| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0824/Э |
| Дугаар | 839 |
| Огноо | 2019-08-29 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Болор-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 839
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч Т.Болор-Эрдэнэ,
шүүгдэгч С.Ё нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Болор-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ё холбогдох эрүүгийн 1908 02638 0000 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овооны 00 дүгээр гудамжны 00 тоотод оршин суух хаягтай, одоо Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Бага нарангийн 00 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Д овогтой С Ё /РД:000000000/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч С овогтой Ё нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Баганарангийн 00 дүгээр гудамжны 00 тоот хашааны гадаа гудамжинд хамтран амьдрагч А.Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч А.Б мэдүүлэг /хх50/, гэрч З.О-ийн мэдүүлэг /хх43/, шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 0000 дугаартай шинжээч эмч Ч.Эрдэмболорын дүгнэлт /хх22/, С.Ё ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх56-57/, С.Ё ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх64/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх32-33/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх81/, депозит дансны хуулга зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Нэг. Шүүгдэгч С.Ё ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл “...нөхөр зодоод байна...” талаарх хүлээн авсан тэмдэглэл /хх5/,
2. Хохирогч А.Б “...2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хамтран амьдрагч болох Ё ын цалин бууж надад 90.000 төгрөг өгсөн. Тэр өдөр нөхөр архи уучихаад нэмж уух гээд 5000 төгрөг өгчих гэхээр нь би өгөхгүй гээд бид хоёр маргалдаж эхлэх үед би гэрээс гараад гудамжинд явж байтал араас гүйж ирээд духаараа намайг мөргөөд хамар хугалчихсан. Урьд өмнө намайг цохиж зодож байгаагүй...” гэх мэдүүлэг /хх50/,
3. Гэрч З.О-ийн “...2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Баганарангийн 00 тоотод байрлах Цагаан суварга нэртэй хүнсний дэлгүүртээ худалдагчийнхаа ажлыг хийгээд байж байтал манай өөдөөс харсан хашаанд түр оршин сууж байсан Ё гэдэг залуу өөрийн эхнэртэйгээ хашааныхаа гадаа хэрэлдэж, гар далайгаад, эхнэрээ цохих гээд байхаар нь би гараад очтол дахиж эхнэр рүүгээ гар далайгаад цохих гэж энд тэндээс нь зуураад байсан. Би хүүхэд айчихлаа болиоч гээд болиулсан. Ё эхнэрийнхээ хамт хашаа руугаа орсон...” гэх мэдүүлэг /хх43/,
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 0000 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...А.Б биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөр алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэжээ /хх22/,
5. С.Ё ын яллагдагчаар өгсөн “...2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр найз С барилгын ажлаа хийж дуусаад бид хоёр цалингаа авч манайд очих замдаа бид хоёр гудамжинд 1-2 шил архи хувааж уучихаад Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Баганарангийн 00 тоотод байрлах түр оршин суух хаяг дээрээ иртэл эхнэр Бадам бага хүүгийн хамт гэртээ байж байсан. Бид хоёр гэртээ ирэх замдаа дэлгүүрээс архи ундаа эхнэрүүдэд пиво авч ирсэн. С замдаа өөрийн эхнэрээ дуудчихсан байсан. Ингээд бид дөрөв манайд архи ууж хоол унд идэж байхдаа би үлдсэн цалингаа эхнэртээ өгчихсөн юм. Архи дуусах үед би эхнэрээс дахиад нэг шил архи авчих гэтэл эхнэр дургүйцээд уурлаад гараад явчихаар нь би араас нь очиж хэрэлдэж байгаад духаараа хамарт нь нэг удаа мөргөчихсөн чинь эхнэр уурлаад бага хүүгээ аваад аав ээжийндээ очихоор явсан. Тэр өдөр би эхнэртэйгээ хэрүүл маргаан зодоон цохион хийгээгүй. Дээрхи гэмтлийг би духаараа нэг удаа хамарт нь цохиж байхдаа учруулсан гэмтэл байна. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх56-57/,
Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч С.Ё :
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас дүгнэн үзэхэд хохирогч А.Б , шүүгдэгч С.Ё нар нь 2012 оноос хойш хамтран амьдарсан, дундаасаа 2 хүүхэдтэй, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх73/ зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Ё нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Баганарангийн 00 дүгээр гудамжны 00 тоот хашааны гадаа гудамжинд хамтран амьдрагч А.Б-ыг архины мөнгө өгсөнгүй гэх шалтгаанаар түүний хамар руу нь духаараа мөргөсөн нь хохирогч А.Б мэдүүлэг, шүүгдэгч С.Ё ын мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Ё ын энэхүү үйлдлийн улмаас хохирогч А.Б эрүүл мэндэд “...хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 0000 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч...”, 3.2-т “Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна”, 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, Мөн зүйлийн 5.1.6-д “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг ойлгохоор заажээ.
Шүүгдэгч С.Ё нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн буюу гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлжээ.
Иймд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч С.Ё ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч С.Ё хүний эрүүл мэндэд хөнгөн хохирлыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ял оногдуулах дүгнэлт гаргасан болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.
Шүүгдэгч С.Ё ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.Ё хувьд хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх боловч үүнийг нь нотолсон баримт байхгүй байх тул тогтмол ажил хөдөлмөр эрхэлдэг нь тодорхойгүй, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн талаар маргаагүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С Ё ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ё 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ё нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР