| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2016/01273/и |
| Дугаар | 142/ШШ2016/01154 |
| Огноо | 2016-09-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 142/ШШ2016/01154
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-19-18 тоотод оршин суух, Зундуй овгийн Доржийн Сарангэрэл /ФМ70021544/-ийн хүсэлттэй
"Ажиллаж байсан байдлаа тогтоолгох" тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.Сарангэрэл, гэрч Ш.Азия, Ц.Дэнсмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Сарангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Дорж овогтой Сарангэрэл нь 1989 оны 11 дүгээр сарын 04-нд Орхон аймгийн ПДУ-ын 24 цагийн ажиллагаатай 7 дугаар цэцэрлэгт анх туслах багшаар ажилд орсон. Ингээд би 1992 оны 02 дугаар сарын 15-нд 21 дүгээр цэцэрлэг нээгдэхэд тэнд багшаар очсон. 60 хоногийн багшийн курс хийсэн байсан. 1997 оны 08 дугаар сар хүртэл 21 дүгээр цэцэрлэгт багшаар ажиллаж байгаад хувиараа хөдөлмөр эрхэлсэн юм. Дээрх хугацаанд ажиллаж байсан үеүдийн гарсан тушаалууд байхгүй байгаа тул ажиллаж байсан байдлыг минь сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Доржийн Сарангэрэл нь шүүхэд хандан “1989-11-04-нөөс 1992-02-18-ны өдрийг хүртэл Орхон аймгийн 24 цагийн ажиллагаатай 7 дугаар цэцэрлэгт туслах багшаар, 1992-02-26-наас 1997 оны 08 сарыг хүртэл Орхон аймгийн 21 дүгээр цэцэрлэгт багшаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-оор хүсэлт гаргажээ.
Д.Сарангэрэл нь дээрх хугацаануудад Орхон аймгийн 24 цагийн ажиллагаатай 7 дугаар цэцэрлэгт туслах багш, 21 дүгээр цэцэрлэгт багшаар ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, гэрч Ц.Дэнсмаагийн мэдүүлэг, Д.Сарангэрэлийн өөрийнх нь тайлбар зэргээр нотлогдож байна.
Иймд Доржийн Сарангэрэлийг 1989-11-04-нөөс 1992-02-18-ны өдрийг хүртэл Орхон аймгийн 24 цагийн ажиллагаатай 7 дугаар цэцэрлэгт туслах багшаар, 1992-02-26-наас 1997 оны 08 сарыг хүртэл Орхон аймгийн 21 дүгээр цэцэрлэгт багшаар тус тус ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар улсын орлогод оруулсан 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Зундуй овгийн Доржийн Сарангэрэл /ФМ70021544/-ийг 1989-11-04-нөөс 1992-02-18-ны өдрийг хүртэл Орхон аймгийн 24 цагийн ажиллагаатай 7 дугаар цэцэрлэгт туслах багшаар, 1992-02-26-наас 1997 оны 08 сарыг хүртэл Орхон аймгийн 21 дүгээр цэцэрлэгт багшаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА