Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 783

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

улсын яллагч М.Амарзаяа,

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Амарзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С  овогт Д-ын Б-д холбогдох эрүүгийн 1908 03098 0000дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1973 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, эрэгтэй, 46 настай, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, 0 дүгээр хороолол 000 тоотод байнга оршин суух хаягтай, одоогоор Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Тахилт, Баян турууны 00 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

С  овогт Д-ын Б  /РД:0000000/

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 06 дугаар сарын 07-ний өдрийн 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Зүүн салааны улаан дэлгүүр гэх газарт байсан иргэн Н.Г-ын жолоодон явсан 000 УБЯ улсын дугаартай Тоёото приус 20 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигч Г.С-ын зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Иргэн Г.С цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх3/, хохирогч Г.С-ын мэдүүлэг /хх7/, гэрч Н.Г-ын мэдүүлэг /хх13/, гэрч Д.Э-ын мэдүүлэг /хх15/, илтгэх хуудас /хх49/, “Мастер үнэлгээ” ХХК-ний хөрөнгийн үнэлгээ /хх20/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой холбогдох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч Д.Б ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Иргэн Г.С цагдаагийн байгууллагад гаргасан “ Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Хайрханы 00 дугаар гудамжны үзүүрт байсан 000 УБЯ дугаартай “Тоёото приус”  машиныг дэлгүүрийн гаднаас алдсан тул машиныг олж өгч шалгаж шийдвэрлэж өгнө үү” гэх гомдол /хх3/

2. Хохирогч Г.С-ын “...өнөөдөр буюу 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн орой 21 цагийн үед би баруун 4 замын тэнд явж байтал манай аав Г  над руу залгаад “миний машин алга болчихлоо” гэж утасдахаар нь би “та одоо хаана байгаа юм бэ, би одоо очлоо” гэхэд Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Зүүн салааны улаан дэлгүүрийн энд байна” гэж хэлэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд намайг улаан дэлгүүрийн тэнд очиход цагдаагийнхан миний тээврийн хэрэгслийг хулгайлсан хүнийг барьчихсан байж байсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь миний машин бөгөөд манай аав хааяа унаж халтууранд явдаг юм...” гэх мэдүүлэг /хх7/

3. Гэрч Н.Г-ын “...оройн 21 цагийн үед улаан дэлгүүрээс нохойн хоол авахаар 0000 УБЯ улсын дугаартай “Тоёото приус” маркийн тээврийн хэрэгсэлтэй гэрээсээ гарч явсан юм. Тэгээд улаан дэлгүүрийн гадна талд очоод машинаа асаалттай орхичхоод дэлгүүр орж нохойн хоол авчхаад гараад ирсэн чинь машин алга болчихсон, 6 дугаар гудамж руу харахад миний машин  гудамжаар доошоо уруудаад явж байх шиг байсан. Би доошоо өөрийн гудамж руу гүйгээд гудамжны төгсгөлд очиход нэг айлын хашаан дотор миний унаж явсан машин байж байсан. Нэг залуу энэ таны машин мөн үү гэхэд мөн гэж хэлсэн. Удалгүй цагдаагийн машин хүрч ирээд машин хулгайлан авч явсан залууг бариад авсан. Энэ машин нь миний хүү С-ын машин байгаа юм...” гэх мэдүүлэг /хх13/

4. Гэрч Д.Э-ын “...миний дүү Б  одоогоор ажилгүй, миний жижиг машиныг унаж халтуур хийдэг...” гэх мэдүүлэг /хх15/

5. Илтгэх хуудас “...эргүүлийн офицер ахлах дэслэгч М.Батсүх би Ачит 118 дугаар чиглэлд авто эргүүлд үүрэг гүйцэтгэж байхад “Ачит-10”-аас  Сонгинохайрхан дүүргийн 00 агдсан  гэх дуудлага мэдээллийг хүлээн авч шалган эрэн сурвалжлахад Д  овогтой Б  нь хулгай хийж унаад хөдөлгөөнд оролцон Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Хайрханы 00 дугаар гудамжинд явж байхад нь саатуулан эзэн холбогдогчийг Ачит-10 хүлээлгэн өгөв” гэх /хх49/

6. Д.Б ы яллагдагчаар өгсөн “...2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр баруун салааны хуучин эцэс дээр ах Э  эзэмшлийн тээврийн хэрэгсэл Хонда актив машины бензин дуусчихсан. Мөнгө олох санаатай хүний утаснаас Д  руу залгахад Зүүн салаанд хүрээд ир гэж хэлэхээр нь алхаж очоод Д ын утас руу залгахад холбогдох боломжгүй байсан. Хөл өвдөөд их ядарч байсан, уур хүрээд улаан дэлгүүрийн тэнд явж байтал приус маркийн машин асаалттай байсан. Тухайн машиныг унаад гудамж уруудаад явж байгаад андуураад айлын хашаа руу орчихсон...” гэх мэдүүлэг /хх31-32/

Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч Д.Б .

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, шүүгдэгчийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбараас дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Д.Б нь 2019 оны 06 дугаар сарын 07-ний өдрийн 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Зүүн салааны улаан дэлгүүр гэх газарт байсан иргэн Н.Г-ын жолоодон явсан 0000 УБЯ улсын дугаартай Тоёото приус 20 маркийн тээврийн хэрэгслийг асаалттай байхад унаж явсан үйл баримт тогтоогдож байна.

Тодруулбал, хохирогч Г.С-ын “...2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн орой 21 цагийн манай аав Г  над руу залгаад “миний машин алга болчихлоо” гэж утасдахаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд намайг улаан дэлгүүрийн тэнд очиход цагдаагийнхан миний тээврийн хэрэгслийг хулгайлсан хүнийг барьчихсан байж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Н.Г-ын “...оройн 21 цагийн үед улаан дэлгүүрийн гадна талд очоод машинаа асаалттай орхичхоод дэлгүүр орж нохойн хоол авчхаад гараад ирсэн чинь машин алга болчихсон ...Би доошоо өөрийн гудамж руу гүйгээд гудамжны төгсгөлд очиход нэг айлын хашаан дотор миний унаж явсан машин байж байсан. Нэг залуу энэ таны машин мөн үү гэхэд мөн гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр автотээврийн хэрэгслийг унаж явсан нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Б нь хувьд тухайн үед миний унаж явсан автотээврийн хэрэгслийн бензин дуусчхаад хүнээс мөнгө авах гэж алхаж явж байгаад хөл өвдөөд байхаар нь ойрхон газар дөхүүлэх гээд тухайн автомашинд суусан чинь хүнгүй, асаалттай болохоор нь унаад явчихсан юм гэх мэдүүлэг. Мөн гэрч Д.Э-ын “...миний дүү Б  одоогоор ажилгүй, миний жижиг машиныг унаж халтуур хийдэг...” юм гэх мэдүүлэг тус тус хэрэгт авагджээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийг тухайн үед унаж явсан автомашиных нь бензин дуусаад зогссон, улмаар алхаж байгаад хөл өвдөөд байхаар нь асаалттай автомашиныг унаад явсан юм гэсэн мэдүүлэг, тайлбарыг үгүйсгэх баримт хэрэгт байхгүй байна.

Иймд шүүгдэгч Д.Б ы үйлдэлд шунахайн сэдэлттэйгээр тухайн эд хөрөнгийг завших зорилгоор авч явсан нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн шүүгдэгчийн үйлдэл нь бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй болохыг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгчийн хөл өвдөөд байхаар нь тухайн автомашиныг унаад явсан гэх тайлбарыг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа тул Эрүүгийн хуульд заасан хулгайлах гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Б нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтгүйгээр 0000 УБЯ улсын дугаартай Тоёото приус 20 маркын автотээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явснаар энэхүү гэмт төгссөн гэж үзнэ.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, тус зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч Д.С-ын “...алдсан тээврийн хэрэгслээ хүлээн авсан, ямар нэгэн эвдрэл байгаагүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д.Б ыг хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

Хэргийн нөхцөл байдлаас дүгнэн үзэхэд шүүгдэгч Д.Б г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн авч үзэж, харин  шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Б нь хөдөлмөр эрхэлдэг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, мөн гэмт хэргийн улмаас учирсан нийгмийн хор уршиг бага, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д-ын Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР