Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 763

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

улсын яллагч Т.Болор-Эрдэнэ,

шүүгдэгч Д.М  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Болор-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М  холбогдох эрүүгийн 1908022670000 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зорчигч нэгтгэлийн 2 дугаар баазад жолооч ажил эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Дэнжийн 00 дүгээр гудамж 00 тоотод оршин суух хаягтай боловч, Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Алтан-Овоогийн 000 тоотод орших суудаг, ял шийтгэлгүй,  

Б  овогт Д-н М  /РД:0000000/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Д.М  нь 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Алтан-Овоогийн 000 тоотод хамтран амьдрагч С.Д гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь  дух, сарвууны зөөлөн  эдийн няцрал, цус хуралт, тохойд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: хохирогч С.Д мэдүүлэг /хх9-11/, гэрч М.Э-ийн мэдүүлэг /хх22/, гэрч Ч.Н-гийн мэдүүлэг /хх26/, гэрч Ч.Д-ийн мэдүүлэг /хх28/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ний өдрийн 0000 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх31/, аюулын зэргийн үнэлгээ /хх43/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх48/, Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх45/ шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан холбогдох нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч Д.М г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

   1. Хохирогч С.Д “...М  дагавар хүү бид хоёрыг намайг байхгүйд хуучин нөхөртэйгээ уулзаад явж байна гэж дууллаа гэж агсам тавьж байгаад миний үснээс зулгааж гараараа хүзүү боох үед миний охин дүүгийн нөхөр Г  бид хоёрыг салгахаар нь би цагдаад дуудлага өгсөн чинь гараад явчихсан. Тэгэхээр нь араас нь гартал хашаан дотор хэрэлдэж байтал үснээс зулгааж дараад духанд нэг удаа өшиглөсөн. Би тохойгоороо түшиж, унаад босох гэтэл нэмж өшиглөх гэхээр нь баруун гараараа хаатал, сарвуу хэсэгт өшиглөхөд Г  салгаад цагдаа нар ирээд аваад явсан. М  нь архи уучихаараа хэрүүл хийж байгаад 1-2 удаа үснээс зулгааж алгадаж байсан. 2017 оны 2 дугаар сарын 17-ны шөнө согтуу гэрт ирж агсам тавьж байгаад үснээс зулгааж зодсон. Сүүлд 2019 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр бусадтай хардаж зодсон...” гэх мэдүүлэг /хх9-15/,

2. Гэрч А.Э-ийн “...2019 оны 4 дүгээр сарын 19-ний орой 20 цагийн үед хүргэн ах М  гэртээ сар орчим ирээгүй байгаад согтуу ирсэн... М  ах “чи миний аавтай утсаар ярьж аавыг зовоолоо” гэж хэлээд цамцнаас нь татаж газар унагаахад манай нөхөр Г  салгасан. Эгч цагдаа дуудсан чинь М  ах машиныхаа түлхүүрийг хайж байснаа гадаа гараад машины аккумлятор байхгүй байна гэж хэрүүл үргэжлүүлэн хийж, эгчийг гадаа байхад толгой руу хөлөөрөө өшиглөж, нэмээд өшиглөх үед эгч гараараа бололтой баруун гарын алганы ар тал нь хөхөрчихсөн байсан. Удалгүй цагдаа нар ирээд М г аваад явсан. Д  эгчийг М  ах өмнөх нөхөртэй нь хардаж, сэрдэж шалтаг гарган зодох болсон. Архи уучихаараа байнга агсам тавьж, хэрүүл их өддөг хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх22/,

3. Гэрч Ч.Н-гийн “...Ахыг эхнэр Д-г зодсон гээд байцаагдаж байгаа гэхээр юу болсон юм гээд асуутал ах согтуу  гэртээ очиж, зодсон байна лээ гэж хэлэхээр би мэдсэн... “ гэх мэдүүлэг /хх26/,

4. Гэрч Ч.Д-ийн “...намайг байхгүй хооронд ганц нэг удаа зодуулчихлаа гээд гар, хөл нь хөхөрчихсөн байдалтай болсныг харсан...” гэх мэдүүлэг /хх28/,

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 0000 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “С.Д биед дух, сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохой зүйлийн үйчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох  журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. /хх31/

6. Аюулгүй зэргийн үнэлгээний маягт, гэр бүлийн хүчирхийлийн нөхцөл байдлын үнэлгээний маягт “...Тус хорооны оршин суугч Д.М гийн хувьд гэр бүлийн хүчирхийллийг олон удаагийн давтамжтай бүхий хэлбэрээр үйлддэг. Маргасан үедээ хүүхдээ айлгаж сүрдүүлдэг. Гэр бүлийн хоорондын харилцаа хэвийн. Бие биенээ дэмжсэн харьцаатай. Энэ удаа сануулах арга хэмжээ аваад өнгөрөх саналтай байна...” гэх тэмдэглэл /хх43, 48/,

7. Шүүгдэгч Д.М гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр ....би эхнэр Д-г хуучин нөхөртэй нь хардаж чи том хүүгээ аавтай нь уулзуулаад байгаа юм уу гэхэд Д  өөдөөс эсэргүүцэн, бид хоёр ам мурийж, хэрүүл болох үед би түүний үснээс нь гараараа зулгаатал хүргэн хүү Г  боль гээд бид хоёрыг салгасан. Эхнэр  намайг зайл гээд гэрээс хөөхөөр нь би гадаа гарч, машинаа авах гээд зогсож байтал  эхнэр гарч ирээд хэрүүл хийхэд, би дахин үснээс зулгааж, татаад газар унагасан. Би хөлөөрөө нэг удаа өшиглөхөд Г  салгасан. Удалгүй цагдаа ирж намайг эрүүлжүүлсэн. ...Би Д-гийн биед халдан, хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Эхнэр Д-гөөс уучлалт гуйж бид хоорондоо эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-40-41/,

8. Шүүгдэгч П.М   нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “... мэдүүлэг  өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв өгсөн...” гэсэн болно.

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Д.М :

Шүүгдэгч Д.М  нь 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн oo дугаар хороо, Алтан-Овоогийн oo тоотод хамтран амьдрагч С.Д зодсон болох нь хохирогч С.Д “...агсам тавьж байгаад миний үснээс зулгааж гараараа хүзүү боох үед миний охин дүүгийн нөхөр Г  бид хоёрыг салгахаар нь би цагдаад дуудлага өгсөн чинь гараад явчихсан. Тэгэхээр нь араас нь гартал хашаан дотор хэрэлдэж байтал үснээс зулгааж дараад духанд нэг удаа өшиглөсөн. Би тохойгоороо түшиж, унаад босох гэтэл нэмж өшиглөх гэхээр нь баруун гараараа хаатал, сарвуу хэсэгт өшиглөхөд Г  салгаад цагдаа нар ирээд аваад явсан. М  нь архи уучхаараа хэрүүл хийж байгаад 1-2 удаа үснээс зулгааж алгадаж байсан...” гэх мэдүүлэг,  гэрч А.Э , гэрч Ч.Н , гэрч Ч.Д мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд “дух сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тохойд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн 0000 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг ойлгохоор, мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор заасан.

Шүүгдэгч Д.М  хохирогч С.Д  нар нь гэр бүлийн хамаарал бүхий эхнэр нөхөрийн харилцаатай болох нь хохирогч, шүүгдэгч, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон.

Иймд шүүгдэгч Д.М  нь согтууруулах ундааны зүйл уусан үедээ гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр С.Д эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Д гомдол саналгүй, нэхэмжилсэн зүйлгүй, шүүгдэгч Д.М  одоо эхнэр бид хоёр эвлэрсэн зүгээр гэж тайлбарлаж байх тул шүүгдэгч Д.М г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Д.М  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирлыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэх дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүнийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Мөн шүүгдэгч Д.М  нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, ажил хөдөлмөр эрхэлж байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б  овогт Д-н М г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М  700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР