| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2016/01247/и |
| Дугаар | 142/ШШ2016/01155 |
| Огноо | 2016-09-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 142/ШШ2016/01155
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Жаргалант сум Дулаан-Уул багт оршин суух, Жожжил овгийн Онгорхойн Даваажав /ОЕ66062002/-ийн хүсэлттэй
"Ажиллаж байсан байдлаа тогтоолгох" тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч О.Даваажав, гэрч О.Цэнд-Аюуш, О.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч О.Даваажав шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Онгорхой овогтой Даваажав миний бие 1966 оны 6 дугаар сарын 20-нд Увс аймгийн Зүүнхангай сумын малчин Онгорхойн 6 дахь охин болон төрсөн. 1966-1974 он хүртэл аав ээжийн гар дээр өссөн. 1974-1982 он хүртэл Увс аймгийн Зүүнхангай сумын 8-н жилийн дунд сургуулийг сурч төгссөн. 1982 оноос хөдөө гарч илгээлтээр мал малласан. 1982-1990 он хүртэл Увс аймгийн Зүүнхангай сумын “Давшилт” нэгдэлд мал маллаж байсан ажилласан жилийг тодорхойлох хөдөлмөрийн дэвтэр маань олдохгүй байгаа, архив шатсан тул ажилласан жилийн тодорхойлолт олдохгүй байна. Энэ хугацаанд ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Онгорхойн Даваажав нь шүүхэд хандан “1982 оноос 1990 оныг хүртэл Увс аймгийн Зүүнхангай сумын “Давшилт” нэгдэлд ажиллаж байсан байдлаа тогтоолгох-оор хүсэлт гаргажээ.
О.Даваажав нь Увс аймгийн Зүүнхангай сумын “Давшилт” нэгдэлд 1982 оноос 1990 онуудад ажиллаж байсан нь цалингийн тодорхойлолт, гэрч О.Цэнд-Аюуш, О.Оюунгэрэл нарын мэдүүлэг , О.Даваажавын өөрийнх нь тайлбар зэргээр нотлогдож байна.Гэрчүүдийг О.Даваажавтай хамт ажиллаж байсныг тодорхойлох Увс аймгийн Сум дундын шүүхийн 2004-01-14-ний өдрийн 12, 13 дугаартай О.Цэнд-Аюуш, О.Оюунгэрэл нарыг Увс аймгийн Зүүнхангай сумын “Давшилт” нэгдэлд ажиллаж байсныг тогтоосон шийдвэрүүд хэрэгт авагджээ.
Иймд Онгорхойн Даваажавыг “Увс аймгийн Зүүнхангай сумын “Давшилт” нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 01-нээс 1990 оныг дуустал хугацаанд малчинаар ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар улсын орлогод оруулсан 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Жожжил овгийн Онгорхойн Даваажав /ОЕ66062002/-ыг 1982 оны 01 дүгээр сарын 01-нээс 1990 оныг дуустал хугацаанд малчинаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА