Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 142/ШШ2016/01157

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-23-70 тоотод оршин суух Боржигон овгийн Аюушийн Лхам /МЗ68010364/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут баг 2-27-42 тоотод оршин суух, Адуучин овгийн Содномдаржаагийн Анхзаяа /ИН73033106/-д холбогдох

“Зээлийн гэрээний үүрэг 23 775 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Лхам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Бадамханд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Лхам шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа: Нэхэмжлэгч А.Лхам хариуцагч С.Анхзаяад 2015 оны 12 сарын 22-нд 15 000 000 төгрөгийг сарын 8%-ын хүүтэйгээр 2016 оны 06 сарын 22-ны өдрийг хүртэл зээлүүлсэн болно. Зээлийнхээ барьцаанд 2-27-42 тоот 1 өрөө байраа тавьсан. Энэ хугацаандаа хоёр сарын хүү өгсөн. Үүнээс хойш хоёр удаа очиж уулзсан боловч мөнгийн маань өгдөггүй ээ. Иймээс С.Анхзаяагаас 4 сарын хүү 4 800 000 төгрөг 53 хоногийн алданги 3 975 000 төгрөг үндсэн зээл 15 000 000 төгрөг нийт 23 775 000 төгрөг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгч А.Лхам миний бие Анхзаяагаас 21 000 000 төгрөгийг бэлнээр 2016 оны 09 дүгээр сарын 10 гэхэд өгөх юм бол нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж болно. Би байр зарагдахыг хүлээж чадахгүй. Хэрэв бэлнээр 21 000 000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 10 гэхэд өгөхгүй бол энэхүү нэхэмжилж байгаа мөнгөө шүүх хурал болгож шийдүүлнэ. Хүү гэж 2 400 000 төгрөг надад өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагаа 23,0 сая төгрөг болгож байна...  гэжээ

Хариуцагч С.Анхзаяа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Анхзаяа миний би нэхэмжлэлийн шаардлага болох 23 775 000 төгрөгийн 20 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Би байраа зарахаар байнга зар явуулж байгаа тул байр зарагдсан цагт нь  маш хурдан өгнө. Би энэ мөнгийг өгөхгүй гэж хэлээгүй. Бололцоо гармагц төлнө. Мөнгө төлөх цаад хугацаа 2 сар болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүх хуралдаан дээр тайлбарлахдаа: Манай охин Ариунзаяа нь Анхзаяагийнхаа байрыг барьцаанд тавиад А.Лхамаас 15,0 сая төгрөг зээл авсан. Авсан нь үнэн. Одоо 20,0 сая төгрөгийг төлөе, байраа зарах гээд зөндөө хичээсэн, зарагдахгүй байна. Байраа зарчих л юм бол өгнө... гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Лхам нь С.Анхзаяагаас “Зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл 15 000 000 төгрөг, хүү 4 800 000, алданги 3 975 000 төгрөг, нийт 23 775 000 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд, шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийнхээ шаардлагыг бууруулж 23,0 сая төгрөг болгосон.   

            Хариуцагч нэхэмжлэлээс 20,0 сая төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Шүүх нэхэмжлэлийн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч С.Анхзаяа нь А.Лхамаас 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 15 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх, мөн зээлийн барьцаанд Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут багийн 2-27-42 тоот 1 өрөө орон сууцыг барьцаалж  гэрээ байгуулсан байх ба талууд энэ талаар болон зээлийн болон барьцааны гэрээнүүдийн  хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Тэдний хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба А.Лхам нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хэргийн 4-6 дугаар хуудас зээлийн гэрээ, барьцааны гэрээнүүдийг үндэслэж байх ба, хариуцагч нэхэмжлэлээс татгалзаж буй үндэслэлээ төлөх боломжгүй гэж тайлбарласан.

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.1-д” зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж заажээ.

            Хариуцагч нэхэмжлэлээс татгалзаж буй татгалзлаа баримтаар нотлоогүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах” үүрэгтэй гэсэн үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.  

            Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 277 000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 272 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч С.Анхзаяагаас 23 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Лхамд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 277 000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 272 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХИШИГДАВАА