Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 774

 

 

 

 

С--д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

прокурор Ч.Мөнх-Эрдэнэ,

цагаатгагдсан этгээд С--, түүний өмгөөлөгч С.Намжилмаа,

хохирогч Х.Сын өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Түмэнжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 274 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Х.Сын өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэнгийн гаргасан давж заалдах гомдол болон прокурор Ч.Мөнх-Эрдэнийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээр С--д холбогдох 2017 2502 0252 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

/РД:..............................................,

С-- шууд санаатай, шунахайн сэдэлтээр 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Үндэсний Соёл Амралтын хүрээлэнгийн хашаан дотор иргэн Х.Сыг “Төмөр гантелыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэнд үнэд хүргэж 150.000.000 төгрөгөөр зарж өгнө” гэж хуурч мэхлэн түүгээр нэг талдаа 24, нөгөө талдаа “СССР” гэсэн бичиглэлтэй төмөр гантилыг 50.000.000 төгрөгөөр худалдан авахуулсны улмаас 50.000.000 /тавин сая/ төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: С--д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Бямбаагийн С-д Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 болгон өөрчлөн зүйлчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар Бямбаагийн С- цагаатгаж, эрүүгийн 2017 2502 0252 дугаартай хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж, С-- 2 хоног цагдан хоригдсоныг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг талдаа 24, нөгөө талдаа СССР гэсэн бичиглэлтэй 1 ширхэг төмөр гантелыг хэргийн хамт Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж, цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, С--д авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, тогтоолыг эс зөвшөөрвөл цагаатгах тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Х.Сын өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа саналдаа: Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл С-- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг зохион байгуулж үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Үүнд:

Хохирогч Х.С мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би С- гэдэг хүнтэй 7 сарын эхээр танилцаж байсан ба би нэг төмөр гантел үзүүлж танилцаж байсан. С- нь танилцахад “чи ОХУ руу наймаа хийдэг хүн, ОХУ-д яг жинхэнэ оригинал хуучин СССР гэсэн бичигтэй төмөр гантел байгаа түүнийг олоод ир, тэгэх юм бол цаашаагаа гантелыг хятадуудад 150.000.000 төгрөгөөр авч байгаа, би тэгж авч байгаа хүн мэднэ” гэж хэлсэн. ... С- бид 2 ОХУ руу тэр гантелыг үзэх, мөн байвал авах гээд явсан. ОХУ-д очоод 3-4 хоносон тэгээд нэг гантел үзсэн. Тэгсэн чинь манай ах Мягмарсайхан тухайн үед над руу залгаад “энд Монголд 1 гантел байна та 2 ирж үз, Заяа гэдэг эмэгтэй зарна” гэж байна гээд бичлэгийг нь явуулсан. Тэгээд тэр бичлэгийг С-д үзүүлэхэд “наад гантел чинь жинхэнэ үнэд хүрэх гантел байна” гэж хэлсэн. Заяа гэдэг хүүхэнтэй нь 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Улсын Их дэлгүүр дээр уулзахад “та нар яг худалдаж авах юм бол мөнгөтэйгээ ирээд худалдаж ав, тэгэхгүй бол үзүүлэхгүй, хүмүүс дээрэмдчихэж магадгүй, айж байна” гэж хэлсэн. Тэр үед С- над руу залгаад “чи наад гантелаа заавал аваарай, наадах чинь яг мөн шүү, яаж ийгээд мөнгө олоод аваарай” гэж хэлсэн. ... Гантелаа аваад Мягмарсайхан ах дээр очоод бид хоёр хамтдаа байж байхад С- “за юу болсон бэ? Би 2.000.000 төгрөг оллоо” гэж ирээд гантелыг хараад “өө энэ мөн байна” гэсэн. ...С-тэй хамт түүний гантелыг 150.000.000 төгрөгөөг худалдаж авна гэсэн хятадуудтай уулзаад тэр дор нь гантелыг зүсээд үзэхэд түүнийг дотор нь тугалга хайлуулаад гагначихсан гагначихсан хуурамч гантел байсан. Тэгсэн чинь С- хараад “өө энэ хулхи байна аа, биш байна хулхидуулчихлаа” гээд Заяа гэдэг хүн рүү ярихад Заяа нь “би наад гантелыг чинь мэдэхгүй, тэр хөдөөний хүүхэд авчирсан, одоо тэр хүүхэд Сүхбаатар аймаг руу унаанд суугаад явчихсан байж магадгүй утас нь холбогдохгүй байна гэж хэлсэн. Удалгүй Насанбуян гэдэг ах над руу залгаад “наад С- болон хулхи гантел зарсан Заяа гэдэг хоёр хүн чинь холбоотой юм байна аа. Чамайг зохиомлоор хуурч, мөнгийг чинь авсан байна” гэж хэлсэн. Тэгээд Насанбуян ах намайг дуудахад нь очоод Өнөрбат, Оти гэдэг Насанбуян ахын найз нартай цуг С-, Заяа, Заяагийн нөхөр Мөнхболд гуравыг Хил хамгаалахын ар талд зочид буудалд байхад нь уулзсан. Тэгэхэд Заяа нь Хашчулуун гэдэг нэртэй болж, С- тэр гантелыг хийсэн болж бүгд өөрсдөө үнэнээ хэлээд С-, Заяа, Мөнхболд хоёрт өртэй болж байгаад тэр гантелыг үлдээгээд одоо хүн залгангуут нь 50.000.000 төгрөгөөр зараарай тэр хүн заавал авна гэж хэлээд надад заруулсан байсан. Тухайн үед С- би мөнгийг чинь буцааж өгнө, надад 10 хоногийн хугацаа өгчих гээд түүнтэй Насанбуян ах гэрээ байгуулсан. Насанбуян тэр Заяатай тааралдаад С- таньдгийг мэдээд намайг залилсан гэдгийг мэдсэн. С- тухайн үед Заяа буюу Хашчулууныг танихгүй гээд л бид нартай нийлж түүнийг хайгаад жүжиглээд байсан. Анхнаасаа ийм зохион байгуулалттай байсан. Насанбуян ах Заяа буюу Хашчулууныг танидаггүй байсан бол би хохироод үлдэх байсан. Мөнгө авчихсан өртэй байсан юм байна лээ, хуурамч гантел хийж Хашчулуун буюу Заяад намайг гантел олж үнэтэй зарья гэж итгүүлээд ОХУ руу хүртэл дагуулж явуулаад намайг ятгаад Заяагаар мөнгийг авахуулаад өөрөө тэр мөнгөнөөсөө аваад үлдсэнээр нь өрөө дарсан бөгөөд зохион байгуулалттайгаар намайг итгүүлж, миний итгэлийг олж аваад хуурамч гантел зарж, намайг залилан мэхэлсэн. ... Тамир болон түүний найз хоёр буриад хамт ирсэн нь бол үнэн. Гэхдээ тэд гантел авч ирээгүй. Тэр гурав өөр ажлаар Монгол улсад ирсэн байсан юм. Тэгээд би мөнгө дутаад тэд нараас мөнгө зээлсэн юм. Одоо бол би тэд нараас зээлсэн мөнгөө өгсөн...” гэсэн мэдүүлэг, гэрч Ө.Насанбуян, Ж.Отгонбаяр, Т.Энхбаатар, Н.Мягмарсайхан нарын мэдүүлгүүд. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасан. Гэтэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д “гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасныг үндэслэл болгон шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.

Прокурор Ч.Мөнх-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн цагаатгах тоггоол нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

1. Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тухай ... гэрч Т.Хашчулуунаас хураан авсан “Ви” чатаар харилцсан хоёр ширхэг гэрэл зураг зэргийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргав... гэх тогтоол /хх-24/.

2. Хохирогч Х.Сын “...Би С- гэдэг хүнтэй 2016 оны 7 сарын үеэр танилцсан. ... С- гэдэг хүн төмөр гантел өндөр үнээр авна гээд фейсбүүкээр зар тавьсан байсан ... Би төмөр гантил С-, Намбаяр нарт өндөр үнээр зарах гээд хайж эхэлсэн. Тэгтэл сураглаж байгаад Оросын холбооны улсад нэг тийм гантел байна гэж сонсож, С- бид хоёр Оросын холбооны улс руу тэр гантелыг үзээд мөн байвал авах гээд явсан. Оросын холбооны улсад очоод 3-4 хоносон. Тэгээд нэг гантел үзэхэд С- “энэ өндөр үнэ хүрэх гантил биш байна” гэж хэлсэн. ... Тэгсэн чинь манай ах Мягмарсайхан тухайн үед над руу залгаад “энд Монголд нэг гантел байна, та хоёр ирж үз, Заяа гэдэг эмэгтэй зарна гэж байна” гээд бичлэгийг нь явуулсан. Тэгээд тэр бичлэгийг С-д үзүүлэхэд “наад гантел чинь жинхэнэ үнэд хүрэх гантел мөн байна.” гэж хэлсэн. Тэгээд Монголд ирээд тэр Заяа 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Улсын их дэлгүүр дээр уулзахад “та нар яг худалдаж авах юм бол мөнгөтэйгээ ирээд худалдаж ав, тэгэхгүй бол үзүүлэхгүй, хүмүүс дээрэмдэж магадгүй гэж айж байна” гэсэн. Тэр үед С- ах над руу залгаад “чи наад гантелаа заавал аваарай, наадах чинь яг мөн шүү, яаж ийгээд мөнгө олоод аваарай” гэж хэлсэн. Тэгээд тэр гантелыг худалдаж авахаар болсон. ... мөнгөө бүгдийг нь Заяад тоолж өгөөд гантилыг аваад явсан. Гантелаа аваад Мягмарсайхан ах дээр очоод бид хоёр хамтдаа байж байхад С- “за юу болсон бэ, би 2 сая төгрөг оллоо” гэж хэлсэн. Тэгээд удахгүй ирээд гантелыг хараад “өө, энэ мөн байна” гээд С- хамт түүний гантелыг 150.000.000 төгрөгөөр худалдаж авна гэсэн хятад хүнтэй уулзах гээд Сансрын ар тал руу нэг гэр хороололд очоод С- гантилыг авч буугаад нэг хашаа руу орчихоод гарч ирэхдээ “энийг зүсэхгүй бол авахгүй гэж байна” гээд тэр дор нь гантилыг зүсэж үзэхэд хүний гараараа хийсэн өмнө нь зүсээд гагначихсан дотор нь тугалга хайлуулаад хийчихсэн гантил байсан. ... Тэрнээс биш С- тухайн үед Заяа буюу Хашчулууныг танихгүй гээд л бид нартай нийлж түүнийг хайгаад жүжиглээд л байсан. ... Би Мягмарсайхан ахаас 2 сая төгрөгийг, Энхбаатар /Жаажаа/ ахаас 5.000.000 төгрөгийг, би өөрөө хадгалж байсан 15.000.000 төгрөгийг үлдсэн 28.000.000 төгрөгийг Тамир гэдэг буриад найзаасаа зээлж авсан юм. Энэ мөнгийг рубль хэлбэрээр зээлсэн ба Хашчулуунаас гантелыг авах гэж явахдаа солиулж Монгол мөнгө болгосон. ... Тамир болон түүний найз хоёр буриад хамт ирсэн нь үнэн. Тэгэхдээ тэд төмөр гантел авах гэж ирээгүй. Тэр гурав өөр ажлаар Монгол Улсад ирсэн байсан юм. Тэгээд би мөнгө дутаад тэд нараас зээлсэн юм. Одоо бол би тэд нараас зээлсэн мөнгөө өгсөн...” гэх мэдүүлэг /хх-26-28/.

3. Гэрч Ө.Насанбуянгийн “...С- миний буруу, бүх мөнгийг чинь төлнө, надад хугацаа өгөөч, би зээлийн гэрээ хийж өгье” гээд тухайн үед С-нт бичиг баримт байгаагүй учраас би С-тэй зээлийн гэрээ хийсэн. ... Заяа гэдэг эмэгтэйн жинхэнэ нэрийг Хашчулуун гэдэг, гэхдээ гэрийнхэн болон найзууд нь түүнийг Заяа гэж дууддаг, тийм учраас би ч гэсэн тэгж дууддаг юм ...” гэх мэдүүлэг/хх-30/.

4. Гэрч Б.Цогт-Отгоны “...С-, Заяа болон түүний нөхөр хоёроор мөнгө зээлүүлээд тэгээд тэр өрөө төлөхийн тулд өөрөө хуурамч гийр хийж Заяагаар Х.Ст өөрөө хийсэн гэж мэдэгдэлгүйгээр 50.000.000 төгрөгөөр заруулсан байсан. Өөрөө түүнийгээ хүлээн зөвшөөрөөд надад хэд хоногийн хугацаа өгөөч, би мөнгийг чинь төлнө гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-32/.

5. Гэрч Г.Мөнхболдын “...С- манай эхнэр Хашчулуунд “чи 25.000.000 төгрөг олоод өгчих, энэ мөнгөөр чинь Москва явж төмөр гантел /гийр/ аваад цааш нь зарна. Цаашаа маш үнэтэй авдаг. Би чиний мөнгөөр ийм гантел худалдаж аваад цааш нь үнэтэй зарж чамд мөнгийг чинь 65 сая төгрөг болгоод өгнө, чи яаж ийж байгаад мөнгө олоод өгчих” гэж хэлсэн. Тэгээд найз Мөнхдалайгаас 10.000.000 төгрөгийг, найз Мягмарсүрэнгээс 15.000.000 төгрөгийг 50 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцсон. Тэгээд Мөнхдалай мөнгө зээлж байгаа хүнтэйгээ гэрээ хийнэ гээд С-тэй 22.000.000. төгрөгийн гэрээ хийж нотариатаар батлуулсан. Гэхдээ 25.000.000 төгрөгийг түүнд өгсөн. ... Манай эхнэрийн нэр нь хүндэдсэн гээд лам Заяа гэж дуудаж бай гэсэн юм. Тэгээд Заяа гэж дууддаг болсон юм. Манай эхнэр С-нт төмөр гантел зарсныг сүүлд мэдсэн. С- энэ явдлаас хойш 1 сарын дараа 2016 оны 9 дүгээр сарын 20-д гараад манай эхнэр бид хоёрыг гэртээ байж байхад 24 кг-ийн төмөр гантил авчирч өгөөд “ах нь Улан-Үдэ явлаа, энийг өөртөө байлгаж бай, ах нь ирээд энэ гантелыг зараад мөнгийг чинь өгчихье гэж хэлээд явсан юм. Тэгээд хэд хоногийн дараа манай эхнэр лүү С- мессежээр нэг хүний дугаар явуулаад энэ хүн рүү яриад уг төмөр гантилыг зар гэж хэлсэн байсан. ... С- бид хоёрыг “та хоёр хөдөө яв, хэд хоног явж байгаад ир, та хоёрыг нөгөө хүмүүс чинь хайж байгаа” гэж хэлсэн. ... С- тухайн үед “би Заяагаар заруулдаг л буруудлаа, дэмий Заяагаар зарууллаа, миний буруу би мөнгийг чинь төлнө гэж өөрөө үнэд хүрдэггүй гантелыг албаар С-нт заруулснаа хүлээн зөвшөөрч мөнгийг чинь өгнө хугацаа хэрэгтэй” гээд Насанбуян ахтай гэрээ байгуулсан байсан. ... манай эхнэр бол С-ныг нэг ч удаа хараагүй, С-ийн хэлснээр л тэр гантилыг зарсан...” гэх мэдүүлэг. /хх-38/.

6. Гэрч Ж.Отгонбаярын “...Т.Хашчулуунаас тэр залуу “найдвартай юм байгаа биз дээ, хамт явж задалж үзье гэхэд Хашчулуун “би мэдэхгүй ээ, би энэ чигээр нь зарна, та нар цаашаагаа яаж ашгаа олно уу, өөрсдөө мэд, сайн шалгаад өөрсдөө ав” гэж хэлээд тэд нар нь хажууд нь утас тавьж үзээд л унагаж, босгоод л шалгаж байгаад авахаар болоод мөнгөө өгөхөд Т.Хашчулуун намайг “тоолоод ав” гээд би мөнгийг нь тоолж авахад 50.000.000 төгрөг байсныг тоолж авсан.” гэх мэдүүлэг /хх-40/.

7. Гэрч Т.Энхбаатарын “...Манай найз Мягмарсайхан 2016 оны 9 дүгээр сарын үед байх он, сарыг нь сайн санахгүй байна “над руу нэг дугаараас залгаад төмөр гантел байна, авах уу гээд мессеж бичээд байна, чи нэг яриадхаач” гэж хэлсэн. Тэгэхлээр нь би тэр дугаар луу залгаад ярихад Хашчулуун өөрийгөө Заяа гэж танилцуулаад “нэг хүнээс таны дугаарыг чинь авсан юм, 24 кг-ийн төмөр гантел байна, 45.000.000 төгрөгөөр зарна” гэж хэлсэн. С- нь тухайн үед бид нартай танилцахдаа “би хятадад өндөр үнэ хүргэнэ, төмөр гантел хайж байгаа талаар хэлж байсан. Тэгэхээр нь Мягмарсайхан бид хоёр очиж үзэхэд гантелаа авчраагүй байсан ба бичлэгийг нь хийчихсэн надад үзүүлсэн. Энэ үед С-н, С- 2 Улаан-Үдэд байсан. Тэгээд бид хоёр энэ бичлэгийг тэр хоёр луу явуулахад С- нь “за наадах чинь ёстой мөн байна, наадахаа ав” гэж хэлсэн. ... Авахдаа С-д бичлэг хийж тэр гантелыг үзүүлэхэд “мөн байна, ав” гэж хэлсэн. Тухайн үед Хашчулуун нэг их юм яриагүй. Бид нар С-с асуугаад л найдвартай гэхээр нь авсан юм. ... С- тэр гантелыг хуурамч гэдгийг мэдсээр байж албаар С-нт зарсан болж таарсан...” гэх мэдүүлэг /хх-49/.

8. Гэрч Н.Мягмарсайханы “...миний утас руу танихгүй дугаараас “төмөр гантел өндөр үнээр авдаг хүн мөн үү” гэсэн мессеж ирсэн. ... С- хуурамч гантелыг С-нтай хамт байж бид нараар дамжуулан Заяа буюу Хашчулуунаар С-нт заруулсан гэдгээ хэлж мөнгийг чинь удахгүй өгнө гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-50/.

9. Гэрч Б.Намбаярын “...С- над руу залгаад “би 15.000.000 төгрөгийн үнэтэй гантелыг чинь зохицуулаад авчихсан, мөнгөө нэхээд амар заяа үзүүлэхгүй байхаар нь Хашчулуунд өгчихсөн, үүнийг л зарна, ... Би тэр гантелыг худалдаж авснаа дотроо юмгүй гэдгийг С-н болон тэр гурван Буриадад хэлээгүй” гэж хэлсэн ... С- надад “хүмүүсийн өрийг өгөх шаардлагатай байна, нөгөө үлдсэн 400.000 гаруй рубль байгаа, хоёулаа гантел олж цааш нь үнэд хүргэж хүмүүсийн өрийг өгье” гэж ятгаад бид хоёр гантел хайж байгаад дотроо юмгүй гэх тэр 24 кг-ийн гантилыг очиж үзсэн юм. Тэгсэн чинь С- надад мэдэгдэлгүйгээр тэр гантилыг худалдаж аваад Хашчулуунд үлдээж өөрөө С-нтай хамт Оросын Холбооны улс руу явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-53/.

10. С-н мөрдөн байцаалтад яллагдагчаар “...С-н “Улаанбаатарт нэг гантелын сураг гарлаа 50.000.000 төгрөг гэж байна” гэсэн. ... С-нтай би “ямар гантел, хэнээс авах гэж байгаа юм” гэхэд Мийгаа ахтай уулзаж байж болохгүй бол би мэдэхгүй байна, гантел байна гэсэн найдвартай гэсэн гэж хэлсэн. Тэгэхэд Мийгаа, Энхээ хоёр ирсэн, хэнээс авах гэж байгаа ямар гантел вэ гээд үзэхэд миний Хашчулуунд өгсөн гантел мөн байсан. ... би С-нт тэр гантелын талаар хэлээгүй. ... Би Хашчулуунд гантел худалдаж авсан талаар хэлээгүй, өөрөө хийсэн гэж хэлсэн. ... тухайн үед мөнгө нэхээд надаас шалаад байсан. Тэгэхлээр нь хугацаа авахын тулд гантел хийж байна гээд хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-81-82/ зэрэг болно.

Харин дээрх нотлох баримтуудаар С-н “Хуучны төмөр гантел их үнэд хүрдэг, түүнийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэдэд өндөр үнэ хүргэж зарах боломжтой” гэсэн зохиомол байдлыг зориуд бий болгож Т.Хашчулуун, Х.С нарыг төөрөгдөлд оруулан “СССР” гэсэн бичиглэлтэй, төмөр хийцтэй гантелыг Т.Хашчулуунаар Х.Ст 50.000.000 төгрөгөөр худалдсан нь тогтоогдож байна.

Түүнчлэн С-- дээрх зохиомол байдлыг зориуд бий болгон Т.Хашчулууныг төөрөгдөлд оруулан түүгээр хэт өндөр хүүтэй зээл авахуулж, уг мөнгөөр Х.Ст худалдсан гантелыг үл таних этгээдээс худалдан авсан байдаг.

Гэтэл анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өгсөн “...гантил авахад зарцуулсан мөнгө Оросын Холбооны Улсын иргэдийн мөнгө байсан, би 50.000.000 төгрөгийг Хашчулуунд өгсөн” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн өгсөн “... Хашчулуун “та чимээгүй байж бай, амьдрал хэцүүдэх гээд байна” гэж хэлсэн тул би аргагүй эрхэнд чимээгүй байсан. ... Би 50.000.000 төгрөгийг Х.Саас тоолж аваагүй, Хашчулуунаас гантел авах үед ч цуг байгаагүй” гэх мэдүүлэг, гэрч Ж.Отгонбаярын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг үнэлж шүүхээс С-- гэм буруугүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.

Тухайлбал, анхан шатны шүүхийн цагаатгасан дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримтуудаас хохирогч, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, гэрч Ж.Отгонбаярын мэдүүлэг зэргийг авахдаа бусад нотлох баримтуудыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй байна.

Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй” гэсэн заалтад хамаарагдахаар байна. Иймд С--д холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 274 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн гэв.

