Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2021/0320

 

 

 

 

2020 оны 03 сарын 31 өдөр                     221/МА2020/0222               Улаанбаатар хот

                                                                                                                               

Б.С-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Д.Оюумаа, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Б, нэхэмжлэгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 245 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлын дагуу Б.С-ын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Нийгмийн даатгалын ерөнхий газарт тус тус холбогдох холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 245 дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 24 дүгээр зүйлийн 1, 3, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь заалт, Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай 2019 оны 11 Дүгээр сарын 23-ны өдрийн хуулийн 1 дүгээр зүйл, мөн зүйлийн 1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.С-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн тэтгэврийг 50,000 төгрөгөөр нэмэгдүүлэхгүй байгаа хариуцагч байгууллагуудын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэврийн нэмэгдлийг Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хуулийн дагуу тооцож олгохыг Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс болон Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, А.Э нар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... 1. Б.С нь 1995 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хандаж тэтгэвэрт гарах хүсэлтээ гаргасан байна. Тэрээр 34 жил 8 сар ажиллаж 55 насанд хүрсэн тул 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн “Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэглэх журмын тухай” хуулийн 2-р зүйлд “Дор дурдсан иргэн өөрөө хүсвэл 1998 оны 4 дүгээр сарын 1 хүртэл хугацаанд хөдөлмөрийн гэрээгээ дуусгавар болгож нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй: 1) нийтдээ 32 жил ажилласан 55 нас хүрсэн эрэгтэй, 27 жил ажилласан 50 нас хүрсэн эмэгтэй” гэж заасныг баримтлан хөнгөлөлттэй тэтгэвэр тогтоосон. Энэ хуулийн 2 дугаар зүйлийг Монгол Улсын “Хуулийн зүйл заалт хүчингүй болсонд тооцох тухай” 1997 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон.

2. Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд 1990 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр баталсан БНМАУ-ын Тэтгэврийн хуульд заасан доор дурдсан болзол, нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон зарим иргэний сарын тэтгэврийн хэмжээг нэг удаа 50000 төгрөгөөр нэмэгдүүлнэ: 1.1.төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 15-аас доошгүй жил ажиллаж 50 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх; 1.2.төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 20-оос доошгүй жил ажиллаж нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх; 1.3.нийтдээ 27-оос дээш жил ажиллаж нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эмэгтэй; 1.4.нийтдээ 32-оос дээш жил ажиллаж 55 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эрэгтэй” гэж заасан байна.

Иймээс дээрх хууль 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд тэтгэвэр тогтоолгосон иргэдэд хамаарах юм.

3. Шийдвэрийн үндэслэх нь хэсэгт: “... Дээр дурдсан хууль болон журмын заалтаас үзвэл нэхэмжлэгч нь улсад нийтдээ 32-оос дээш жил ажиллаж 55 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эрэгтэйд хамаарч байгаагийн хувьд “Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай Монгол улсын хуулийн 1 дүгээр зүйлийн 1.4-т заасан болзол, нөхцөлийг хангаж байх бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгчийн өндөр насны сарын тэтгэврийн хэмжээг нэг удаа 50000 төгрөгөөр нэмэгдүүлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв” гэсэн нь анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь “Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэглэх журмын тухай” хуулийн 2-р зүйлийн “... 1 ) нийтдээ 32 жил ажилласан 55 нас хүрсэн эрэгтэй, “Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай Монгол улсын хуулийн “1.4.нийтдээ 32-оос дээш жил ажиллаж 55 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эрэгтэй” гэсэн 2 өөр хуулийн заалтуудыг адилтган авч үзсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны болж чадаагүйг нотолж байна. Мөн зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн үйлчлэл нь зөвхөн БНМАУ-ын Тэтгэврийн хуульд заасан доор дурдсан болзол, нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон зарим иргэнд хамааралтай байгааг шүүх анхааран авч үзээгүй байна.

Иймд Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийг зөрчсөн, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 31 ний өдрийн 128/ШШ2021/0245 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэжээ.

Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... 1. Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд “1990 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр баталсан БНМАУ-ын тэтгэврийн хуульд заасан дор дурдсан болзол нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон зарим иргэний сарын тэтгэврийн хэмжээг нэг удаа 50.000 төгрөгөөр нэмэгдүүлнэ” гэж хуульд заасан.

Тиймээс 1990 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр баталсан БНМАУ-ын тэтгэврийн хуульд заасан нөхцөлөөр 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэдэд хамаарч байгаа.

Иргэн Б.С нь Монгол Улсын Засгийн газраас 1994 оны 06 дугаар сарын 07-ны өдөр баталж 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нэмэгдэж эхэлсэн нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр 1995 онд тогтоолгосон байх тул энэ хуулийн заалтад хамаарахгүй гэж үзэж байна.

Иймд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасны дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2021/0245 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү... ” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.С “... нийтдээ 32-оос дээш жил ажиллаж 55 насанд хүрсэн нөхцөлөөр 1995 оны 05 дугаар сарын 16-ны өдөр өндөр насны тэтгэврийг тогтоолгож байсан ... эдгээр, хууль журмын зохицуулалтын дагуу миний бие 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг сарын тэтгэврийн хэмжээг 50,000 төгрөгөөр нэмэгдүүлэх эрхтэй болсон ... гэтэл миний сарын тэтгэврийн хэмжээ 50,000 төгрөгөөр нэмэгдэж тогтоогдоогүй, олгогдоогүй ... ялгамжтай байдлыг бий болгосонд гомдолтой ... миний хуульд заасан тэтгэврийн нэмэгдлээ тооцуулан авах боломжгүй болсон ... Монгол Улсын Үндсэн хуульд заасан ... “өндөр наслах, ... хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй ... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэж заасан эрх зөрчигдсөн ...” гэсэн үндэслэлээр “нэхэмжлэгчийн тэтгэврийг 50,000 төгрөгөөр нэмэгдүүлэхгүй байгаа хариуцагч байгууллагуудын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэврийн нэмэгдлийг Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хуулийн дагуу тооцож олгохыг Сонгинхайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс болон Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гарган маргасныг шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

1994 оны 06 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулиуд /цаашид "Нийгмийн даатгалын тухай хуулиуд" гэх/-ыг 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө”, 2 дугаар зүйлд “Хөнгөлөлттэй тэтгэвэр тогтоолгох эрх хадгалагдах”-аар хуульчилж, энэ зүйлийг 1997 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон байх бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 оны/-ийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно”, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 10-аас 20 хүртэл жил төлсөн энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан насанд хүрсэн даатгуулагч шимтгэл төлсөн нийт хугацаандаа ногдох өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй”, 5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Нийгмийн даатгалын тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнөх болон мөн үеийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийг бодоход баримталсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг шимтгэл төлсөн хугацаа, эрхэлж байсан ажил, албан тушаал, хөдөлмөрийн нөхцөл нь ижил 1995 оноос хойш тэтгэврээ тогтоолгосон иргэний тэтгэврийг бодоход баримталсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээтэй дүйцүүлэн тооцно” гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч Б.С нь улсад нийт 34 жил 8 сар ажилласан, 55 насанд хүрсэн тул тэтгэвэр тогтоолгохоор Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 1995 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүсэлт гаргаснаар Чингэлтэй районы АДХ-ын Гүйцэтгэх захиргааны дэргэдэх Улсын тэтгэвэр тогтоох орон тооны бус байнгын комиссын 1995 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “Өндөр насны тэтгэвэр тогтоох тухай” тогтоолоор /хх-104/ нэхэмжлэгчид 20,944 төгрөгийн тэтгэврийг 1995 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн олгохоор шийдвэрлэсэн буюу нэхэмжлэгч нь 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.

Нэхэмжлэгч 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн үйлчлэлд хамаарч байх тул 1994 оны 06 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд “Хөнгөлөлттэй тэтгэвэр тогтоолгох эрх хадгалагдах” гэж зааснаар нэхэмжлэгчид хөнгөлөлттэй тэтгэвэр тогтоолгох эрх нь хадгалагдаж байсан гэж үзэх талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Монгол Улсын иргэн Монгол Улсын Арван зургадугаар зүйлд заасан үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлэх эрхтэй бөгөөд мөн зүйлийн 5/-д зааснаар Монгол Улсын иргэн өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй. Мөн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1/-д “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж хуульчилсан.

2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр батлагдсан Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн  1 дүгээр зүйлд “1990 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр баталсан БНМАУ-ын Тэтгэврийн хуульд заасан доор дурдсан болзол, нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон зарим иргэний сарын тэтгэврийн хэмжээг нэг удаа 50000 төгрөгөөр нэмэгдүүлнэ” гэж БНМАУ-ын Тэтгэврийн хуульд заасан гэж тухайлан хуульчилсан байх боловч мөн зүйлийн 1.4-д “нийтдээ 32-оос дээш жил ажиллаж 55 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эрэгтэй”, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 484 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд баримтлах журам”-ын 2.1-д “Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан иргэн хамаарна”, 3.1-д “Нийгмийн даатгалын байгууллага нь Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн дагуу тэтгэвэр нь нэмэгдэх иргэдийн мэдээллийг тэтгэвэр авагчийн хувийн хэрэгт үндэслэн шалган баталгаажуулж, нийгмийн даатгалын мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ”, 3.2-д “Нийгмийн даатгалын байгууллага нь энэ журмын 3.1-д заасны дагуу шалгаж бүртгэсэн иргэний сарын тэтгэврийн хэмжээг 50000 (тавин мянган) төгрөгөөр нэмэгдүүлэн тогтоон” гэж тус тус заажээ.

Иймд нэхэмжлэгчийг нийтдээ 32-оос дээш жил ажиллаж 55 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эсэхтэй маргаагүй энэ тохиолдолд нэхэмжлэгчийг дээрх 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр батлагдсан Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй гэж үзэх үндэслэлгүй буюу нэхэмжлэгч хуульд заасан “нийтдээ 32-оос дээш жил ажиллаж 55 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон” урьдчилсан нөхцөлийг хангаж байгаа нөхцөлд тэтгэвэр тогтоолгосон тухайн цаг үед ямар хуулийн үйлчлэлд хамаарч тэтгэвэр тогтоолгосон эсэхээс үл хамааран хариуцагч захиргааны байгууллагууд тэтгэврийн хэмжээг дээрх хуульд зааснаар нэмэгдүүлэх үүрэгтэй, энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн “... Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хууль ... 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд тэтгэвэр тогтоолгосон иргэдэд хамаарна” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

                                                             ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 245 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                        Г.БИЛГҮҮН

 

ШҮҮГЧ                                                        Д.ОЮУМАА

 

ШҮҮГЧ                                                       Н.ХОНИНХҮҮ