| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0797/Э |
| Дугаар | 836 |
| Огноо | 2019-09-06 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Э.Ундраххэрлэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 836
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
улсын яллагч Э.Ундраххэрлэн /томилолтоор/,
насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.У ,
шүүгдэгч Ж.Э , түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэбат /ШТЭД-2845/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Оюун-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Ж.Э т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903 00447 0000 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, эрэгтэй, 31 настай, дээд боловсролтой, биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй, Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолборын 0 дүгээр бага сургуульд биеийн тамирын багш ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Хамба 0 дугаар гудамж 00 тоотод оршин суух хаягтай, урьд:
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар тэнссэн,
М овгийн Ж-ын Э /РД:0000000/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Ж.Э нь 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 18 цагийн үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин согтууруулах ундааны зүйл хэрэглэн 1.41 хувийг согтолттой үедээ Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэр 0 дүгээр хорооллын 0 дугаар байрны голын замд Тоёота Марк-2 маркийн 000 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодон явахдаа мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч /10 настай/ С.Б-ыг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх3-6, 8-11/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх12/, насанд хүрээгүй хохирогч С.Б-ынмэдүүлэг /хх21/, насанд хүрээгүй гэрч Т.С-ын мэдүүлэг /хх42/, гэрч Х.З-ын мэдүүлэг /хх43/, хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №000 дугаартай дүгнэлт, тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 000 дугаартай дүгнэлт /8хх91-92/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон хохирол төлсөн баримтуудыг шинжлэн судлав.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Нэг. Шүүгдэгч Ж.Э ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх3-6, 8-11/,
2. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл: жолооч Ж-ын Э ыг драйгер багаж ашиглан шалгахад 1,41 хувийн тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглэсэн болохыг тогтоов /хх12/,
3. Насанд хүрээгүй хохирогч С.Б-ын“...би сургуулиасаа тараад 00 дугаар байрны голоор гараад явж байсан. Байрны голд гарц байдаггүй учраас машин хараад гарч явж байсан. Тэгсэн цэнхэр өнгийн машин ирээд мөргөсөн. ...манай ангийн найз Т.С хамт явж байсан. Хорооллын доторхи тэмдэг байдаг болохоор би зам хөндлөн гарсан. Намайг гарч байхад машин байхгүй байсан” гэх мэдүүлэг /хх21/
4. Насанд хүрээгүй гэрч Т.С-ын “Бид 2 сургуулиас гараад гэр рүүгээ явж байсан. Б бид хоёр замаар гарсан. Тэгээд дэлгүүрийн хажуугаар эргээд бас чигээрээ яваад Б түрүүлээд зогсчихсон байсан машины урдуур гүйгээд гарсан. Нэг харсан чинь машинд мөргүүлчихсэн байсан” гэх мэдүүлэг /хх 42/
5. Гэрч Х.З-ын “...би ажлын газрын 2 хүнтэй 00 дугаар байрны голоор явж байтал хүүхэд мөргөж байхыг хараад утсаар дуудлага өгсөн. Тэр машин мөргөөд урагшлаад зогссон байсан”, “...осол болж байх үеийг би хараагүй...” гэх мэдүүлэг /хх43/
6. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000 дугаартай шинжээчийн “С.Б-ынбиед зүүн шилбэнд үхжил үүсгэсэн, эдийн дутагдал бүхий шарх, баруун хөмсөг, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун хацар, дээд уруул, баруун гуя, баруун, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт /хх53/
7. Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 00 дугаартай “Жолооч Ж.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэх дүгнэлт /хх91-92/
Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Ж.Э :
Шүүгдэгч Ж.Э түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаагүй, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх байр суурьтай оролцсонг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ж.Э нь 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 18 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэн 1.41 хувийг согтолттой үедээ Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэр 0 дүгээр хорооллын 00 дугаар байрны голын замд “Тоёота Марк-2” маркийн 00 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодон явахдаа насанд хүрээгүй явган зорчигч /10 настай/ С.Б-ыг мөргөсөн нь насанд хүрээгүй хохирогч С.Б-ынмэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Т.С-ын мэдүүлэг болон Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг, хэмжилтийн бүдүүвч зураг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч Ж.Э нь тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлээр 1.41 хувийн согтолттой байсан болохыг тогтоосон, мөн шүүгдэгч согтууруулах ундаа хэрэглэсэн байснаа шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрсөн болно.
Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 000 дугаартай дүгнэлтээр “Жолооч Ж.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэсэн нь хэргийн нөхцөл байдалтай тохирч байх тул дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Дээр дурдсанаар шүүгдэгч Ж.Э согтууруулах ундааны зүйл уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөний холбогдох заалтыг зөрчин насанд хүрээгүй явган зорчигч С.Б-ыг мөргөсний улмаас хохирогчийн эрүүл мэндэд “...биед зүүн шилбэнд үхжил үүсгэсэн, эдийн дутагдал бүхий шарх, баруун хөмсөг, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун хацар, дээд уруул, баруун гуя, баруун, зүүн шилбэнд зулгаралт...” бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 0000 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын бүрэлдэхүүний шинж нь жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байх, мөн тухайн буруутай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг бөгөөд жолооч Ж.Э нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байх тул хүндрүүлэх зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ж.Э ыг согтуурсан үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас насанд хүрээгүй /10 настай/ хохирогч С.Б-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс эмчилгээний зардалд нийтдээ 1.994.660 төгрөг, хүүхдээ нэг сарын харсан ажилгүй байсан хугацааны цалинд 635.000 төгрөг баримтаар нэхэмжилсэн болно.
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ж.Э нь 342.600 төгрөгний үнэ бүхий эм, тариа, 500,000 төгрөгийг хохиролд бэлнээр төлсөн байна.
Шүүгдэгчийн зүгээс энэхүү нэхэмжилсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрч нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.
Иймд шүүгдэгч Ж.Э аас 1.787.060 төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.У д олгуулахаар шийдвэрлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх зорилтод нийцүүлэн насанд хүрээгүй хохирогч С.Б-ынхууль ёсны төлөөлөгч Г.У нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой цаашид гарах зардлыг иргэний хэргийн шүүхэд хандан нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Э т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах дүгнэлтийг гаргасан болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтэндээ шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүйгээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, хохирогчид эрүүл мэндтэй холбоотой цаашид гарах зардлыг төлөхөө мөн төлөхөө илэрхийлж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсүүлэх санал гаргасан.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ж.Э нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэсэн нөхцөлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, харин шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.
Иймд шүүгдэгчийн болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлж байгаа, мөн үлдэгдэл хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа болон түүний хувийн байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн шүүгдэгчийг нийгмээс тусгаарлахгүйгээр хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хуульд заасан үүрэг хүлээлгэн шийдвэрлэх нь зөв байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Тэнсэж шийдвэрлэж байгаатай холбоотойгоор шүүгдэгч Ж.Э т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар гэмт хэргийн хор уршигийг арилгах буюу хохиролд 1.787.060 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг 1 сарын хугацаанд төлөх үүрэг хүлээлгэх, мөн “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэг” үүрэг тус тус хүлээлгэхээр шийдвэрлэлээ.
Шүүх шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдаж, түүний В, С ангиллын 0000 дугаартай жолоодох эрхийн үнэмлэхийг эрх бүхий байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж-ын Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар согтуурсан үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж.Э ын тээврийн хэрэгсэлийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Ж.Э аас 1.787.060 төгрөг /нэг сая, долоон зуун наян долоон мянга, жаран/ төгрөгийг гаргуулан насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.У д олгуулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ж.Э т гэмт хэргийн хор уршигийг арилгах буюу 1.787.060 төгрөгийг 1 /нэг/ сарын хугацаанд төлөх үүрэг, мөн “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг тус тус хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.
7. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.У нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хор уршигтай холбоотой цаашид гарах зардлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэл гаргах эрх нээлттэй болохыг дурдсугай.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний 00000 дугаартай жолоодох эрхийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэсэн болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР