| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 5 дугаар хороо 2а-38 тоотод оршин суух Якут овогт Тогтохбаярын Даваажаргал /ИЗ:76111002/ Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 43-12 тоотод оршин суух Тайж овогт Халтарын Гантөмөр /ИЦ:75040572/ Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг, асрамж тогтоолгох, дундын эд хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулах тухай 13 нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг, хариуцагч Х.Гантөмөр, хариуцагчийн өмгөөлөгч З.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Т.Даваажаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Х.Гантөмөртэй 1997 оны 03 дугаар сарын 03-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд Завхан аймгийн Булнай суманд бүртгэгдсэн. Гэрлэснээс хойш хамт 17 жил амьдарч 2 хүү төрүүлсэн. Том хүү Г. Эрхэмбаяр 1997 оны 04 дүгээр сарын 05-нд төрсөн, бага хүү Г.Эрхэмбаатар нь 2003 оны 01 дүгээр сарын 01-нд төрсөн. Бидний салах болсон шалтгаан нь бусадтай гэр бүлийн харьцаатай болсон, байнга архи ууж зодон, хутга шөвөг барин дайрдаг, хэл хэлэхгүй үгээр хэлж доромжилдог. Мөн хонуутаар мөрийтэй тоглодог. 2003 онд бага хүүгээ төрүүлсэн нялх биетэй байхад надаас сална, намайг ална гээд хутга шүүрч аваад модон шкафны урд өлгийтэй хүүгээ тэврээд зогсож байсан над руу хутгалах гэж дайрахад би хажуу тийш болтол хутга нь хатуу зүйлд тулж хойшоо шувтарч 2 хурууныхаа шөрмөсийг тасалсан. Энэ үед Гантөмөр Цэрмаа гэдэг эмэгтэйтэй холбогдсон байсан. Тэр хүн (эгчийнх нь буруу залуу хүмүүсийн амьдралд саад болохоо больё) гэж хэлсэн. Тэр үед 2 хүүгээ бодоод бас өөрт нь хайртай, элэг бүтэн амьдрах чин хүсэлтэйдээ уучилж амьдарсан. Энэ үеэс эхлэн зан нь эрс өөрчлөгдөн, архи уух нь ихэссэн. Мөн өмдний тэлээгээр хамаг биеийг минь хөх няц болтол ороолгож үүнээс болоод 3 хоног хамаг бие хөндүүрлэн халуурч хэвтсэн. Удаа дараа миний хавиргыг хугалж хуруу гар, хөл гуя, нүд нүүрийг хөх няц болтол зоддог байсан. Олон шөнийг нойргүй хувцастайгаа зун амбаартаа, өвөл хажуугийн айл найз нөхдөөрөө хонодог байсан. Мэдэх хүмүүс олон бий. Архи уусан үедээ өмдөндөө, ор дэрэндээ шээдэг архи уусан үед нь бөөлжүүлж бие засуулж нойргүй хонодог. Хутга шөвгөө байнга нуудаг. Цэцэн-Уул сумын Хүнгүйн гол гэдэг газарт ажил хийж байхдаа хятад төмөр иштэй шүүрээр зодож ишийг нь хэд хэд хугартал цохисон. Миний 2-3 хавирга хугарч бүх биендээ битүү гэмтэлтэй тархи хөдлөн босож чадахгүй байхад хүнд харуулахгүй хэмээн эзэнгүй гэрт байлгаж байсан. Энэ үед ам руу эм шидэн ус дээрээс асгаж, цацаж доромжилж дээрэлхдэг байсан. Мөн мотоциклоор дайрч ална гээд хөөдөг энэ үед тэнхээ мэдэн гүйж амиа хамгаалсан. Жолооч Цэмбээгийн гэрт өдрөөр гэр бүлийнхэнийхний, хүүгийнхээ нүдэн дээр шээж айлын эхнэр ямар бузар амьтан бэ гэхэд чамаас боллоо гээд тархи толгой нүүр нүдгүй зодсон. Эхнэр нь гэр бузарлалаа, эхнэрийн чинь буруу гэж юу байгаа юм яагаад зүгээр байж байгаа хүн зодоод байгаа юм гээд салгасан. Архи ууж агсан тавих үед нь цагдаа удаа дараа дуудаж эрүүлжүүлдэг, мөн Тосонцэнгэлийн цагдаад бүртгэлтэй. Завхан аймгийн Тосонцэнгэл суманд хувийн хашаа байшин, 6-н ханатай гэр бүтэн тавилгатай байсан. Эрдэнэт рүү дөнгөж очсоных нь дараа хүүтэйгээ гэртээ очмоор байна гэсэн боловч чиний хэрэг энд байхгүй гэсэн. Утсаар ярих гэтэл дугаараа сольсон байсан. Хашаа байшингаа зарсан мөнгөөрөө тэр эмэгтэйтэй наймаа хийгээд байгааг хүмүүс надад хэлсэн. Би нүдээрээ үзэхээс итгэхгүй байсан. 2015 оны 06 дугаар сарын 29-нд хаягийг нь таних хүмүүсээс нь сураглаж хайсаар байгаад очиход гэр маань бариастай бүх тавилга маань байсныг мэдсэн. Нэг охин байж байсан энэ гэрийн хүмүүс хаачсан чи ямар учиртай хүн бэ гэтэл би охин нь харин өөрөө юу юм бэ? Би гэрийн эзэн байна гэрээс гар гээд хөөсөн. Би энэ гэрийн эзэн нь байна гээд гэрлэлтийн баталгаагаа үзүүлсэн. Энэ үед Гантөмөр ирээд тэр охиныг миний охин та нар зайл, хэлдэг газраа хэл гээд хөөсөн. Иймд гэр бүлээ цуцлуулна, хүүхдээ асрамжиндаа авна, бага хүү Эрхэмбаатарт тэтгэлэг гаргуулах, дундын хөрөнгийг үнэлгээчний гаргасан үнэлгээгээр тооцож оногдох хэсгийг гаргуулах, хамтран Хаан банкнаас авсан 7 000 000 төгрөгний зээлийн үлдэгдлийг төлүүлэх, 150 000 төгрөгийн үнэтэй монетон гинжээ авах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа, харин санаатайгаар олны өмнө нэр хүнд унагасныг сэргээлгэх, эрүүл мэндээр хохирсон хохирлыг барагдуулах, хүү Эрхэмбаатарын хадгаламжийн дэвтрийг өөрийн нэр дээр болгох, түрээсийн байрны төлбөр 2 800 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Мөн итгэмжлэлээр төлөөлж оролцох Пүрэвжаргалаас татгалзаж өөрийн биеэр шүүх хуралдаа орно гэв. Хариуцагч Х.Гантөмөр шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулах асуудлыг хүлээн зөвшөөрч байна. Бага хүүгээ өөрийн асрамжинд байлгах хүсэлтэй, энэ талаар шүүхэд тусд нь нэхэмжлэл хүсэлт гаргаж өгөх болно. Хас банкны 140-р салбарт байгаа хадгаламжийн дансыг шилжүүлэх асуудлыг хүүхдийн асрамжийг шүүхээр шийдвэрлэсний дараа шийднэ. Дундын эд хөрөнгө хуваалгах асуудлаар дараахь тайлбарыг гаргаж байна. Буйдхан гэдэг нэртэй зочид буудал, барыг Намсрай гэдэг хүнээс гэрээ хийж түрээслэхээр болж 7 000 000 төгрөгийн зээл авсан. Мөнгийг баранд бараа авахад хэрэглэсэн ба түрээсийн төлбөрийг жилээр өгөхөд хэрэглэсэн. Би нэг ч төгрөг аваагүй харин сар бүр төлдөг төлбөрөөс өөрт оногдох хэсгийг буюу 135 000-136 000 төгрөгийг төлж байсан. Гэр надад байгаа ажлын хөлсөнд авсан юм. Хас банкны лизингээр 43 инчийн телевизор худалдаж авсан болохоос 48 инчийн телевизор манайд байх ч үгүй байгаа ч үгүй. Энэ зээлийг төлж дуусгасан юм. Угаалгын машиныг 2010 онд авсан үнэлгээгээр үнэлээд оногдох хэсгийг өгөхөд татгалзах зүйлгүй. Ханын мебель шкафыг манай эцэг эх гэр бүл болоход өгч байсан. Манайд одоо ч байгаа ба үнэлж мэдэхгүй байна. Манайд 2 ширхэг ширээ байсаныг би ч мэдэхгүй юм, нэхээд байгаа буйдан ч байхгүй, харин 2 ширхэг кресло анх 1985 онд миний эцэг эх авч хэрэглэж байгаад манайд өгсөн. Мебель ор, 2 кресло эвдрээд элэгдэж муудахаар нь хаясан. Миний хийсэн хуш модон ор байгаа авна гэвэл өгөхөд татгалзах зүйлгүй. Тогооны сав, телевизорын суурь, гал тогооны хэрэгсэл, будаа агшаагч, тоос сорогч зэргийн үнэлгээг хийлгээд оногдох хэсгийг эсвэл биетээр өгөхөд татгалзахгүй. Харин 80 000 төгрөгийн үнэтэй гал тогооны сав, халуун тогоо, пад трактор, харуул хөрөө, мужааны цахилгаан багаж, 180 000 төгрөгийн үнэтэй шкаф, газар индүүддэг машин, 500 000 төгрөгийн банз байгаагүй. Эдгээр зүйлийг төлөхөөс татгалзаж байна гэсэн тайлбар ирүүлсэн ба шүүх хуралдаанд гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүгээ ээжийнх нь асрамжинд үлдээнэ, тэтгэлэг төлнө, зээлийг 2 хувааж хариуцна, эд зүйлийн үнэлгээнээс оногдох хэсгийг өгнө харин монетон гинжийг хариуцахгүй гэв. Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Т.Даваажаргал нь хариуцагч Х.Гантөмөрт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүү Г.Эрхэмбаатарыг өөрийн асрамжиндаа үлдээж, тэтгэлэг гаргуулах, хаан банкны зээлийн үлдэгдлийг төлүүлэх, дундын эд хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулах, 150 000 төгрөгийн үнэтэй монетан гинжийг гаргуулан авах тухай 13 шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаснаас санаатайгаар олны өмнө нэр хүнд унагасныг сэргээлгэх, эрүүл мэндээр хохирсон хохирлыг барагдуулах, хүү Эрхэмбаатарын хадгаламжийн дэвтрийг өөрийн нэр дээр болгох, түрээсийн байрны төлбөр 2 800 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн зөвшөөрч мэтгэлцэж байна. Шүүх нэхэмжлэгчийн санаатайгаар олны өмнө нэр хүнд унагасныг сэргээлгэх, эрүүл мэндээр хохирсон хохирлыг барагдуулах, хүү Эрхэмбаатарын