Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 826

 

   Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

улсын яллагч Т.Болор-Эрдэнэ,

шүүгдэгч Д.А  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Болор-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.А  -т холбогдох эрүүгийн 1908 02806 0000 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 9, эхнэр, 7 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Баянхошууны 00 дугаар гудамжны 00 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,  А  овогт Д-ийн А /РД:0000000/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Д.А  нь согтууруулах ундаан зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Улаанчулуутын хогийн цэгийн орчим гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Д.М-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч Д.М мэдүүлэг /хх24/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 6107 дугаартай дүгнэлт /хх17/, Д.А  ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх30-31/, аюулын зэргийн үнэлгээ /хх46-47/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх48-56/, шүүгдэгч Д.А  ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх35/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх38/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх40-45/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх61/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч Д.А  ийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Д.М “...2019 оны 5 дугаар сарын 14-ний орой нөхөр гэртээ согтуу ороод ирэхээр нь би архи уулаа гээд загнаж байхдаа муу пизда чинь гээд хэлтэл нөхөр чи намайг пизда гэж хэллээ гэж уурлаад галын хажууд байсан модон түлээ хийдэг төмөр нимгэн дөрвөлж над руу авч шидээд миний толгойг хагалчихсан. Түргэн дуудаж үзүүлсэн чинь хоёр оёдол тавиад явсан. Бид хоёр гэрлэлтийн баталгаатай, дундаасаа 3-17 насны 7-н хүүхэдтэй...надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг,  /хх24/,

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 0000 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Д.М биед зүүн чамархайд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэжээ. /хх17/,

3. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээгээр “гэр бүлийн харилцаа хэвийн, үл ойлголцоноос болж анх удаа эхнэр Д.М биед халдсан” гэж тодорхойлжээ.  /хх48-56/,

4. Шүүгдэгч Д.А  ийн яллагдагчаар өгсөн “...ажил хийж байгаад би тэнд ажилладаг хүмүүст уруу татагдаж хамт архи уучихсан чинь эхнэр надад гомдож уурлаад намайг маргааш орой нь уурандаа пизда гэж хэлчихээр нь би нөхрийгөө тэгж хэллээ гэж хэлээд нимгэн төмрөөр хийсэн галын дөрвөлж аваад шидчихсэн чинь толгойг нь оноод хагалчихсан...” гэх мэдүүлэг,

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Д.А  :

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас дүгнэн үзэхэд хохирогч Д.М , шүүгдэгч Д.А  нар нь 1999 оноос хойш хамтран амьдарсан, гэр бүлийн хамаарал бүхий эхнэр, нөхөрийн харилцаатай, дундаасаа 7 хүүхэдтэй, 2009 онд гэрлэлтээ бүртгүүлж байсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.А  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороонд байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Д.М  руу галын дөрвөлж авч шидэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдлийн улмаас хохирогч Д.М эрүүл мэндэд “...зүүн чамархайд шарх гэмтэл...” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 0000 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад зааснаар эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд нь энэ хуулийн үйлчлэлд хамаарна гээд 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор заажээ.

Шүүгдэгч Д.А  нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол учрах боломжтойг мэдэж, түүнийг хүсч үйлдсэн байх тул гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Иймд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.М  нь нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д.А  ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Д.А  -т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх  нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д.А  ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “...гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн...” гэсэн нөхцөлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд  тооцож, харин  шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Шүүгдэгч Д.А  ийг хувиараа ажил хөдөлмөр эрхэлж байгаа, цалин орлоготой, хохирогчтой эвлэрсэн, хохирогч гомдол, саналгүй, 3-17 насны 7-н хүүхэдтэй зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д-ийн А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А  -т 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР