Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 1955

 

ХХХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2015/05159 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХХ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХХХ-т холбогдох,

 

14 682 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

 

Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХХХ, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХХХХ-ээс 2005 онд үйлдвэрлэгдсэн 2012 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Монгол Улсад орж ирсэн 14-33 УНЯ улсын дугаартай, “Хюньдай верна” маркийн цагаан өнгийн суудлын автомашиныг 20 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 1 500 000 төгрөгийг өгч 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 14/33 дугаар автомашины түрээсийн гэрээ байгуулсан. Дээрх гэрээнд үлдэгдэл 18 500 000 төгрөгийг 3 жил, 2 сарын хугацаанд төлөхөөр заасны дагуу 2014 оны 12 дугаар сарын байдлаар нийт 13 182 000 төгрөг төлсөн. 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ХХХХ уг автомашиныг ломбарданд 7 хоног барьцаалаад буцааж өгөхөөр гуйхад нь зөвшөөрсөн боловч автомашиныг буцааж өгөөгүй, барьцаанд авсан ломбард уг автомашиныг худалдан борлуулсан байна. Иймд ХХХХХ-ээс 13 182 000 төгрөг, урьдчилгаа 1 500 000 төгрөг нийт 14 682 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ХХХХ, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч ХХХХтой 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдөр автомашин түрээслэх гэрээ байгуулсан, гэрээний 3, 4 дүгээр зүйлийг удаа дураа зөрчиж, орлогыг байнга дутуу тушааж, нийт 971 670 төгрөгийн дутуу байгаа. ХХХХ-ийн төлсөн мөнгө нь тухайн автомашины үнэ болон банкны хүүд төлөгдсөн. Хотын дотор хувиараа болон такси үйлчилгээнд ажилладаг жолооч өдөрт 50 000 - 70 000 төгрөгийн орлоготой ажилладаг. 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ажлын 604 хоног байгаа бөгөөд энэ хугацаанд ХХХХ 36 240 000 төгрөгийн орлого олж үүнээс автомашины түрээсийн орлого болох 12 912 000 төгрөгийг хасахад 23 328 000 төгрөгийг 2 жил гарны хугацаанд өөртөө олсон. Иймд хариуцагчийн хувьд гэрээг зөрчөөгүй гэж үзэж байгаа бөгөөд энэ баримтуудыг харгалзан үзэж, нэхэмжлэлийг хүчингүй  болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч ХХХХХ-ээс 13 372 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХХХид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 1 310 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 231 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 224 810 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэт нэг талыг барьж, нэхэмжлэгчид ашигтайгаар хэргийг шийдвэрлэн, зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. ХХХХтой 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 17/33 тоот автомашины түрээсийн гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн 318, 319, 320, 326 дугаар зүйлүүдийг удирдлага болгосон. Түрээслэгч нь гэрээний 3, 4 дүгээр зүйлийг зөрчиж орлогыг байнга дутуу тушааж байсан. Нийт орлогын үлдэгдэл болон алданги 971 670 төгрөг байгаа. Уг автомашины анхны үнэ нь 10 500 000 төгрөг бөгөөд Эрэл банкны лизингээр авсан уг автомашиныг барьцаалж үлдэгдэл төлбөрийг төлсөн. Иймд хариуцагч нь түрээсийн гэрээг зөрчөөгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хоорондын маргаантай эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй бөгөөд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч ХХХХХ-т холбогдуулан хариуцагчтай байгуулсан гэрээний дагуу төлсөн нийт 14 682 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг автомашин түрээслэх гэрээний 3, 4 дүгээр зүйлийг удаа дураа зөрчсөн, төлсөн төлбөр нь тухайн автомашины үнэ болон банкны хүүд төлөгдсөн гэж маргажээ.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс үзэхэд тэрээр хариуцагч ХХХХХ-тэй автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж тайлбарлан, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар уг гэрээнээс татгалзаж, автомашины үнэд төлсөн төлбөрийг буцаан шаардсан агуулгатай байх боловч хариуцагч нь нэхэмжлэгчид автомашиныг түрээсэлж, уг гэрээг цуцласан гэх тайлбар гаргаж, талуудын хоорондын эрх зүйн харилцааны талаар маргаантай байх тул шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлох шаардлагатай байв.

 

Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлоход гэрээ байгуулагдах үед тухайн гэрээний зүйл болох автомашины өмчлөгч хэн байсан нь ач холбогдолтой. Учир нь худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр автомашиныг шилжүүлсэн тохиолдолд өмчлөх эрх нэхэмжлэгч ХХХХид үүссэн байх, харин түрээсийн гэрээний дагуу шилжүүлсэн бол зөвхөн ашиглах эрхтэй байх ёстой.

 

Гэтэл зохигчдын шүүхэд гаргасан тайлбараас /хх.95/ үзэхэд автомашины өмчлөх эрх худалдан авагч буюу нэхэмжлэгч ХХХХид үүссэн эсэх, эсхүл автомашиныг зөвхөн эзэмшиж, ашиглаж байсан үйл баримт тогтоогдохгүй байна.

 

Харин хариуцагчийн тайлбарлаж байгаагаар талуудын хооронд автомашин түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзвэл тухайн автомашины хууль ёсны өмчлөгч, эсхүл түүнээс эрх олгогдсон этгээд нь түрээслэгч байх боломжтой. Хэргийн баримтаас үзэхэд ХХХХ уг автомашины өмчлөгч болох нь тогтоогдохгүй байна.

 

Талуудын хэн аль нь уг автомашины үнэ хуваарийн дагуу төлөгдсөнөөр нэхэмжлэгч ХХХХ нь өмчлөх эрхтэй болохоор тохиролцсон талаар тайлбарлаж байгаагаас үзэхэд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасан санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан эсэх үйл баримтыг тодруулах шаардлагатай. Дээр дурдсан гэрээний төрөл тус бүрийн хувьд цуцлах нөхцөл, үр дагавар ялгаатай байдаг тул хэргийн нөхцөл байдал тодорхой бус байхад талуудын маргаанд хамааралтай, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэх боломжгүй, давж заалдах шатны шүүхээс хэргийн баримтад үндэслэн залруулах боломжгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2015/05159 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч ХХХХХ-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224 810 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Э.ЗОЛЗАЯА

                                                                          ШҮҮГЧ                        Д.БАЙГАЛМАА

                                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Ж.ОЮУНТУНГАЛАГ