Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 823

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

улсын яллагч Т.Отгонтөгс /томилолтоор/,

шүүгдэгч Л.Э , Н.Э   тэдгээрийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбатаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 хэсгийг хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Э , Н.Э   нарт холбогдох эрүүгийн 1908 02087 0000 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар  сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1970 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үйлдвэрийн тоног, төхөөрөмжийн угсаралт, засварчин мэргэжилтэй, малчин ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо Бор Өндөр 00 тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

С  овогт Л  Э /РД:000000000/

2. Монгол Улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн o дүгээр хороо Хүүшийн ам 00 тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

Х  овогт Н-ийн Э /РД:0000000000/

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Л.Э , Н.Э   нар нь 2019 оны 4 дүгээр сарын 06-наас 07-ны өдрүүдийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 0  дүгээр хороо Нарийн хэсэг Хавчуу гэх газарт бусдын итгэмжлэн хариуцуулсан малаас 4 тооны ямааг завшиж, иргэн Д.Б-т 340.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хохирогч Д.Б-ын цагдаагийн байгууллагад ирүүлсэн гомдол, мэдээлэл /хх2-3/, хохирогч Д.Б-ын мэдүүлэг /хх11-12, 79-80/, гэрч Ч.О-ын мэдүүлэг /хх18-20/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх30-32/, Л.Э гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх45-46, 91-92/, Н.Э-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх53-54, 97-98/ болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой /хх55-56,59-64/ холбогдох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч Л.Э , Н.Э   нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Д.Б-ын “...2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр малаа тоолж үзэхэд 4 ямаа дутсан. Манай саахалт айл Э-ийн хонь бэлчээрт байхад нь 3 хар зүсний 1 улаан зүстэй нийт 4 тооны ямааг олж харсан... малаа тоолоход Э хамт байсан боловч ямаа дутсан талаар мэдээд надад ямар нэгэн юм яриагүй... 2019 оны 4 дүгээр сарын 06-наас 07-ны өдрүүдэд Э манай малыг харж байсан. Албан ёсоор тоолж хүлээлгэн өгөөгүй байсан. ...өөрийн сүргээс авахыг зөвшөөрсөн зүйл байхгүй... ” гэх мэдүүлэг /хх11-12, 79-80/,

2. Гэрч Ч.О-ын “...2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр мал тоолох үед 4 ямаа дутчихлаа гэж Б  ах ярьж байсан... Т  гэх айлын мал дээр очтол манайхны 1 улаан, 3 хар зүсний ноолуурыг самнаагүй борлон насны 4 тооны ямаа байж байсан...ямаануудын эвэрний дотор хэсэгт бүдэг ногоон өнгийн будагтай, зүүн чихэндээ цэнхэр өнгийн дугаартай, авах боломжгүй ээмэгтэй ямаанууд байсан чинь ээмэгтэй байсан чихний ээмгийг оруулаад чихний тал хүртэл нь чихийг нь хайчилсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх18-20/,

3. “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 338 дугаартай 4-н тооны ямааг 340.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх30-32/,

4. Л.Э гийн яллагдагчаар өгсөн “...2019 оны 4 дүгээр сарын эхээр манай хонь, ямаа саахалт айлын Э-ын хонь, ямаатай нийлээд Э бид хоёр ялгасан. Манай хонь холдоод яваад өгөхөөр нь малаа аваад явсан. Тэгсэн сүрэгт 1 улаан, 3 хар борлон ямаа үлдсэнийг мэдээгүй. Э бид хоёр маргааш нь мэдээд хүний мал учир мэдэхгүй байх гэж бодоод тэнцүү хувааж авахаар болсон. Тэгсэн Э өөрийн авах ямааг надад хямд зармаар байна гээд Э  25,000 төгрөгийн бензин, 30.000 төгрөг бэлнээр өгч, үлдсэн мөнгийг нь мөнгөтэй болоод өгье гэж хэлсэн. Худалдаж авсан хоёр ямаа болон, надад үлдсэн хоёр ямаагаа өөр, өөр эмтэй байхаар нь өөрийн малтай адилхан болгох гээд чихийг нь тайрсан. Тэгээд Б  гэх хүн манай маланд ирчээд ямаагаа таниад манай мал байна гэхээр нь би өгч явуулсан. Тухайн үед Б-ын ямааг Э харж байсан. Манай хоёр гэрийн мал нийлэх үед манай сүрэгт 4 ямаа үлдсэн байсныг Э надад мэдэхгүй байх гэж хэлээд хувааж авахаар тохирсон...” гэсэн мэдүүлэг /хх45-46, 91-92/,

