| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0820/Э |
| Дугаар | 860 |
| Огноо | 2019-09-09 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 860
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Сосорбарам,
улсын яллагч: М.Амарзаяа,
шүүгдэгч: Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Амарзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ц холбогдох эрүүгийн 1908 02833 0000 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 25 настай, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, эхийн хамт Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо Шархадны 0000 тоотод байнга оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй,
урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 26 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил, 6 сар, 10 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,
Я овогт Б-ийн Ц /РД:000000000/
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Ц нь 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо Овоотын 00 тоот хашааны гадна иргэн Г.Г “автомашины торгуулийг дарж өгнө” гэж итгэл төрүүлэн хуурч 400.000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ.ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Иргэн Г.Г цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх3/, хохирогч Г.Г мэдүүлэг /хх9/, Хаан банкны Б.Ц ий депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх25/, хохирол төлсөн талаарх хүсэлт /хх62/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан холбогдох баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Нэг. Шүүгдэгч Б.Ц ийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хохирогч Г.Г “...Сансарын замд машинтай урсгал сөрж яваад замын цагдаад саатуулагдахад Ц тэр цагдаатай хамт явж байхад нь гуйж байгаад бичиг баримтаа авч анх танилцаж байсан. Тэгээд дараа нь тээврийн товчооны тэнд явж байгаад Ц ахтай тааралдаад “машинаа зарах гэж байгаа, торгуулийг нь төлөх шаардлагатай байна” гэхэд “торгуулийг нь тал үнээр нь дардаг хүн байгаа” гэж хэлсэн. Хэд хоногийн дараа таксинд явж байгаад таараад уулзсан. Тэгэхэд Ц ах миний таньдаг хүн маргаашнаас торгуулийг чинь дараад эхлэнэ, чи мөнгөө миний Хаан банкны данс руу одоо шилжүүлчих гэж хэлсэн. Ингээд 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 350.000 төгрөгийг, орой нь 50.000 төгрөгийг Ц ахын Хаан банкны данс руу шилжүүлсэн. Гэтэл торгуулийн мөнгийг төлж өгөлгүй залилаад алга болсон. Ц ах “торгууль дарж өгдөг хүн байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгээд мөнгөө өгчихсөн” гэх мэдүүлэг /хх9/,
2. Хаан банкны Б.Ц ий депозит дансны дэлгэрэнгүй хуулга “2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр торгууль дарах гэсэн утгатай 350.000 төгрөгийн орлого, торгууль устгах гэсэн утгатай 50.000 төгрөгний орлого” тус тус орсон гэх баримт /хх25/,
3. Б.Ц ий яллагдагчаар өгсөн “...Г өөрөө над руу яриад машины торгууль дараад өгөөч гэхээр нь би торгуулийг дарж өгч чадна гэж хэлээд мөнгийг нь авсан. Г оос авсан 400.000 төгрөгийг хувьдаа ашигласан, ийм үйлдэл хийсэндээ гэмшиж байна...” гэх хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх52/.
Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч Б.Ц :
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон талуудын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбараас дүгнэн үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
Үүнд, хохирогч Г.Г нь тээврийн хэрэгслийн торгууль төлөх гэж байгаа талаар шүүгдэгч Б.Ц хэлсэн, шүүгдэгч нь торгуулийг тал үнээр дардаг таньдаг хүн байгаа гэж түүнд итгүүлэн, 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 400.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан нь хохирогч Г.Г мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн нь шүүгдэгчийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Ц нь хохирогчоос авсан мөнгийг өөрийн хэрэгцээнд зарцуулсан, торгуулийг дардаг гэх хүн байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Иймд шүүгдэгчийг гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр, хохирогчийн торгууль төлөх асуудлыг бага мөнгөөр шийдэж чадна гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох байдлаар эд хөрөнгийг нь шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Тиймээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Ц ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг залилан авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, хор уршиг-төлбөрийн тухайд:
Шүүгдэгч Б.Ц нь хохирогч Г.Г бэлнээр 225.000 төгрөг, дансаар 175.000 төгрөг тус тус өгсөн талаар хохирогч нь бичгээр бичин, хохирол төлөгдсөн тухай илэрхийлжээ.
Иймд шүүгдэгч Б.Ц ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Ц ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт, саналыг гаргасан.
Шүүгдэгч Б.Ц эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримт, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг, түүнийг нөхөн төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.
Шүүгдэгч учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “...учруулсан хохирлыг төлсөн...” гэж зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Б.Ц ий гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүх шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б-ийн Ц ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг залилан авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц ийг 400 /дөрвөн зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг 1 /нэг/ хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогчид хохирол төлөгдсөн, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ М.МӨНХБААТАР