Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 971

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдаанзы 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Бахатавилсалах овогт Т ын Б , Монгол овогт Н ын Н , 

Хариуцагч: Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөл,

Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 201 дүгээр тушаалд заасан Орон сууцны дэмжлэг үзүүлэх 10.000.000 (арван сая) төгрөгийг Т.Б  надад олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, уг 10.000.000 төгрөгийг Т.Б  надад олгохыг даалгах”,

“Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 201 дүгээр тушаалд заасан Н.Н  надад орон сууцны дэмжлэг үзүүлэх 10.000.000 (арван сая) төгрөгийг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, хариуцагч Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс тус 10.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Н  надад олгохыг даалгах”,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Н , нэхэмжлэгч Т.Б ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Б  нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний хууль зүйн үндэслэлээ: “Миний бие Т.Б  нь 1982-1989 онд Ховд аймгийн шүүхийн орлогч дарга, 1989-1995 онд Говь-Алтай аймгийн шүүхийн дарга, 1995-1996 онд Баян-Өлгий аймгийн шүүхийн Тамгын хэлтсийн дарга, 1996-2013 онд Баян-Өлгий аймгийн шүүхэд шүүгч, 2013-2015 оны 12 дугаар сарын 15-ны хүртэл Увс аймгийн Сум дундын шүүхэд шүүгчээр тус тус баруун 4 аймгийн дунд нийт 35 жил шүүгчээр ажилласан хүн. Би 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан. Одоо Баян-Өлгий аймгийн Өлгий суманд амьдарч байна. Миний он удаан жил баруун 4 аймаг дамжин дээд байгууллагын шийдвэрээр шүүхийн системд үр бүтээлтэй сайн ажилласныг минь, мөн өөрийн гэсэн орон сууцгүй, 3 оюутан хүүхэдтэй, олон газар дамжиж ажиллахдаа улсын /бусдын/ орон сууцанд амьдарсаар явж байгааг минь харгалзан миний өөрийн гаргасан өргөдөл хүсэлтийн дагуу Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж хуулиар олгосон өөрийн эрх хэмжээний дагуу намайг Увс аймгийн шүүхэд шүүгчээр ажиллаж байхад 10.0 сая төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 201 дүгээртэй “Орон сууцны дэмжлэг үзүүлэх тухай” тушаал гаргаж олгохоор болсон юм. Энэ мөнгийг Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Санхүүгийн удирдлагын хэлтэс /дарга нь С.Наранбилэг/ өгөөгүй учир нэгэнт шийдвэр нь гарсан хойно би уг мөнгөө авахын тулд эрх бүхий дарга нарт 2015 оноос хойш жил бүр бараг сар болгон маш олон удаа утсаар болон бичгээр хүсэлт гаргаж байсан боловч “өгнө” гэх боловч өгөхгүй байгаа тул аргагүй эрхэнд шүүхэд хандаж байна.

 Би энэ хугацаанд Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Санхүүгийн удирдлагын хэлтсийн дарга С.Наранбилэгтэй өөрийн биеэр 4 удаа очиж уулзаж, утсаар олон удаа ярьж, хүсэлтээ гаргаж байсан бөгөөд хамгийн сүүлд 2017 оны 6 дугаар сарын эхээр дахин утсаар ярихад тэрээр “энэ онд танд уг 10.0 сая төгрөгийг олгох дахин боломжгүй юм шиг байна” гэж хэлсэн. Урьд нь болохоор “жилийн эцэст олгох өгөх талаар яръя” гэж хэлдэг байсан юм. Өнгөрсөн 2015, 2016 онд тэрээр “манай санхүүгийн дансанд байсан 2.9 тэрбум төгрөгийг Сангийн яам татаад авчихсан, хэрэв бид эргүүлж авч чадах юм бол таны мөнгийг өгнө, та ямар ч байсан даргын нэр дээр өргөдөл өгчих” гэхээр нь би Н.Лүндэндорж даргын нэр дээр 2016 оны 8 дугаар сард өргөдөл гаргаж өгсөн боловч одоо хүртэл хариу ирээгүй байгаа юм. Би энэ оны 6 дугаар сард өргөдлийн хариуг авахын тулд даргын туслахаас асуухад тэрээр “таны өргөдөл даргын ширээн дээр байгаа хэнд ч цохилт хийгээгүй байна” гэж хэлсэн.

Даргад энэ өргөдлийг өгөхөөс өмнө би тэр үед Т.Мэндсайхан даргатай уулзаж уг мөнгөө олгох талаар хүсэлтэй ярихад Т.Мэндсайхан дарга “та тэтгэвэрт гарсан, өнөөдөр шүүгч биш шүү дээ...” гэж яриад өнгөрсөн. С.Наранбилэг дарга надад “та нарт олгох мөнгийг Сангийн яам татаад авчхаад өгөхгүй байна” гэх боловч Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Нийслэлийн захиргааны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу татаж авсан гэх 2.908.043.376 төгрөгийг Сангийн Яам буцааж өгсөн байсан. Энэ талаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 165 дугаартай шийдвэр гарсан байсан. Шүүхийн энэ шийдвэр биелэгдсэний дагуу Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын 201 дүгээр тушаалаар орон сууц дэмжлэг авах ёстой зарим хүмүүст олгох ёстой мөнгө олгосныг би саяхан олж мэдлээ. Гэтэл надад болохоор “та тэтгэвэрт гарсан” гээд олгохгүй байгаа юм. Би шүүхэд 35 жил тасралтгүй ажилласан, бүхий л амь амьдралаа шүүхэд зориулсан, одоо өөрийн гэсэн орон сууцгүй. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 201 дүгээр “Орон сууцны дэмжлэг үзүүлэх тухай” тушаал хүчин төгөлдөр байгаа. Тэтгэвэрт гараагүй, ажиллаж байгаа шүүгч нарт уг тушаалаар олгох мөнгөө өгсөн. Намайг тэтгэвэрт гарсан гээд уг мөнгөө гаргаж өгөхгүй байгаад гомдож байна.

Сангийн яам 2.9 тэрбум төгрөгийг татаж авснаас болж надад олгох 10 сая төгрөгийг өгөх боломжгүй гэж байгаа боловч Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 165 дугаартай шийдвэрээр буцааж өгсөн болох нь нотлогдож байгаа юм. Иймд Монгол Улсын шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 201 дүгээр тушаалд заасан хүмүүс авах ёстой мөнгө авах зэрэг дээр дурдсан үнэн бодит байдлуудыг харгалзан үзэж, орон сууцны дэмжлэг үзүүлэх 10.000.000 (арван сая) төгрөгийг Т.Б  надад олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, уг 10.000.000 төгрөгийг Т.Б  надад олгохыг даалгаж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар хянан шийдвэрлэж өгөхийг хүсч байна.” гэжээ.

Нэхэмжлэгч Н.Н  нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний хууль зүйн үндэслэлээ: “Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Н  надад Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 11 сарын 12-ны өдрийн 201 дугаартай тушаалаар орон сууцны дэмжлэг үзүүлэн 10.000.000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Энэ мөнгө тухайн үед Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дансанд байсан. Гэвч Сангийн яам Шүүхийн Ерөнхий зөвлөлийн төсвийн санхүүжилтээс мөнгийг татан авсны улмаас Шүүхийн Ерөнхий зөвлөл надад олгохоор шийдвэрлэсэн орон сууцны дэмжлэг үзүүлэх мөнгийг өгөх боломжгүй гэсэн хариуг өгсөн.

Үүний дараа Шүүхийн Ерөнхий зөвлөл нь Сангийн яамтай маргаан үүсгэж, Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэн хэлэлцэж, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Лхагвасүрэнгийн 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 165 дугаартай захирамжаар 2.908.043.376 төгрөгийг Шүүхийн Ерөнхий зөвлөлд олгохоор шийдвэрлэсэн байдаг. Гэтэл Шүүхийн Ерөнхий зөвлөл нь одоог хүртэл энэ мөнгийг надад олгоогүй байгаа тул шүүхээс хүсэхэд Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 11 сарын 12-ны өдрийн 201 дүгээр тушаалд заасан Н.Н  надад орон сууцны дэмжлэг үзүүлэн 10.000.000 төгрөгийг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, хариуцагч Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс тус 10.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Н  надад олгохыг даалгаж өгнө үү.” гэжээ.

 Хариуцагч Шүүхийн Ерөнхий зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т ээс нэхэмжлэгч Т.Б ийн нэхэмжлэлд холбогдуулан гаргасан хариу тайлбар, түүний хууль зүйн үндэслэлээ: “Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 201 дүгээр тушаалаар зарим шүүгч, шүүхийн захиргааны ажилтанд орон сууцны дэмжлэг үзүүлэх шийдвэр гарсан. Уг тушаалын хавсралтаар 4 шүүгч, 1 захиргааны ажилтанд орон сууцны дэмжлэг олгохоор шийдвэрлэсний нэг нь нэхэмжлэгч Т.Б  юм. 2014 оны 10 дугаар сараас эхлэн Сангийн яамнаас шүүхийн төсвийг батлагдсан хуваарийн дагуу бүрэн санхүүжүүлэхгүй, улмаар төсвийн Ерөнхийлөн захирагчийн зөвшөөрөлгүйгээр төсвийн зарцуулах эрх нээгдэж, санхүүжилт хийгдсэн төсвийн

мөнгийг хууль бусаар буцаан татсан асуудал үүссэн. Санхүүжилт хийгдээгүй, төсвийн мөнгийг буцаан татсаны улмаас өр үүсч, их хэмжээний алданги төлөх нөхцөл байдалд орсон тул тухайн үед Шүүхийн Ерөнхий зөвлөл Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Талууд болох Шүүхийн Ерөнхий зөвлөл, Сангийн яам 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Эвлэрлийн гэрээ байгуулж, улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх /тухайн үеийн нэрээр/-ийн шүүгчийн мөн өдрийн 165 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хэдийгээр Эвлэрлийн гэрээ байгуулсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2014 оны 12 дугаар сараас 2015 оны 3 дугаар сард шийдвэрлэгдэх хүртэлх хугацаанд 2014 оны төсвийн жил дуусч, 2015 оны төсвийн жилтэй золгосон. Ийм учраас Эвлэрлийн гэрээнд маргаж буй мөнгийг “Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын 2015 оны батлагдсан төсөвт багтаан 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор санхүүжүүлэх талаар хичээж ажиллах болно” гэж оруулсан.

Шүүхийн Ерөнхий зөвлөл 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 104 тоот “Бүх шатны шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын 2015 оны төсвийн төсөл, 2016-2017 оны төсвийн төсөөллийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх тухай” Т ыг өргөн мэдүүлсэн. Уг төсвийн төсөлд “Орон байраар хангах, орон сууцны дэмжлэг” ангилалд 2014 оны батлагдсан төсөвтэй адил хэмжээний мөнгийг тусгуулахаар хүргүүлсэн боловч 2015 оны батлагдсан төсвийн хуваарьт дээрх ангилал “0” дүнтэй батлагдсан. Иймд шүүгч, ажилтнуудад олгох орон сууцны дэмжлэгийг шийдвэрлэх боломжгүй болсон.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын 201 дүгээр тушаалаар орон сууцны дэмжлэг авах ёстой зарим хүмүүст олгох ёстой мөнгө олгосон, тэтгэвэрт гарсан шалтгаанаар мөнгийг олгохгүй байна” гэжээ. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга шүүгчийн хараат бус ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, шүүгч, шүүхийн захиргааны ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд гаргасан тушаалаа хэрэгжүүлэхээр холбогдох байгууллагад удаа дараа хандаж байсан боловч эдийн засгийн хямрал, төсвийн хүндрэлтэй байдлын улмаас шийдвэрлэгдээгүй юм. Зөвхөн нэхэмжлэгчийн нэр орсон Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 201 тоот тушаал бус мөн оны 232 тоот тушаалаар дэмжлэг үзүүлэх нэр бүхий шүүгч, ажилтнууд өнөөдрийг хүртэл мөнгө аваагүй байна.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Төсвийн тухай хуулиар төсвийн Ерөнхийлөн захирагч мөн боловч батлагдсан төсвийн хүрээнд, төсвийг зориулалтын дагуу захиран зарцуулах үүргийг хуулиар хүлээдэг. Тухайн төсвийн ангилалд 1 санхүүжилт тусгагдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасныг удирдлага болгон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 Хариуцагч Шүүхийн Ерөнхий зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т ээс нэхэмжлэгч Н.Н гийн нэхэмжлэлд холбогдуулан гаргасан хариу тайлбар, түүний хууль зүйн үндэслэлээ: “Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 201 дүгээр тушаалаар зарим шүүгч, шүүхийн захиргааны ажилтанд орон сууцны дэмжлэг үзүүлэх шийдвэр гарсан. Уг тушаалын хавсралтад нэхэмжлэгч Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н ын Н д 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болсон. 

Гэвч 2014 оны 10 дугаар сараас эхлэн Сангийн яамнаас шүүхийн төсвийг батлагдсан хуваарийн дагуу бүрэн санхүүжүүлэхгүй, улмаар төсвийн Ерөнхийлөн захирагчийн зөвшөөрөлгүйгээр төсвийн зарцуулах эрх нээгдэж, санхүүжилт хийгдсэн төсвийн мөнгийг хууль бусаар буцаан татсан асуудал үүссэн. Санхүүжилт хийгдээгүй, төсвийн мөнгийг буцаан татсаны улмаас өр үүсч, их хэмжээний алданги төлөх нөхцөл байдалд орсон тул тухайн үед Шүүхийн Ерөнхий зөвлөл Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Талууд болох Шүүхийн Ерөнхий зөвлөл, Сангийн яам 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Эвлэрлийн гэрээ байгуулж, улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх /тухайн үеийн нэрээр/-ийн шүүгчийн мөн өдрийн 165 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хэдийгээр Эвлэрлийн гэрээ байгуулсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2014 оны 12 дугаар сараас 2015 оны 3 дугаар сард шийдвэрлэгдэх хүртэлх хугацаанд 2014 оны төсвийн жил дуусч, 2015 оны төсвийн жилтэй золгосон. Ийм учраас Эвлэрлийн гэрээнд маргаж буй мөнгийг “Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын 2015 оны батлагдсан төсөвт багтаан 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор санхүүжүүлэх талаар хичээж ажиллах болно” гэж оруулсан.

2014 оноос эхлэн санхүүжилтийг татаж, улмаар жил бүрийн шүүхийн төсөв буурч батлагдсан, мөн 2015 оноос хойш “орон сууцны дэмжлэг” ангилалд санхүүжилт огт тусгагдаагүй тул уг тушаалын хавсралтад нэр дурдсан 4 шүүгч, 1 захиргааны ажилтанд өнөөдрийг хүртэл дэмжлэг олгогдоогүй байна. Цаашид эдийн засгийн нөхцөл байдал сайжрах эсэх нь тодорхойгүй, төсвийн хүндрэлтэй байдал арилаагүй тохиолдолд уг ангилалд санхүүжилт хийгдэхгүй бол бидний зүгээс дэмжлэгийг олгох ямар ч боломжгүй тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасныг удирдлага болгон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Т.Б , Н.Н  нар тус шүүхэд хандаж “Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 201 дүгээр тушаалд заасан Орон сууцны дэмжлэг үзүүлэх 10.000.000 /арван сая/ төгрөгийг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч тус бүрд 10.000.000 төгрөг олгохыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж уг шаардлагын үндэслэлээ “...тухайн үед Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дансанд мөнгө нь байсан боловч өгөөгүй, Сангийн яам татаж авсныг шүүхийн шийдвэрээр буцаад олгогдсон...тушаалд нэр заасан зарим хүмүүст мөнгийг олгосон боловч Т.Б  намайг тэтгэвэрт гарсан учраас олгохгүй байгаа нь хууль бус...” гэж тодорхойлсныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 38 дугаар Т оор Шүүхийн захиргааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 15 дугаар зүйлийн 15.2, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4.6, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь заалтуудыг үндэслэн “Орон сууцны дэмжлэг үзүүлэх журам” баталсан байх ба уг журмын 4.7-д зааснаар Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 201 дугаар бүхий “Орон сууцны дэмжлэг үзүүлэх тухай” тушаалын 1 дэх заалтаар “шүүгчийн хараат бус ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, шүүгч шүүхийн захиргааны ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд Т.Б , Н.Н  нарын нэр бүхий 4 шүүгчид тус бүр 10.000.000 төгрөг, 1 захиргааны ажилтанд 5.000.000 төгрөгийг орон сууцны дэмжлэгт олгох, 2 дахь заалтаар уг дэмжлэгт олгох 45.000.000 /дөчин таван сая/ төгрөгийг төвлөрсөн төсвийн орон байраар хангах, дэмжлэг үзүүлэх зардлаас зарцуулахыг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Ажлын албаны Санхүүгийн удирдлагын хэлтэс /С.Наранбилэг/-т зөвшөөрч шийдвэрлэсэн, уг Т  хүчин төгөлдөр байгаа талаар талууд маргаагүй.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 201 дүгээр тушаал нь Шүүхийн захиргааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.7-д заасан Ерөнхий зөвлөлийн даргын “...ажлын албыг ерөнхий удирдлагаар хангах” болон “ерөнхий зөвлөлийн ажлын алба, аймаг, нийслэл, сум, сум дундын, дүүргийн болон дагнасан шүүхийн төсвийн ерөнхийлөн захирагч байх” эрх хэмжээний хүрээнд гаргасан, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-т зааснаар нэхэмжлэгч нарт ашигтай нөхцөл байдлыг бий болгосон эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт байна.

Шүүхийн  захиргааны  тухай  хуулийн  5  дугаар  зүйлийн  5.1.1-д  “шүүгчийн хараат бус шүүхийн бие даасан байдлыг хангах ажлыг нэгтгэн зохион байгуулах” ажлыг Шүүхийн Ерөнхий зөвлөл хариуцан ажиллахдаа мөн хуулийн 6.1.1-д зааснаар “бүх шатны шүүхийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийг төлөвлөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх”, мөн хуулийн 6.1.2-т зааснаар “шүүхийн эдийн засаг, санхүү...ажлын нөхцөлийн...баталгааг хангах ажлыг зохион байгуулах” чиг үүрэгтэй хэдий ч Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д “Шүүх бие даасан төсөвтэй байх бөгөөд шүүхээс үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах нөхцөлийг төр хангана” гэж зааснаас үзвэл шүүх нь улсын төсвөөс санхүүжигдэхээр зохицуулагджээ.

Энэхүү хуулиар хүлээлгэсэн чиг үүргийн хүрээнд Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдөр “Бүх шатны шүүх, Ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын 2015 оны төсөл, 2016-2017 оны төсвийн төсөөллийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх тухай” 104 тоот Т ыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн, уг төсвийн төсөлд “Орон байраар хангах, орон сууцны дэмжлэг” ангилалд өмнөх онтой адил хэмжээний мөнгө тусгуулахаар хүргүүлсэн хэдий ч 2015 оны батлагдсан төсөвт дээрхи ангилал буюу Орон байраар хангах, дэмжлэг үзүүлэх зардалд мөнгө төсөвлөгдөөгүйгээс дээрхи тушаалыг хэрэгжүүлэх, нэр бүхий шүүгч нарт мөнгө олгох боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

Үүнээс үзвэл Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нэхэмжлэгч нарт орон сууцны дэмжлэг үзүүлэхээр шийдвэр гаргасан боловч улс орны эдийн засгийн хүндрэлтэй байдлын улмаас түүнийг хэрэгжүүлэх санхүүгийн боломжгүй болсон, өөрөөр хэлбэл хариуцагч захиргааны байгууллагаас үл хамаарах нөхцөл байдал үүссэн нь хариуцагчийн тайлбар бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нарт тушаалаар шийдвэрлэсэн тус бүр 10.000.000 төгрөгийг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус гэж үзэх боломжгүй.

Нэхэмжлэгч нар Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 165 дугаар “Нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжийг үндэслэн “...2014 оны санхүүжилтээс татсан 2.9 тэрбум төгрөгт бидэнд олгох ёстой 45 сая төгрөг орж тооцогдсон, уг мөнгийг шүүгчийн захирамжийн дагуу буцааж авсан...” гэж маргаж байх ба талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээний 1 дэх заалтаас үзвэл “хариуцагч нь Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулиар анхан болон давж заалдах шатны шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Ажлын албаны батлагдсан төсвөөс бүрэн санхүүжүүлээгүй үлдсэн бараа ажил үйлчилгээний гэрээгээр нотлогдох зардал болох 2.908.043.376 төгрөгийг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын 2015 оны батлагдсан төсөвт багтаан 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор санхүүжүүлэх талаар хичээж ажиллах болно” гэж талууд эвлэрсэн, уг эвлэрлийн гэрээний талаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаагүй байна.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “2014 оны 10 дугаар сараас эхлэн санхүүжилт тасалдаж, санхүүжилт хийгдсэн төсвийг Сангийн яам буцааж татсан” гэх тайлбар үндэслэлтэй болох нь түүний гаргаж өгсөн нотлох баримт болох Шүүхийн Ерөнхий зөвлөлийн төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2015, 2016 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон дээр дурдсан хүчин төгөлдөр шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.

Дээр дурдсанаас үзвэл Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 201 дүгээр тушаалыг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдохгүй байх тул “нэхэмжлэгч тус бүрт 10.000.000 төгрөгийг олгохыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй.

Нэхэмжлэгч нар “бусад шүүгч нар 10.000.000 төгрөг авсан” гэж тайлбарлаж байх боловч шүүхээс хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүдээр уг тушаалд нэр заагдсан Э.Зоригтбаатар, Б.Энхтайван, А.Дуламсүрэн нар уг тэтгэмжийн мөнгийг аваагүй нь тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн захиргааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.7, 18.4, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4.6, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Б , Н.Н  нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Б , Н.Н  нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114-.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.ДУЛАМСҮРЭН