5. Н.Э-ын яллагдагчаар өгсөн “...Би Б  гэх хүний үхрийг 2018 оноос эхлэн малласан. Б  2019 оны 4 сарын эхээр хонь, ямаа нийлсэн бог мал хүлээлгэн өгсөн. Тэгээд нэг өдөр миний маллаж байсан хонь, ямаа саахалт айлын Э-ийн хонь ямаатай нийлсэн. Тэгсэн Э-ийн сүрэгт Б-ын 1 улаан, 3 хар ямаа үлдсэнийг мэдээд Э-ийн сүрэгт байж байг, Б  ямаагаа танивал тэр биз, танихгүй бол хувааж авахаар тохирсон. Тэгээд надад мөнгөний хэрэг гараад Э ахынд үлдээсэн 2 ямааг зарахаар болоод 25.000 төгрөгийн бинзен, 30,000 төгрөгийг бэлнээр авсан. Тэгээд дараа нь Б  гэдэг хүн өөрийн ямааг харчихаад таниад Э ахаас авсан. Тухайн үед Б-ын малыг би харж байсан...” гэх мэдүүлэг /хх53-54, 97-98/,

Шүүгдэгч нар шүүх хуралдаанд “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...” гэцгээв.

Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч Л.Э , Н.Э   нар.

Шүүгдэгч Л.Э , Н.Э   нарын өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарын зүгээс гэм буруугийн талаар маргаагүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгт, тайлбар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Н.Э  хохирогч Д.Б  нь өөрийн хонио хэд хоног хариулуулахаар үлдээсэн, тухайн үед саахалт айл болох Л.Э гийн малтай хонио нийлүүлсэн болох нь тогтоогдсон.

Улмаар хонио ялгасны дараа Л.Э , Н.Э   нар нь хохирогч Д.Б-ын малаас 4 тооны ямаа нь шүүгдэгч Л.Э гийн сүрэгт үлдсэн талаар мэдсэн хэрнээ завшсан байна.

Тодруулбал: хохирогч Д.Б-ын “...Манай саахалт айл Э-ийн хонь бэлчээрт байхад нь 3 хар зүсний 1 улаан зүстэй нийт 4 тооны ямааг олж харсан... малаа тоолоход Э хамт байсан боловч ямаа дутсан талаар мэдээд надад ямар нэгэн юм яриагүй...” гэх мэдүүлэг, гэрч Ч.О-ын “...ямаануудын эвэрний дотор хэсэгт бүдэг ногоон өнгийн будагтай, зүүн чихэндээ цэнхэр өнгийн дугаартай, авах боломжгүй ээмэгтэй ямаанууд байсан чинь ээмэгтэй байсан чихний ээмгийг оруулаад чихний тал хүртэл нь чихийг нь хайчилсан байсан...” гэх мэдүүлэг болон шүүгдэгч Н.Э , Л.Э  нар нь тохиролцож, 4 ямааны им, тэмдэгийг өөрчлөн эзэнд нь буцааж өгөхгүйгээр өөрсдийн эзэмшилд шилжүүлж завшсан болох тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч нарын үйлдлийн улмаас хохирогч Д.Б-т 340.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 338 дугаартай дөрвөн тооны ямааг үнэлсэн үнэлгээний тайлангаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Э , Л.Э  нарын үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэйгээр үйлдэгдсэн буюу хохирогч Д.Б-ын харуулж үлдээсэн сүргээс 4 ширхэг ямааг хууль бусаар, өөрийн мэдэлд шилжүүлэн авсан гэм буруутай байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, 4 ямааг авснаар гэмт хэргийн бүрдэл төгссөн байх тул шүүгдэгч нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, тус зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч Д.Б-т 4 ямааг буцаан өгсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Н.Э , Л.Э  нарын хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Н.Э , Л.Э  нарыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Э , Л.Э  нарт тус тус 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын хуралдаанд шүүгдэгч нар нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, малчинаар ажилладаг хүмүүс учир нийтэд тустай ажил хийлгэхгүйгээр хорих ял оногдуулалгүй тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү гэв.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Э , Л.Э  нар нь хохирогчид 4 ямааг буцаан өгсөн, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” гэсэн нөхцөлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Н.Э , Л.Э  нар нь хувиараа малчин ажилтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэмт хэргийн улмаас учирсан нийгмийн хор уршиг бага, хохирлыг нөхөн төлсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,

мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг шүүгдэгч нарт хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л  Э , Н-ийн Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг бүлэглэн завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э , Н.Э   нарт хорих ял оногдуулахгүйгээр тус тус 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг шүүгдэгч нарт хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэдгээр нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР