Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 01339

 

 

 

 

 

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 142/ШШ2016/01339

Орхон аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

            Орхон  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Скайтел ХХК

            Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-18-71 тоотод оршин суух Боржигон овогт Батцэрэнгийн Ариун-Эрдэнэ /ФБ:80062773/

            974 530 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

             Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбасүрэн, хариуцагч Б.Ариун-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Скайтел ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Ариун-Эрдэнэ нь 2010 оны 08 дугаар сарын 23-ны өдөр манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч VIP 1000 үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган AR00876925 тоот гэрээ байгуулж 91107374 дугаарын хэрэглэгч болсон. Б.Ариун-Эрдэнэ  нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн 91107374 дугаарын 2014 оны 12 сар, 2015 оны 01 дүгээр сарын ярианы төлбөр 1 421 031 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 5-р заалтыг үндэслэн үйлчилгээг нь зогсоосон болно. Б.Ариун-Эрдэнэд төлбөрөө төлөхийг мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Б.Ариун-Эрдэнээс  ярианы төлбөр болох 1 421 031 төгрөгнөөс барьцаа  450 001 төгрөгийг суутган үлдэгдэл 971 030 төгрөг, нотариатын зардал 3 500 төгрөг, нийт 974 540 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Ариун-Эрдэнэ шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие үүрэн телефоны Скайтел ХХК-н 91107374 дугаарыг барьж байгаад БНХАУлс руу явах ажлын шаардлагаар Улаанбаатар хотын 3,4-р хороололд байрлах салбар дээр очиж гадагш ярих роуминг үйлчилгээг идэвхижүүлж, барьцаа төлбөр төлсөн. Гэтэл очсон газар бүрт үнэгүй интернэт хэрэглээ байхад мөн миний хүсээгүй дата хэрэглээг идэвхижүүлснээс болж ярианы төлбөр хэт өндөр гарсан. Би дата хэрэглээний төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй, мессэж болон ярианы төлбөрийг төлнө. Надад урьдчилан сануулахгүйгээр дур мэдэн нээсэн дата төлбөрийг төлөх үндэслэлгүй, надад энэ талаар анхааруулга сануулга өгөөгүй харилцагчийн хэрэглээг бүдүүлгээр зөрчсөн гэж үзэж байна гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Скайтел ХХК нь хариуцагч Б.Ариун-Эрдэнэд холбогдуулан ярианы төлбөр 974 530 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас дата роумингийн төлбөрийг зөвшөөрөхгүй, мессэж болон ярианы төлбөрөө төлнө гэж мэтгэлцэж байна.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Скайтел ХХК нь нэхэмжлэлийн шаардалгын үндэслэлээ: Манай хэрэглэгч Б.Ариун-Эрдэнэ нь гэрээний үүргээ үл биелүүлэн хэрэглэсэн ярианы төлбөрөө төлөхгүй байх тул барьцаа төлбөрийг суутгаж нийт 974 530 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэж тайлбарладаг.

            Хариуцагч Б.Ариун-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Миний бие гадаадад зорчих болсон тул Скайтел ХХК-н 3,4-р хороололд байх салбарт хандаж роуминг үйлчилгээ авч барьцаа 500 000 төгрөг байршуулсан. Надад тухайн үед үйлчилж байсан хүн нь Дата-гийн талаар хэлж зөвлөөгүй ба миний бие монголдоо хязгааргүй дата ашиглаж байсан. Надаас дата нээх талаар зөвшөөрөл аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагаас дата роумингийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

            Хариуцагч Б.Ариун-Эрдэнэ нь 2010 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Скайтел ХХК-н дараа төлбөрт үйлчилгээг хүлээн зөвшөөрч 91107374 дугаарын хэрэглэгч болсон болох нь хэрэгт авагдсан дараа төлбөрт үйлчилгээний гэрээгээр нотлогдож байна.

            Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зээлээр худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчилэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ, Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасны дагуу харилцаа холбооны үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх хэрэглэгчийн үүргийн дагуу нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.

            Нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь манай байгууллагаас хэрэглэгч хүссэн бүтээгдэхүүн үйлчилгээг өөрөө сонгож хэрэглэдэг, мөн хэрэглээгээ өөрөө хянах боломжтой байдаг. Хариуцагчийн надад дата роуминг үйлчилгээний талаар танилцуулаагүй гэсэн тайлбар үндэслэлгүй гэж тайлбарлаж байх боловч хариуцагч Б.Ариун-Эрдэнээс тухайн байгууллагад хандаж нэмэлт үйлчилгээ авах талаар хүсэлт гаргасан эсэх нь тодорхойгүй, роуминг үйлчилгээний эрх нээлгэхэд яриа, мессэж, дата эрх зэрэг нээгддэг талаар хэрэглэгчид хандсан зөвлөмж, тайлбар өгсөн эсэх нь тодорхойгүй, нотлох баримтыг хэрэгт хавсаргаж ирүүлээгүй, мөн нэхэмжлэлийн шаардлагын нотариатын үйлчилгээний хураамжид төлсөн 3 500 төгрөгийн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ... нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тайлбараа өөрөө нотлох, цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй байх ба нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Хариуцагч Б.Ариун-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлагаас яриа болон мессэжийн төлбөрийг төлнө, дата хэрэглэсэн төлбөрийг төлөх үндэслэлгүй, надад тайлбарлаж өгөөгүй, дата хэрэглэх шаардлага байгаагүй, энэ талаар надаас асууж тодруулаагүй тул хариуцан төлөх үндэслэлгүй. Гадаадад 3G гэсэн бичиг гардаггүй болохоор хэрэглэж байгаа эсэхэд хяналт тавих боломжгүй байсан гэж мэтгэлцэж байх тул түүний төлөхөөр хүлээн зөвшөөрсөн яриа, мессэжийн төлбөр болох 397 862.72 төгрөгийг гаргуулан нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж, дата роумингийн үйлчилгээ авахаар хүсэлт гаргасан эсэх нь тогтоогдохгүй байх тул дата роумингийн төлбөр болон нотариатын үйлчилгээний зардал нийт 576 667.28 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 27 939 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнгээс улсын тэмдэгтийн хувь хэмжээг тооцон гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

           

 

           

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасны дагуу хариуцагч Б.Ариун-Эрдэнээс 397 862.72 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Скайтел ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 576 667.28 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 27 939 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ариун-Эрдэнээс 12 586 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Скайтел ХХК-д олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

                      ШҮҮГЧ                                     Л.АРИУНЦЭЦЭГ