хадгаламжийн дэвтрийг өөрийн нэр дээр болгох, түрээсийн байрны төлбөр 2 800 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэсэгчилэн хангаж шийдвэрлэв. Нэг. Гэр бүл цуцлах, хүүхдийн асрамжийн талаар: Зохигчид арван жилийн нэг ангийн хүүхдүүд төдийгүй 8 дугаар ангиасаа эхлэн үерхэн дотносож, 1997 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гэр бүл болон гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн болох нь ПА№ 13 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээгээр, болон зохигчдын тайлбараар тус тус нотлогдож байна. Зохигчид гэр бүл болсноос хойш хоорондын үл ойлголцлын улмаас байнгийн хэрүүл маргаантай байх болсон төдийгүй, 2 жил гаран тусдаа амьдарч байгаа, гэрлэгчдийн хэн аль гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв. Гэрлэгчдийн дундаас 1997 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүү Г.Эрхэмбаяр, 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүү Г.Эрхэмбаатар нар төрсөн бөгөөд одоо эрүүл энх, өсөж торниж байгаа болох нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Л.Цэндийн нэрэмжит үндэсний лаборатори сургуулийн тодорхойлолт, Г№92 дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар, зохигчдын тайлбараар тус тус нотлогдож байна. Зохигчид хүү Г.Эрхэмбаатарын асрамжийн асуудлаар маргаагүй бөгөөд хүүхдийн асрамжийг шийдвэрлэхэд талуудын шүүхэд гаргасан хүсэлт, хүүхдийн санал зэрэг нөхцөл байдлыг харгалзан хүү Г.Эрхэмбаатарыг эх Т.Даваажаргалын асрамжинд үлдээхээр шийдвэрлэлээ. 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүү Г.Эрхэмбаатарыг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу эцэг Х.Гантөмөрөөс сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг зохигчид анхаарвал зохино. Хоёр: Эд хөрөнгийн маргааны талаар: Нэхэмжлэгч гэр бүл болсноос хойш үүссэн дундын эд хөрөнгө болох хашаа байшин, 6-н ханатай гэр, угаалгын машин, телевизор, ханын мебель шкаф, ширээ, буйдан, мебель ор, хуш модон ор, тогооны сав, телевизорын суурь, гал тогооны хэрэгсэл, будаа агшаагч, индүү, жимс бутлагч, тоос сорогч, халуун тогоо, ус буцалгагч, хивс, пад трактор, мотоцикль, хөрөө харуул, мужааны цахилгаан багаж, хүүхдийн дугуй, газар индүүддэг машин, хулдаас, банз гэсэн эд зүйлсийг 29 460 000 төгрөгөөр үнэлэн оногдох хэсгээ гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд хөндлөнгийн шинжээчээр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрч, шинжээчийн тогтоосон үнээс оногдох хэсгээ гаргуулна гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгчийн саналтай хариуцагч ижил саналтай байгаа талаар шүүх хуралдаанд тайлбарласан ба зохигчид шинжээчийн эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрч үнийн дүнгийн талаар маргаагүй болно. Нэхэмжлэгч Т.Даваажаргал 150 000 төгрөгийн үнэ бүхий монетон гинжээ хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч энэ талаар нотлох үүргээ биелүүлээгүй, хариуцагчийн хариу тайлбарыг няцаагаагүй, хариуцагчийн өмгөөлөгч 6-н ханатай гэр хариуцагчийн хуваарьт хөрөнгө гэсэн тайлбараа нотлоогүй тул хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн дундын өмч мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүдийг оролцуулан нийт гишүүдэд адил байна гэсэн заалтыг үндэслэн Найдвар-Од аудит ХХК-н шинжээчийн дүгнэлтийн үнэлгээг баримтлан гэр бүлийн гишүүдэд адил хувиарлан, гэр бүлийн нэг гишүүнд оногдох хувийг 2 640 000 төгрөгөөр тооцож Х.Гантөмөрөөс 5 280 000 төгрөг гаргуулан Т.Даваажаргал, Г.Эрхэмбаатар нарт олгохоор шийдвэрлэв. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүнийг, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т гэр бүлийн гишүүн гэдэгт гэрлэгчид, тэдгээрийн төрсөн, дагавар, үрчилсэн хүүхдүүдийг ойлгохоор заасан байдаг тул 1997 онд төрсөн хүү Г.Эрхэмбаяр нь гэр бүлийн гишүүдийн дундын өмчөөс өөрт оногдох хувиа гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх нь нээлттэй байна. Зохигчид хамтран амьдарч байх хугацаанд Буйдхан зочид буудал, барыг түрээслэн аж ахуй эрхлэх зорилгоор Хаан банкнаас авсан 7 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 2 283 254 төгрөгийг нэхэмжлэгч Т.Даваажаргал нь хариуцагч Х.Гантөмөрөөр төлүүлнэ гэж байх боловч уг зээлийг хариуцагч Х.Гантөмөр нь зөвхөн өөрийн хэрэгцээнд аваагүй гэж тайлбарлаж байна. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваахдаа тэдгээрт ногдох хөрөнгийн хэмжээгээр өрийг мөн хуваах нь зүйд нийцнэ. Өөрөөр хэлбэл Хаан банкнаас авсан зээл нь хариуцагч Х.Гантөмөрийн өрийг төлөх зорилгоор болон бусдад учруулсан хохирол төлөхөд, амин хувийн хэрэгцээг хангахад зориулагдсан болох нь тогтоогдохгүй байх тул зохигчид тэнцүү хэмжээгээр хариуцан төлөх үүрэгтэй байна. Хариуцагчийн зээлийн үлдэгдэл төлбөрийг бид 2 хариуцан төлнө, хүүхдүүдэд хамааралгүй гэсэн тайлбарыг үндэслэн нэг хүнд ногдох хэмжээг 1 141 627 төгрөг /2 283 245 / 2/ гэж тогтоов. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 375 450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Гантөмөрөөс тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр тэтгэмжээс нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцож 169 000 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулах, 117 696 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Даваажаргалд олгохоор шийдвэрлэв. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: - Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Якут овогт Тогтохбаярын Даваажаргал, Тайж овогт Халтарын Гантөмөр нарын гэрлэлтийг цуцалсугай.
- Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүү Г.Эрхэмбаатарыг эх Т.Даваажаргалын асрамжинд үлдээсүгэй.
- Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Г.Эрхэмбаатарыг 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Х.Гантөмөрөөр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
- Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулан ч эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчидод даалгасугай.
- Нэхэмжлэгч Т.Даваажаргал нь санаатайгаар олны өмнө нэр хүнд унагасныг сэргээлгэх, эрүүл мэндээр хохирсон хохирлыг барагдуулах, хүү Эрхэмбаатарын хадгаламжийн дэвтрийг өөрийн нэр дээр болгох, түрээсийн байрны төлбөр 2 800 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.
- Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.3, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 6 ханатай гэр, хөлдөөгч, угаалгын машин, 43 инчийн телевизор, телевизорын суурь, ханын мебель шкаф, ширээ, буйдан, мебель ор, хуш модон ор, гал тогооны хэрэгсэл, будаа агшаагч, индүү, жимс бутлагч, тоос сорогч, халуун тогоо, ус буцалгагч, пад трактор, мотоцикль, хөрөө харуул, газар индүүддэг машин, 5-ын банз, мужааны багаж зэрэг эд хөрөнгийг хариуцагч Х.Гантөмөрийн эзэмшилд үлдээж, хариуцагчаас 5 280 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Даваажаргалд олгож, 150 000 төгрөгийн үнэ бүхий монетон гинж гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хаан банкны зээлийн үлдэгдэл 1 141 627 төгрөгийг хариуцан төлөхийг Х.Гантөмөрт үүрэг болгосугай.
- Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Орхон аймгийн Оюуны өмч, Улсын бүртгэлийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Ө.Энхбаатарт даалгасугай.
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 546 дугаартай шүүгчийн захирамжийн нэг дэх заалтыг хэвээр үлдээсүгэй.
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 375 450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Гантөмөрөөс 169 000 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж, 117 696 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Даваажаргалд олгосугай.
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ | | |