинст эмнэлэгт хэвтсэн 245 000 төгрөг, “Бамбай хангал” эмийн сангаас авсан нийт 5ш баримт 299 960 төгрөгийн шаардлагыг /хх-ийн 18х/ хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Харин өмгөөлөгчийн хөлс 200 000 төгрөг болон 300 000 төгрөгийн баримтууд нь хэзээ ямар хэргийн улмаас өмгөөлөгч авсан болох нь тодорхойгүй, эрүүгийн хэрэг шийдвэрлэснээс хойш үйлдэгдсэн баримтууд байх ба, зорчих эрхийн тасалбарууд нь Л.Эрдэнэбатын регистрийн дугаартай зарим нь тохирохгүй, хот хоорондын зорчих тасалбартай он сар өдрийн хувьд нэг чиглэлд нэг өдрийн зөрүүтэй бичигдсэн байгаа нь эргэлзээтэй байна. Түүнчлэн шатахуун түгээх станцуудын баримтуудыг нэхэмжлэгчийн төлөөлөгч Улаанбаатар явахдаа бензин хийсэн гэж тайлбарласан боловч тухайн үед явсан гэдгийг нотолсон баримт байхгүй тул эдгээр баримтуудтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Н.Оюунбат нь нэхэмжлэгч Л.Эрдэнэбатад хүнд гэмтэл учруулахад нэхэмжлэгчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн болох нь Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 6а дугаартай шийтгэх тогтоол, хариуцагчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 541.1-д зааснаар хариуцагчийн хариуцах гэм хорын хэмжээг багасгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иймд хариуцагч Н.Оюунбатаас группын зөрүү нийт 2 995 900 төгрөг дээр эмчилгээний зардал 1 004 510 төгрөгийг нэмээд нийт 4 000 410 төгрөгнөөс Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар хариуцагчийн зүй бус үйлдэл байдал нөлөөлсөн нөхцөл байдлыг харгалзан 1,0 сая төгрөгийг хасаж тооцон, 3 000 410 төгрөгийг хангаж, нэхэмжлэлээс нийт 1 963 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүнэлээ.                   

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагчаас 62 957 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар заалаа. Хэргийн 60, 62-67 дугаар хуудас дахь баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгааг дурьдах нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Оюунбатаас 3 000 410 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Эрдэнэбатад олгож, нэхэмжлэлээс үлдэх 1 963 000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дуоьдаж, хариуцагчаас 62 957 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай. 

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХИШИГДАВАА

                                             ШҮҮГЧИД                                  Б.БЯМБАСҮРЭН

                                                                                                Д.АРИУНЦЭЦЭГ