| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0859/Э |
| Дугаар | 866 |
| Огноо | 2019-09-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гансүлд |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 866
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч Ц.Гансүлд,
шүүгдэгч Г.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гансүлдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 03606 0000 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг Сэлэнгэ аймгийн Мандал сумын 0 дугаар баг Тарни тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, 00 тоотод түр оршин суух хаягтай, урьд
- 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
- 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 664 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,
Б овогт Г Т /РД:000000000/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.Т нь 2018 оны 7 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Бага нарангийн 00 гудамжинд иргэн О.М-ыг “найзын найз охинтой уулзлаа” гэх шалтгаанаар маргалдан түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, улмаар биед нь зүүн дээд зовхинд цус хуралт, духанд зулгаралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч О.М-ыг мэдүүлэг /хх21-24, 25/, гэрч Г.Ү-ийн мэдүүлэг /хх27-29/, гэрч Н.Д-ний мэдүүлэг /хх33-35/, гэрч М.С-ийн мэдүүлэг /хх36-38/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 0000 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх45/, шинжээч эмч Б.Даваасүрэнгийн мэдүүлэг /хх48-49/, Г.Тгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх62-65/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Шүүгдэгч Г.Тг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хохирогч О.М-ыг “...2018 оны 07 сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 23-24 цагийн орчим СХД-ийн 0-р хороо 00 гудамжинд машин дотроо сууж байтал машинтай 3-4 залуу ирээд зогссон. Тэгээд машинаасаа бууж ирээд нэг махлаг залуу нь машины цонхыг хагалчихлаар нь уур хүрээд машинаасаа буухад нөгөө өндөр бор залуу нь миний нүүрлүү гараараа цохиод гэдэсрүү бас цохисон. Би барилцаж аваад зогсож байхад нэг найз нь ирээд надаас холдуулахад манай найз охин цагдаа дуудсан шүү гэхэд зугтаасан...” гэх мэдүүлэг /хх21-24, 25/,
2. Гэрч Г.Ү-ийн “...2018 оны 07 сарын 27-ны орой Сонгинохайрхан дүүргийн 0-р хороо 00-р сургуулийн 1 автобусны буудал өнгөрөөд аавын угаалга гэдэг нэртэй авто угаалгын тэнд машинтай явж байгаад замын эсрэг талын Ө нэртэй дэлгүүрийн гадаа манай найз охин М нэг залуутай зогсож байхыг нь харсан. Тэгээд тэндээсээ яваад найз Д , Т, Г нар дээр очсон. Би тэр 3-т манай найз охин М нэг залуутай зогсож байна гэж хэлээд тэр хэдийг машиндаа суулгаад аваад очсон. Очиход зогсож байсан газраасаа хөдлөөд бага нарангийн 00-р гудамжинд “тоёота ист” машин дотор сууж байсан. Бид 4 машинаасаа буугаад машин дээр нь очтол Д жолоочийн арын цонхыг гараараа цохиж хагалсан. Тэгтэл машины жолооч М буугаад ирэхээр нь Т бид 2 очоод би М ын бөөр хавьцаа 1 удаа өшиглөсөн. Харин Т нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд М тай маргалдаад зогсож байтал хажууд нь байсан С сүүлд нэрийг нь мэдсэн юм. Би анх тэр охиныг М байна гэж харсан юм. Гэтэл биш байсан. Тэр охин гарч ирээд цагдаа дуудсан гэж хэлэхээр нь Т бид 2 машиндаа суугаад Д ийг орхиод яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх27-29/,
3. Гэрч Н.Д-ний “...2018 оны 07 сарын 27-ны орой найз Ү , Т, Г бид 4 архи уухаар болоод СХД-ийн 0-р хорооны нутаг дэвсгэрт Ү гийн гэрийн хажуу талын сааданд Г , Т 2-той Улаанбаатар нэртэй архи хувааж ууж байтал Ү дэлгүүр орчихоод ирье гээд яваад өгсөн удалгүй буцаж ирээд манай найз охин өөр хүнтэй уулзаад байна хамт оччихоод ирье гэхээр нь Тгийн ахынх нь машинд суугаад Ү жолоо бариад явсан юм. Тэгээд бид 4 очоод машинаасаа буугаад би “тоёота ист” машины хаалгыг таттал хаалга нь цоожтой байхаар нь гараараа хойд талынх нь цонхыг хагалтал жолооч нь гарч ирээд Ү Т 2-той маргалдаад зодолдоод байх шиг байсан тэгсэн Г ирээд бид нарыг салгатал Ү Т 2 машиндаа суугаад Г бид 2-ыг үлдээгээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх33-35/,
5. Гэрч М.С-ийн “...2018 оны 07 дугаар сарын 27-ны орой 22 цагийн орчим найз залуу М ын гэрийн гадаа М ын машин дотор пиво уугаад сууж байхад Т, Д , Ү , Г 4 машинаас бууж ирээд Д миний сууж байсан талын цонхыг нь гараараа цохиод хагалсан. Тэгээд М машинаасаа буухад Т хаалгыг нь онгойлгоод машин дотор зодсон. Тэгэхээр нь би цагдаа дуудлаа шүү гэхэд Т М ыг буугаад ир гээд байсан. Тэгтэл М буухад дахин зодоод би цагдаа дуудлаа гэхэд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх36-38/,
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 0000 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...О.М-ыг биед зүүн дээд зовхинд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх45/,
7. Шинжээч эмч Б.Даваасүрэнгийн “...М ын биед учирсан зүүн дээд зовхинд цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Духанд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хх48-49/,
8. Г.Тгийн яллагдагчаар өгсөн “...2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр... Ү буцаж ирээд тэнд манай найз охиныг нэг залуу хоргоогоод байна гэхээр нь бид 4 очоод машинаасаа буугаад “Тоёота ист” маркийн автомашины жолоочийн ар талын цонхыг Д өө гараараа цохиж хагалсан. Тэгсэн сүүд нэрийг нь мэдсэн жолооч М нь бууж ирээд бид нартай маргалдсан. Би тэгэхээр нь М ын нүүрлүү нь гараараа 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх62-65/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Г.Т:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгт, тайлбар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Г.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 7 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Бага нарангийн 00 гудамжинд иргэн О.М-ыг “найзын найз охинтой уулзлаа” гэж андууран маргалдаж, түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан болох нь хохирогч О.М , гэрч Г.Ү , Н.Д , М.С нарын мэдүүлэг, шүүгдэгч Г.Тгийн яллагдагчаар болон шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч О.М-ыг эрүүл мэндэд “...зүүн дээд зовхинд цус хуралт, духанд зулгаралт...” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 0000 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Б.Даваасүрэнгийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Т нь гэм буруугийн санаатай хэлбэрээр буюу хүний эрүүл мэндэд хохирол, хор уршигийг зориуд хүсч учруулсан нь тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Гэмт хэргийн улмаас хохирогч О.М нь мөрдөн байцаалтын шатанд “харилцан тохиролцож, хохирлыг минь барагдуулсан” гэжээ.
Тиймээс шүүгдэгч Г.Тг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Г.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.
Шүүгдэгч Г.Тгийн холбогдсон гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримт болон яллах дүгнэлтэд дурдсанаар 2018 оны 7 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө үйлдэгдсэн байх бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 1 жил 11 хоногийн хугацаа өнгөрчээ.
Шүүгдэгч Г.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон бөгөөд тус зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын хувьд “...нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ...” гэж заасан.
Мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад “...эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж тус тус хуульчилсан тул шүүгдэгч Г.Тгийн холбогдсон гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөр дуусгавар болжээ.
Иймд шүүгдэгч Г.Т нь дахин гэмт хэрэг үйлдээгүй, гэмт хэргийн нийгмийн хор аюул арилсан буюу эрүүгийн хариуцлагад татах, хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зөв байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр шүүгдэгч Г.Т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон эрүүгийн хариуцлагаас чөлөөлөн шийдвэрлэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г Тг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэгт зааснаар Г.Т холбогдох хэргийг “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Тг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ М.МӨНХБААТАР