Цагаатгагдсан этгээд С-н өмгөөлөгч С.Намжилмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн цагаатгагдсан тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна. Хохирогчийн өмгөөлөгч бодит байдалд нийцээгүй гэж байна. Хэргийн бодит байдал нь мөнгөн ус гэж яриад байгаа асуудлыг хэн явуулаад байгаа юм гэхээр мөрдөн байцаалтын шатанд гаргаж ирдэггүй. Мөрдөн байцаалтын шатанд прокурорт олон удаа хүсэлт гаргаж өгөхөд хангаж шийдвэрлээгүй. Хуучин хуулиар оруулж ирсэн. Хуучин хууль яасан гэхээр шинэ хууль хэрэглэсэн гэдэг. Шинэ хууль нэг бол гэм буруутайд тооцно эсхүл цагаатгана. Энэ зарчмыг анхан шатны шүүхэд гаргаж тавьсан. Энэ гэмт хэрэгт хамтарч үйлдсэн хүн байгаа гэж үзэж байна. Гэсэн ч хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэх ёстой. Мөн С-н гэдэг хүн хохирогч биш. Энэ хүнд Хашчулуун төмөрийг зарж, С-н мөнгөө өгсөн. Гурван буриад хэрэгт татагдана гээд зугтаад явсан. Одоо ч ирэхгүй байгаа. С-н нь эдгээр 3 буриадад мөнгөө өгсөн гэж ярьж байгаа болохоос авсан гэх нотлох баримт байхгүй. Энэ хэргийн хохирогч С-н, С-н чи мөнгөө авах гэж байгаа юм бол Хашчулуунаас, нэг бол нотлох баримтаа бүрдүүлээд Намбараас ав гэдэг. Намбар яагаад энэ хэрэгт холбоотой гэхээр 7.000.000 төгрөг өгөөд 50.000.000 төгрөг авч байгаа. Мөрдөн байцаагчид хэлсэн энэ 7.000.000 төгрөг авч байгаа Намбарыг шалгаж өгнө үү гэсэн. Намбар дахиад нэг хүнээс авсан гэдэг. Үнэн чанартаа С.Сүхболдыг татаад оруулсан. Тийм ч учраас энэ хэдийг мөнгө авах гээд очиход нь С-- очоогүй ба энэ хүний хүн чанар гэж юм зулгаагдаад очоогүй. Анхан шатны шүүх зөв шийдвэрлэсэн. Хохироод байгаа энэ хүн гомдлоо гаргаад явах хэрэгтэй. Анхан шатны шүүх буцаахдаа бүхэлд нь хэрэгсэхгүй болгоогүй, С-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хохирогчийн тайлбарт хамтран оролцогч байна гэдэг нь үнэн Хашчулууны үйлдэл бас байгаа гэдэг. Прокуророос Хашчулуун энэ хэрэгт огт хамаагүй гэж байна. Яллах дүгнэлтэд оруулж ирээгүй оролцогчийг шүүх цагаатгах тогтоолд бичих шаардлага байхгүй. Энэ гэмт хэрэг үйлдэхээс өмнө 7 дугаар сард Хашчулуун Казакстанаас мөнгөн ус оруулж ирээд С.Сүхболдод үзүүлсэн байдаг. С-- нь худлаа ярьдаг хүмүүсийн үгээр хохирч байгаа. Анхан шатны шүүх хууль буруу хэрэглээгүй учир анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.       

Цагаатгагдсан этгээд С-- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа учраас түүнийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн өмгөөлөгчийн гомдол, улсын яллагчийн эсэргүүцлээр хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч С-ийн “Хуучны төмөр гантел их үнэд хүрдэг, түүнийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэдэд 150.000.000 төгрөг буюу өндөр үнэ хүргэж зарах боломжтой” гэж Т.Хашчулуун, Х.С нарт итгүүлэн улмаар иргэн Хашчулуунд түр хадгалуулж орхисон “СССР” гэсэн бичиглэлтэй, төмөр хийцтэй өөрийн гантелыг хуурамч буюу өндөр үнэд хүрэхгүй гэдгийг мэдсээр байж иргэн Т.Хашчулуунаар дамжуулан хохирогч Х.Ст 50.000.000 төгрөгөөр худалдах арга хэмжээг зохион байгуулсан үйл баримт хуульд заасан үндэслэл, журамын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байхад анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Сын өгсөн “...гантил авахад зарцуулсан мөнгө Оросын Холбооны Улсын иргэдийн мөнгө байсан, би 50.000.000 төгрөгийг Хашчулуунд өгсөн” гэх мэдүүлэг, шүүгдэгч С-н өгсөн “...Хашчулуун “та чимээгүй байж бай, амьдрал хэцүүдэх гээд байна” гэж хэлсэн тул би аргагүй эрхэнд чимээгүй байсан. ... Би 50.000.000 төгрөгийг Х.Саас тоолж аваагүй, Хашчулуунаас гантел авах үед ч цуг байгаагүй” гэх мэдүүлэг, гэрч Ж.Отгонбаярын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг үнэлж шүүхээс С-- гэм буруугүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Тухайлбал, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан үзэхэд:

хохирогч Х.Сын: “...ах Мягмарсайхан тухайн үед над руу залгаад Монголд нэг гантел байна та 2 ирж үз, Заяа гэдэг эмэгтэй зарна гэж байна гээд бичлэгийг нь явуулсан. Тэгээд тэр бичлэгийг С-д үзүүлэхэд “наад гантел чинь жинхэнэ үнэд хүрэх гантел мөн байна” гэж хэлсэн. ... тэгээд тэр гантелыг худалдаж авахаар болоод Заяатай нь бид 2 ОХУ-д байхдаа найзаасаа зээлсэн рубль байсныг 8 шарга зах хамт орж солиулаад Мягмарсайхан ахаас 2 сая, Жаажаа гэдэг ахаасаа 7 сая төгрөг зээлээд яг 50 сая болгоод ... бүгдийг нь Заяад тоолж өгөөд гантелыг аваад явсан...” /хх-26/,

гэрч Т.Хашчулууны: “...2016 оны 9 дүгээр сарын сүүлээр С- надад “би Улан-Үүд явлаа, тэнд жинхэнэ юм олсон, авах хүмүүсээ тэнд дуудсан явлаа, ах нь чамд нэг гантел үлдээе, чи аваад байж бай гээд нэг гантел үлдээсэн. Явснаасаа хойш 1-2 хоногийн дараа Ви чатаар надтай холбогдоод нэг утасны дугаар өгөөд энэ утсаар холбогдоод наад гантелаа 30 саяар зараадах гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ чинь найдвартай юм уу гэж асуухад наадах чинь асуудалгүй, дотроос нь юм гарна гэж хэлсэн. Тэгээд тэр утас руу нь залгахад Мийгаа гэж хүн байсан, түүний найз Энхбаатар гэж хүн байсан. Ямар ч байсан энэ 2 хүнтэй холбогдоод тэр 2 хүнд надад энд нэг төмөр гантел байна. Би төмөр гантел мэдэхгүй, чи өөрөө үзээд нөгөө үнэтэй гантел мөн байвал ав гэж хэлээд тэр 2-той уулзахад наадах чинь яг мөн юм шиг байна авья гээд явсан. Тэгэхээр нь С-д тэр хүмүүс авья гэж байна гэхэд “одоо тэр хүмүүсээсээ мөнгийг нь үзье гэж хэл, гэхдээ 50 сая гэж хэлээрэй, гээд тэр хүмүүст би С-н хэлснээр мөнгөө үзүүл гэж хэлэхэд мөнгөнийхээ зургийг надад явуулж үзүүлсэн. С- надад “чи наад гантелаа хүнээр заруулаарай, өөрөө авч очиж болохгүй шүү” гэж хэлсэн. ... 50 сая төгрөгийг би бүхэлд нь өрөндөө өгөх гэтэл С- бүгдийг нь өгч чадахгүй, чи наад гантел заруулсан хүндээ 1.5 сая төгрөгийг өгөөд өөрөө 25 сая төгрөг дээрээ нэмээд 7 сая төгрөг аваад надад үлдсэнийг нь өг гэсэн. Гэхдээ тэр өдөр завгүй байна гээд надтай уулзаагүй ба 6 сая төгрөгийг нь хуваагаад ээжийнхээ дансаар авсан үлдсэн мөнгийг бэлнээр өөрөө авсан...” /хх-33/,

гэрч Б.Намбаярын: “...зарын дагуу 24 кг-ийн төмөр гантел зарна гэсний дагуу бид хоёр нэг эрэгтэйтэй очиж уулзсан тэгэхэд 24 кг-ийн СССР гэсэн бичигтэй бор өнгийн төмөр гантил байсан тэр хүн тэр гантилыг -энэ дотор бол юм хум байхгүй, ОХУ-аас авчирсан, рентгенээр дурандаж харсан юу ч байхгүй, гэхдээ би 15 сая төгрөгөөр зарна, цаашаа үнэтэй авах хятад хүн байгаа юу тэгвэл үнэтэй зарчихъя би бол 15 сая төгрөг л авна гэж хэлсэн. тэгсэн чинь С- -цаашаа авах хүн байгаа наадахыг чинь өндөр үнээр заръя л гээд танилцаж ярилцсан. Тэгээд бид хоёр үзчихээд гантилыг худалдаж аваад цааш нь зарахаар тохиролцоод яваад өгсөн. Тэгсэн чинь үүнээс 2 хоногийн дараа С- над руу залгаад -би нөгөө 15 саяын гантилыг чинь зохицуулаад авчихсан, мөнгөө нэхээд амар заяа үзүүлэхгүй байхаар нь Хашчулуунд өгчихсөн, үүнийг зарна л гэж хэлсэн тэгээд сураггүй болчихсон. Тэгээд С-н утас нь холбогдохгүй байсан... Тэгээд энд ирээд 2-3 хоночоод С- манайд өглөөгүүр ирсэн тэгэхдээ надад нөгөө Хашчулуунд үлдээсэн гантилаа Улан-Үдээс ирсэн 3 буриадад 45 сая төгрөгөөр Хашчулуунаар заруулчлаа. Гэхдээ С-н, би, тэр 3 буриад бид 5 хэрвээ тэр гантил дотор юм байхгүй болвол хувааж 9, 9 сая төгрөгөө төлж шархаа нөхнө тохирсон. Би тэр гантилыг худалдаж авснаа дотроо юмгүй гэдгийг С-н болон тэр гурав буриадад хэлээгүй ээ. Хашчулуун өөрөө 5 сая төгрөг нэмж зарна гээд 50 сая төгрөгөөр зарсан, одоо надад 5 сая төгрөг л үлдсэн гэж хэлсэн. Үлдсэн мөнгө нь Хашчулуунд байгаа л гэж хэлсэн. ... С- надад хүмүүсийн өрийг өгөх шаардлагатай байна нөгөө үлдсэн 400 гаруй рубль байгаа 2-лаа гантел олж цааш нь үнэд хүргэн зарж хүмүүсийн өрийг өгье гэж ятгаад тэгээд бид хоёр гантел хайж яваад дотроо юмгүй гэх тэр 24 кг гантелыг очиж үзсэн юм. Тэгсэн чинь С- надад мэдэгдэлгүйгээр тэр гантелыг худалдаж аваад Хашчулуунд үлдээгээд өөрөө С-нтай хамт ОХУ-руу явсан байсан...” /хх-53/ гэсэн мэдүүлгүүдээр С-- дээрх залилах гэмт хэргийг үйлдсэн гэх үйл баримт  тогтоогдсон байхад анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасныг үндэслэл болгон С--д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй”, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй.“ гэж үзэх нөхцлийг хангасан гэж үзэв. Өөрөөр хэлбэл, дээрх нотлох баримтуудыг хэрхэн үгүйсгэсэн тухай үндэслэлээ тогтоолд заагаагүй байна,

Нөгөөтэйгүүр, тухайн гэмт хэрэгт “Заяа” буюу Т.Хашчулуун нь оролцоотой талаар хохирогч Х.С, гэрч Б.Намбаяр, шүүгдэгч С-- нар мэдүүлсээр байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд зааснаар тэдний гэмт хэрэгт хамтран оролцсон нөхцөл байдлыг нарийвчлан шалгаж тогтоолгүйгээр тухайн гэмт хэрэгт хамааралтай сэжигтэн Т.Хашчулууны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн прокурорын 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 155 дугаар тогтоол нь хууль ёсны эсэхэд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийн 1.2 дахь хэсэгт заасан “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан..” гэж үзэх үндэслэлийг бүрдүүлсэн гэж үзнэ.

Шаардлагатай гэж үзвэл хохирогч Х.С төмөр гантелийг Т.Хашчулуунаар дамжуулан худалдан авахдаа 150.000.000 төгрөгийн зарим хэсгийг ОХУ-ын иргэн хохирогч Х. С-нын найз Тамир болон бусад хоёр буриадын чухам хэнээс нь, хэдийд ямар журмаар  хэдэн рубль /төгрөг/ зээлж авсан, энэ тухай ямар баримт /банкнаас мөнгө авсан, мөнгө солиулсан г.м/ байгаа болох, баримт чухам хэдийг хэдийд ямар журмаар буцааж өгсөн, энэ тухай баримт байгаа эсэх, тухайн гэмт хэрэгт Х.Саас өөр хохирогч тогтоогдох үндэслэлтэй эсэхийг хууль заасан үндэслэл журмын /эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ/ дагуу нэг мөр шалган тогтоох боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хохирогч Х.Сын өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэнгийн гаргасан давж заалдах гомдол болон прокурор Ч.Мөнх-Эрдэнийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 16 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг тус тус хүлээн авч С--д холбогдох эрүүгийн хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.