| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2016/00729/и |
| Дугаар | 142/ШШ2016/01151 |
| Огноо | 2016-09-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 142/ШШ2016/01151
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийж,
Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Шанд баг 31-12 тоотод оршин суух Майхныхан овгийн Даваажавын Цэрэндэжид /ГЗ63102100/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа хорих 433 дугаар ангид ангид хорих ял эдэлж буй /Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-10-57 тоотод оршин суух/ Авга тайж овгийн Сэмжидбаатарын Одгэрэл /ГЮ77091204/-д холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэг 5 800 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Цэрэндэжид, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Цэрэндэжид шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр бичгээр гэрээ хийж 7%-ийн хүүтэй 4 000 000 төгрөг С.Одгэрэлд зээлүүлсэн. Дахин 2013 оны 12 дугаар сарын 23-нд нэмж 1 800 000 төгрөг зээлүүлсэн. С.Одгэрэл нийт 5 800 000 төгрөг зээлсэн. Эдгээр мөнгийг зээлэхдээ 5270414744 гэсэн дансанд 3 000 000 төгрөгийг хийсэн, харин 2 800 000 төгрөгийг бэлнээр авсан. 2014 оны 01 дүгээр сарын 06-нд өгнө гээд хугацаандаа өгөөгүй учир хүү авахгүйгээр миний үндсэн 5 800 000 төгрөгийг гаргуулж өгч намайг гомдолгүй болгож өгнө үү. С.Одгэрэл надад 2,0 сая төгрөг өгсөн нь үнэн. Одоо харин 3 800 000 төгрөгөө гаргуулж авах хүсэлтэй байна, нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж байна гэжээ.
Хариуцагч С.Одгэрэл шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Сэмжидбаатар овогтой Одгэрэл би 2013 оны 12 сарын 17-ны өдөр иргэн Д.Цэрэндэжидээс 4 000 000 төгрөг зээлж авсан. 5 хоногийн дараа 1 800 000 төгрөг зээлж авсан нь үнэн. Нийт 5 800 000 төгрөгнөөсөө 2 800 000 төгрөгөө цувруулж төлсөн. Үндсэн 3 000 000 төгрөгөө төлөөгүй байгаа бөгөөд эдгээр мөнгийг өөрийн найз Ч.Марзиймаад өгсөн болохоор тэр хүнийг төлөх байх гэж хугацаа өнгөрөөсөн. Энэ хүний 3 000 000 төгрөгийг хорих байгууллагаас гарсан үедээ төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Цэрэндэжид нь С.Одгэрэлд холбогдуулан “5 800 000 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагасан, шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа бууруулан 3 800 000 төгрөг болгосон.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хэргийн 3-5 дугаар хуудас дахь мөнгө шилжүүлсэн тухай Хаан банкны орлогын мэдүүлэг, 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээ, 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрүүдийн зээлийн гэрээнүүдэд үндэслэсэн.
Хариуцагч нь 5 800 000 төрөгийг зээлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн, мөн нэхэмжлэлийн шаардлагаас 3,0 сая төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрчээ.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Хариуцагч 2 800 000 төгрөгийг Д.Цэрэндэжидэд төлсөн гэж тайлбартаа бичсэн байх ба энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэгч Д.Цэрэндэжид нь 2,0 сая төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн тул зээлийн гэрээний дагуу 3 800 000 төгрөгийг гаргуулан Цэрэндэжидэд олгох нь зүйтэй.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 110 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 75 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч С.Одгэрэлээс 3 800 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Цэрэндэжидэд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 110 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 75 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА