| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0777/Э |
| Дугаар | 816 |
| Огноо | 2019-09-06 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | А.Мөнхзул |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 816
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
улсын яллагч А.Мөнхзул,
хохирогч Э.М ,
шүүгдэгч Э.М , түүний өмгөөлөгч Р.Чинбаа /ШТЭД-1028/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Мөнхзулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э-ын М холбогдох эрүүгийн 1808 02762 0000 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, англи хэлний орчуулагч багш мэргэжилтэй, “Таван толгой түлш” ХХК-д савлагч ажилтай, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Баганарангийн 00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Э-ын М /РД:00000000/.
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Э.М нь 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Хустайн 00 тоот хашаан доттор иргэн Э.М-ын таксигаар үйлчлүүлснийхээ хөлсийг өгөх хүртлээ итгэмжлэн өгсөн “Самсунг” маркийн зөөврийн компьютерийг завшиж, бусдад 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх16-17/, гэрэл зургаар хүн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх19-21/, хохирогч Э.М-ын мэдүүлэг /хх23-26/, гэрч Д.Б-ийн мэдүүлэг /хх31-32/, гэрч Б.Х-ын мэдүүлэг /хх39-40/, гэрч Б.П-ийн мэдүүлэг /хх46-47/, “Арвижих-Эстимейт” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ /хх55-56/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой холбогдох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Нэг. Шүүгдэгч Э.М г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. “Самсунг” брэндийн, хэвийн ажиллагаатай, хар өнгийн зөөврийн компьютерыг түр хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх16-17/,
2. Гэрэл зургаар хүн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх19-21/,
3. Хохирогч Э.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд гаргасан “...2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр би найзуудтайгаа архи уусан байсан. Би харих гээд такси барьсан. Таксины мөнгө 6,000 төгрөг гарахаар нь эхнэрээсээ авах гэтэл мөнгө байхгүй гэсэн. Тэгээд би өөрийн зөөврийн компьютерыг барьцаанд тавьсан. Маргааш нь би ахад 6,000 төгрөг өгнө, би зөөврийн компьютероо авна гэсэн тохиролцоо хийж салсан. Тохиролцоо хийсэн байсан мөн манай гэрийг мэдэх болохоор эхний хоёр хоног ахыг би чимээгүй хүлээсэн. Яагаад надад зөөврийн компьютер маань хэрэгтэй байсан бэ гэвэл миний ээж нас бараад удаагүй байсан. Компьютер дээр миний ээжийн зураг, дүрс бичлэг хадгалаатай байсан. Би өөрөө ахыг хайж замын цагдаагаас дугаарыг нь авсан. Машин нь лизингтэй байсан. Түүнээс мөн дугаарыг нь олсон. Би цагдаад мэдэгдэхийг хүсээгүй. Яагаад гэвэл бид хоёр харилцан тохиролцсон байсан болохоор цагдаад мэдэгдэхийг хүсээгүй гэв... Дугаараа цаасан дээр бичиж өгөөгүй. Бид хоёр хоёулаа амаараа дугаараа солилцсон гэв... 2017 онд найзаасаа 1.200.000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг /хх23-26/,
4. Гэрч Д.Б-ийн “...Орой 23 цаг өнгөрч байхад манай нөхөр М согтуу байдалтай хашааны хаалгаар такси барьж орж ирсэн. Хаалга нүдэж орж ирээд такси барьж ирсэн, 6000 төгрөг байна уу гэхээр нь надад мөнгө байхгүй гэсэн чинь ширээн дээр байсан зөөврийн компьютерээ гэрээс аваад гараад явсан. Гэрийн хаалга онгорхой орхиод гарсан байхаар нь би хартал цагаан өнгийн машин харагдсан. Урд номер дугаарыг нь сайн хартал 00 ӨМӨ гэсэн дугаартай машин байсан. Уг жолоочтой хоорондоо ярилцаад таксины мөнгөндөө барьцаанд үлдээсэн байх гэж бодсон. Маргааш өгнө гээд яриад байх шиг байсан. Удаагүй манай нөхөр гэртээ орж ирээд юм хэлээгүй унтаад өгсөн. Уг нь тэр хүн манай гэрийг мэдэж байгаа хэрнээ ирээгүй л байна ...” гэх мэдүүлэг /хх31-32/
5. Гэрч Б.Х-ын “...Тухайн өдөр ажлаас тарах үед намайг манай нөхөр ирээд авсан. Би ажил ихтэй байсан учир ядраад унтаад өгсөн байсан. Нэг сэрээд харсан чинь танихгүй айлын гадаа ирчихсэн зогсож байсан. Нөхрөөсөө хаана ирчихсэн байгаа юм бэ гэсэн чинь сая нэг залуу гар өргөхөөр нь аваад гэрт нь ирчихсэн байна, одоо мөнгө аваад гараад ирнэ гэсэн гэж хэлсэн. Тэгтэл нэг согтуу залуу гарч ирээд манай нөхөртэй юм яриад байсан. Би юу ярьж байгааг нь анзаараагүй. Цаад залуу нь мөнгө байхгүй гэж хэлсэн байх... Нөхрийнхөө цагаан өнгийн “Сузуки” маркийн 00 ӨМӨ улсын дугаартай машины арын багаажийг сөхөөд тавилга зөөж хийх гэж байхад нэг цэнхэр ууттай зүйл байхаар нь би нөхрөөсөө энэ юу юм бэ гэж асуутал аль дээр согтуу залууг гэрт нь хүргэж өгөөд мөнгө өгөөгүй, оронд нь энэ зөөврийн компьютероо өгсөн гэж хэлэх үед би мэдсэн ...” гэх мэдүүлэг /хх39-40/
6. Гэрч Б.П-ийн “...Би 2018 оны 7 дугаар сарын эхээр ... хүргэн ах М хашаан дотроо машинаа янзлаад байж байхаар нь би туслах гээд араас нь гарсан. Тэгтэл хүргэн ах М машиныхаа багаажинд байсан эд зүйлээ гаргаад байхаар нь очиж туслаад байж байтал хар өнгийн нөтбүүк гараад ирэхээр нь энэ хэнийх юм бэ, ажилладаг юм уу гэж асуусан чинь ажилладаг үгүйг нь сайн мэдэхгүй байна гэж хэлсэн. Хүний компьютер байгаа юм гэхээр нь би хичээлээ хийх гэсэн чинь зөөврийн компьютер хэрэг болоод байна, түр хэрэглэчихээд өгье гэхэд М ах тэг тэг ажилладаг юм болов уу гэж хэлээд хар өнгийн Самсунг маркийн компьютер өгсөн...” гэх мэдүүлэг /хх46- 47/
7. Гэрч Э.М “...би 2018 оны 8 дугаар сарын дундуур би Төв аймгийн Борнуур сумын төвд найз О.О-ын хамт явж байгаад төрсөн ах Э.М тэй тааралдсан юм. Машины багажинд нь хар өнгийн самсунг маркийн зөөврийн компьютер байхаар нь асуухад хүнийх гэж хэлэхээр нь түр хэрэглэж байгаад өгөөрэй, алга болгочив гэсэн...2018 оны 10 дугаар сард ах над руу залгаж нөгөө зөөврийн компьютероо авъя эзэн нь нэхээд байна гэхээр нь буцаагаад өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх50-51/
8. “Арвижих-Эстимейт” ХХК-ий эд зүйлийн үнэлгээгээр зөөврийн компьютерийг 1.100.000 төгрөгөөр үнэлжээ. /хх55-56/
Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч Э.М .
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан нотлох баримт, талуудын тайлбар мэдүүлэгт дүгнэлт хийн үзэхэд шүүгдэгч Э.М нь 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Хустайн 00 тоотод байрлах хохирогч Э.М-ын таксигаар үйлчлэн хүргэж өгсөн байна.
Тухайн үед хохирогч Э.М нь согтууруулах ундааны зүйл уусан байсан бөгөөд үйлчилгээний хөлс болох 6.000 төгрөг байхгүй байсан тул гэрээсээ өөрийн “Самсунг” маркийн зөөврийн компьютерыг авч гарч ирэн маргааш 6.000 төгрөгөө өгөөд авъя гэсэн аман тохиролцоог хийн барьцаа байдлаар итгэмжлэн үлдээж, гар утасныхаа дугаарыг аман байдлаар хоорондоо хэлж тохирсон нь дараах байдлаар тогтоогдож байна. Үүнд, хохирогч Э.М-ын “...Таксины мөнгөний оронд энэ зөөврийн компьютерийг авч бай гэж хэлээд би 6000 төгрөгний оронд түр барьцаанд тавьсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Б-ийн “...манай нөхөр М согтуу ... хаалга нүдэж орж ирээд такси барьж ирсэн, 6000 төгрөг байна уу гэхээр нь надад мөнгө байхгүй гэсэн чинь ширээн дээр байсан зөөврийн компьютерээ гэрээс аваад гараад явсан... Урд номер дугаарыг нь сайн хартал 00 ӨМӨ гэсэн дугаартай машин байсан. Уг жолоочтой хоорондоо ярилцаад таксины мөнгөндөө барьцаанд үлдээсэн байх гэж бодсон. Маргааш өгнө гээд яриад байх шиг байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Х-ын “...согтуу залууг гэрт нь хүргэж өгөөд мөнгө өгөөгүй, оронд нь энэ зөөврийн компьютероо өгсөн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.П-ийн “...би хичээлээ хийх гэсэн чинь зөөврийн компьютер хэрэг болоод байна, түр хэрэглэчихээд өгье гэхэд М ах тэг тэг ажилладаг юм болов уу гэж хэлээд хар өнгийн Самсунг маркийн компьютер өгсөн ...” гэх мэдүүлэг, Самсунг брэндийн, хэвийн ажиллагаатай, цагдаагийн албан хаагчийн хар өнгийн зөөврийн компьютерыг түр хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.
Тодруулбал, шүүгдэгч Э.М нь бусдын үнэ бүхий эд зүйлийг 6.000 төгрөгний барьцаа болгон түр авсанаа мэдсээр байж, бусдад өөрийн мэт эзэмших эрхийг шилжүүлэн ашиглуулсан, мөн шүүгдэгчийг согтууруулах ундааны уусан байсныг ашиглан зөөврийн компьютерийг буцаан өгөх санаа зорилгогүй байсан гэж дүгнэлээ. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн хохирогч Э.М тай барьцааны гэрээний харилцаа үүссэн, гэмт хэргийн шинжгүй, итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө гэж үзэхгүй гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.
Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогчид 1.100.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь “Арвижих-Эстимейт” ХХК-ний эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.М гийн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэйгээр үйлдэгдсэн буюу хохирогчийн согтууруулах ундаан зүйл уусан үедээ таксины мөнгөний оронд түр барьцаа байдлаар үлдээсэн зөөврийн компьютерыг өөрийн мэдэлд шилжүүлэн авсан гэм буруутай байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, тус зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Даваажаргалын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Самсунг брэндийн, хэвийн ажиллагаатай, хар өнгийн зөөврийн компьютер”-ыг түр хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Э.М г хохирогчид энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Э.М нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт, санал гаргасан болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын хуралдаанд шүүгдэгч Э.М зөөврийн компьютерыг авсан үйлдэлдээ маргадаггүй, өмгөөлөгчийн хувьд хууль зүйн талаасаа гэмт хэргийн шинжгүй гэж маргасан тул шүүгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсүүлэх саналтай байна гэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.
Шүүгдэгч Э.М нь хохирогчид эд зүйлийг буцаан өгсөн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “...учруулсан хохирлыг төлсөн...” гэсэн нөхцөлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, харин шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Э.М д холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хамаарах бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг барагдуулсан, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээж байгаа, шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг нийгмээс тусгаарлан хорих ял эдлүүлэх шаардлагагүй, мөн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй байх тул мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э-ын М г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М г хорих ял оногдуулахгүйгээр, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг шүүгдэгчид хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Э.М нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогчид хохирол төлөгдсөн, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтооолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР