Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 811

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч Х.Онолт,

хохирогч Ц.Х ,

шинжээч эмч Б.Батхишиг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Хандсүрэн /ШТЭД-243/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Онолтоос Эрүүгийн хуулийн тусгай ангиийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэг зааснаар Ц.Т  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай шүүхэд шилжүүлсэн эрүүгийн 1908 00453 0000 дугаар хэргийг 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцээд,

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1977 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Өнөр хороолол, 00 тоотод оршин суудаг, урьд

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1998 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 418 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 30.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн,

Б  овогт Ц  Т /РД:0000000/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.Т нь 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 000 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн төрсөн ээж Ц.Х ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: хохирогч Ц.Х ын  мэдүүлэг /хх11-12,15/, гэрч Ц.Г-ийн мэдүүлэг /хх19/, шүүх шинжилгээний шинжээч эмчийн 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 1280 дугаартай дүгнэлт /хх23/, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 365 дугаар шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх27-29/, шинжээч эмч Б.Батхишигийн мэдүүлэг /хх20-21/, аюулын зэргийн үнэлгээ, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх30-43/, шүүгдэгчийн иргэний бүртгэлийн лавлагаа /хх178/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх65/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч Ц.Т-ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

  1. Хохирогч Ц.Х ын “...2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр би охиныхоо гэрт байж байхад хүү ирнэ гэсэн. Тэгээд би охинтойгоо ээжийнхээ гэр рүү явахдаа хэлэхээ мартаад явсан хойгуур Ц.Т охины гэрт очоод байхгүй болохоор маш их уурласан байсан. Дараа нь гэртээ байж байгаад хүүгээс “сүү ирсэн байна уу харсан уу” гэхэд яахаараа та намайг дандаа өдөж байдаг юм бэ гэж хэлээд толгой руу нэг удаа хүчтэй цохиод дахиад нэг цохих гэтэл толгойгоо хамгаалахад нэг удаа гарын үений хэсэгт цохисон...нэг их зодоод байдаггүй, өвчин нь хөдлөхөөрөө хэл амаар дормжлоод, ганц нэг гар хүрдэг, намайг айлгадаг, би цагдаад дуудлага болон өргөдөл гаргаж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх11-12,15/,
  2. Гэрч Ц.Г-ийн “... Манай ах Ц.Т нь ээжтэй хамт амьдардаг юм. 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр манай ээж Х  надруу өөрийн 0000000 дугаарын утаснаас ах чинь намайг зодчихлоо. Гар хавдсан, тархи хөдлөөд хавдаад хөхөрсөн байдалтай байна. Өвдөөд байхаар нь гэмтлийн эмнэлэгт ирээд үзүүлсэн чинь гар хугарсан байна гээд гипстчихлээ гээд ярьсан...1998 онд 2 удаа дараалж аваарт орсноос хойш нэг л сонин болсон. Зурагт үзээд сууж байгаад гэнэт зурагтаа өшиглөнө, ямар ч шалтгаангүй ээжийг хоолонд нь хор хийж алах гэж байна гээд уурлаад аягатай хоолоо авч шиднэ. ...ээж хамт байдаг болохоор ээжийг л дарамталж, зодож цохих асуудал гардаг болсон... хааяа ээж дээр ирэхээр намайг зоддог болсон...ээжтэй уулзахаар бол нууцаар өөр газар юм уу, гадаа нь уулздаг болсон... би ээжийн минь амь насыг хамгаалж эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгөөсэй гэж хүсэж байна...” гэх мэдүүлэг /хх19/,
  3. Шүүх шинжилгээний шинжээч эмчийн 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 1280 дугаартай дүгнэлтэд “...Ц.Х ын биед баруун сарвуу дунд хурууны алганы шивнүүрийн цуурал гэмтэл тогтоогдлоо. Гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэж тодорхойлжээ /хх23/,
  4. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 365 дугаар шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтэд “..Ц.Т нь гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн Үлдэц шизофрения өвчинтэй байсан байна. Ц.Т нь хэрэг үйлдэгдэх үед өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох чадваргүй байсан байна. Ц.Т нь өөрийгөө удирдан хянах, үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна. Ц.Т нь гэмт хэрэг үйлдсэний дараа одоогоор сэтгэцийн байдалд нь Үлдэц дэмийрлийн байдалтай байна. Ц.Т нь одоо сэтгэцийн Үлдэц шизофрения өвчинтэй байна. Эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагатай байна. Ц.Т нь хэрэг хариуцах чадваргүй байна...” гэжээ. /хх27-29/,
  5. Шинжээч эмч Б.Батхишиг шүүхийн хэлэлцүүлэгт “...Ц.Т ын өвчин бүрэн эдгэрэх боломжгүй. Өвчин нь эхэлсэн тохиолдолд 14-30 хоногийн албадан эмчилгээ хийнэ. Энэ хугацаанд засрал сайжралтын байдалд ордог. Ингээд ар гэрт нь эм, эмчилгээний заавар зөвлөгөө өгч эмнэлгээс гаргадаг. Байнгын асаргаа, сувилгаа шаардлагатай өвчин. Эмээ уухгүй болон ямар нэгэн гадны нөлөөнөөс сэтгэл цочролын байдалд орох буюу стресс авсан тохиолдолд өвчин хурцдана. Ийм үед нийгэмд аюултай үйлдэл хийхгүй гэсэн баталгаа байхгүй гэв. Өвчтөн эмнэлэгт удаан байх хугацаандаа ар гэрийхнийгээ “энд намайг удаан хориод байна” гэж гэрийнхэндээ өсөрхөх тал бий болдог. Үүнийгээ дотроо нууж байгаад гарсан хойноо гэртээ очоод ямар нэгэн үйлдэл хийх тохиолдол байдаг. Одоогоор засралын байдалтай байгаа болохоор гадуур байгаа... Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг шүүхээс тогтоосон хугацаанд авдаг, ер нь өвчин бүрэн эдгэрэх боломжгүй учраас засрал сайжралын байдалд орох хүртлэх хугацаанд эмчилдэг. Сар гарны дараагаар засрал сайжралтын байдалд оронгуут 1-5 сарын хугацаагаар барих эмчилгээ хийдэг...” гэв.

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Ц.Т :

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын мэдүүлэгт тайлбарт дүгнэлт хийн үзэхэд шүүгдэгч Ц.Т нь өөрийн ээж Ц.Х тай хамтдаа амьдардаг болох нь тогтоогдож байна.

2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 000 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн төрсөн ээж Ц.Х ыг зодсон болох нь хохирогч Ц.Х ын мэдүүлэг, гэрч Ц.Г нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Т ын үйлдлийн улмаас хохирогч Ц.Х ын эрүүл мэндэд “баруун сарвуу дунд хурууны алганы шивнүүрийн цуурал гэмтэл” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 1280 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дахь заалтад зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт ... гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор заасан.

Шүүгдэгч Ц.Т ын өөрийн төрсөн эх Ц.Х ын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцов. 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Т ын хэрэг хариуцах чадваргүй байдалтай холбоотойгоор эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг зогсоох хүртлэх хугацаагаар авах санал дүгнэлт гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс ял оногдуулахгүйгээр эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг бага хугацаагаар авахуулах саналтай байна гэв.

Шүүгдэгч Ц.Т ын сэтгэцийн байдал, хэрэг хариуцах чадварын байдалд хийсэн дүгнэлтээр “..Ц.Т нь гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн Үлдэц шизофрения өвчинтэй байсан байна. Ц.Т нь хэрэг үйлдэгдэх үед өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох чадваргүй байсан байна. Ц.Т нь өөрийгөө удирдан хянах, үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна. Ц.Т нь гэмт хэрэг үйлдсэний дараа одоогоор сэтгэцийн байдалд нь Үлдэц дэмийрлийн байдалтай байна. Ц.Т нь одоо сэтгэцийн Үлдэц шизофрения өвчинтэй байна. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагатай байна. Ц.Т нь хэрэг хариуцах чадваргүй байна...” гэж тодорхойлжээ.

Мөн эмчлэгч эмч Б.Батхишигийн мэдүүлгээр “...шүүгдэгч Ц.Т ын өвчин нь эдгэрэх боломжгүй, өвчин нь сэдэрсэн үедээ орчин тойрондоо аюул учруулах боломжтой тул эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулах шаардлагатай гэж дүгнэлт гаргасан...Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний хугацаа урт байх нь тийм үр дүнтэй биш засрал сайжралтын байдалд орох хүртэл эмчилгээ хийгээд, тэгээд асаргаа, сувилгаагаа хийгээд байхад өвчин хөдлөх нь бага хол зайтай байдаг талаар” мэдүүлсэн.

Шүүгдэгч Ц.Т нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 365 дугаар шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт, эмчлэгч эмч Б.Батхишиг нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч Ц.Т ын хувьд нь өвчин нь сэдэрсэн үедээ өөртөө болон бусдад аюул учруулах боломжтой болох нь эмчлэгч эмч Б.Батхишиг, хохирогч Ц.Х , гэрч Ц.Г нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх санал ирүүлснийг хүлээн авах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

            Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, шинжээчийн дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 7 дахь хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч Ц.Т  6 сарын хугацаагаар эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж, уг арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 190 дүгээр зүйлийн 190.2 дахь хэсэгт зааснаар Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн шийдвэр гармагц уг этгээдийг албадан эмчлэх байгууллагад хүргэх үүргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүлээх бөгөөд шүүхийн шийдвэр, сэтгэцийн эмгэг судлалын шинжилгээний дүгнэлт, холбогдох бусад баримт бичгийг хамтад нь хүргүүлнэ гэж заасны дагуу холбогдох баримтыг хүргүүлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг сунгах, өөрчлөх, зогсоох эсэхийг шинжээчийн дүгнэлт, прокурорын саналыг харгалзан шүүх шийдвэрлэх боломжтой болохыг дурдах нь зүйтэй.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц  Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 7 дахь хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Ц.Т  6 /зургаан/ сарын хугацаатайгаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, уг арга хэмжээг хэрэгжүүлэхийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээг сунгах, өөрчлөх, зогсоох эсэхийг шинжээчийн дүгнэлтийг харгалзан шүүх шийдвэрлэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 190 дүгээр зүйлийн 190.2 дахь хэсэгт зааснаар Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн шийдвэрийг уг этгээдийг албадан эмчлэх байгууллагад хүргэх үүргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүлээх бөгөөд шүүхийн шийдвэр, сэтгэцийн эмгэг судлалын шинжилгээний дүгнэлт, холбогдох бусад баримт бичгийг хамтад нь хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.МӨНХБААТАР